Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 236

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

            Улсын яллагч Ж.Энхжаргал,

            Шүүгдэгч А.Алтанцоож, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр,

           Шүүгдэгч Э.Баттөр, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

            Иргэний нэхэмжлэгч Д.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Алтан-Очирын Алтанцоож, мөн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Энхбатын Баттөр нарт холбогдох эрүүгийн 201624000418 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Мугси овгийн Алтан-Очирын Алтанцоож, 1995 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 9 дүгээр гудамжны 303/а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФА95070218.

2. Боржигон овгийн Энхбатын Баттөр, 1990 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд бус боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамжны 779/в тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ТЖ90112877.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/;

Шүүгдэгч А.Алтанцоож нь 2016 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг Дэнжийн мянгын замд ТЭБЭ Сервис ХХК-иас Д.Батмөнх такси ажиллуулах гэрээгээр авч, эзэмшиж байсан Хюндай Соната-6 маркийн 50-26 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч Д.Дашдэжидийг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан, Д.Батмөнхөд 1.013.000 төгрөгийн шууд, 1.434.600 төгрөгийн нийт хохирол учруулсан,

Дээрх ослыг гаргаад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан  шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодон яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчиж, ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Баттөр нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний шөнө 01-02 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтыг зөрчин эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн А.Алтанцоожид Хюндай Соната-6 маркийн 50-26 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлсний улмаас бусдын биед хүнд гэмтэл  учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Алтанцоож шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 4 дүгээр сарын 30-ны орой ахынхаа караокед байхад Э.Баттөр ах над руу утсаар яриад ирсэн. Тэгээд караокед 1 цаг дуулаад гарсан. Дэнжийн мянгад очиж Алтай ахыг аваад буудалд орж архи уусан. Тэгэхэд гадаа цас орж байсан болохоор Э.Баттөр ах гадаа машин тавиад хэрэггүй гэсэн. Мөн Э.Баттөр ах Шинэхүү ахтай утсаар ярихад Алтанцоож гайгүй байгаа бол машинаа өгөөд явуулчих гэсэн. Тэгээд би Алтайтай хамт уг машиныг жолоодож яваад гэрийнхээ үүдэнд хашаа мөргөсөн. Тэгтэл ээж гарч ирээд уурлаад цагдаа дуудлаа гэхээр нь 39 рүү явсан. Явах замдаа замын боржуур мөргөх шиг болоод цаашаа 39-өөр эргээд шон мөргөж зогссон. Тэгээд Э.Баттөр ах руу ярьж хэлсэн. Энэ үед цагдаа нар ирээд хүн мөргөсөн машин байна гээд намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Тэгээд маргааш нь Цэгмид гэх хүнд байцаалт өгөхөд намайг чи хүн мөргөсөн байна гэхээр нь би хүн мөргөөгүй гэдгээ хэлсэн. Гэтэл Цэгмид гэж байцаагч надад тэр мөргүүлсэн хүн согтуу байсан болохоор чамд асуудалгүй гэж хэлсэн. Ингээд би зохиож мэдүүлэг өгсөн...” гэв.

Шүүгдэгч Э.Баттөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор А.Алтанцоожид машины түлхүүрээ өгсөн гэдгээ сайн санахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Бат­мөнх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өөрөө ТЭБЭ Сервис ХХК-иас авто машин түрээслэдэг учраас дүүдээ итгэл хүлээлгээд өөрийн нэр дээрээ машин авч өгсөн байсан. Учир нь тухайн компанитай гэрээ байгуулахад 3 жил жолоо барьсан байна гэсэн шаардлага тавьж байсан. Энэ явдлаас хойш Э.Баттөр тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Д.Дашдэжид мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 4 дүгээр сарын 30-ны орой би Баянхошуу орж найз нартайгаа пиво уусан. Тэгээд 6 буудалд найзтайгаа уулзахаар очиход намайг архи пиво уусан гээд уурлаад байхаар нь ууж байсан пивоо бариад гэрээс нь гараад Дэнжийн мянгад гэртээ очихоор зам дагаад явж байхад 1 машин зогсоод Хотын төв орох гэж байна зам дөхөөд буучих гэхээр нь машинд суугаад Дэнжийн мянга руу салдаг уулзвар дээр буугаад урдаасаа хойшоо замынхаа зүүн талаар ганцаараа явган хүний замаар алхаад явж байгаад зам хөндлөн гарах гэж байхад тас хийгээд л явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг ухаан орсон. Би урдаасаа хойшоо ертөнцийн зүгээр замынхаа зүүн талаар зам дагаад алхаж явсан. Тухайн орой замын хөдөлгөөн байхгүй, замын хажуу талын гэрэлтүүлэг асч байсан. Гадаа их салхитай, цасаар шуурч байхаар нь нөмөрт орох санаатай зүүнээс баруун  зүг рүү зам хөндлөн гарч явахад хойноос их хурц гэрэл тусаад ороод ирэхээр нь зугтаасан боловч тас хийгээд л явсан. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Замын хаана машинд мөргүүлснээ мэдэхгүй байна. Зүүн талд “Петровис” шатахуун түгээх станц байсан. би согтоогүй байсан...” гэжээ /хх-17-18/.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Галбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 4 дүгээр сарын 30-наас 2016 оны 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дэнжийн 1000-ын Петровисын колонкийн ойролцоо ээж маань зам тээврийн осолд ороод 2 аарцагны яс, баруун талын 3 хавирга, эгэм нь хугарсан, доошоо цусаар шээгээд байсан учир давсагандаа хагалгаанд орсон боловч өөр хагалгаанд орох шаардлагагүй гээд 2016 оны 5 дугаар 10-ны өдөр буюу 10 хонуулаад гэмтлийн эмнэлгээс гаргасан. Хоёр аарцагны яс нь хугарсан учраас орноосоо өндийж ч чаддаггүй байсан. Гэдэсний дүүрэнгэтэй байсан учраас хүнд хоол идэж чаддаггүй байсан тул бантан л иддэг байсан. Нас барахаасаа 2-3 хоногийн өмнөөс юм идээд идсэнээрээ бөөлжөөд байсан учраас нүдэн дээр илт сульдаж эхэлсэн. …эмнэлгээс 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарснаас хойш 30-ны өдөр хүртэл 20 хоног шөнө болгон босч хэвтрийг нь засч өгдөг байсан учир ийм болчихно гэж бодоогүй унтчихсан байсан. Өглөө 08.00 цагийн үед дүү  Билэгбаатар босоод өрөөнд нь орчихоод манай өрөөнд орж ирээд “ээж нэг л сонин байна” гэж хэлэхээр нь би өрөөнд нь яваад ортол бурхан болчихсон байсан. Эмчилгээний зардал болон оршуулгын зардлыг нэхэмжилж байна. Баримтаар бол байгаа, гомдолтой байна…” гэжээ /хх-69-71/.

Гэрч У.Батбаяр мэдүүлэхдээ: “...Би тухайн орой албан үүргээ гүйцэтгэж байсан. Шөнө 01 цаг 50 минутын үед жижүүрээс Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн мянгын Петровис ШТСтанцын орчимд нэг хүн машинд мөргүүлж гэмтсэн, мөргөсөн машин нь зугтаагаад явчихсан байна шууд осол хэргийн газарт явж оч гэхээр нь осол хэргийн газарт явж очсон. Тэр өдөр гадаа цастай, шуургатай, гадаа хүйтэн байсан. Машинд мөргүүлсэн явган зорчигч эмэгтэй хүн замынхаа баруун талд зорчих хэсэг дээр хэвтэж байсан. Машины хөдөлгөөн бага байсан. Гэмтсэн хүнийг хамгаалж байхад 103 ирээд гэмтсэн хүнийг аваад явсан. Петровис ШТСтанцын камерыг шүүж үзэх гэхэд Төв дээр шүүж үздэг, маргааш албан тоотоор бичиг хүргүүлж шүүж үз гэж хэлсэн. Би мөргөсөн машиныг хайж ойр орчмоор явж байгаад урдуураа эвдрэлтэй саарал өнгийн Х.Сонота-6 маркийн автомашин явган хүний зам дээр гараад зогсчихсон байхаар нь явж очиход жолооны ард хүн байгаагүй, хажуу талын сандалд нэг эмэгтэй, арын сандалд нэг согтуу залуу сууж байсан. Тэгтэл айлаас нэг залуу гарч ирээд машиныг энэ залуу жолоодож явсан гэж арын сандалд сууж байсан залууг зааж өгөхөөр нь эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Айлаас гарч ирсэн залууг Баттөр гэж байсан...” гэжээ /хх-84/.

Гэрч Г.Ганцэцэг мэдүүлэхдээ: “...2016 оны 4 дүгээр сарын 30-ны орой 17 цагийн үед Улиастайд намайг гэртэй байж байхад найз Баттөр ганцаараа машинтайгаа ирж намайг аваад Зурагт руу яваад Алтанцоожийн байсан газар очоод тэнд байдаг караокед орж дуулж байгаад 20 цагийн үед тэндээсээ гараад Дэнжийн мянга руу явж байгаад Баттөрийн найз гэх нэг залуутай тааралдаад бид дөрөв Шонхор захын хойд талд байдаг зочид буудалд орсон. 0.5 граммын нэг шил архи, 2 литрийн 2 ширхэг пивыг Алтанцоож, Баттөр болон нэрийг нь мэдэхгүй залуу гурав хувааж уусан. Би архи, пиво уугаагүй 00 цаг өнгөрч байхад би гэртээ харихаар болсон. Баттөр архи уусан болохоор хүргэнээ утсаар дуудсан. Машины түлхүүр ширээн дээр байсан. Тэгтэл Алтанцоож нөгөө залуутай хамт явлаа гээд гараад явсан. 30 минутын дараа Баттөртэй Алтанцоожийн ээж нь утсаар яриад машиныг чинь манай хүүхэд жолоодож яваад юм мөргөчихлөө гэж уурлахаар нь бид хоёр ширээн дээр байсан машиныхаа түлхүүрийг харахад байхгүй байсан. Тэгээд машиныг Алтанцоож жолоодож явсан юм байна гэж мэдсэн. Алтанцоож ээжийнхээ залгасны дараа Баттөр рүү залгаад би утсыг нь аваад чи хаана байна гэхэд 39 дээр байна одоо очлоо гэхээр нь Баттөр бид хоёр буудлаас гараад харахад буудлын гадаа Алтанцоож ирээд зогссон, Баттөрийн машин урдуураа юм мөргөсөн байдалтай эвдрэлтэй Алтанцоож машин дотроо сууж байсан. Бид хоёр цагдаа дуудна гэж хэлэхэд Алтанцоож цагдаа битгий дуудаач гэж хэлсэн. Тэгтэл цагдаа ирсэн. Ирсэн цагдаа саарал өнгийн машин хүн мөргөсөн талаар ярьж байсан. Цагдаа Алтанцоожоос юм асуугаад аваад явсан. Тэгээд машиныг ачуулсан...” гэжээ /хх-86/.

Гэрч Д.Гансүх мэдүүлэхдээ: “...2016 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цаг 40 минутанд Чингэлтэй дүүргийн нутаг Дэнжийн мянгын Петровис ШТС-ын хажууд саравчин доор ертөнцийн зүгээр машинаа хойшоогоо харуулаад зогссон байсан. Миний машин 76-88 ХЭҮ дугаартай хөх өнгийн Х.Портер маркийнх байсан. Би тухайн үед машинаасаа буугаад ачаагаа засаад түгээч нартай уулзъя гэж бодож байхад хойноос буюу Дэнжийн мянгын зах талаасаа саарал өнгийн суудлын автомашин хурдтай орж ирээд замынхаа баруун талд явсан 1 хүнийг мөргөөд нэг зогсох гэснээ шууд зогсоогүй урагшаа зугтаагаад явсан. Би хөөе гэж орилоход ШТС-аас түгээгч эмэгтэй гарч ирээд юу болсон гэхээр нь 1 машин хүн мөргөөд зугтаагаад явчихлаа гэж хэлэхэд нэг түгээгч залуу гарч ирээд ирээд утсаараа цагдаа, түргэн дуудсан. Удалгүй цагдаа, түргэн ирсэн. Мөргүүлсэн хүн нь эмэгтэй хүн байсан. Замын баруун талд гуйвж дайваад явж байсан...” гэжээ /хх 94/.

Гэрч Н.Чойжилмаа мэдүүлэхдээ: “...Өдөр манай ажил дээр Алтанцоож байж байгаад ахынхаа караокед очно гээд явсан. Дараа нь Баттөр миний ажил дээр ирээд Алтанцоожийн утасны дугаарыг нь асуухаар нь найзынх нь утасны дугаарыг өгөөд явуулсан. Ажил тараад 00.00 цагийн үед гэртээ байж байхад манай хүү Алтанцоож гэрт ганцаараа орж ирчихээд буцаад гадагшаа гарахаар нь би хамтдаа гадаа гараад хартал нэг машин байсан. Аптанцоож гэртээ орж ирэхдээ эрүүл байсан. Машины жолоочийн хажуу талын урд сандалд хойд хашааны Алтай гэж залуу сууж байсан. Би тэгэхээр нь “энэ хэний машин юм бэ” гэж асуухад Баттөр ах хашаанд аваачаад тавьчих гэсэн гэж хэлсэн. Би тэгэхээр нь Баттөрийн утасны дугаарыг мэдэхгүй байсан учраас хадам аав, ээжийнх нь гэр рүү очиж утасны дугаарыг авах гээд явсан. Тэгээд эргээд гэртээ ирэхэд машинтайгаа явчихсан байхаар нь Баттөр рүү утсаар залгаад “чи яагаад хүүхэд дагуулж яваад архи, пиво уулгачихаад яагаад хүүхдээр машин тэрэг бариулаад байгаа юм бэ, машиныг чинь ачууллаа шүү” гэж хэлэхэд Баттөр ачуул, ачуул би хаана байгаа газраас нь авчихна гэж томроод байсан. Алтанцоож руу утсаар залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Тэр оройдоо Алтанцоож гэртээ ирж хоноогүй. Өглөө нь Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэх байрнаас Алтанцоожийг эрүүлжүүлэхэд байна гэж хэлж байсан. Ах нь явж Алтанцоожийг авсан...” гэжээ /хх-189/.

Гэрч Х.Хишигбаатар мэдүүлэхдээ: “...Сар, өдрийг нь сайн мэдэхгүй байна. Орой 21 цагийн үед ажил тараад гэртээ байж байхад Баттөр, найз охинтойгоо манайд ирсэн. Машинтай явсан. Машинд Алтанцоож байсан. Бид 4 дэлгүүрээс архи пиво аваад хойно байдаг зочид буудалд орж архи, пиво ууцгаасан. Баттөр ах нь согтож байна. Ахынхаа машиныг хашаандаа аваачаад тавьчих гээд машиныхаа түлхүүрийг өгсөн. Тэгээд Алтанцоож машиныг жолоодоод би жолоочийн хажууд суугаад хөдлөөд хойноосоо урагшаа уруудаж явсан. Тухайн орой гадаа цас ороод шуурч байсан. Эргэх гэж байгаад өөрийнхөө хашааг мөргөсөн. Гэртээ Алтанцоож ороод гарч ирэхдээ ээжтэйгээ хамт гарч ирсэн. Ээж нь уурлаад цагдаа дуудна гээд явсан. Би ээжийнх нь хойноос буугаад эргээд очиход Алтанцоож хөдлөөд явсан байсан. Намайг урьд нь Алтангэрэл гэдэг байсан. Багадаа нэрээ сольсон. Түүнээс хойш Алтай гэж дууддаг болсон. Буудалд байхад Баттөр манай хүргэн Шинээтэй утсаар ярьсан. Машин ирээд авчих гэж хэлж байсан. Шинээ зочид буудалд ирээгүй. Алтанцоож бид 2 буудлаас гарсан. Алтанцоожийг жолооч мөн биш эсэхийг мэдэхгүй байна...” гэжээ /хх 190-191/.

Гэрч Э.Шинэхүү мэдүүлэхдээ: “...Баттөрийг танина. 22.00 цагийн үед Баттөр над руу утсаар ярьсан. Би жоохон уучихсан байна. Ирээд машин авч яваад хашаандаа аваачаад тавьчих гэж хэлсэн. Тэгье гэж хэлэхэд эргээд яръя гэж хэлээд дахин яриагүй. Би гэрээсээ гараагүй. Хэнтэй хамт байгаагаа хэлээгүй. Утсаар ярихад гайгүй байсан. Шонхор захын хойд талд буудалд байгаа гэж хэлж байсан, ямар буудалд байгаагаа хэлээгүй. Алтанцоожийг танина, сүүлд ээжээс нь ослын талаар сонссон тухайн үед Баттөр, Алтанцоож, Алтай нартай уулзаагүй...” гэжээ /хх-192/.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №1036 дугаар дүгнэлт:

“1. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, зүрхний булчингийн шигдээсийн дараах том голомтлог сорвижил, зүрхний булчингийн ширхэгийн томрол өвчний улмаас нас баржээ.

2. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр умдаг болон суудал ясны урд хэсгийн эрвээхэй хэлбэрийн хугарал, баруун ташаанд шарх, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр /тухайлбал зам тээврийн ослын үед/ үүсэх боломжтой бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Умдаг болон суудал ясны урд хэсгийн эрвээхэй хэлбэрийн хугарал баруун ташаанд шарх, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл нь үхэлд хүргээгүй байна.

3. Талийгаачид шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, зүрхний булчингийн шигдээсийн дараах том голомтлог сорвижил, зүрхний булчингийн ширхэгийн томрол архаг өвчин нь үхэлд хүргэсэн байна. Харин бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл, цөсний хүүдийн архаг үрэвсэл, цөсний хүүдийн суналт өвчин нь үхэлд хүргээгүй байна.

4. Шүүх биологийн шинжилгээгээр талийгаач нь В3-р бүлгийн цустай байна. Химийн шинжилгээгээр талийгаачийн цус ходоодны шингэнд спиртийн зүйл ирлээгүй байна.

5. Талийгаачийн цогцост 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 11:30 цагт үзлэг хийхэд нас бараад 3-5 цаг болсон гэж үзлээ” гэжээ  /хх 77-80/.

Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №1123 дугаар дүгнэлт:

1. Талийгаач Д.Дашдэжидийн биед умдаг болон суудал ясны урд хэсгийн эрвээхэй хэлбэрийн хугарал, баруун 3-р хавирганд хугарал, давсагны ар ханын няцрал, зүүн хацрын төвгөр, хамрын нуруу, дээд уруулын зулгаралт, баруун, зүүн сарвууны цус хуралт, хэвлийн цус хуралт, баруун ташаанд шарх, зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Талийгаач Д.Дашдэжид нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, зүрхний булчингийн шигдээсийн дараах том голомтлог сорвижил, зүрхний булчингийн архаг үрэвсэл өвчний улмаас нас баржээ. Энэ нь авто ослын улмаас авсан гэмтэлтэй хамааралгүй.

4. Талийгаачид нь дээрх зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, зүрхний булчингийн шигдээсийн дараах том голомтлог сорвижил, зүрхний булчингийн архаг үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд хүргэжээ.” Гэжээ /хх 194-197/.

Улаанбаатар хотын Цагдаагийн газар Техникийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн №356 дугаар дүгнэлт:

1. 50-26 УНИ улсын дугаартай Хюндай-Соната-6 маркийн автомашиныг
жолоодож явсан А.Алтанцоож нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9. Тээврийн хэрэгслийн хурд 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", мөн дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн “ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. 50-26 УНИ улсын дугаартай Хюндай-Соната-6 маркийн автомашины эзэмшигч Э.Баттөр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Явган зорчигч Д.Дашдэжид нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэжээ /хх-125-126/.

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-151-154, 162-163/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8/, Д.Дашдэжидийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-104-115/, шүүгдэгч нарын захиргааны арга хэмжээ авагдсан талаарх баримтууд /хх-155-158, 172-175/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Галбаатарын шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв. 

   Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, А.Алтанцоож нь 2016 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг Дэнжийн мянгын замд Д.Батмөнхийн ТЭБЭ Сервис ХХК-иас түрээслэн, эзэмшиж байсан Хюндай Соната-6 маркийн 50-26 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч Д.Дашдэжидийг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан, Д.Батмөнхөд 1.013.000 төгрөгийн шууд, 1.434.600 төгрөгийн нийт хохирол учруулсан,

Дээрх ослыг гаргаад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан  шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодон яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчиж, ослын газрыг санаатай орхиж зугтаасан болох нь хохирогч Д.Дашдэжидийн мэдүүлэг, хохирогчийн хууль төлөөлөгч М.Галбаатарын мэдүүлэг, зам тээврийн осол, хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №1123 тоот акт, Техникийн шинжээчийн №356 тоот дүгнэлт, хохирогчийн эмнэлэгт хэвтсэн өвчний түүх, хохирогчид учирсан хохирлын баримт, хохирогчид эмчилгээний зардал хүлээлгэн өгсөн баримт болон бичгийн бусад баримтуудаар,

Мөн шүүгдэгч Э.Баттөр нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний шөнө 01-02 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоо шилжүүлэх” гэсэн заалтыг зөрчин эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн А.Алтанцоожид Хюндай Соната-6 маркийн 50-26 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлсний улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хохирогчийн хууль төлөөлөгч М.Галбаатарын мэдүүлэг, зам тээврийн осол, хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн ¹1028, №1123 тоот актууд, Техникийн шинжээчийн №356 тоот дүгнэлт, хохирогчийн өвчний түүх, хохирогчид учирсан хохирлын баримт, хохирогчид эмчилгээний зардал хүлээлгэн өгсөн баримт болон бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч нарыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч А.Алтанцоож, Э.Баттөр нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл болон бичиг баримтгүй /жолоочийн үнэмлэх гэх мэт/, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.  

            Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэднийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж тэдгээрт хуульд заасан баривчлах ял  шийтгэх боломжтой гэж дүгнэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. -Шүүгдэгч Мугси овгийн Алтан-Очирын Алтанцоожийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан,

-Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Боржигон овгийн Энхбатын Баттөрийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтанцоожид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жилийн хугацаагаар хасч, 3 (гурван) сар 10 (арван) хоногийн хугацаагаар баривчлах ял,  

-мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч А.Алтанцоожид 3 (гурван) сар 5 (тав) хоногийн хугацаагаар баривчлах ял,

-Шүүгдэгч Э.Баттөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь  хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, 3 (гурван) сар 10 (арав) хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтанцоожид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурван) сар 10 (арван) хоногийн хугацаагаар баривчлах ялд, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурван) сар 5 (тав) хоногийн хугацаагаар баривчлах ялыг багтааж нийт биечлэн ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жилийн хугацаагаар хасч, 3 (гурван) сар 10 (арван) хоногийн хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Алтанцоож, Э.Баттөр нарт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч А.Алтанцоож, Э.Баттөр нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Алтанцоож, Э.Баттөр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН