| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2023/0199/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/231 |
| Огноо | 2023-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/231
2023 03 30 2023/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Очгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
улсын яллагч Б.Очгэрэл,
шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан эрүүгийн 2311 00166 0166 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Д-гийн Х /РД:хх000000/, Монгол Улсын иргэн, 1974 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, 48 настай, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В гудамжны 9-430 тоотод хохирогч Д.Ш-ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний биед дух, баруун чих, зүүн шуунд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Д.Ш-ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 491 тоот дүгнэлт, шүүгдэгч Д.Х-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.
Шүүгдэгч Д.Х нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В гудамжны 9-430 тоотод хохирогч Д.Ш-ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний биед дух, баруун чих, зүүн шуунд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 491 тоот дүгнэлтээр “...Д.Ш-ийн биед дух, баруун чих, зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх зүүн шууны шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн, баруун чих, духны шарх нь ир, ирмэг зүйлийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 25-26 дахь тал) гэх дүгнэлтээр хохирогч Д.Ш-ийн биед 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар А/216/422 тоот Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох, цогцост шинжилгээ хийх” журамд заасан хөнгөн хохирол учирсан байна.
Энэхүү хөнгөн хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ:
Хохирогч Д.Ш мэдүүлсэн: “...2022 оны 12 дугаар сарын 20-ны оройн 20:00 цагийн үед гэртээ ганцаараа унтаж байсан тэрнээс өмнө нь би өөрийнхөө хоёр найзтайгаа Сугараа, Бямбаа нартай Сугараагийн гэрт нь бид гурав 2 шил архи хувааж ууцгаасан байсан. Тэгээд гэртээ ирээд унтаж байсан чинь гаднаас тэр орой манай хамтран амьдрагч байсан Алимаа болон түүний ах нь болох Д.Х- нар орж ирээд намайг сэрж байсан тэгээд дүүгээ өмөөрөөд нэг юм хэлээд байсан чи манай дүүтэй архи уулаа тэгээд бас гэрээсээ хөөлөө гэж хэлээд байсан тул би өөдөөс нь тэр Д.Х- гэдэг ахад нь би дүүг чинь яагаа ч үгүй ээ танай дүү Алимаа нь өөрөө муухай ааштай хүн байгаа юм. Архи дарс уучихаад агсам согтуу тавьж байгаад гараад яваад өгдөг шүү дээ гэж хэлж байсан тэгсэн чинь ах нь болох Д.Х- нь намайг орон дээр хэвтэж байх үед орноос татаж газарт унагаагаад миний нүүрэн тус газарт гараараа 4-5 удаа цохьж авсан тэгээд дараагаар нь миний биеийн нүүрэн хэсэгт буюу цээжин хэсэгт хөлөөрөө бас л 4-5 удаа өшиглөж байсан, тэгээд Д.Х- нь халааснаасаа нэг хутга гаргаж ирээд намайг ална шүү гэж хэлээд айлгаад хутгаараа хатгах гээд байсан. Тэгээд хутгаараа далайгаад дүрэх гээд байхаар нь би зуун гараараа хаалт хийсэн чинь зуун гарын шуу хэсэгт зүссэн байсан. ...Д.Х нь миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон, ширээ нь дээр байсан аягаар толгойн зүүн хэсэгт цохиж хагалсан, орон дээрээс татаж унагаагаад дпээрээс дэвсээд олон удаа цохиод байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10, 16 дахь тал),
Гэрч Д.Алимаа мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийнхөө ээжийнхээ гэр зуураа байсан. Тэгээд ахтайгаа тааралдаад Д.Х бид хоёр түүний нэг таньдаг найз нь болох нэг ахынд Баянхошууны баруун салуунд байж байхдаа тааралдаад гэрт нь ороод бид гурав нэг шил хараа нэртэй 0.75 литрийн архи хувааж ууцгаасан. Тэгээд тэрнийхээ дараагаар нь би болохоор ахдаа эрхлээд хэлж байсан “ахаа манай нөхөр янз бүрээр хэлээд агсам тавьж дээрэлхээд байгаа шүү” гэж хэлсэн чинь манай ах Д.Х нь “өө тийм үү, яагаад миний дүү Д.Ш нь дээрэлхээд байгаа юм бэ? гэж хэлээд хоёулаа хамтдаа танай гэрт очино оо гэж хэлээд хоёулаа манай гэрт ирсэн чинь манай нөхөо Д.Ш нь гэртээ согтуу байж байсан. Тэгээд түүнтэй манай ах хэрүүл хийж байсан “чи яагаад манай дүүг дээрэлхээд байгаа юм бэ?” гэж хэлээд тэр хоёр хоёулаа согтуу байсан тул хэрүүл маргаан болоод хоёр биенийгээүл ойлголцоод байсан. Тэгж байгаад манай ах Д.Ш-ийг зодчихоод бид хоёр гараад явж байсан. ...тэр хоёр маргалдаж байгаад манай ах түүнийг нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж авч байсан. Тэгээд би ахаа одоо боль боль гэж хэлээд түүнийг нөхрөөсөө салгаж аваад бид хоёр гараад явж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал)
Шүүгдэгч Д.Х яллагдагчаар мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Баянхошууны баруун салаанд гэрийнхээ ойролцоох нэг газарт архи уучихсан байсан. Тэгээд жаахан согтууж байж байсан чинь манай охин дүү Д.Алимаа нь надад хэлж байсан “ахаа манай нөхөр Д.Ш нь надад согтуурахаад агсам тавиад дээрэлхээд байна” гэхээр нь би дүүгээ өмөөрөөд бид хоёр хамтдаа дүүгийнхээ гэрт нь ирж байсан. Тэгээд гэр рүү нь яваад ороход нөхөр нь болох Д.Ш нь согтуу орон дээрээ унтаж байсан тул би түүнийг босоод ир гэж хэлээд сэрээгээд орон дээрээс нь татаж буулгаад “Чи яагаад манай охин дүүг дээрэлхээд байгаа юм бэ?” гэж хэлээд байж байсан чинь Д.Ш нь миний өөдөөс хэрүүл маргаан үүсгэж байсан, агсам тавьж байхаар нь түүнийг зодчихоод гараад яваад өгсөн юм. Ингээд би тэр шөнө хүргэн дүү Д.Ш гэгчийг нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цхиж авсан. Тэгээд газарт унаад өгөхөөр нь хөл гар руу нь хөлөөрөө өшиглөж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х нь хохирогч Д.Ш-ийн нүүрэн тус газарт цохиж, түүний биед халдан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Х нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ.
Шүүгдэгч Д.Х-ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Д.Ш “...гомдол санал байхгүй.” гэх хүсэлт (хавтаст хэргийн 57 дэх тал) бичгээр илэрхийлсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.
Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 161.000 төгрөгийн үйлчилгээ авсан, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 48.000 төгрөгийн үйлчилгээ авсан, ингээд нийт 209.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн №04/821 дугаартай албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.Х-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн №04/821 албан тоот, хавсралтын хамт (хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч Д.Х нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нийт 209.000 /хоёр зуун есөн мянган/ төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушаасан баримт (хавтаст хэргийн 79 дэх тал) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй (хавтаст хэргийн 38 дахь тал), тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Д.Х-т ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Д.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагын санал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д-гийн Х /РД:хх000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Х-т сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР