Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/212

 

 

 

 

 

 

 

 

    2023        03          23                                     2023/ШЦТ/212

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Майбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

улсын яллагч Б.Батцэцэг /томилолтоор/,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан эрүүгийн 2311 00000 0125 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овогт Д-ын Б /РД:хх0000000/, Монгол Улсын иргэн, 1981 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Хххх” ХХК-д шохойн зуухны операторчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Сургуулийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 764 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 611 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42 дугаар гудамжны 900 тоотод хохирогч М.Т-гийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа  цохиж, баруун тохой хэсэгт хутгааар зүссэний улмаас хохирогчийн биед баруун тохойн, доод уруулд шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч М.Т-гийн мэдүүлэг, гэрч Д.Батцэцэгийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Дугаар 1375 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Д.Б-гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх байр суурьтай оролцсон байна.

            Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42 дугаар гудамжны 900 тоотод хохирогч М.Т-гийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа  цохиж, баруун тохой хэсэгт хутгааар зүссэний улмаас хохирогчийн биед баруун тохойн, доод уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Дугаар 1375 дүгнэлтээр “...М.Т-гийн биед баруун тохой, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Баруун тохойн шарх нь хурц иртэй, доод уруулын шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 27-28 дахь тал) гэх дүгнэлтээр хохирогч Д.Бямцэрэнгийн биед Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А/216/422 тоот тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох, цогцост шинжилгээ хийх” журамд заасан хөнгөн хохирол учирсан байна.  

Энэхүү хөнгөн хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ:

Хохирогч М.Т мэдүүлсэн: “...Д.Б нь манай гэрт “ажлаасаа буугаад явж байна, танайд очьё, гэртээ байна уу” гэж над руу залгаад манай гэрт ирсэн юм. Тэгээд манай гэрт ирэхдээ нэг шил архитай өөрөө зохих хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд манай гэрт авч ирсэн нэг шил архийг нь бид хоёр талд нь ортол уучихаад Д.Б-гийн гэрт очсон юм. Тэгээд гэрт нь нэг шил архи аваад уугаад “ойрд уулзаагүй юм чинь удахгуй ойрхон агаар салхинд гарах уу” гээд яриад сууж байтал Д.Б нь юу болсон юм гэнэт босож ирээд миний уруул орчимд гараараа нэг удаа цохиод хутга аваад миний баруун тохой орчимд нэг удаа хутгаар зүссэн юм. ...Тухайн үед бол ямар ч муудалцаж, маргалдсан асуудал бол байхгүй. ...Надад одоо ямар нэгэн санал гомдол, учирсан хохирол, нэхэмжпэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

Гэрч Д.Батцэцэг мэдүүлсэн: “...2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр би гэртээ байж байтал Д.Б, М.Т нар нь манай гэрт ирэхдээ сүү, тараг, чихэр зэрэг ойр зуурхан юм, нэг шил архитай орж ирсэн юм. Тэгээд бид 3 тухайн архиа хувааж уучихаад нэмж нэг шил архи аваад хувааж уугаад сууж байтал Д.Б нь гэнэт босоод хутга аваад М.Т-гийн гар орчимд нь хутгалчихсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-9 дэх тал),

Шүүгдэгч Д.Б яллагдагаар мэдүүлсэн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө өөрийн найз М.Т-гийн гэр очоод бид хоёр нэг шил архи хувааж уучихаад Д.Батцэцэгийн гэрт очсон. Очихдоо дэлгүүрээс нэг шил архи болон бусад зйлс авч ороод Д.Батцэцэг, М.Т нартай нэмж нэг шил архи, нийт 2 шил архи бид гураьв хувааж уусан. Ямар ч байсан миний хамгийн сүүлд санаж байгаагаар би Д.Батцэцэгт хандаж “явлаа” гэсэн чинь Д.Батцэцэг нь “чи яв яв, М.Т байж бай манайд хоно” гэж байсан. Тэгээд би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээн согтуу байсан учраас Д.Батцэцэгийг хардаад тухайн үйлдлийг хийсэн байх гэж бодож байна. ...би өөрийн гаргасан үйлдэл гэм буруугаа ухаарч ойлгож байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.

 Шүүгдэгч Д.Б-гийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа мэдүүлсэн “...Д-н Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42 дугаар гудамжны 900 тоотод хохирогч М.Т-г тодорхой шалтгаангүйгээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж, хохирогчийн нүүр хэсэгт цохиж, баруун тохой хэсэгт хутгалсны улмаас хүний биед баруун тохойн, доод уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан 2023 оны 01 дүгээр сард Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ойрын дуудлага 48.000 төгрөгийн үйлчилгээ, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Ерөнхий мэргэжлийн яаралтай тусламж 43.000 төгрөгийн үйлчилгээг тус тус авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас 91.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Д.Б-гээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн №04/525 албан тоот, хавсралтын хамт (хавтаст хэргийн 77-78 дахь тал) тоот зэргээс үзэхэд хохирогч М.Т нь 2023 оны 01 дүгээр сард Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ойрын дуудлага 48.000 төгрөгийн үйлчилгээ, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Ерөнхий мэргэжлийн яаралтай тусламж 43.000 төгрөгийн үйлчилгээг тус тус авсан хэдий ч хохирогч М.Т нь “...Би 2023 оны 01 дүгээр сард Д.Б-гийн надад учруулсан гэмтлийн улмаас Нийслэлийн түргэн тусламжийн төвд ойрын дуудлага өгч үзүүлсэн. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд би өөрөө хувиараа очиж үзүүлсэн, Д.Б-гийн үйлдсэн хэрэгтэй ямар нэгэн хамааралгүй” гэх хүсэлтийг (хавтаст хэргийн 110 дахь тал)  бичгээр ирүүлсэн, мөн улсын яллагчаас Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Ерөнхий мэргэжлийн яаралтай тусламж 43.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах талаар санал гаргасан байх тул шүүгдэгч Д.Б-гээс Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ойрын дуудлага 48.000 төгрөгийг гаргуулж, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Ерөнхий мэргэжлийн яаралтай тусламж 43.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч М.Т нь эмчилгээний зардалтай холбоотой санхүүгийн баримтуудыг гаргаж ирүүлээгүй, хэрэгт энэ талаар баримтууд авагдаагүй бөгөөд шүүгдэгч Д.Б нь хохирогчид 330.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх хүсэлтээ (хавтаст хэргийн 86 дахь тал) бичгээр илэрхийлсэн, мөн шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 48.000 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушаасан баримт (хавтаст хэргийн 109 дэх тал) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Д.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Д.Б нь урьд 2 удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, торгох ял шийтгүүлсэн боловч дахин хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон байна. Иймд шүүгдэгч Д.Б-г гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээний дотор торгох ялын дараа хүндэд тооцогдох нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 19 см, бариул нь 13 см, нийт 32 см урттай төмөр иштэй 1 ширхэг хутга нь гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн, улсын яллагчийн саналыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав. 

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Д-ын Б /РД:хх0000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 19 см, бариул нь 13 см, нийт 32 см урттай төмөр иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР