Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/223

 

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210012460331 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ганцаараа *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй *** (РД:***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн 67 дугаар байрны гадаа хохирогч ***ыг “утсаар яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж , түүний эзэмшлийн “Самсунг А-12” загварын гар утсыг нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авч 275,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***аас Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.

 

Хоёр: Эрүүгийн 2210012460331 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

   1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “хүн гар утсаар чинь яриад өгье гээд аваад зугтаасан” гэх утгатай бүртгэгдсэн дуудлага лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

   2. 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хэрэг болсон гэх Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 67 дугаар байрны гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

   3. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 67 дугаар байрны 28 тоотод ганцаараа амьдардаг. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байдаг. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд гэрээсээ дэлгүүр орох гээд гарахад зүс таних *** гэх нэртэй эрэгтэй зогсож байсан. Улмаар тухайн эрэгтэй хүн сайн байна уу, Багшаа гэж мэнд мэдэж асуухаар нь сайн байна уу гэж хариу мэндлээд чи чинь хэн бэ, Багш нь өндөр настай болсон учраас сайн таньж өгөхгүй байна гэж үнэн байдлаа хэлсэн. Та танихгүй байна гэж үү, Би чинь ***ын *** байна шүү дээ гэхээр нь таньсан. Учир нь би 1974 оноос 2000 он хүртэл Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд байрлах дунд сургуульд Монгол хэлний багшаар ажиллаж байсан. Тухайн үед *** нь тус сургуулийн дунд ангид суралцаж байсан. Би хичээл зааж миний суралцагчаар суралцаж байсан. ***ын анги даасан багш биш зөвхөн Монгол хэл заадаг байсан болохоор хувийн байдал, зан араншингийн талаар сайн мэддэггүй. Аав, ээжтэй нь үе тэнгийн хүмүүс учраас найз нөхдийн холбоотой байсан. Тухайн үеэс хойш олон жилийн хугацаа өнгөрч тэтгэвэрт гараад 20 гаруй жил болсон учир тухайн хүнийг хараад шууд таниагүй. Тухайн үед *** та ямар их хөгширсөн байна аа багшаа гэхээр нь тэгэлгүй яах вэ, тэтгэвэрт гараад 20 гаруй жил болж байна шүү дээ гэж хэлээд инээлдэж байхад *** та түр утсаа өгч байгаач, хүнтэй ярьчхаад буцаагаад өгье гэхээр нь тэг тэг гэж хэлээд өөрийн эзэмшлийн Самсунг А-12 загварын гар утсыг өгсөн. Миний утсаар хүн рүү залгаад яриад байх шиг болохоор нь хажуу талаас нь холдоод зогссон. Тэр үед байрны зүс таних эмэгтэй гарч ирэхээр нь мэндлээд хэсэг юм ярьж байгаад эргээд хартал *** зогсож байсан газраа байгаагүй. Би тухайн хавиар хэсэг хайсан боловч олдоогүй. Тэгэхээр нь гэртээ ороод өөрийнхөө дугаар руу залгахад холбогдох боломжгүй болсон байхаар нь намайг залилаад утас авсныг мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан. *** миний утсыг гуйгаад авах үед дунд зэргийн цэнэгтэй байсан, унтрах боломжгүй, хэвийн ажиллагаатай байсан. *** нь 40 орчим настай, 160-170 см орчим өндөртэй, шар өнгийн арьстай, ногоон өнгийн нүдтэй, казах яс үндэстэй. Би залилуулан алдсан Самсунг А-12 загварын гар утсыг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Мобиком ХХК-аас 560,000 төгрөгийн лизингээр зээлийн гэрээгээр худалдаж авсан.Тухайн гар утас нь хоёр оролттой, саарал өнгийн их биетэй, ягаан өнгийн хамгаалалтын кэйстэй хэвийн ажиллагаатай, шилэн наалттай гар утас байсан. Миний алдсан гар утас нь 352016405314782, 3581795314785 гэх имей кодтой байсан. Тухайн гар утсанд хамгийн сүүлд 95680012 гэх дугаар ашиглагдаж байсан. Мөн тухайн гар утас нь кодгүй, шууд үндсэн цэс рүү нэвтрэх зориулалттай байсан. *** гэх хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, хохирлыг барагдуулж өгнө үү. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

   4. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №ХУ2-22-501 дугаартай: Samsung A12 маркийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр худалдаж авсан гэх, хэрэглэж байсан гар утсыг 275,000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

   5. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: Би тухайн өдөр хүнтэй уулзах гээд явж байгаад бага ангийнхаа багш ***тай таараад гар утсаар нь хүнтэй ярьчхаад буцаагаад өгөх гэтэл *** багш байхгүй байсан. Би утсыг нь аваад Сонгинохайрхан дүүргийн Драгон төв дээр очоод үл таних эрэгтэй хүнд 250,000 төгрөгөөр зарчхаад Дархан-Уул аймаг руу явах унаанд суугаад явсан. Тухайн гар утсыг зарсан мөнгөө хэрэглээндээ ашигласан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

   6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 34-37 дахь тал), шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчаас шинээр өгсөн Сэлэнгэ аймаг дахь нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр шүүгдэгч ***ын хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоосон, дуусах хугацаа 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэсэн утгатай нэг хуудас баримт, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх яллагдагчийн хүсэлтийг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад  зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч *** нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч ***ын эзэмшлийн “Самсунг А-12” загварын гар утсыг нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авч 275,000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн 67 дугаар байрны гадаа 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчим бага ангид монгол хэлний хичээл заадаг байсан багш ***тай таараад  “утсаар яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Samsung A12” загварын гар утсыг нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авч 275,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь: 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дуудлага лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

- 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Хэрэг болсон гэх Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 67 дугаар байрны гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №ХУ2-22-501 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг тус гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлжээ.

 

“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь өөрийн бага ангийн багш ***тай тааралдаж, урьдын харилцааны явцын талаар буюу өөрийнх нь сурагч байсан талаар харилцан ярилцаж итгэл үнэмшлийг нь олж авч, улмаар энэхүү урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж  “утсаар нь яриад өгье” гэж хохирогч ***ыг хуурч түүний гар утсыг өөртөө шилжүүлэн авч, бусдад худалдан борлуулж, захиран зарцуулах бодит боломж бүрдэж тус гэмт хэрэг төгссөн байх бөгөөд хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”. гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх ба хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч *** нь бусдын эзэмшлийн гар утсыг буцааж өгөхгүй гэх субьектив санаа зорилготой, амар хялбар аргаар мөнгөтэй болох шунахай сэдэлтээр хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч бусдад 250,000 төгрөгөөр худалдаж, худалдсан мөнгөө хувийн өөрийн хэрэгцээндээ зарцуулан идэвхтэй үйлдлээр залилах гэмт хэргийг үйлджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа, хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ыг “ хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Тус хэргийн улмаас хохирогч ***д 275,000 төгрөгийн хохирол, хор уршиг учирчээ. Шүүгдэгч ***аас хохирогч ***ын “Хаан банк”-ны 5677034499 дугаартай данс руу “***аас утасны төлбөр” гэх утгаар 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 275,000 төгрөгийг шилжүүлсэн (хавтаст хэргийн 49 дэх тал) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***ыг ялын санал танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрүүл мэндийн тухайд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 80 хувиар тогтоогдсон, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Мөн шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч ***ыг “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон бөгөөд прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:

1.1 дэх заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ...эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; гэж заасан ба эдгээр заалт нь үүрэг болгосон бус эрх олгосон зохицуулалт байна.      

 

Иймд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүлийн мэндийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалтыг нь 80 хувиар тогтоосон зэрэг хувийн байдлыг харгалзан, дээрхийн хуулийн шаардлага хангагдсан  гэж үзэж, улсын яллагчийн тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас мөн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар чөлөөлж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ыг “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч”  залилах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

            4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДОРЖСҮРЭН