Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 212/МА2018/00024

 

Х.С нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 725 дугаар шийдвэртэй,  Х.С, Ш.П, Х.Н, Д.С, Х.С, М.Э, Б.Н, П.Ж, Э.Г, Ж.Е, Е.А, К.А, Т.Ж, Г.Н, Б.Д нарын 15 хүний нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой байдлын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагч аймгийн Засаг даргын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, Х.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч нэр бүхий 15 төрийн албан хаагчийн малын гоц халдварт шүлхий өвчний голомтын бүсэд хорио цээрийн дэглэмийн нөхцөлд ажилласан томилолтын мөнгө болох нийт 14760000 төгрөг гаргуулах тухай.

            Нэхэмжлэлд: “Алтай сумын “Даваат” гэх газар Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/529 тоот захирамж гарч хорио цээрийн дэглэм тогтоосон. Улмаар малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссын 2015 оны 10 дугаар сарын шуурхай хуралдааны шийдвэрээр зохион байгуулагдсан аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, онцгой байдлын хошууч Х.С-гаар ахлуулсан нэр бүхий 15 хүн ажлын хэсэг болж Алтай сумын шүлхий гарсан голомтын бүсэд 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 40 хоног ажилласан. Бид юуны өмнө малын шүлхий өвчин гарсан Алтай сумын нутаг дэвсгэрийн 4 чиглэлд өвчний голомтын бүс, сэжигтэй бүс, эрүүл бүсийн хил заагийг тогтоож тэнд хэд хэдэн пост ажиллуулж, улмаар өөрсдөө өвчний голомтын бүсэд орж хорио цээрийн дэглэмийн нөхцөлд Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль болон холбогдох бусад хууль дүрмийг мөрдөж ажилласны үр дүнд дээрх суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтыг богино хугацаанд дарж устгасан учраас сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сард захирамж гарч хорио цээрийн дэглэмийг татан буулгасан. Гэтэл дээрх шүлхий өвчний дайчилгаанд явж ажилласан ажлын хэсгийн нэр бүхий 15 хүн бид 40 хоногийн томилолтын мөнгийг авч чадахгүй 2 дахь жилийн нүүр үзэж байна. Бид томилолтын мөнгийг нэхэмжилж тухайн үеийн Засаг дарга, түүний тамгын газар, санхүү төрийн сангийн хэлтэс, аймгийн Онцгой байдлын удирдлага, Улсын Онцгой байдлын газрын нарийн бичгийн дарга н.Энх-амар, Улсын Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх нарт хандсан боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Эдгээр хүмүүс нь бүгд бидний томилолтын мөнгийг эдийн засгийн байдал хүнд байгаа учраас өгөх боломжгүй, та нар хүлээж бай гэснээр уг асуудал өдий хүрч байна. Зохих хууль журмын дагуу бидний томилолтын мөнгийг энэхүү дайчилгааг зохион байгуулсан эрх бүхий байгууллагаас дараах хэмжээгээр нэхэмжилж байна.

 

 

д/д

 

Албан тушаалтны нэр

 

Хариуцдаг ажил

Голомтод ажилласан хоног

Томилолтын зардал

 

БҮГД

/төгрөг/

Ердийн нөхцөлд

Онцгой нөхцөлд

1

Х.С

Улсын байцаагч

40 хоног

12000

36000

1440000

2

Ш.П

Малын их эмч

22 хоног

18000

54000

1188000

3

Х.Н

Цагдаагийн эмч

16 хоног

12000

36000

576000

4

К.А

Улсын байцаагч

30 хоног

18000

54000

1620000

5

Х.С

Эргүүлийн цагдаа

28 хоног

12000

36000

1008000

6

Б.Д

Эргүүлийн цагдаа

46 хоног

12000

36000

1656000

7

Д.С

Эргүүлийн цагдаа

28 хоног

12000

36000

1008000

8

М.Э

Ариутгагч

30 хоног

12000

36000

1080000

9

Т.Ж

Ариутгагч, жолооч

30 хоног

12000

36000

1080000

10

П.Ж

Ариутгагч, жолооч

35 хоног

12000

36000

1260000

11

Б.Н

Хэсгийн төлөөлөгч

8 хоног

12000

36000

288000

12

Ж.Е

Хэсгийн байцаагч

24 хоног

12000

36000

864000

13

Г.Н

Эргүүлийн цагдаа

15 хоног

12000

36000

540000

14

Е.А

Эргүүлийн цагдаа

24 хоног

12000

36000

864000

15

Э.Г

Хэсгийн цагдаа

8 хоног

12000

36000

288000

ДҮН

       

14760000

 

Иймд холбогдох хууль журмын дагуу бидний томилолтын мөнгө болох 14760000 төгрөгийг олгуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын тайлбарт: “Нэгдүгээрт, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Алтай сумын “Даваат” гэх газарт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тухай үед аймгийн Засаг дарга хорио цээрийн дэглэм тогтоосон шийдвэр гаргажээ. Мөн Алтай суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажиллах хээрийн штабыг байгуулан ажиллуулах тухай А/529 тоот захирамж гарган ажлын хэсгийг томилсон байна. Голомтод ажиллах бүрэлдэхүүний ахлагчаар Х.С (Онцгой байдлын газрын байцаагч), гишүүд Ш.П (Хүнс, хөдөө аж ахуйн газрын халдвартын их эмч), Х.Н (Цагдаагийн газрын эмч), Д.С (Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа), Х.С (Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа), Б.Д (Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа), К.А (Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч), М.Э (Зооноз өвчин судлалын төвийн ариутгагч), Т.Ж (Онцгой байдлын газрын жолооч), П.Ж (Хүнс, хөдөө аж ахуйн газрын жолооч, ариутгагч) нар томилогдон ажиллажээ. Харин нэхэмжлэл гаргасан Б.Н, Э.Г, Ж.Е, Е.А, Г.Н гэх хүмүүс ажлын хэсэгт байхгүй байгаа тул малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажилласан гэж үзэх боломжгүй байна. Хоёрдугаарт, Малын удмын сан, Эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.2 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн /тухайн үед хүчин төгөлдөр байсан/ 33 дугаар зүйлийн 33.3-т зааснаар гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч болон малын эмч, мал зүйчийн томилолтын зардлыг ердийн үеийнхээс 3 дахин нэмэгдүүлж олгох тухай заажээ. Нэхэмжлэл гаргасан төрийн албан хаагч дотроос тус ангилалд багтах 3 албан хаагч л байна гэж үзэж байна. Гуравдугаарт, тухайн үед малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажилласан төрийн албан хаагч нарын зардлыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэх боломж байгаагүй тул Улсын онцгой комисст холбогдох баримтыг хүргүүлсэн боловч шийдвэрлэгдээгүй болно.” гэжээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын тайлбарт: “Тус аймгийн Алтай суманд 2015 онд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний үеэр ажилласан иргэд, албан тушаалтнуудын шүүхэд гаргасан гомдолтой танилцлаа. Дээрх нэр бүхий 84 иргэний томилолтын зардлын материалыг бүрдүүлэн аймгийн Засаг даргын Тамгын санхүү, төрийн сангийн хэлтсээр хянуулж, нийт 25272000 төгрөгийг шийдвэрлүүлэхээр материалыг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Онцгой байдлын газрын даргын 19/300 тоот албан бичгээр Улсын комисст хүргүүлсэн болно. Өнөөдрийн байдлаар Улсын онцгой комиссоос ямар нэгэн шийдвэр гараагүй байна.” гэжээ. 

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 725 дугаар шийдвэрээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 33 дугаар зүйлийн 33.3-ыг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шүлхий өвчний голомтод ажилласан томилолтын мөнгө нийт 13680000 (арван гурван сая зургаан зуун наян мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.С-д 1440000 төгрөг, Ш.П-нд 1188000 төгрөг, Х.Н-т 576000 төгрөг, К.А-нд 1620000 төгрөг, Х.С-т 1008000 төгрөг, Б.Д-т 1656000 төгрөг, Д.С-д 1008000 төгрөг, М.Э-т 1080000 төгрөг, П.Ж-нд 1260000 төгрөг, Б.Н-д 288000 төгрөг, Ж.Е-д 864000 төгрөг, Г.Н-д 540000 төгрөг, Е.А-т 864000 төгрөг, Э.Г-д 288000 төгрөгийг тус тус олгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Т.Ж нь томилолтын мөнгө 1080000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан тул түүнд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч аймгийн Засаг даргын давж  заалдах гомдолд: “Нэгдүгээрт. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Алтай сумын “Даваат” гэх газарт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тухайн үед аймгийн Засаг дарга хорио цээрийн дэглэм тогтоосон шийдвэр гаргажээ. Мөн тус Алтай суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажиллах хээрийн штабыг байгуулан ажиллуулах тухай А/529 тоот захирамж гарган ажлын хэсгийг томилсон байна. Голомтод ажиллах бүрэлдэхүүний ахлагчаар Х.С /Онцгой байдлын газрын байцаагч/, гишүүдээр Ш.П /Хүнс, хөдөө аж ахуйн газрын халдвартын их эмч/, Х.Н /Цагдаагийн газрын эмч/, Д.С /Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа/, Х.С /Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа/, Б.Д /Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа/, К.А /МХГ-ын улсын байцаагч/, М.Э /Зооноз өвчин судлалын төвийн ариутгагч/, Т.Ж /ОБГ-ын жолооч/, П.Ж /ХХААГ-ын жолооч, ариутгагч/ нар томилогдон ажиллажээ. Харин нэхэмжлэл гаргасан Б.Н, Э.Г, Ж.Е, Е.А, Г.Н гэх хүмүүс ажлын хэсэгт байхгүй байх тул малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажилласан гэж үзэх боломжгүй байна. Мөн тус албан хаагчид тухайн голомтод ажилласан тухай хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй байхад нотлогдсон байдлаар шүүхийн шийдвэрт дурдсан нь үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт. Малын удмын сан, Эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн  15 дугаар зүйлийн15.4.2 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн /тухайн үед хүчин төгөлдөр байсан/ 33 дугаар зүйлийн 33.3-т зааснаар гамшгийн голомтод ажилласан онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагч болон малын эмч, мал зүйчийн томилолтын зардлыг ердийн үеийнхээс 3 дахин нэмэгдүүлж олгох тухай заажээ. Нэхэмжлэл гаргасан төрийн албан хаагч дотроос тус ангилалд багтах гурван албан хаагч байна гэж үзэж байна.

Гуравдугаарт. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтад /39.1.3/ төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ, 39.7 дахь заалтад төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэжээ. Мөн Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтад Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэжээ. Тус төрийн албан хаагч нар 2015 оны 10 дугаар сарын үед шүлхийн голомтод ажилласан байдаг. Гэтэл 2017 оны сүүлээр томилолттой холбоотой зардалд нэхэмжлэл гаргаж байгаа нь цаг хугацааны хувьд ач холбогдлоо алдсан, хуульд заасны дагуу шүүхэд гомдол гарах хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд бүрэн дүгнэлт хийж хянаж үзээгүй ба дээрх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хууль бус шийдвэр болжээ. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 725 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хуульд заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлэх тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан “нэхэмжлэгч Б.Н, Г.Н, Э.Г нарын албан томилолтын хуудсыг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас гаргуулах” тухай хүсэлтийг анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2892 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн атлаа уг баримтуудыг хариуцагчаас хуульд заасан журмаар гаргуулаагүй, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаагүй, нэхэмжлэгч 3 иргэний томилолтын хуудас хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан журамд нийцээгүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан баримтуудыг анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэн хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Б.Н нарын гурван нэхэмжлэгчээс бусад албан хаагчдын албан томилолтын хуудас хэрэгт авагдсан байна.

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын давж заалдах гомдлоос “...нэхэмжлэл гаргасан Б.Н, Э.Г, ... Г.Н ... нар нь тухайн голомтод ажилласан тухай хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй байхад нотлогдсон байдлаар шүүхийн шийдвэрт дурдсан нь үндэслэлгүй” гэсэн 1 дэх хэсгийг хүлээн авах нь зүйтэй.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлэх тул хариуцагчийн гомдол дахь маргааны үйл баримт, нотлох баримтын үнэлгээ, хууль хэрэглээтэй холбоотой 2, 3 дахь үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

 

            Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын давж заалдах гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.    

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 725 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч төсвийн байгууллагын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК