| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2023/0171/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/236 |
| Огноо | 2023-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/236
2023 04 03 2023/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
улсын яллагч Б.Батцэцэг,
шүүгдэгч О.Ж нарыг оролцуулан эрүүгийн 2211 01283 0087 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт О-н Ж /РД:хх000000/, Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Эмээлтийн махны үйлдвэрт шулагч, савлагч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Горькийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь заалтад зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 442 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 07-ны оройн 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа “Баян” зочид буудалд хохирогч Г.П-гийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний биед тархи доргилт, эрүү ясны зүүн булангийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Г.П, гэрч Ч.Хатанбаатар нарын мэдүүлэг, шүүгдэгч О.Ж-ы мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар 9779 тоот дүгнэлт, цагдаагийн байгууллагын гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №04/577 албан тоот, хавсралтын хамт зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Хавтаст хэрэгт авагдаж, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон гэрч А.Эрдэнэ-Очирын мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал) нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед эрх бүхий албан тушаалтны бэхжүүлсэн нотлох баримт байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт эрүүгийн хэрэгт нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлэх бүрэн эрх гагцхүү мөрдөгчид олгосон байна. Иймд эрх бүхий албан тушаалтын цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар шүүх үнэлэх, шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй тул гэрч А.Эрдэнэ-Очирын мэдүүлгийг үнэлээгүй болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Ж нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч О.Ж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг халдаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч О.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 07-ны оройн 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа “Баян” зочид буудалд хохирогч Г.П-гийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний биед тархи доргилт, эрүү ясны зүүн булангийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.П мэдүүлсэн “...Манай нутгийн найз болох О.Ж болон манай нэг ах бид хэд 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан юм. Тэр үед О.Ж манай найз “Урт цагааны ойролцоо буудалд байна, би найз руугаа явлаа” гээд гараад явсан. Араас нь би өөрийн аавын эгчийн хүүхэд Эрдэнэ-Очирын хамт тухайн буудалд нь очиход О.Ж найзтайгаа хамт байсан. Тэгээд ах бид хоёр ороод бид 4 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.О.Ж бид хоёр биө биенийгээ шоолоод тоглож байсан бөгөөд тэр үед О.Ж гэнэт босож ирээд гараараа миний эрүүний доод хэсэг рүү нэг удаа цохисон”, “...хэрэг болсон өдрийн маргааш нь Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж үзүүлэхэд Нэгдүгээр эмнэлэг рүү очиж эрүүгээ хадуулж гэж хэслэн. Тэгээд би Нэгдүгээр эмнэлэг дээр очиход зардлын мөнгө хэрэгтэй гэсэн учраас тухайн үед мөнгөний боломж байхгүй байсан тул хадуулаагүй юм. Тийм учраас эмнэлэгийн тусламж үйлчилгээ аваагүй тул эм уусаар байгаад эрүүгээ эдгээчихсэн. ...Тухайн үед мөнгө байхгүй байсан учраас эмчилгээ хийлгэж чадаагүй. Одоо эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа. О.Ж-аас эмчилгээний мөнгө нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 38 дахь тал), гэрч Ч.Хатанбаатар мэдүүлсэн “...Тус өдөр 12 цагийн орчимд Эрдэнэ-Очир, Г.П, О.Ж нарын хамт “Баян” зочид буудалд орсон. Тэнд нэг шил архи хувааж уугаад би тасраад унтаад өгсөн. Босоод ирэхэд Г.П, О.Ж хоёр хоорондоо зодолдчихсон. Г.П-гийн амнаас нь цус гарсан байдалтай, миний эрүүг хуга цохичих шиг боллоо гэсэн. Би юу болсон талаар асуухад Г.П нь “намайг зүгээр сууж байхад өшиглөчихлөө” гэхэд О.Ж “Чи өөрөө зүгээр байхгүй байсан биз дээ” гээд байхаар нь би О.Ж-д “Чи хүнийг зүгээр байхгүй байлаа гээд хүн цохидог юм уу" гэж хэлсэн юм. ...Г.П-гийн биед О.Ж гэмтэл учруулсан байсан. О.Ж Г.П-г яаж цохисныг хараагүй ч тэр хоёрын ярианаас О.Ж Г.П-г өшиглөсөн гэдэг нь ойлгомжтой байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар 9779 тоот дүгнэлт “...Г.П-гийн биед тархи доргилт, эрүү ясны зүүн булангийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр 2022.07.08-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал), шүүгдэгч О.Ж яллагдагчаар мэдүүлсэн “...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 07-ны оройн 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Баян” зочид буудалд иргэн Г.П-гийн биед тодорхой шалтгаангүйгээр халдаж хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Ж-ы үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа мэдүүлсэн “...Г.П нь 2022 оны 7 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 161.000 төгрөгийн зардал бүхий гэмтлийн яаралтай тусламж, Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 48.000 төгрөгийн зардал бүхий ойрын дуудлагын тусламж, ШЭЖИД ДҮГ-ээс 9100 төгрөгийн тусламж, үйлчилгээг тус тус авсан нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 48.000 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №04/577 албан бичгээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч О.Ж-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №04/577 албан тоот, хавсралтын хамт (хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг баримтуудаар шүүгдэгч О.Ж-аас 218.100 /хоёр зуун арван найман мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Г.П нь “...Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгуулж шийдвэрлүүлмээр байна. Тухайн үед мөнгө байхгүй байсан учраас эмчилгээ хийлгэж чадаагүй. Одоо эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа. О.Ж-аас эмчилгээний мөнгө нэхэмжилж байгаа. Одоо зүүн талын агт араа хөдөлсөн байгаа. Энэ арааны эмчилгээг хийлгэмээр байна.” (хавтаст хэргийн 10-11 дэх тал) гэж мэдүүлсэн боловч хохирогч Г.П-гийн зүгээс эмчилгээний зардалтай холбоотой санхүүгийн баримтуудыг гаргаж ирүүлээгүй, хэрэгт энэ талаар баримтууд авагдаагүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эрүүл мэндэд нь учирсан шууд сөрөг үр дагаварыг мөнгөн хэлбэрээр илэрхийлэн хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирогч Г.П нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотойгоор буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд шүүхээс шүүгдэгч О.Ж-д ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч О.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Ж-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч О.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв. Хэдийгээр улсын яллагчаас нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгосон боловч түүнд ажил хөдөлмөр эрхлэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх боломж олгож торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно. Мөн шүүгдэгч О.Ж нь шүүх хуралдаанд урьд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаварыг ухаарч ойлгосон талаараа илэрхийлсэн байна.
Шүүгдэгч О.Ж-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар 2022/ШЦТ/442 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн торгох ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Дугаар 2023/ХМШЗ/14 захирамжаар 40 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 12 хоногийн үлдэгдэлтэй, хорих ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цагдан хорих 441 дүгээр нээлттэй ангид эдэлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн, ялыг тус тусад нь эдлүүлэх боломжтой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч О.Ж-д оногдуулсан торгох ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Дугаар 2023/ХМШЗ/14 дугаартай шүүгчийн захирамжаар О.Ж-д урьд торгох ялаас эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн шийдвэрээс тусад нь эдлүүлэх боломжтой гэж үзлээ. Мөн шүүгдэгч О.Ж-д торгох ял оногдуулж тусад нь эдлүүлэх боломжтой гэж дүгнэсэн тул урьд оногдуулсан хорих ялыг эдлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 441 дүгээр ангид нь буцаан хүргүүлэх нь зүйтэй байна.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч О.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-н Ж /РД:хх000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч О.Ж-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар 2022/ШЦТ/442 шийтгэх тогтоол, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Дугаар 2023/ХМШЗ/14 захирамжаар О.Ж-д оногдуулсан торгох ялаас биелүүлээгүй ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн шийдвэрээс тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-д оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Ж-д сануулсугай.
6. Шүүгдэгч О.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд марийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч О.Ж-аас иргэний нэхэмжлэлийг хангах хүрээнд 218.100 /хоёр зуун арван найман мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тушаахыг дурьдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Т.Бямбажаргал нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах талаар хохирол, төлбөрийг буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР