Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0639

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б ТББ

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 133 тоот захирамжийн Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 тоот захирамжийн Хүүхэд хөгжлийн төв ТББ, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Б*******, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай байгууллага анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 113 тоот захирамжаар газар эзэмших эрхтэй болсон ба уг газраа эзэмших явцад Дэлхийн зөн Монгол ОУБ-ын тавьсан саналын дагуу хамтарч ажилласан. Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №524/20 тоот албан бичгээр манай байгууллагыг ашиглаж буй чөлөөлөх шаардлагыг гаргасан ба энэ дагуу дүүргийн Засаг даргад хандахад Дэлхийн зөн Монгол ОУБ нь хууль бусаар, далдуур манай газар эзэмших эрхийг шилжүүлж авсан болохыг мэдсэний дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 5 дах хэсэгт Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг, 3.1.8-д газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг, 6 дугаар зүйлийн 6.3-д Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтыг илт, илэрхий, ноцтой зөрчиж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Дэлхийн Зөн ОУБ-д газар эзэмших эрх олгосон үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д тус тус заасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл болж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Түүнчлэн Б ТББ нь төрийн захиргааны байгууллагад хандсан хүсэлтээ өөрсдийн газар дээр байрлах барилгыг Дэлхийн Зөн ОУБ нь хамтран эзэмшиж ашиглаж болно гэсэн агуулгаар гаргасан байтал нэхэмжлэгчийн газрыг дур мэдэн хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 133 тоот захирамжийн Дэлхийн Зөнд холбогдох хэсэг нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу илт хуул бус захиргааны актад тооцох тодорхой үндэслэл болно.

Манай байгууллага анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 113 тоот захирамжаар газар эзэмших эрхтэй болсон ба уг газраа эзэмших явцад Дэлхийн зөн Монгол ОУБ-ын тавьсан саналын дагуу хамтарч ажилласан.

Гэвч Дэлхийн зөн ОУБ нь бидний итгэлийг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмших эрхийг шилжүүлэн авсны дагуу манай байгууллагаас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Манай байгууллагаас Дэлхийн зөн Монгол ОУБ нь үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичгээр ... газар ашиглах эрхийн гэрчилгээ, газар ашиглуулах гэрээ... зэрэг баримтыг үндэслэн бүртгүүлсэн байна гэсний дагуу шүүхийн журмаар 2017 оны маргаж буй захирамжийг гаргуулсан.

Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 тоот захирамжийн Хүүхэд хөгжлийн төв ТББ, Дэлхийн зөн ОУБ-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар Б ТББ-ын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №21/08 тоот албан бичгээр буюу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Нийслэлийн Засаг даргад хандсан боловч одоог хүртэл хариу өгөөгүй тул шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд хүргээд байна. Түүнчлэн манай байгууллага Хүүхэд хөгжлийн түлхүүр ТББ нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан ба манай байгууллагыг санаатайгаар Хүүхэд хөгжлийн төв ТББ нэртэйгээр газар ашиглах эрх олгосон хууль бус үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гаргасан байна. Мөн Дэлхийн зөн ОУБ нь манай байгууллагад огт мэдэгдэлгүйгээр газар ашиглах эрхийг олж авсан ба Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд уг газар ашиглах эрхийг олж авахдаа манай байгууллагын регистрийг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хууль бусаар гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой болж байна.

Дэлхийн зөн ОУБ нь анхнаасаа хууль бус газар эзэмших эрхийг олж авсан ба түүнд түүнд тулгуурлан гарсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 тоот захирамжийн Хүүхэд хөгжлийн төв ТББ, Дэлхийн зөн ОУБ-д холбогдох хэсгийг мөн хууль бус гэж үзэж байна.

Дэлхийн зөн ОУБ нь манай байгууллагатай хамтран ажиллахаар харилцан тохиролцож, манай газар дээр үйл ажиллагаа явуулж байсан ба дээрх үл хөдлөх эд хөрөнгийг манай байгууллага буюу газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрсдөө бүртгүүлсэн үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Учир нь Дэлхийн зөн ОУБ нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг илтэд зөрчиж, улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг алдагдуулан, хууль бусаар бичиг баримт бүрдүүлэн манай газар дээр барьж байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн нэр бүртгүүлсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Дүүргийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 113 тоот захирамжаар нэхэмжлэгч Хүүхэд-Хөгжлийн түлхүүр төрийн бус байгууллага /2007.11.07-ны өдөр нэрээ/ өөрчилсөн Б ТББ нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу хүсэлтээ гаргаж, Соёлын төв-ийн зориулалтаар 320 мкв газрыг таван жилийн хугацаатай эзэмшиж байгаад Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Баянхошуу ОНХХ, Б ТББ хоёр талын албан хүсэлтээр газар эзэмших эрх шилжсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны А/133 дугаартай захирамж нь хоёр талын албан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр шилжүүлсэн буюу газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Баянхошуу ОНХХ, Б ТББ хоёр талын албан хүсэлтээр 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 133 дугаар захирамжаар Хүүхэд-хөгжлийн түлхүүр төрийн бус байгууллага, Дэлхийн зөн ОУБ-ын нэр дээр соёлын төвийн зориулалтаар 15 жилийн хугацаатай 709м2 газрын эзэмших эрх шилжсэн байна. Мөн 2017 онд Дэлхийн зөн ОУБ нь дүүргийн Газар зохион байгуулалтын албанд дараах албан хүсэлтүүдийг хүргүүлжээ. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний сунгалт хийлгэх тухай, 2017 оны 05 дугаар сарын 30-ны 03 тоот Залруулга хийлгэх тухай, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн газрын хэмжээ зөрсөнтэй холбогдуулан 159м2 газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 6,996,000 (Зургаан сая, есөн зуун ерэн зургаан мянга) төгрөгийн Улаанбаатар хотын банкны 26******* тоот дансанд төлсөн тухай. Албан хүсэлтийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 тоот захирамжаар 868м2 газрыг 5 жилийн хугацаатай Хүүхэд хөгжлийн төв төрийн бус байгууллага, Дэлхийн зөн ОУБ-ын нэр дээр эзэмших эрх олгосон байна. Иймд нэхэмжлэгч Б ТББ-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..: гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тохиолдолд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэдэг байсан.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 13 дугаар зүйлийн 13.9-д Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу мэдүүлэгт хавсарган өгсөн нотлох баримт үнэн зөв байгаагүйгээс үүсэх хохирлыг мэдүүлэг гаргагч тал хариуцдаг хуулийн зохицуулалттай.

Дэлхийн зөн Олон улсын төвтэй ТББ /1031147/ нь сургалтын төвийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримтууд нь өмчлөгчөөр бүртгэх хуульд заасан шаардлага хангасан байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй байна.

Учир нь тухайн үед мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009он/ 3 дугаар зүйлийн 3.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 13 дугаар зүйлийн 13.5-д Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана, 18 дугаар зүйлийн 18.1-д Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмгөөлөгч болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж тус тус заасныг үндэслэн Б ТББ-ийн нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул, 6 дугаар гудамжны 58 тоот хаягт байршилтай сургалтын төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт Дэлхийн зөн Олон улсад төвтэй ТББ /1031147/-ийн өмчлөлд бүртгэхдээ мэдүүлэг, төлбөр төлсөн баримт, Дэлхийн зөн Олон улсад төвтэй ТББ-ийн хүсэлт, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны А/554 дугаартай газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, план зураг, фото зураг зэрэг бүртгэхэд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хуулийн дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхдээ Б ТББ-ийн эзэмшлийн газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгөд гэрчилгээ гаргуулсан гэж үзсэн байх бөгөөд уг газар нь бүхэлдээ Дэлхийн зөн Олон улсад төвтэй ТББ /1031147/-ийн 868м.кв талбайтай эзэмшлийн газар нь Б ТББ-ийн газартай давхардаж бүртгэгдээгүй байх бөгөөд хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Иймд эрхийн улсын бүртгэлийн Y-******* дугаарт Дэлхийн зөн Олон улсад төвтэй ТББ /1031147/-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч илт хууль бус гэх үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан тохиолдлуудтай холбон тодорхойлжээ. Маргаан бүхий захиргааны актыг ямар учраас утга агуулгын илэрхий алдаатай, иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй хэмээн үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Маргаан бүхий газар дээрх Ү-******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Дэлхийн зөн Монгол" ОУБ 2005 онд өөрийн буюу донор , спонсоруудын зардлаар барьж, 2020 оныг хүртэл хүүхэд хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан . Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг барихтай холбоотой "Б ТББ-аас нэг ч төгрөг гаргаж байгаагүй, 15 жилийн туршид үнэ төлбөргүй ашиглаж , хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг явуулж ирсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн татвар, ашиглалтын зардал, засвар зэрэг бух зардлыг гуравдагч этгээд Дэлхийн зөн Монгол ОУБ 100 хувь гаргаж байсан. Энэхүү Ү-******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь хууль ёсны бөгөөд нэхэмжлэгч Б" ТББ-д огт хамааралгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчид ямар эрх зүйн үр дагавар үүсгэх, зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь ойлгомжгүй, үүнийгээ нэхэмжлэлдээ тодорхойлоогүй , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс ихэсгэж буй шаардлагын үндэслэлийг нь шүүх хуралдаан дээр тодруулахыг хүссэн ч энэ талаарх тайлбар , үндэслэлээ тодорхойлж чадаагүй байдаг. Өөрөөр хэлбэл Б" ТББ өөрт нь огтоос хамааралгүй асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ . Иймд "Б" ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Б ТББ нь анх шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 133 тоот захирамжаар манай эзэмшилд байсан газрыг Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран эзэмших гэж оруулсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 133 тоот захирамжийн Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тоггтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж,

Мөн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 тоот захирамжийн Хүүхэд хөгжлийн төв ТББ, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,

Дахин 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлж гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн эцсийн байдлаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянасан бөгөөд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэг: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 133 тоот захирамжийн Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 тоот захирамжийн Хүүхэд хөгжлийн төв ТББ, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 113 дугаар Газар эзэмших зөвшөөрөл олгох тухайн захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 76 дугаар сургуулийн ард Соёлын төвийн зориулалтаар 320 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 0945981 дугаартай гэрчилгээ олгожээ.

1.2. Мөн 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын удирдагч М.Б*******гаас Гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай, 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хүүхэд хөгжлийн түлхүүр ТББ-ийн гүйцэтгэх захирал М.О*******ээс Барилга хамтран эзэмшихэд татгалзах зүйлгүй тухай хүсэлтүүдийг тус тус Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргажээ.

Уг хүсэлтүүдийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 133 дугаар захирамжаар Хүүхэд хөгжлийн түлхүүр ТББ болон Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагуудад Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, 76-р сургуулийн ард 709 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 053282 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

1.3. Нэхэмжлэгч талаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Дэлхийн Зөн ОУБ-д газар ашиглах эрх олгосон дээрх шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж маргажээ.

Харин хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А/133 дугаартай захирамж нь хоёр талын албан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр шилжүүлсэн буюу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй.

Гуравдагч этгээдээс маргаан бүхий захиргааны актыг ямар учраас утга агуулгын илэрхий алдаатай, иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй хэмээн үзэж байгаа нь ойлгомжгүй байна гэж маргажээ.

1.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдааны явцад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг ямар учраас утга агуулгын илэрхий алдаатай, иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй хэмээн үзэж байгаагаа үндэслэл бүхий тайлбарлаж, мэтгэлцээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...дээрх газрыг талуудын гаргасан хүсэлтийн дагуу хамтран эзэмшүүлсэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Нэхэмжлэл гаргах үедээ хүчингүй болгуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх шалтгаанаас зайлсхийхийн тулд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэх тайлбарууд үндэслэлтэй байна гэж үзэв,

1.5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.1.7 түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байна. Илэрхий алдаа гэдэг нь дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй гэж үзэхээр байхыг хэлнэ.

Мөн түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэдэг нь дээрх хуульд заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхыг хэлнэ. Жишээлбэл, шийдвэр гаргасан захиргааны байгууллага нь татварын улсын байцаагч боловч нийгмийн даатгалын шимтгэл ногдуулсан байх, гэх мэт илт алдаатай захиргааны актыг бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулсныг биелүүлэх боломжгүй гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад Газрын тухай хуулийн дээрх заалтуудаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх олгогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлийн талаар тодорхой тайлбар авахаар асуухад ...Өнөөдрийн шүүх хуралдаанд хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцож байгаа болохоос эрх зүйн мэдлэгээ шалгуулах гэж ирээгүй... гэх тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

1.6. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д "газар ашиглах эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг, 6 дугаар зүйлийн 6.3-т Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно гэж тус тус заажээ.

Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагаас 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 76/17 тоот албан бичгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээний сунгалт хийлгэх тухай, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот албан бичгээр Залруулга хийлгэх тухай, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтүүд болон газрын хэмжээ зөрсөнтэй холбогдуулан 159 м.кв газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 6.996.000 /Зургаан сая есөн зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг Улаанбаатар хотын банкны 26******* тоот дансанд төлсөн баримтууд зэргийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай А/554 дугаар захирамжаар 868 м.кв газрыг 5 жилийн хугацаатай Хүүхэд хөгжлийн төв төрийн бус байгууллага, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын нэр дээр ашиглах эрх олгожээ.

Улмаар дээрх А/554 дугаар захирамжийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээг байгуулсан байна.

1.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж заажээ.

1.8. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно гэж заасан бөгөөд Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага нь Улс орны нийгмийн хөгжлийг дэмжих, ядууралтай тэмцэх, байгалийн гэнэтийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст шаардлагатай тусламж үзүүлэх, сургалт, боловсрол, эх нялхасын эрүүл мэндийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг.

Энэ үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийн тулд албан ёсны хүсэлтээ эрх бүхий байгууллагад бичгээр гаргаж, газар эзэмших эрхтэй болсон нь хавтаст хэрэгт цугласан бичгийн нотлох баримт болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

1.9. Мөн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хүүхэд хөгжлийн түлхүүр ТББ-ийн захирлаар ажиллаж байсан М.О*******ээс гэрчийн мэдүүлэг авахад ...Б ТББ нь анх хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч зорилгоосоо хазайж, мөнгө зээлдэг бизнесийн байгууллага болсон учраас би байгууллагаасаа гарсан гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад талуудын гаргасан тайлбаруудаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай А/554 дугаар захирамжийг гаргасан төдийгүй нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь хүсэл сонирхлын үндсэн дээр газрыг хамтран эзэмшиж, тухайн газар дээр барилга барьж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Хоёр: Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

2.1. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дэлхийн Зөн ОУБ-аас Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт Хүний хөгжлийн төвийн барилгыг анх удаа бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул, 6 гудамж, 58 тоот хаягт байршилтай, 749,16 м.кв талбайтай, сургалтын төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын нэр дээр Ү-******* дугаарт бүртгэж, гэрчилгээ гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байна.

2.2. Нэхэмжлэгч талаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ олгож бүртгэхдээ газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль тогтоомжийг илтэд зөрчиж, улсын бүртгэл үнэн зөв байх зарчмыг алдагдуулан, хууль бусаар баримт бүрдүүлэн манай газар дээр барьж байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн гэж маргажээ.

2.3. Хариуцагч дээрх хүсэлтийг шийдвэрлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /хуучин хууль/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасны дагуу тус хуулийн 13.5.3-д тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ, 13.5.4-д газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар, 13.5.5-д барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг, 13.5.6-д улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт зэрэг баримтыг хавсаргасны үндсэнд бүртгэнэ гэж заасны дагуу улсын бүртгэлд бүртгэсэн нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

2.4. Өөрөөр хэлбэл Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримтууд нь дээрх хуульд заасан шаардлагуудыг хангасан байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө, 15 дугаар зүйлийн 15.4-т Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана гэж заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй байна.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул, 6 гудамж, 58 тоот хаягт байршилтай, 749,16 м.кв талбайтай, сургалтын төвийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын нэр дээр Ү-******* дугаарт бүртгэж, гэрчилгээ гаргасан үйлдэлд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 133 тоот захирамжийн Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 тоот захирамжийн Хүүхэд хөгжлийн төв ТББ, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /хуучин хууль/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б ТББ-аас гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 133 тоот захирамжийн Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагад холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/554 тоот захирамжийн Хүүхэд хөгжлийн төв ТББ, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ