Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 253

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Батсуурь, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, 

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

иргэдийн төлөөлөгч И.Цэцэг,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Х.Золбоо, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

шүүгдэгч Б.Баттулга, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

хохирогч М.Мөнх-Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Хүрэлбаатарын Золбоод,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Богд Очирваань овогт Баярмаагийн Баттулгад тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 2016 2501 1885 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 43 дугаар гудамжны 747 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ГК94013015 дугаартай, Боржигон овогт Хүрэлбаатарын Золбоо,

 

2. Монгол улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 690 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн ИЮ93032319 дугаартай, Богд Очирваань овогт Баярмаагийн Баттулга,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Золбоо нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 30-754 тоот хашааны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин шалтгаангүйгээр хутга, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч У.Баасансүрэнгийн эзэмшлийн 03-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашины урд, хойд болон 4 хаалганы салхины шилийг чулуугаар цохиж хагалан, 2 ширхэг толийг хугалж, автомашины орой хэсгийг хутгаар зурж, хаалгыг нугасаар нь дарж 946.000 төгрөгийн хохирол учруулан догшин авирлан танхайрсан, мөн шүүгдэгч Б.Баттулгатай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Мөнх-Одыг “шоронд ороод гарч ирсэн гэж цуу яриа тараалаа” гэх шалтгаанаар зодож, зовоон тарчлааж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Баттулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Х.Золбоотой бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Мөнх-Одыг “шоронд ороод гарч ирсэн гэж цуу яриа тараалаа” гэх шалтгаанаар зодож, зовоон тарчлааж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Золбоогийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Би 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хоёр найзтайгаа уулзаад архи уусан. Тэгээд өөрийгөө хянах чадвараа алдсан байсан тул хүний машин эвдэлсэн гэдгээ санахгүй байна. Маргааш нь би эрүүлжүүлэхэд сэрсэн. 05 дугаар сарын 06-ны өдөр пи си-нд Баттулгатай тааралдаад бид хоёр гудамжинд нэг пиво уусан. Тэгээд Мөнх-Одтой тааралдсан. Мөнх-Од намайг шоронд суугаад гарч ирсэн гэсэн цуу яриа тараасан тул би уурандаа түүнийг алгадаж, атгасан гараараа цохиж, тэлээгээр ороолгосон.” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Золбоотой писи тоглоомын газар тааралдсан. Бид хоёр гудамжинд 2,5 литр “Нийслэл” пиво уусан. Би цэцэрлэгээс дүүгээ аваад явж байтал Мөнх-Одтой тааралдсан. Гэтэл Золбоо Мөнх-Одыг “чамаас юм асууя” гэж дуудаад “чи миний тухай янз бүрийн яриа тараасан байна” гэж хэлсэн. Намайг дүүгээ гэртээ хүргэж өгөөд ирэхэд Золбоо, Мөнх-Одыг зодоод хамраас нь цус гарч гараа урдаа барьсан байсан. Би Золбоог “одоо болио” гэж хэлээд найзынх руу нь явсан. Би Мөнх-Одыг зод гэж Золбоог өдөөн хатгаагүй.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч М.Мөнх-Одын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед би дэлгүүр явж байгаад Золбоо ах, Тулгаа ах хоёртой тааралдсан. Тулгаа ах надаас юм асууя гээд гудамж руу авч орсон. Тэгэхэд Баттулга ах “танай бацаанууд том болжээ, чамаар намайг зодуулна гэсэн” гэж хэлсэн. Тэгээд Золбоо ах баруун гараараа миний зүүн шанаа руу цохиж, солгой гараараа элэг рүү цохисон. Намайг зугтахад Золбоо ах хавирч унагаасан. Тэгэхэд миний гар эвгүй болсон. Тэгээд Тулгаа ах дүүгээ авна гээд явна гэхэд Золбоо ах намайг дагуулаад явсан. Тэр үед миний толгой руу цохиод толгой хагарсан байсан тул цус гарч байсан. Дараа нь намайг худгийн  хундам дээр суулгаж байгаад элэг рүү цохиж, толгой руу тэлээгээр цохисон. Тэгэхэд миний нэг чихийг сэтэлсэн. Тэгээд Тулгаа ах ирээд одоо боль явъя гэсэн. Дараа нь Золбоо ах намайг цаашаа нарийн гудамж руу авч ороод манай 5 найзтай хамт дахин зодсон. Манай найз Батбаярын элэг рүү нэг удаа Золбоо ах цохисон. Бусдыг нь ч мөн адил гарыг нь шилэнд нь авуулж байгаад цохисон. Золбоо ах баруун гараа атгаж байгаад миний хамар руу цохиход эрүү мэдээгүй болоод шүд хөдөлсөн байсан. Тэгээд намайг хагас суулгаж байгаад мод өргүүлсэн. Золбоо ах “чи одоо цагдаад өргөдөл бичээрэй, чамд бичгийн цаас аваад өгөх үү” гэж хэлж байсан. Тэгээд “эцэг, эхдээ хэлбэл ална шүү” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ хариад эмнэлэг цагдаа дуудсан. Одоо миний нүд бүрэлзээд толгой руу хатгуулж өвддөг болсон. Хүнд юм өргөхөөр баруун гарын шуугаар өвдөж хавддаг болсон. Би цаашид хамар болон нүдний хагалгаанд орох шаардлагатай байгаа. Эмчилгээний мөнгөгүй болохоор эмчилгээ хийлгэж чадахгүй байна. ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгт хамраа үзүүлэхэд 1.200.000 төгрөгийн зардалтай хагалгаа хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн. Мөн нүдний ухархайн цууралтай тул хагалгаа хийлгэх хэрэгтэй гэсэн. Одоогоор баримттай нэхэмжлэх зардал нь 284.000 төгрөг болж байгаа. Би тогоочийн мэргэжлээр сурдаг. Энэ хэргээс хойш сургуульдаа сурч чадаагүй. Шүүгдэгч нараас цаашид хагалгаанд орох зардлаа нэхэмжилж байна. Би ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Ээж дэлгүүрт суудаг.” гэх мэдүүлэг,

 

Х.Золбоогийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “Би 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өөрийн найз Хангарьдтай 11 цагийн үед Урт цагаан дээр уулзаад найз Доржпаламын гэрт очихоор Дарь-Эх рүү явсан. Замдаа бид хоёр 1 шил Арвай 0,5 литрийн архи авсан. Тэгээд найз Доржпаламын гэрт очиж архиа уусан бөгөөд архи дуусахаар нь дэлгүүрээс дахиад 0,75 литрийн Арвай архи авсан. Тухайн үед 13 цаг болж байсан. Архиа ууж байгаад нэг мэдсэн тасарчихсан, юу болсон талаар санахгүй байна. Нэг сэргэхэд цагдаагийн алаг машин дотор гавлуулчихсан гар зүсэгдэж цус гарсан байсан. Юу болсон талаар цагдаагаас асуухад машины шил хагалсан гэж надад хэлсэн. Өөр зүйл би огт санахгүй байна. Нилээн их уугаад тасарчихсан байна лээ. Би бусадтай маргасан талаараа санахгүй байна. Сүүлд 2 найзаасаа асуухад гэртээ тасраад унтчихсан байна лээ гэж хэлсэн.

…Тэгээд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр орой болж байхад би найз Тулгаагийн хамт 7 буудалд гудамжинд архи ууж байгаад Чингэлтэйд байдаг Баянхайрхан дэлгүүрийн орчимд Мөнх-Одтой тааралдсан. Тэгээд нөгөө намайг шоронд сууж байгаад гарч ирсэн гэсэн яриа гаргасан нь санаанд ороод Мөнх-Одыг дуудаад уулзаж “чи ийм яриа гаргасан байна” гэж хэлээд уурлаад Мөнх-Одыг зодсон. Мөнх-Одыг зодохдоо нүүр лүү нь гараараа цохиод татаад газар унагаатал Мөнх-Одын гар нь гэмтчих шиг болсон. Ингээд Мөнх-Одыг дагуулаад Тулгаагийн дүүг цэцэрлэгээс нь авахаар явсан ба Чингэлтэй уруудаад цэцэрлэг лүү явж байхдаа өөрийн өмсөж байсан якаа Мөнх-Одод бариулаад “цус болгож болохгүй шүү” гэж хэлээд явж байсан. Ингээд цэцэрлэг орчихоод Тулгаагийн дүүг аваад буцаж явах замд Мөнх-Одын хамраас нь цус гараад миний якийг цус болгочихсон байхаар нь би “як цус болгочихлоо” гэж уурлаад мөн алгадаж зодсон. Мөн явж байхдаа би өөрийн тэлээгээ тайлаад гараа ороож байгаад Мөнх-Одын нуруу болон толгой, цээжлүү нь цохиж зодсон. …Мөн Мөнх-Одыг жижиг хэмжээтэй мод өргүүлээд хөлийг нь өвдгөөр нь нугалуулж хагас суулгаж дэглэсэн. …Тулгаа бол хохирогчийг зодож цохиогүй. Мөн намайг хохирогчийг зодож байхад хориглож болиулаагүй. Намайг Мөнх-Одыг зодох гэж байхад Тулгаа хажуунаас “наадах чинь намайг чамаар зодуулна гэж байсан. Эсвэл би чамайг зодох юмуу” гэх зэргээр үгээр өдсөн. Тэгээд би Мөнх-Одыг зодсон. Зүгээр энэ хэргийг үйлдэхэд хатгасан юм.” гэх мэдүүлэг,  

/хх-ийн 29-30 дугаар тал/

 

Б.Баттулгын мөрдөн байцаалтад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ байж байтал манай гэрт манай найз Золбоо ирсэн. Тэгээд Золбоо бид хоёр долоон буудал ороод 2 цаг орчим РС тоглоод гарч ирээд 2,5 литрийн савлагаатай нэг том Нийслэл пиво гудамжинд хувааж уугаад тэгээд явж байгаад Мөнх-Одтой тааралдаад Золбоо нь Мөнх-Одыг гудамжинд оруулаад Золбоог шоронд орсон гэсэн худал цуу яриа гаргасан гэсэн шалтгаанаар Золбоо Мөнх-Одыг нүүр лүү нь хоёр удаа цохиж зодсон ба Мөнх-Од зугтаатал Золбоо хойноос нь татаж аваад дээрээс нь дараад унасан ба тэгэхэд Мөнх-Одын гар нь гэмтчихлээ гэж байсан. Тэгээд би дүүгээ авах гээд Чингэлтэйд байдаг цэцэрлэг лүү зам уруудаад явсан ба тэгээд явж байхад Мөнх-Одын гар нь пэндийгээд хавдчихсан байсан. Тэгэхэд Золбоо якаа тайлаад Мөнх-Одод бариулаад “цус болгож болохгүй шүү” гэж хэлсэн. Ингээд цэцэрлэг дээр очоод би дүүгээ аваад гараад иртэл Золбоо тэлээгээр гараа ороочихсон Мөнх-Одыг “як цус болгосон байна” гээд зодож цохиж байсан. Ингээд цэцэрлэгээс яваад манай гэрийн гадаа ирээд би дүүгээ оруулж өгсөн ба гэрээсээ гараад иртэл Золбоо Мөнх-Одын гарыг өргүүлээд зогсоож байсан ба Мөнх-Одын найз нар болох Батбаяр, Баяраа, Гарьд нар ирчихсэн, Золбоо нь Батбаярын гарыг нь өргүүлчихсэн зогсож байсан. Ингээд намайг байхад бол тэр найзуудыг нь Золбоо зодоогүй. Тэгж байтал Мөнх-Одын дүү нь ирээд “ээж чинь дуудаж байна” гэж хэлээд аваад явсан. Тухайн үед Золбоо бид хоёр бага зэрэг л согтуу байсан. Би урьд нь 2016 оны 5 дугаар сарын дундуур Мөнх-Одыг ус өргөж өгсөнгүй гээд нэг удаа алгадаж байсан. Би Золбоод хандаж “наадах чинь намайг гудамжны ах нараа авчирч зодуулна гэсэн чи ах нь биз дээ” гэж Золбоод хандаж хэлсэн. Түүний дараа Золбоо Мөнх-Одоос “би чиний ах юм уу” гэж хэлээд Мөнх-Одыг зодсон. ...Зүгээр л тухайн үед салгаагүй юм.

... Би Золбоод ямар нэгэн байдлаар хохирогч Мөнх-Одыг зодож цохь гэж ятгаж хатгасан зүйл хэлээгүй. Зүгээр “наадах чинь намайг гудамжныхаа ах нараар зодуулна гээд байсан л” гэж хэлсэн. Түүнээс биш би Золбоог гэмт хэрэг үйлдэхийг хатгаагүй. Золбоо уг нь манай тэнд амьдардаг боловч сүүлийн үед ахындаа очоод ирэхгүй байсан юм. Тэр үеэр нь Мөнх-Од Золбоог шоронд орсон гэсэн яриа гаргаж түүнийгээ манай дүүд хэлсэн байсан. Түүнээс болоод л Золбоо уурлаад Мөнх-Одыг зодсон юм. ... Би Х.Золбоод “чамайг шоронд ороод гараад ирсэн гэж манай хамаатны дүү Пүрвээд ярьсан байна” гэж би хэлсэн. Тэгээд бид хоёр архи уусан явж байгаад Мөнх-Одтой тааралдсан, тэгээд Х.Золбоо Мөнх-Одыг “яагаад худлаа яриа тараагаад байгаа юм бэ” гэж зодсон. “Наадах чинь намайг гудамжны ах нараараа зодуулна гэсэн, чи ах юм бол хэлэхгүй юу даа” гэж хэлсэн. Өөр нээх зүйл яриагүй. Би энэ хэлсэн үгэндээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 78-79, 81-82, 142 дугаар тал/

 

Хохирогч У.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэррүү 03-54 УНВ улсын дугаартай “Приус-10” маркийн автомашинтай 15 цагийн үед гэрийнх нь гадаа очиж зогсоод ард багажнаасаа багажаа аваад байж байтал баруун гартаа хутга барьсан 22-25 насны, 175 орчим см өндөртэй, туранхай, шөвгөр бор царайтай, үсээ жижиглэж зассан залуу “яагаад муухай хараад байгаа юм бэ” гээд хутгаараа Пүрвээ рүү чичихэд Пүрвээ гудамж дагаад зугтсан. Дуудлага өгсөн залуу бас зугтаад би машин тойрч гүйж байгаад доош гудамжруу зугтсан. Тэгээд 102-т дуудлага өгчихөөд машин дээрээ очиход урд, хойд талын цонх, 4 цонх, зүүн талын хаалгыг нугасаар нь нугалсан, урд копутыг хонхойлгосон, дээвэр дээр хутгаараа зурсан байсан. Анх хутгатай дайрсан залуу машины хажууд гар хуруу нь цус болчихсон зогсож байсан. Удалгүй цагдаа ирэхэд нөгөө залуу зугтсан бөгөөд ардаас нь цагдаа нар хөөж барьсан, замдаа хутгаа хаячихсан юм шиг байна лээ, хутгыг нь олоогүй. Би цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн. Миний автомашины бүх шилнүүдийг чулуугаар хагалсан, 2 талын толь хугалсан, зүүн талын хаалгыг эвдэж сүйтгэсэн. Би автомашины хойд шилийг 140.000 төгрөг, урд талын шилийг 100.000 төгрөг, 4 шилийг 80.000 төгрөг, зүүн талын хаалга, карлан, копут нь 400.000 төгрөг болсон. 2 ширхэг толийг 100.000 төгрөгөөр авсан. Нийт 820.000 төгрөгөөр автомашинаа янзлуулсан. Учирсан хохирлоо нөхөн төлүүлээд авчих юм бол гомдол санал гэх зүйл алга байна. …Автомашинаа 700.000 төгрөгөөр янзлуулсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн  18-21 дүгээр тал/

 

Насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Одын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд би гэрээсээ гараад доошоо Чингэлтэйд байдаг Баянхайрхан дэлгүүр лүү орж печень, кофе авчихаад дэлгүүрээс гартал манай гэрийн ойр орчимд амьдардаг Тулгаа, Золбоо нартай тааралдсан. Тэгээд би тэр хоёртой тааралдаад айгаад ахындаа очих гэж байгаа дүр үзүүлээд хойшоо Тулгаа, Золбоо нар ирж байсан зүглүү зөрж гарахаар алхсан. Тэгтэл Тулгаа, Золбоо хоёр намайг дуудаад би очтол надаас “хаачих гэж байгаа юм” гэж асуусан. Тэгэхээр нь би тэр хоёрт “би ахындаа очих гээд явж байна” гэж хэлтэл Золбоо нь намайг “чи битгий худлаа яриад байгаарай, чи сая гэрлүүгээ явах гэж байсан биз дээ” гэтэл Тулгаа нь цаашаа алхаад явчихсан. Тэгтэл Золбоо нь миний хүзүүнээс гараараа базаж аваад “цуг дээшээ явнаа” гэхээр нь би “ахындаа очих гэж байна. Дээшээ явахгүй” гэхэд “би чамайг зодохгүй, зүгээр дээшээ очоод нэг юм асууя” гэсэн. Тэгэхээр нь би зүгээр юм асуух гэж байгаа юм байх, зодохгүй байх гэж бодоод хамт Баянхайрхан дэлгүүрээс дээшээ байдаг мухар гудамж луу Золбоог дагаад орсон. Тулгаа араас дагаад хүрээд ирсэн. Тэгтэл Тулгаа нь Золбоодоо хандаж “танай наад бацаан чинь чамаар намайг зодуулна гээд байх юм, нэг бол би чамайг цохих юм уу?” гэж Золбоод хэлтэл Золбоо нь шууд миний нүүрний зүүн хэсэглүү гараараа нэг удаа цохихоор нь би тонгойтол нэг удаа элэгдсэн. Тэгэхээр нь би эргэж хараад зугтаах гэхэд Золбоо нь намайг хавираад унагаасан. Унах үед миний баруун гарын шуу хугарчих шиг болоод маш их өвдсөн. Унасан байхад зүүн шанаа луу мөн гараараа хоёр удаа цохьсон. Тэгээд би нүүрээ дараад босолгүй хэвтэж байхад Золбоо нь “бос чи муу” гээд мөн гараараа нүүрлүү хоёр удаа цохьсон. Энэ үед Тулгаа нь “манай дүүгийн цэцэрлэг нь тарах болчихсон байна, гурвуулаа явья” гэхээр нь би тэр хоёрт хандаж “би явахгүй яаж ийм нүүртэй явах юм” гэсэн. Тухайн үед миний нүүр амнаас цус гарчихсан байсан. Тэгтэл Золбоо нь “хамт явчихаад ирье, өнөөдөр би чамайг алж өгнөө” гэхээр нь би айгаад дагаад явсан. Явж байх замдаа Золбоо нь өмсөж байсан якаа тайлаад надад өгсөн. Өгөхдөө “би чамайг наадахаа цус болговол ална шүү” гэж хэлсэн. Учир нь миний нүүр болон хамраас цус гараад гар цус болчихсон байсан. Би тэр якийг нь цус болгохгүй гээд шуун дээрээ тохоод явсан. Явж байхдаа Золбоо нь замдаа өөрийн зүүж байсан бор өнгийн тэлээгээ сугалж аваад баруун гартаа ороож байгаад төмөр аралтай хэсгийг нь илүү гаргаж байгаад миний толгой луу нэлээд олон удаа цохиод байсан. Ингээд 7 буудлын дээшээ яваад худагны хажууд байдаг цэцэрлэг лүү дүүгээ авахаар Тулгаа ороод Золбоо бид 2 үлдсэн. Тэгээд Золбоо нь тэлээнийхээ төмөр аралыг урагшаа харуулж байгаад миний нүүр лүү цохиод миний баруун чихийг сэтлээд гэмтээсэн. Тухайн цэцэрлэгийн гадаа бол Золбоо намайг нилээд их зодсон. …Ингээд Золбоо бид хоёр үлдсэн байх үед Яргайтын 40 дүгээр гудамжны тэр хавьд байдаг нарийн гудамжны буланд аваачаад миний зүүн шанаа болон нүүр лүү гараараа олон удаа цохиж зодсон. Тэгтэл миний чихнээс цус гоожоод Золбоогийн якийг нь цус болгочихсон чинь “чи миний якийг цус болгосон байна” гээд дахин намайг зодсон. Ингээд якаа өөрөө аваад дахин намайг зодсон ба намайг нэг удаа нүүрлүү гараараа цохихоор нь би тонгойтол мөн гараараа миний нүүрлүү өлгөөд цохьсон. Энэ үед миний баруун хацар эвгүй болоод шүд мэдээгүй болчихсон. Энэ үед манай найзууд болох Батбаяр, Цогтоо, Баяраа, Гарьд нар Тулгаатай хамт хүрээд ирсэн. Ингээд Золбоо бол намайг дахиж зодоогүй. Харин манай найзуудыг бүгдийг нь дээрэлхээд цээжлүү нь цохиод зодсон. ...тэр үед миний гар хугараад маш их өвдөж байхад жижиг үзэгний хэмжээтэй мод хоёр гараар бариулж дээш өргүүлээд өвдгөөр хагас нугалуулж доош суулгасан. Тэгээд “наад модоо буулгавал ална шүү” гээд байсан. Намайг 20-30 минут ингэж зогсоож дэглэсэн. …Тэгтэл Тулгаа, Золбоо хоёр хоёулаа бид нарт хандаж А4-ийн цаас гаргаж ирээд “өргөдлөө бич, харъя” гээд байсан. …Ингэж байтал манай дүү Магнай ирээд намайг “ээж чинь дуудаж байна” гэхээр нь би Золбоогоос явж болох уу? гэж асуухад Золбоо нь “за яв яв, би чамайг ээж, ах нартаа хэлвэл хутгалаад алчихна шүү” гэж хэлээд явуулсан. Гэрт ороод ээждээ болсон асуудлыг хэлээд хэсэг байж байгаад толгой эргээд ухаан балартаад тэгээд ээж түргэн дуудаж түргэн ирж үзээд шууд Гэмтлийн эмнэлэглүү яв гэсэн. Ингээд Гэмтлийн эмнэлэг дээр очиход баруун гарын шуу хугарсан, чих язарсан гээд чихэнд 3 оёдол тавиад гар шохойдож өгсөн. …Тэр үед Золбоо, Тулгаа нар архи уусан байх шиг байсан. Архи тэр хоёроос үнэртэж байсан. Тулгаа нь надад гар хүрч зодоогүй. Гэхдээ Золбоо намайг зодож байхад Тулгаа ерөөсөө салгаж болиулаагүй. Харин бүр янз бүрийн үгээр хатгаж “наад бацаан чинь томорчихсон байна, их пээдгэр болсон байна” гэх зэргээр хэлж хатгаж зодуулсан. Урьд нь Тулгаа намайг “усанд яваад өг” гэхээр нь би “чадахгүй” гэж хэлсэн юм. Түүнийг Тулгаа хэлээд хатгаж байгаад Золбоогоороо зодуулсан.

…хохирлын мөнгө баримтаар тогтоогдсон нь 284.000 төгрөг, эм тариа нь 70.000 төгрөг болсон баримт аваагүй, автобус унааны мөнгө 50.000 төгрөг болсон. Цаашид эмчилгээ хийлгэхэд хамарны хагалгаа хийлгэхэд ЭМЖЖ эмнэлэг 1.800.000 төгрөг болно. Зүүн нүдний ухархайн ясны хагалгаанд орно. Ямар үнээр хийгдэх талаар мэдэхгүй. Эмнэлгийн баримтыг нь авчирч өгнө.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 53-55, 127 дугаар тал/

 

Хохирогч Ч.Пүрвээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр найз Баасансүрэнгийн хамт “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Приус-11” маркийн автомашин янзлуулна” гэсэн дуудлага өгсөн. Тэгээд бид хоёр 14 цагийн үед санагдаж байна, уг дуудлагын дагуу очоод хашааны гадна зогсоод багажнаасаа багаж авах гээд байж байхад ард нэг хүн дуугарсан бөгөөд суган доогуураа харахад хутга барьсан залуу байхаар нь би холдоод зугтаасан. Тэгсэн тэр залуу Баасансүрэн рүү хутгатай дайрахаар нь бид хоёр доош гудамжруу зугтаасан юм. Цагдаад дуудлага өгчихөөд буцаад машин дээрээ очиход урд, хойд хаалганы дөрвөн шил, хоёр толь, копутыг хутга, чулуугаар эвдэж хонхойлгосон байсан. Уг залуу цагдаа хараад зугтсан бөгөөд цагдаа нар араас нь хөөж байгаад барьж авсан. Машин эвдсэн чулуу нь машины хойд суудлын шалавчин дээр байсан. ...Яасан муухай хардаг юм гэх шиг болсон. Тухайн үед сандраад юу болсон талаар санахгүй байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 132 дугаар тал/

 

Хохирогч А.Амарбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд дуудлагын засварчин “ирчихлээ” гэж утсаар ярихаар нь би зам дээрээс очоод засварчингаа тосоод гэрлүүгээ машинтай явж байхад гудамжинд хутга барьчихсан 175 см орчим өндөртэй, туранхай залуу алхаж байсан. Би засварчин ах болон түүний найзтай  машинд нь явж байсан бөгөөд гэрийн гадаа ирэхэд хутга барьсан залуу араас хөөгөөд хүрээд ирсэн. Жолоочийн хажууд сууж байсан ах бид хоёр машинаас буугаад багажнаас аккумлятор авах гэхэд хутгатай залуу гүйгээд ирсэн, тэгээд хутгаараа машин луу зоохоор нь би айгаад  хашаагаа даваад зугтаасан. Надтай цуг машинаас буусан ах мөн зугтаасан бөгөөд би хашааны булангаас харахад тэр хутга барьсан залуу чулуугаар машин эвдэж байсан. Муухай орилоод байсан. Би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нарыг би гудамжнаас тосч аваад цагдаагийн машинд суугаад нөгөө залууг зааж өгөөд явж байхад уг хутга барьсан залуу цагдаа хараад зугтаасан. Тэгэхээр нь би гудамжны өнцөг дээр очоод машинтайгаа зогсоход цагдаа ах намайг “ардаас нь хөө, бид нар нөгөө талаас нь угтаад байж байя” гэж хэлсэн. Би араас нь хөөхөд тэр залуу далан даваад айлын жорлон дотор орсон. ...Ямар шалтгааны улмаас дайрсан талаар мэдэхгүй байна. Ууртай ах байсан. Орилоод чулуугаар засварчин ахын машиныг эвдэж байсан. Тэгээд би айгаад ойртоо ч үгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 135 дугаар тал/

 

Гэрч Х.Оюунболдын мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүлд-117 чиглэлтэй Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 15 цаг 50 минутын үед 102-ын дуудлагаар “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Шинэ буудал дээр хутга барьсан хүн хөөгөөд байна” гэсэн дуудлага орж ирсэн болно. Дуудлагын дагуу очиж шалгахад Баасансүрэн гэж хүн ирээд “гудамжинд машинтай явж байхад хутга барьсан хүн дайраад байна” гэж хэлсэн. “Одоо тэр хүн миний машины хажууд байгаа” гэж хэлсэн. Тэр залууг машиндаа суулгаад өөрийнх нь машин дээр яваад очиход машины урд, хойд талын цонх хагарсан, жолоочийн буруу талын урд хаалгыг өшиглөөд эвдсэн, мөн машиныг чулуугаар цохиж хонхойлгосон, хоёр талын толийг хугалсан байсан. Бид нар тухайн сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлахад хашааны булан эргээд нэг залуу гүйж байсан. …Бид нар ойр хавийн айлын хашаанд хайгаад үзэхэд айлын жорлонд ороод нуугдчихсан байсан бөгөөд ...уг хэргийн газраас барьж явсан хутгыг хайгаад олоогүй гүйж байхдаа замдаа хаясан юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 22 дугаар  тал/

 

Насанд хүрээгүй гэрч О.Мөнхцолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Х.Золбоо ах дуудахаар нь яваад очсон. Намайг очиход Мөнх-Од гэх бандийн нүүр хавдсан уйлчихсан байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 57 дугаар тал/

 

Насанд хүрээгүй гэрч Н.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай найз Мөнх-Од зодуулсан зогсож байсан. Мөнх-Одын зүүн талын нүд хавдсан, чих нь сэтэрсэн, аль гарыг нь санахгүй байна, ямар ч байсан шуу хэсгээрээ хавдсан байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 56 дугаар тал/

 

Насанд хүрээгүй гэрч О.Саранцогтын мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг яваад очиход Золбоо ах “та нар юу яриад яваад байгаа юм, та нар намайг шоронд орсон гэж энэ хавиар ярьсан байна” гэж хэлсэн. Тэгээд цээж хэсэгрүү 2 удаа цохьсон. Гэхдээ тэр цохилт зөөлөн байсан учир өвдөөгүй. Мөнх-Одын зүүн талын нүд хавдсан, чих нь сэтэрсэн, аль гарыг нь санахгүй байна ямар ч байсан шуу хэсгээрээ хавдсан байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 136 дугаар тал/

 

Насанд хүрээгүй гэрч А.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид хоёрыг очиход Мөнх-Од цементэн дээр суучихсан гараа барьчихсан, нүүр нь хавдсан, чих нь сэтэрчихсэн байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 137 дугаар тал/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Баярын мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг очиход Мөнх-Одын нүүр ам цус болсон, баруун гар нь хугарсан, чих нь сэтэрсэн, нүүр нь хавдсан уйлчихсан байсан. Золбоо ах “намайг шоронд орсон гэж худал яриа тараасан байна” гэж хэлээд Мөнх-Одыг зодсон байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 138 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7707 дугаар:

1. Мөнх-Одын биед баруун хоншоор яс, шуу ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун чихний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 59 дүгээр тал/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 9-14 дүгээр тал/

 

Автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан,

/хх-ийн 27 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 89, 91 дүгээр тал/

 

Ял шалгуулах хуудас,

/хх-ийн 90, 92 дугаар тал/

 

Шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 93-94 дүгээр тал/

 

Хохирлыг баримт /хх-ийн 128-129 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Х.Золбоо нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 30 дугаар гудамжны 754 тоот хашааны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин шалтгаангүйгээр хутга, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч У.Баасансүрэнгийн эзэмшлийн 03-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашины урд, хойд болон 4 хаалганы салхины шилийг чулуугаар цохиж хагалан, 2 ширхэг толийг хугалж, автомашины орой хэсгийг хутгаар зурж, хаалгыг нугасаар нь дарж 946.000 төгрөгийн хохирол учруулан догшин авирлан танхайрсан, мөн шүүгдэгч Б.Баттулгатай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Мөнх-Одыг “шоронд ороод гарч ирсэн гэж цуу яриа тараалаа” гэх шалтгаанаар зодож, зовоон тарчлааж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Баттулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Х.Золбоотой бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Мөнх-Одыг “шоронд ороод гарч ирсэн гэж цуу яриа тараалаа” гэх шалтгаанаар зодож, зовоон тарчлааж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Мөнх-Одын өгсөн “…Тэгээд Золбоо ах баруун гараараа миний зүүн шанаа руу цохиж, солгой гараараа элэг рүү цохисон. Намайг зугтахад Золбоо ах хавирч унагаасан. Тэгэхэд миний гар эвгүй болсон. …Тэр үед миний толгой руу цохиод толгой хагарсан байсан тул цус гарч байсан. Дараа нь намайг худгийн  хундам дээр суулгаж байгаад элэг рүү цохиж, толгой руу тэлээгээр цохисон. Тэгэхэд миний нэг чихийг сэтэлсэн. …Золбоо ах баруун гараа атгаж байгаад миний хамар руу цохиход эрүү мэдээгүй болоод шүд хөдөлсөн байсан. Тэгээд намайг хагас суулгаж байгаад мод өргүүлсэн. …Одоо миний нүд бүрэлзээд толгой руу хатгуулж өвддөг болсон. Хүнд юм өргөхөөр баруун гарын шуугаар өвдөж хавддаг болсон.” гэх,

шүүгдэгч Б.Золбоогийн өгсөн “Би 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хоёр найзтайгаа уулзаад архи уусан. Тэгээд өөрийгөө хянах чадвараа алдсан байсан тул хүний машин эвдэлсэн гэдгээ санахгүй байна. …Мөнх-Од намайг шоронд суугаад гарч ирсэн гэсэн цуу яриа тараасан тул би уурандаа түүнийг алгадаж, атгасан гараараа цохиж, тэлээгээр ороолгосон.” гэх,

шүүгдэгч Б.Баттулгын өгсөн “Би 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Золбоотой писи тоглоомын газар тааралдсан. Бид хоёр гудамжинд 2,5 литр “Нийслэл” пиво уусан. Би цэцэрлэгээс дүүгээ аваад явж байтал Мөнх-Одтой тааралдсан. …Гэтэл Золбоо Мөнх-Одыг “чамаас юм асууя” гэж дуудаад “чи миний тухай янз бүрийн яриа тараасан байна” гэж хэлсэн. Намайг дүүгээ гэртээ хүргэж өгөөд ирэхэд Золбоо, Мөнх-Одыг зодоод хамраас нь цус гарч гараа урдаа барьсан байсан.” гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад хохирогч У.Баасансүрэнгийн өгсөн “…баруун гартаа хутга барьсан 22-25 насны, 175 орчим см өндөртэй, туранхай, шөвгөр бор царайтай, үсээ жижиглэж зассан залуу “яагаад муухай хараад байгаа юм бэ” гээд хутгаараа Пүрвээ рүү чичихэд Пүрвээ гудамж дагаад зугтсан. Дуудлага өгсөн залуу бас зугтаад би машин тойрч гүйж байгаад доош гудамжруу зугтсан. Тэгээд 102-т дуудлага өгчихөөд машин дээрээ очиход урд, хойд талын цонх, 4 цонх, зүүн талын хаалгыг нугасаар нь нугалсан, урд копутыг хонхойлгосон, дээвэр дээр хутгаараа зурсан байсан. Анх хутгатай дайрсан залуу машины хажууд гар хуруу нь цус болчихсон зогсож байсан. …миний автомашины бүх шилнүүдийг чулуугаар хагалсан, 2 талын толь хугалсан, зүүн талын хаалгыг эвдэж сүйтгэсэн. Би автомашины хойд шилийг 140.000 төгрөг, урд талын шилийг 100.000 төгрөг, 4 шилийг 80.000 төгрөг, зүүн талын хаалга, карлан, копут нь 400.000 төгрөг болсон. 2 ширхэг толийг 100.000 төгрөгөөр авсан.” гэх,

насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Одын өгсөн “…Тэгтэл Тулгаа нь Золбоодоо хандаж “танай наад бацаан чинь чамаар намайг зодуулна гээд байх юм, нэг бол би чамайг цохих юм уу?” гэж Золбоод хэлтэл Золбоо нь шууд миний нүүрний зүүн хэсэглүү гараараа нэг удаа цохихоор нь би тонгойтол нэг удаа элэгдсэн. Тэгэхээр нь би эргэж хараад зугтаах гэхэд Золбоо нь намайг хавираад унагаасан. Унах үед миний баруун гарын шуу хугарчих шиг болоод маш их өвдсөн. Унасан байхад зүүн шанаа луу мөн гараараа хоёр удаа цохьсон. Тэгээд би нүүрээ дараад босолгүй хэвтэж байхад Золбоо нь “бос чи муу” гээд мөн гараараа нүүрлүү хоёр удаа цохьсон. Энэ үед Тулгаа нь “манай дүүгийн цэцэрлэг нь тарах болчихсон байна, гурвуулаа явья” гэхээр нь би тэр хоёрт хандаж “би явахгүй яаж ийм нүүртэй явах юм” гэсэн. Тухайн үед миний нүүр амнаас цус гарчихсан байсан. Тэгтэл Золбоо нь “хамт явчихаад ирье, өнөөдөр би чамайг алж өгнөө” гэхээр нь би айгаад дагаад явсан. Явж байх замдаа Золбоо нь өмсөж байсан якаа тайлаад надад өгсөн. Өгөхдөө “би чамайг наадахаа цус болговол ална шүү” гэж хэлсэн. Учир нь миний нүүр болон хамраас цус гараад гар цус болчихсон байсан. Би тэр якийг нь цус болгохгүй гээд шуун дээрээ тохоод явсан. Явж байхдаа Золбоо нь замдаа өөрийн зүүж байсан бор өнгийн тэлээгээ сугалж аваад баруун гартаа ороож байгаад төмөр аралтай хэсгийг нь илүү гаргаж байгаад миний толгой луу нэлээд олон удаа цохиод байсан. Ингээд 7 буудлын дээшээ яваад худагны хажууд байдаг цэцэрлэг лүү дүүгээ авахаар Тулгаа ороод Золбоо бид 2 үлдсэн. Тэгээд Золбоо нь тэлээнийхээ төмөр аралыг урагшаа харуулж байгаад миний нүүр лүү цохиод миний баруун чихийг сэтлээд гэмтээсэн. …Ингээд Золбоо бид хоёр үлдсэн байх үед Яргайтын 40 дүгээр гудамжны тэр хавьд байдаг нарийн гудамжны буланд аваачаад миний зүүн шанаа болон нүүр лүү гараараа олон удаа цохиж зодсон. Тэгтэл миний чихнээс цус гоожоод Золбоогийн якийг нь цус болгочихсон чинь “чи миний якийг цус болгосон байна” гээд дахин намайг зодсон. Ингээд якаа өөрөө аваад дахин намайг зодсон ба намайг нэг удаа нүүрлүү гараараа цохихоор нь би тонгойтол мөн гараараа миний нүүрлүү өлгөөд цохьсон. Энэ үед миний баруун хацар эвгүй болоод шүд мэдээгүй болчихсон. ...тэр үед миний гар хугараад маш их өвдөж байхад жижиг үзэгний хэмжээтэй мод хоёр гараар бариулж дээш өргүүлээд өвдгөөр хагас нугалуулж доош суулгасан. Тэгээд “наад модоо буулгавал ална шүү” гээд байсан. Намайг 20-30 минут ингэж зогсоож дэглэсэн. Ингээд Гэмтлийн эмнэлэг дээр очиход баруун гарын шуу хугарсан, чих язарсан гээд чихэнд 3 оёдол тавиад гар шохойдож өгсөн. …Тэр үед Золбоо, Тулгаа нар архи уусан байх шиг байсан. Архи тэр хоёроос үнэртэж байсан. …Гэхдээ Золбоо намайг зодож байхад Тулгаа ерөөсөө салгаж болиулаагүй. Харин бүр янз бүрийн үгээр хатгаж “наад бацаан чинь томорчихсон байна, их пээдгэр болсон байна” гэх зэргээр хэлж хатгаж зодуулсан. Урьд нь Тулгаа намайг “усанд яваад өг” гэхээр нь би “чадахгүй” гэж хэлсэн юм. Түүнийг Тулгаа хэлээд хатгаж байгаад Золбоогоороо зодуулсан.” гэх,

хохирогч Ч.Пүрвээгийн өгсөн “…ард нэг хүн дуугарсан бөгөөд суган доогуураа харахад хутга барьсан залуу байхаар нь би холдоод зугтаасан. Тэгсэн тэр залуу Баасансүрэн рүү хутгатай дайрахаар нь бид хоёр доош гудамжруу зугтаасан юм. Цагдаад дуудлага өгчихөөд буцаад машин дээрээ очиход урд, хойд хаалганы дөрвөн шил, хоёр толь, копутыг хутга, чулуугаар эвдэж хонхойлгосон байсан. Машин эвдсэн чулуу нь машины хойд суудлын шалавчин дээр байсан.” гэх,

хохирогч А.Амарбаярын өгсөн “...Тэгээд дуудлагын засварчин “ирчихлээ” гэж утсаар ярихаар нь би зам дээрээс очоод засварчингаа тосоод гэрлүүгээ машинтай явж байхад гудамжинд хутга барьчихсан 175 см орчим өндөртэй, туранхай залуу алхаж байсан. Би засварчин ах болон түүний найзтай  машинд нь явж байсан бөгөөд гэрийн гадаа ирэхэд хутга барьсан залуу араас хөөгөөд хүрээд ирсэн. Жолоочийн хажууд сууж байсан ах бид хоёр машинаас буугаад багажнаас аккумлятор авах гэхэд хутгатай залуу гүйгээд ирсэн, тэгээд хутгаараа машин луу зоохоор нь би айгаад  хашаагаа даваад зугтаасан. Надтай цуг машинаас буусан ах мөн зугтаасан бөгөөд би хашааны булангаас харахад тэр хутга барьсан залуу чулуугаар машин эвдэж байсан. Муухай орилоод байсан.” гэх,

гэрч Х.Оюунболдын өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүлд-117 чиглэлтэй Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 15 цаг 50 минутын үед 102-ын дуудлагаар “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Шинэ буудал дээр хутга барьсан хүн хөөгөөд байна” гэсэн дуудлага орж ирсэн болно. Дуудлагын дагуу очиж шалгахад Баасансүрэн гэж хүн ирээд “гудамжинд машинтай явж байхад хутга барьсан хүн дайраад байна” гэж хэлсэн. “Одоо тэр хүн миний машины хажууд байгаа” гэж хэлсэн. Тэр залууг машиндаа суулгаад өөрийнх нь машин дээр яваад очиход машины урд, хойд талын цонх хагарсан, жолоочийн буруу талын урд хаалгыг өшиглөөд эвдсэн, мөн машиныг чулуугаар цохиж хонхойлгосон, хоёр талын толийг хугалсан байсан. ...уг хэргийн газраас барьж явсан хутгыг хайгаад олоогүй гүйж байхдаа замдаа хаясан юм шиг байна лээ.” гэх,

насанд хүрээгүй гэрч Н.Батбаярын өгсөн “...манай найз Мөнх-Од зодуулсан зогсож байсан. Мөнх-Одын зүүн талын нүд хавдсан, чих нь сэтэрсэн, аль гарыг нь санахгүй байна, ямар ч байсан шуу хэсгээрээ хавдсан байсан.” гэх,

насанд хүрээгүй гэрч А.Ган-Эрдэнийн өгсөн “...Бид хоёрыг очиход Мөнх-Од цементэн дээр суучихсан гараа барьчихсан, нүүр нь хавдсан, чих нь сэтэрчихсэн байсан.” гэх,

насанд хүрээгүй гэрч Б.Баярын өгсөн “...намайг очиход Мөнх-Одын нүүр ам цус болсон, баруун гар нь хугарсан, чих нь сэтэрсэн, нүүр нь хавдсан уйлчихсан байсан. Золбоо ах “намайг шоронд орсон гэж худал яриа тараасан байна” гэж хэлээд Мөнх-Одыг зодсон байсан.” гэх мэдүүлгүүд болон,

хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7707 дугаар “1. Мөнх-Одын биед баруун хоншоор яс, шуу ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун чихний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь шүүгдэгч Х.Золбоо, Б.Баттулга нарыг яллах үндэслэл болж байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Хүрэлбаатарын Золбоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Богд Очирваань овогт Баярмаагийн Баттулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Богд Очирваань овогт Баярмаагийн Баттулгыг бүлэглэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Хүрэлбаатарын Золбоог бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн, мөн бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

           Шүүгдэгч Б.Баттулга, Х.Золбоо нарт ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Б.Баттулгыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Б.Баттулгад Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх боловч байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар хохирогч У.Баасансүрэн, М.Мөнх-Од нар нь өөрт учирсан гэм хорын хохирлоо шүүгдэгч нараас шаардах эрхтэй байна.

 

Хохирогч У.Баасансүрэнгийн эзэмшлийн 03-54 УНВ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашинд 946.000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-18-21/, хавтаст хэрэгт авагдсан автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-27/-гаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Золбоогоос 946.000 төгрөгийг гаргуулан хохирогч У.Баасансүрэнд олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч М.Мөнх-Од мөрдөн байцаалтад “…хохирлын мөнгө баримтаар тогтоогдсон нь 284.000 төгрөг, эм тариа нь 70.000 төгрөг болсон баримт аваагүй, автобус унааны мөнгө 50.000 төгрөг болсон. Цаашид эмчилгээ хийлгэхэд хамарны хагалгаа хийлгэхэд ЭМЖЖ эмнэлэг 1.800.000 төгрөг болно. Зүүн нүдний ухархайн ясны хагалгаанд орно. Ямар үнээр хийгдэх талаар мэдэхгүй. Эмнэлгийн баримтыг нь авчирч өгнө” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “…шүүгдэгч нараас цаашид хагалгаанд орох зардлаа нэхэмжилж байна.” гэж тус тус мэдүүлэг өгөн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч эм тариа авсан талаарх нотлох баримтаа шүүхэд гарган өгөөгүй. Мөн шүүх хохирогчийн ирээдүйд хийлгэх мэс заслын төлбөрийг шүүгдэгч нараар урьдчилан төлүүлэх боломжгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар /хх-128-129/ тогтоогдсон хохирогч М.Мөнх-Одын гэм хорын хохирол болох 284.000 төгрөгийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 142.000 төгрөг, нийт 284.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Мөнх-Одод олгож, хохирогч М.Мөнх-Од нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдүүдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Баттулга, Х.Золбоо нарын урьд цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14х6, 9х14, 25х14, 10х20, 12х7 см хэмжээтэй 5 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.1, 298.1.2, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Богд Очирваань овогт Баярмаагийн Баттулгыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг бүлэглэн үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд,

Боржигон овогт Хүрэлбаатарын Золбоог бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн, мөн бүлэглэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар Б.Баттулгад  3 жил 1 сар хорих ял, Х.Золбоод 3 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Х.Золбоод 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Х.Золбоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялын зарим болох 1 жил 5 сар хорих ялыг нэмж нэгтгэн Х.Золбоогийн биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Баттулгад оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Х.Золбоод  оногдуулсан 6 жил 6 сар хорих ялыг чанга  дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Баттулга, Х.Золбоо нарын урьд цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Золбоогоос 946.000 төгрөгийг гаргуулан хохирогч У.Баасансүрэнд  олгож, Х.Золбоо, Б.Баттулга нараас тус бүр 142.000 төгрөг, нийт 284.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Мөнх-Одод олгож, хохирогч М.Мөнх-Од нь  цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдүүдээс нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14х6, 9х14, 25х14, 10х20, 12х7 см хэмжээтэй 5 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Золбоо, Б.Баттулга нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Золбоо, Б.Баттулга нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ОДОНТУУЛ

                

                 ШҮҮГЧИД                                                     Д.БАТСУУРЬ

                                                                                               

                                                                                         Д.МӨНХТУЯА