Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2025/0284

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Т******* нарын 9 иргэний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж*******

Нэхэмжлэгч: Х.Т*******

Нэхэмжлэгч: Ж.Б*******

Нэхэмжлэгч: Н.Ө*******

Нэхэмжлэгч: Д.Х*******

Нэхэмжлэгч: Ж.Р***

Нэхэмжлэгч: Т.Ж*******

Нэхэмжлэгч: Б.Б*******

Нэхэмжлэгч: Ш.Н*******

Нэхэмжлэгч: З.Н*******

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын сонгуулийн хороо

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн анхдугаар хуралдааныг даргалагч

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Б.Ж*******

Нэхэмжлэлийн шаардлага: Толбо сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай” 34 дүгээр тогтоолыг хууль бус байсныг тогтоох, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 33 дугаар тогтоолын А.Бд холбогдох хэсэг, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Анхдугаар хуралдааны Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01, “Хуралдааны дэг батлах тухай” 02, “Хурлын даргыг сонгож батлах тухай” 03, “Н*** овогтой Ө****ыг үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” 04, “Зөвлөлийн бүрэлдэхүүний тоог тогтоож, нэрсийг батлах тухай” 05, “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолууд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Толбо сумын Засаг дарга Н.Еыг ажлаас чөлөөлж, Б.Ж*******ийг даргаар томилох тухай” Б/39 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг дахин товлон зарлахыг Толбо сумын сонгуулийн хороонд даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 110/ШШ2025/0015 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж*******

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Н

Хариуцагч Толбо сумын Сонгуулийн хорооны дарга С.Х***

Хариуцагч Толбо сумын Сонгуулийн хорооны даргын өмгөөлөгч Х.З***

Хариуцагч Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч С.А****

Хариуцагч Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Б.Ж****

Гуравдагч этгээд Б.Ж***ийн өмгөөлөгч Я.С****

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг

Хэргийн индекс: 110/2024/0067/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Т******* нарын 9 иргэнээс Баян-Өлгий аймгийн Толбо сумын сонгуулийн хороо, Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн анхдугаар хуралдааныг даргалагч, Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баян-Өлгий аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан “Толбо сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай” 34 дүгээр тогтоолыг хууль бус байсныг тогтоох, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 33 дугаар тогтоолын А.Бд холбогдох хэсэг, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Анхдугаар хуралдааны Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01, “Хуралдааны дэг батлах тухай” 02, “Хурлын даргыг сонгож батлах тухай” 03, “Нугжазар овогтой Ө*******ыг үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” 04, “Зөвлөлийн бүрэлдэхүүний тоог тогтоож, нэрсийг батлах тухай” 05, “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолууд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Толбо сумын Засаг дарга Н.Еыг ажлаас чөлөөлж, Б.Ж*******ийг даргаар томилох тухай” Б/39 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг дахин товлон зарлахыг Толбо сумын сонгуулийн хороонд даалгах”-аар маргасан.

2.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 110/ШШ2025/0015 дугаар шийдвэрийн:

“1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн анхдугаар хуралдааны “Хуралдааны дэг батлах тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5, 73 дугаар зүйлийн 73.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, 46.7, 48 дугаар зүйлийн 48.1, 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Толбо сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай” 34 дугаар тогтоолыг хууль бус байсныг тогтоох, Толбо сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 33 дугаар тогтоолын А.Бд холбогдох хэсэг, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “анхдугаар хуралдааны Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01, “Хурлын даргыг сонгож батлах тухай” 03, “Нугжазар овогтой Ө*******ыг үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” 04, “Зөвлөлийн бүрэлдэхүүний тоог тогтоож, нэрсийг батлах тухай” 05, “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолууд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Толбо сумын Засаг дарга Н.Еыг ажлаас чөлөөлж, Б.Ж*******ийг даргаар томилох тухай” Б/39 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг дахин товлон зарлахыг Толбо сумын сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаан хуулийн дагуу хуралдаагүй. Нэхэмжлэл гаргаж байгаа төлөөлөгчдөд хурлын товыг мэдэгдээгүй. Нууцаар анхдугаар хуралдаан хийсэн.

3.2.Ял шийтгүүлсэн А.Быг Хурлын даргаар сонгож, түүнийг Хурлын төлөөлөгч гэж үзсэн. Сумын сонгуулийн хороо А.Быг шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлснийг мэдсээр байж сонгуульд оролцуулсан, түүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тогтоол гаргасан. Түүнийг анхдугаар хуралдаанаар Хурлын дарга болгосон асуудал нь илтэд хууль бус байгаа. 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр А.Бы авсан ял шийтгэл нь мэдээллийн санд орсон, А.Бы зүгээс 8 дугаар сарын 25-ны өдөр авсан “ял шийтгэлгүй” гэж гарсан лавлагааг сонгуулийн хороонд гаргаж өгч, сонгуульд нэр дэвшсэн. Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн бичиг баримтыг 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш бүрдүүлж авч, нэр дэвшигчийг бүртгэх ёстой. А.Бы 8 дугаар сарын 25-ны өдөр авсан лавлагааг үндэслэж 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш нэр дэвшигчээр бүртгэснийг хуульд нийцээгүй гэж үзнэ.

А.Б нь анхнаасаа сонгуульд нэр дэвших эрхгүй байсан. С.Хамкеш нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, сумын төрийн захиргааны хамгийн өндөр албан тушаалтан. Энэ дээд албан тушаалтай хүн хуулиа зөрчиж, бусдад давуу байдал бий болгож байгаа асуудалд гомдолтой байна.

Ял шийтгүүлсэн, шүүхийн шийтгэл хүчин төгөлдөр болсон этгээдүүдийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан төлөөлөгчөөр хэвээр үлдээх үү, хуралдаанаар огцруулах уу, хуралдаанаас өмнө огцрох эсэх асуудалтай холбоотой Үндсэн хуулийн цэцийн 2023 оны Их суудлын хуралдааны тогтоол гарсан. Энэ тогтоол дээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр ял шийтгүүлж байсан этгээдийг хуралдаанаар огцруулах, чөлөөлөх асуудлыг хассан, ял шийтгэгдсэн этгээдийг цаашид төлөөлөгч гэж үзэж болохгүй гэж заасан. Гэтэл өнөөдөр хүртэл А.Б нь Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаад явж байна. Энэ хууль бус асуудлаас болж олон ард иргэдийн эрх ашиг нь зөрчигдөж байна.

Иймд А.Бы хувьд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3 дахь хэсгээр ял шийтгүүлсэн нь тогтоогдож, шүүхийн эцсийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон. Анхдугаар хуралдааныг товлон зарласан шийдвэр, түүнээс гарсан бүх тогтоол, шийдвэрт гомдолтой байна.

3.3.Сонгуулийн хорооны дарга С.Хамкеш нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хуралдаад, анхдугаар хуралдааныг зарласан, үдээс хойш 15:00 цагийн үед бичгээр шийдвэр нь гарсан, үүнд анхдугаар хуралдааныг 10 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 10:00 цагт товлосон, төлөөлөгч нарт мэдэгдсэн, өөрсдөө ирээгүй гэж тайлбарлаж байна. Сонгуулийн хорооны энэ үйл ажиллагаа нь хуульд нийцэхгүй байна. Анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргаж, хуралдааны төлөөлөгч нарт хоёроос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, хуралдаанд оролцох боломжоор нь хангах ёстой. Сонгуулийн хорооны дарга утсаар ярьсан гэж байна. Утсаар ярьсан гэдгийг нэхэмжлэгч нараас нэг ч төлөөлөгч хүлээн зөвшөөрөөгүй, тэр утасны дугаар нь хэнийх гэдэг нь тодорхойгүй. Мөн фейсбүүк групп чатад тавьсан гэж байна. Нэхэмжлэгч нар тухайн төлөөлөгчдийн фейсбүүк дотоод групп чатад ороогүй гэж байна.

Фейсбүүк чатыг хэвлэсэн хуудас гаргаж өгсөн байна. Түүнд үзлэг хийж баталгаажуулаагүй, тэр Т.Ж*******ын фейсбүүк хаяг мөн гэдгийг нотолсон зүйл байхгүй, хаанаас яаж хуулбарлаж авсан нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй зүйлийг шүүх нотлох баримт гэж үзсэнд гомдолтой байна.

3.4.Тус сумын сонгуулийн хороо нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгуулийн үр дүнгээр 21 нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрээ өргөн мэдүүлээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй, өргөн мэдүүлэх ажиллагаа хийсний дараа анхдугаар хуралдааныг товлон зарлах ёстой. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн. Үүнээс болж төлөөлөгчдийн эрх ашиг нь зөрчигдөж байна. Хугацааны хувьд 24 цагийн хугацаа ч хүрэхгүй хугацаанд зарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

3.5.Б.Ж******* нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэдэг нь тогтоогдсон. Санхүүгийн албаны даргаар нийтдээ 30 сар, Нийгмийн даатгалын хэлтэст 5 сар ажилласан, нийтдээ 35 сар ажилласан гэдэг нь тогтоогдож байна. Хоногоор нь тооцож үзвэл 35 сар ч хүрэхгүй, 34 сар ажилласан байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан төрийн албанд 3 жил буюу 36 сараас доошгүй жил ажилласан байх шаардлагыг Б.Ж*******ийн хувьд хангахгүй байгаа учраас Б.Ж*******ийг Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн нь хуульд нийцээгүй, улмаар түүнийг Засаг даргаар томилсон шийдвэр нь хуульд нийцээгүй.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон үндэслэл болон түүнийг зөвшөөрөхгүй байгаа талаар:

3.6. “…Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн анхдугаар хуралдаанаар баталсан хуралдааны дэг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасанд хамаарахгүй болно.

Тодруулбал хуралдааны дэг нь дангаараа гадагшаа чиглэсэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан буюу тодорхой этгээдэд, тухайлбал нэхэмжлэгч нарт чиглэсэн эрх зүйн үр дагаврыг шууд үүсгэхгүй, уг шийдвэр нь тухайн хуралдааныг явуулах, хуралдаанаас шийдвэр гаргах ажиллагааны процессыг зохицуулсан буюу захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамааралтай тул захиргааны актын үндсэн шинжийг хангахгүй байна…” гэснийг зөвшөөрөхгүй байна. Хууль бус хуралдаанаар ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй байхад тухайн хуралдаанаар гарсан дэгийг хүчингүй болгох ёстой.

3.7. “…А.Быг Монгол Ардын намаас орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн, Толбо сумын сонгуулийн хорооноос нэр дэвшигчээр бүртгэх үед Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байх тул Толбо сумын сонгуулийн хороо А.Быг сонгуульд оролцуулахаар нэр дэвшигчээр анх бүртгэсэн нь хууль бус, А.Б нь сонгуульд нэр дэвших эрхгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна…” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Бүртгэл хийгдэх үед А.Б ял шийтгүүлж, ял шийтгэлийн мэдээллийн санд эрүүгийн хариуцлага хүлээсэн гэсэн статустай байсан. Хэрэв хуулийн дагуу бүртгэл хийсэн бол түүнийг бүртгэх ёсгүй байсан.

3.8. “…Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс А.Бд холбогдох хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хянан шийдвэрлэсний нэг хоногийн дараа 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орон нутгийн Хурлын сонгууль явагдсан, сонгуулийн дүнгээр А.Б нь хамгийн олон санал авснаар түүнийг маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Толбо сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, сумын сонгуулийн хорооноос 33 дугаар тогтоолыг гаргах үед Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024/ДШМ/46 дугаар магадлал бичгээр үйлдэгдэж гараагүй тул 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсныг Толбо сумын сонгуулийн хороо уг 33 дугаар тогтоолыг гаргах үед мэдэх боломжгүй…” гэх байдлаар хуулийг буруу тайлбарлаж илтэд хууль бус шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

Шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж, ял шийтгэлийн мэдээллийн санд ялтай гэж орсон хүнийг сонгуульд өрсөлдүүлж, улмаар Хурлын төлөөлөгч, Хурлын даргаар сонгосон асуудал нь хуулийг ноцтой зөрчсөн асуудал юм.

Мөн анхан шатны шүүхийн шүүгч хуралдааны хэлэлцүүлгийн шат дуусч байхад хариуцагчийн төлөөлөгчөөс Толбо сумын сонгуулийн хорооноос 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сонгуулийн үр дүнгээр хамгийн олон санал авсан 21 нэр дэвшигчийг Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож шийдвэрлэсэн 33 дугаар тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/18 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн гэх баримтыг гаргаж өгснийг авсан. Үүнийг нэхэмжлэгч талд буюу өмгөөлөгчид танилцуулаагүй. Шүүгч илтэд нэг талыг баримталсан. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн зүйл огт байхгүй бөгөөд энэ албан тоот хуурамч байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тодруулаагүй.

3.9.Нэхэмжлэгч нараас “...хариуцагч анхдугаар хуралдааны товыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, иймээс анхдугаар хуралдаанд оролцох, Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх болон бусад асуудалд саналын эрхтэй оролцох эрх зөрчигдсөн” гэж маргасан бол хариуцагч Толбо сумын сонгуулийн хорооны даргаас анхдугаар хуралдааны товыг төлөөлөгч нарт мэдэгдсэн гэж буруу дүгнэсэн.

Хурлын ажлын албаны мэргэжилтэн Х.Наурызбай нь худал мэдүүлсэн. Түүний гаргаж өгсөн гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, санаатай 21 төлөөлөгчийн нэр, утасны дугаар тэмдэглэж шүүхэд гаргаж өгсөн, уг баримтын “гарын үсэг” гэсэн хэсэгт шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчид гарын үсэг зураагүй. Хэрэв мэдсэн бол гарын үсэг зурах байсан. Нэхэмжлэгч нарын утасны дугаарыг бичсэн нь тэдэнд тов мэдэгдсэн гэж үзэх баримт биш.

Уг баримтын талаар гэрч болгож хуурамч баримт үйлдсэн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн Х.Наурызбайгаас мэдүүлэг авсан нь хэрэгт ач холбогдолгүй. Х.Наурызбай гэгч нь хариуцагч Хамкешийн туслах бөгөөд энэ бүгдийг Хамкеш хийлгэж байгаа.

Толбо сумын Хурлын мэргэжилтнээс ирүүлсэн фейсбүүкийн “Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид” нэртэй чат гэх группт нэхэмжлэгч нар ороогүй, үзэж хараагүй. Тухайн чат гэх баримт нь хаанаас яаж гарч ирсэн нь тодорхойгүй. Шүүх бичгийн нотлох баримт гэх ойлголтыг буруу тайбарласанд гомдолтой байна.

Толбо сумын сонгуулийн хорооноос 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дээрх албан бичгийн хариуг 1/19 дугаартай албан бичгээр өгч, 1/20 дугаартай албан бичгээр анхдугаар хуралдаанд 13:00 цагт хүрэлцэн ирж оролцохыг тус тус мэдэгдэж, уг албан бичгийг мөн өдөр нэхэмжлэгч Т.Ж*******ын гэрт нь хүргэж, танилцуулахад хүлээж аваагүй, амаар анхдугаар хуралдааныг хойшлуулах тухай шаардлага тавьсан гэх байдлаар худал зүйл бичсэнд гомдолтой байна. Тов мэдэгдээгүй, миний гэрт хэн нэгэн ирээгүй. Хурал болж байгаа үед залгаж ирж оролц гэхээр нь хуралдааны талаар урьдчилж мэдэгдээгүй тул очих боломжгүй гэж татгалзсан маань үнэн, түүнээс биш хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцохоос татгалзсан асуудал байхгүй.

Анхан шатны шүүхийн шүүгч анхдугаар хуралдааны товыг хурал болох өдөрт нь мэдэгдэж болно, ямар ч байсан мэдэгдсэн байна. Тиймээс хурлын товыг мэдэгдэх үүргээ биелүүлсэн тул энэ талаар маргаж байгаа нь үндэслэлгүй гэж шийдвэр гаргасан. Хуралдааны товыг хуульд заасан хугацааны өмнө мэдэгдэх ёстой. Оролцох боломжоор хангах ёстой. Хурал болох өдрийн 13:00 цагт хуралдаан болох гэж байгаа талаар мэдэгдснийг шүүхээс хуралдааны товыг Т.Ж******* надад мэдэгдсэн гэж илтэд нэг талыг баримтлан буруу дүгнэсэн байна.

Нэхэмжлэгчид бид сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болохын хувьд сумын Хурлын анхдугаар хуралдааны товыг мэдэх, анхдугаар хуралдаанд төлөөлөгчийн хувиар оролцох. Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар анхдугаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэгдсэн асуудалд таслах эрхтэй оролцох, хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах эрхтэй боловч бидний энэхүү эрхийг ноцтой зөрчсөн. Шүүх хуралдааныг нэг өдрийн өмнө мэдэгдсэн мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг буруу шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

3.10.Анхан шатны шүүх Б.Ж******* нь Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.3.2-т заасан төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх сумын Засаг даргад нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй гэх маргааны хувьд:

“…Дээрх маргаантай холбогдуулж гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Б.Ж******* нь Толбо сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/54 дугаар захирамжаар тус сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдож, мөн өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 2 жил 5 сар 6 хоног, ажиллаж сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн,

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар тус сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилогдож, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 5 сар ажиллаж, томилох эрх бүхий этгээдийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/51 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн буюу төрийн албанд нийт 2 жил, 10 сар, 6 хоног ажилласан нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч талын гуравдагч этгээд Б.Ж*******ийг Толбо сумын Засаr даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, улмаар Засаг даргаар томилсон үед хуульд заасан төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэх маргаан нь үндэслэлтэй байв.

Гэвч гуравдагч этгээдийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Толбо сумын Засаг даргаар ажилласан хугацааг тооцоход шүүхээс маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан болсон өдрийн байдлаар түүний төрийн албанд ажилласан хугацаа нь гурван жилээс дээш байна. Иймд одоогийн байдлаар Толбо сумын Засаг даргаар ажиллаж байгаа Б.Ж******* нь Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.3.2-т заасан “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангасан байх тул түүнийг Засаг даргаар томилсон шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй…” гэж хууль бус дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасангүй.

1.Баян-Өлгий аймгийн Толбо сумын Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолоор нийт 21 төлөөлөгч, түүний дотор МАН-аас нэр дэвшиж сонгогдсон А.Быг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон, 15-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор Анхдугаар хуралдааныг товлон зарласан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мөн оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор 21 төлөөлөгчийн, түүний дотор А.Бы бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн, мөн өдрийн хуралдааны 2 дугаар тогтоолоор Анхдугаар хуралдааны дэгийг баталсан, 3 дугаар тогтоолоор А.Быг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон, 4 дүгээр тогтоолоор Хурлын даргаар ажиллаж байсан Н.Ө*******ыг чөлөөлсөн, 5 дугаар тогтоолоор Хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг зөвлөлийн дарга А.Б болон 4 гишүүнтэйгээр байгуулсан, 6 дугаар тогтоолоор сумын Засаг даргад Б.Ж*******ийг томилуулахаар нэр дэвшүүлсэн, мөн аймгийн Засаг даргын 25-ны өдрийн Б/39 дүгээр захирамжаар түүнийг Засаг даргаар томилжээ.

Гэвч тус аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор А.Быг 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэнд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж, энэ өдрөөс шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, үүнээс 1 хоногийн дараа явагдсан орон нутгийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн А.Быг маргаан бүхий дээрх тогтоолуудаар сумын Хурлын төлөөлөгч, Хурлын даргаар сонгосныг цаг хугацаа, үйл баримтын хамаарлын хувьд энэхүү үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй талаар шийдвэрт хангалттай дүгнэсэн байна.

Хэдийгээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж заасан ч энэ тохиолдолд нэгэнт нэр дэвшсэн төдийгүй сонгуулийн дүнгээр Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон, өөрөөр хэлбэл нэр дэвшигч бус Хурлын төлөөлөгч болсон А.Бы тухайд нэр бүхий нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагад заасан үндэслэлээр маргаан бүхий дээрх тогтоолууд хүчингүй болгохгүй.

Мөн А.Басарханыг “ял эдэлж байгаа” гэж дүгнэх боломжгүй, учир нь дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т "ял эдэлж байгаа" гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг” ойлгоно гэж заасан, гэтэл А.Б давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргалгүйгээр 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шийтгэх тогтоолд заасан 700.000 төгрөгийг бүрэн төлжээ.

2.Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” тохиолдолд төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор заасан, иймд Хурлын дарга, төлөөлөгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тул энэ үндэслэлээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн А.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, улмаар Анхдугаар хуралдааныг дахин товлон зарлахыг Толбо сумын Сонгуулийн хороонд даалгах буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь зохицуулалтаар бус харин дээрх хуулийн дагуу Хурлын төлөөлөгч А.Бы бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох нөхцөл бүрдсэн гэж үзэх бөгөөд шийдвэрийн Үндэслэх хэсгийн 32-35 дугаарт энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна” гэж заасан тул хугацааны хувьд анхдугаар хуралдааныг дахин зарлахыг даалгах боломжгүй.

3.Анхдугаар хуралдааны товыг төлөөлөгч нарт мэдэгдсэн байдал, түүнийг нотлох баримтууд, мөн нэхэмжлэгч нэр бүхий төлөөлөгч нар тус хуралдаанд оролцоогүй зэрэг нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй. Хурлын ажлын албаны мэргэжилтэн Х.Наурызбайгаас хурлын товыг мэдэгдсэн талаарх утасны жагсаалтад нэхэмжлэгчдийн гар утасны дугаар тэмдэглэгдсэн, аймгийн Ардчилсан намын дарга А.Бегарис, сумын Хурлын төлөөлөгчөөр тус намаас нэр дэвшиж сонгогдсон К.Хана нарын мэдүүлгээр Толбо сумын Ардчилсан намын дарга Т.Ж*******, нэхэмжлэгч Н.Ө******* нар Анхдугаар хуралдааны товыг мэдсэн нөхцөл байдал тогтоогдсон төдийгүй бодит байдалд анхдугаар хуралдааны товыг зөвхөн МАН-аас сонгогдсон 11 төлөөлөгч мэдээд, Ардчилсан намаас сонгогдсон 10 төлөөлөгчид мэдэгдэхгүйгээр хуралдах боломжгүй, энэ талаар давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.Харин сумын Засаг даргаар нэр дэвшиж томилогдсон Б.Жанербекийн тухайд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан сумын Засаг даргад нэр дэвшигч “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй байх боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үр дагаварт хүргэхгүй.

Учир нь нэр бүхий нэхэмжлэгчид буюу Хурлын төлөөлөгчид товлосон Анхдугаар хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүйгээс Засаг даргад нэр дэвшиж өрсөлдөх болон хурлаар хэлэлцсэн асуудалд санал, дүгнэлт гаргах, таслах эрхээ хэрэгжүүлж чадаагүй, хуулиар олгогдсон төлөөлөгчийн эрхээ өөрсдөөс хамаарах шалтгаанаар эдлээгүй байна.

Хуульд заасан шаардлагын хувьд Б.Жанербек нь Толбо сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Б/54 дүгээр захирамжаар тус сумын санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдсоноос, мөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар тус сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилогдсоноос хойш тус тус чөлөөлөгдөх хүртлээ нийт 2 жил, 10 сар, 6 хоног ажиллажээ.

Түүнээс хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг дүгнэхдээ шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилласан хугацаагаар тооцохгүй.

5.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг нь дотогш чиглэсэн Хуралдаан явуулах, асуудал хэлэлцүүлэх, санал, шийдвэр гаргах зэрэг хурлын дотоод зохион байгуулалттай холбоотой буюу захиргааны актын шинжийг агуулахгүй, харин “сонгуульд нэр дэвших хуулийн шаардлага хангаагүй А.Бы даргалсан Анхдугаар хуралдаанаас баталдсан дэгийг хүчингүй болгох ёстой гэсэн агуулгаар маргаж байгаа энэ тохиолдолд баталсан субъектын эрх зүйн байдлаас хамаарч Хуралдааны дэг захиргааны актын шинжийг агуулдаг байж үл болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 110/ШШ2025/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                           ШҮҮГЧ                                                  А.САРАНГЭРЭЛ

 

                ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

 

                           ШҮҮГЧ                                                   Э.ЛХАГВАСҮРЭН