Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2019/00069/И |
Дугаар | 387 |
Огноо | 2019-07-31 |
Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 387
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн... дугаар хороонд байрлах “Г” ХХК-д холбогдох,
Татварын өр төлбөр 3 752 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00069/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Булган аймгийн ... ажилтай Булган аймаг ... оршин суух З овогт Ц.Б ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, ... оршин суух, У овогт А.Э ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, ... оршин суух, Т овогт Ж.А ,
Төрийг төлөөлж прокурор: Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ажилтай, Булган аймаг ... Т овогт Ц.С ,
нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөөгүй нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8.2. “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө”, Татварын ерөнхий хуулийн 43.5.”Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна" гэж заасныг тус тус зөрчсөн. "Г" ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 15.2.1.1-т заасны дагуу төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тул Татварын ерөнхий хуулийн 64-т заасан ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байна. Мөн Татварын ерөнхий хуулийн 33.2.4-т заасны дагуу мэдэгдэх хуудас хүргүүлсэн ба, мэдэгдэх хуудаст заасан хугацаанд татварын өрийг барагдуулаагүй тул тус хуулийн 63.1-т заасны дагуу банкны харилцах дансыг хаах ажиллагааг явуулсан болно. Ийид дараагийн үе шат болох эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хэлтсийн даргын тушаалын дагуу Булган аймгийн ... байрлах "Г" ХХК-ийн агуулахыг Татварын ерөнхий хуулийн 67.1.3-т заасны дагуу тус хэлтсийн татварын улсын байцаагч эд херөнгийг битүүмжилж хавсаргав. Иймд “Г” ХХК нь 2016, 2017, 2018 оны тайлангаарх өр болох үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 3 752 000 /гурван сая долоон зуун тавин хоёр мянга/ төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуулийг тус тус үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжилж буй 3 752 000 төгрөгийг “Г” ХХК-ийн хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Г” ХХК-ийн Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа Булган аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй "Г" ХХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн татварын үлдэгдэл төлбөр 3 752 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. "Г" ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тус компанийн 66.67 хувийг “ГУ” ХХК эзэмшиж, үлдэх 33.33 хувийг МУ-ын иргэн Д.Б миний бие эзэмшдэг болно. "Г" ХХК-ийн 66.67 хувийг хувьдаа эзэмшигч "ГУ"' ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа хийж тус хурлаас тогтоол гарч тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар "Г" ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн ба 2 дугаар заалтаар Даваасамбуу овогтой Т ийг 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор татан буулгах үйл ажиллагааг хариуцуулсан комиссоор томилсноор 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гүйцэтгэх захирал Д.Б миний бүрэн эрх дуусгавар болсон. Энэ нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д заагдсан ажиллагаа байсан гэж үзнэ.
“Г” ХХК-ийн 33.33 хувийн хувьцааг эзэмшигч Д.Б миний бие компанийг татан буулгах шийдвэрийг тухайн үед огт зөвшөерөөгүй ба энэхүү шийдвэр нь хуульд нийцээгүйг нь мэдээд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр "ГУ" ХХК-д өөрийн саналыг хүргүүлж баталгаат шуудангаар холбогдох хүмүүст илгээсэн болно. Тус саналын 1 дүгээрт тус компанийн 66.7 хувийн хувьцааг худалдан авах боломж байхгүйг, 2 дугаарт 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хэлцэл гэх Д.Б миний өмчлөлийн Г-********* дугаартай 4246 мкв газрыг 5 жил 10000 төгрөгөөр ашиглуулах хэлцэл бүхий гэрээг хүчингүйд тооцсон тухайгаа мэдэгдэж, цаашид өөрийн өмчлөлийн газраа худалдах буюу эсхүл 15-50 жилийн турш харилцан тохирч түрээслүүлэх боломжтой болохыг мэдэгдсэн. Гэвч миний саналд “ГУ” ХХК хариу өгөхгүй байгаагаар үл барам миний бие өнөөдрийг хүртэл тус үл хөдлөх хөрөнгийг манаачаар харуулж, хамгаалуулах, гэрэлтүүлэг цахилгааны зардал хэмээх их хэмжээний зардал өөрөөсөө гаргаж харж хандаж өдийг хүрээд байна. Миний бие Д.Б нь “Г” ХХК-ийн ЗЗ.ЗЗ хувийн хувьцаа эзэмшдэгийн хувьд өөрт оногдох үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлж байсан нь өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж байгаагийн тод илрэл бегөөд харин 66.67 хувийг эзэмшигч “ГУ” ХХК нь хууль тогтоомж зөрчиж бусдыг хохироож байгааг шүүх анхаарна гэдэгт итгэж байна. Мөн хуульд нийцүүлж үйл ажиллагаа явуулахгүй байгаа "Г" ХХК-ийг татан буулгах саналыг удаа дараа аймгийн Татварын хэлтэст гаргаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл арга хэмжээ авахгүй байгаа нь асуудал хүндрэх нөхцөл байдал үүсгэж байгаа болно. Иймд “Г” ХХК-ийн удирдлагын бүрэн эрх Д.Т ид шилжсэн байх тул хариуцагч байвал зохих этгээд нь хувьцаа эзэмшигч Д.Б миний бие биш байх тул ИХШХШТХ-ийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар солих эсхүл, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасанд нийцнэ гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд нь Д.Б миний бие биш байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК одоог хүртэл татварын төлбөрөө төлөөгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 болон Татварын ерөнхий хуульд заасан тайлагнах хугацааг зөрчсөн байна. Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-д зааснаар төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй гэсэн заалтыг зөрчсөн байна. Татварын ерөнхий тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар дансыг хаах ажиллагааг явуулсан. Дараа нь эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг Татварын ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-д зааснаар хийсэн. Мэдэгдэх хуудсыг удаа дараа явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж татварын өрийг барагдуулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын байгууллагаас гэрчилгээ олгодог. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээч томилж хийдэг. Татварын байгууллага үл хөдлөх хөрөнгийн газар бүртгэлтэй эсэхээс хамаарч татвар авна. Татварын байгууллагаас танай үл хөдлөх эд хөрөнгөөс татвар авна гэдгээ хэлж үнэлгээ явагддаг. Гэтэл хэрэгт тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн зүйл байхгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой баримт байхгүй. Татварын байгууллага тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлж нөгөө тал зөвшөөрсөн байх ёстой. Зарим тохиолдолд үнэлгээ зөрүүтэй байж болох ч өөрийн үнэлсэн үнэлгээгээр татвар авдаг. Татварын байгууллага өөрийн буруутай үйл ажиллагаанаас болоод татвараа авч чадаагүй байна. Хэргийн материалтай танилцахад үнэлгээ тогтоосон баримт байхгүй. Баримтыг үнэн зөв бодитой байдлаар тогтоох ёстой. Үнэлгээг хэн хийсэн нь тодорхойгүй. Татварын байгууллагаас үнэлсэн үнэлгээ байхгүй учир үнэлгээ эргэлзээтэй байна. Үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А : Үл хөдлөх хөрөнгө 80 000 000 төгрөгөөр боссон. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар хэдэн төгрөг болохыг нэхэмжэгч хэлэх байх. Татвар төлөх үүрэгтэй ч 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. “ГУ” ХХК “Г” ХХК-ийн үйл ажиллгааг зогсоосон. Б гэх хүн ямар ч эрхгүй гэсэн талаар албан бичиг татварын албанд ирсэн. Быг хариуцагч гэхэд эргэлзээтэй. Татан буулгаснаас хойш ямар ч үйл ажиллагаа хийгээгүй. Одоо манаачийн ажил хийж байна. Дампуурлын хэрэг үүссэнтэй холбоотой Б нэхэмжлэгчээр орно. Ямар ч цалин хөлс аваагүй байж хариуцагчаар шүүхэд дуудагдаад байна. Татварын байгууллагын нэхэмжилж байгаа мөнгө үндэслэлтэй эсэхэд эргэлзээтэй байна. Үл хөлдөх эд хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй байх ёстой. Манайх зөвшөөрөхгүй байна. Хэргийн оролцогч шүүх хуралдааны явцад хүсэлт гаргах эрхтэй. Татварын өр бодитойгоор тогтоогдох ёстой гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ бодитой бус байгаа тул татварын нэхэмжлэгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоож өгнө үү. Үнэлгээ тодорхой бус байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Прокурор Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий хуульд заасны дагуу балансд орсон үнээр татвар тооцож авна. Балансын үнэ өндөр байна гэвэл комисс гарч үнэлж болно. Өөрсдөө хөрөнгөө үнэлж балансдаа оруулсан хэмжээнээс татван ногдох хэмжээ тооцож гаргадаг. Өмнө нь энэ талаар маргаагүй. Балансаар авч байгаа учир татварын нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Булган аймгийн Татварын хэлтэс нь “Г” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн татварын өр төлбөр 3 752 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч "Г" ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тус компанийн 66.67 хувийг “ГУ” ХХК эзэмшиж, үлдэх 33.33 хувийг иргэн Д.Б эзэмшдэг, татвар ногдох хөрөнгийн үнэлгээ тодорхойгүй байгаа тул нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ”, 18.1.1-т “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 12 дугаар зүйлийн 12.1-д “татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна” гэж зааснаар "Г" ХХК, Булган аймгийн Татварын хэлтэст татвар төлөгч болох нь хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа, Булган аймгийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/** тоот “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тушаал, “эд хөрөнгө битүүмжлэх тухай” акт, “эд хөрөнгө битүүмжилсэн тухай” тэмдэглэл, “мэдэгдэх хуудас”-ыг хүлээн авсан тэмдэглэл, татварын тооцоололын жагсаалт зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Булган аймгийн Татварын хэлтэс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх”, Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас татварын өр төлбөрийг шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд хариуцагч нь “үл хэдлэх эд хөрөнгийн татварын өр "Г" ХХК-нд хамааралгүй” гэж маргаж байгаа боловч энэ үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасны дагуу шүүх хуульд заасан эрхийг зохигчид олгосон боловч түүнийг хэрэгжүүлж нотлох баримтаа гаргаж өгөөгүй, Булган аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 468 дугаартай "Г" ХХК-ийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагааны үүсгэн байгуулагчийн тухай мэдээлэл хэсэгт ******** регистрийн дугаартай, Д овогтой Б гэж бүртгэгдсэнийг хариуцагч нотлох баримтаар татгалзалаа үгүйсгэж, няцааж чадаагүй, улсад татвар төлөх нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Шүүх Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч "Г" ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр 3 752 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Булган аймгийн Татварын хэлтэст олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ