Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0627

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: С ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С ХХК нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байрлах 5229,59 га талбай бүхий XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 127 дугаар шийдвэрээр эзэмшсэн билээ. Манай компани нь 1 гишүүнтэй бөгөөд захирал О.Т******* миний бие дээрх тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрийг хуулийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлж чадаагүй бөгөөд энэ тухай баримтаа танай газарт гаргаж өгөхөөр хүсэлт өгөх гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 109 дүгээр шийдвэрээр манай компанийн тусгай зөвшөөрлийг хуульд зааснаар мэдэгдэх сонсгох ажиллагааг хийлгүйгээр цуцалсан байдаг.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга дээрх шийдвэрийг гаргаж эрхийг минь хязгаарлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн, уг шийдвэрийг гаргахдаа эрх нь хөндөгдөж буй газар эзэмшигчид сонсох ажиллагааг явуулаагүй нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах гэсэн тусгай зарчмуудыг болон хуулийн 26, 27 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тул холбогдох нотлох баримт ирүүлэх тухай мэдэгдлээ ирүүлээгүй.

Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2."Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойг ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зүйл заалтыг тайлбарлах тухай 09 дүгээр тогтоолын 6 дахь хэсэгт "..56 дугаар зүйлийн 56.2.."-д заасан "мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно" гэж тайлбарласан энэхүү журмын дагуу хийгдээгүй ажиллагаа болсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан мэдэгдэл нь нэг талаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас шууд цуцлах бус харин тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах эзэмшигчийн эрхийг хангах зорилгоор эхлээд цуцлах үндэслэл бүрдсэн болохыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдсэнээр тухайн этгээдээс төлбөр төлсөн бол баримтаа гаргаж өгөх, эсхүл төлбөр төлөөгүй хүндэтгэх шалтгаан байсан эсэхийг тодруулах, нөгөө талаас ийнхүү ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг судлан үзсэний дагуу тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийдвэрлэх хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг захиргааны байгууллагад олгох бөгөөд нөгөө талаас тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагад өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллах, гаргасан зардлаа үр ашигтайгаар нөхөх, хохиролгүйгээр ажиллах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх боломжийг олгосон агуулгатай гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийг холбогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг алдагдсан гэж үзэж байна.

Хуулийн зохицуулалтыг дээрх агуулгаар нь авч үзвэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг зохих ёсоор мэдэгдээгүй байж нэхэмжлэгчийг төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийг нь шууд цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 ...Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ", 56.4-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж заасны дагуу хийгдсэн ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс шалтгаалж нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаж тайлбар гаргах, мөн хариуцагч байгууллагаас шалтгааныг үндэслэн шалгах үүргээ хэрэгжүүлэх, хуулийн 56.4-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох... гэсэн энэхүү хуулийн боломж нэхэмжлэгчийн хувьд алдагдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэхүү ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасан "сонсох ажиллагаа"-г явуулж байгаа хуулийн зохицуулалт бөгөөд үүнийг хариуцагч байгууллагаас хууль журмын дагуу хэрэгжүүлээгүй ба ингэснээрээ нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад хариуцагч байгууллагаас ийнхүү шийдвэр гаргасан нь захиргааны акт хууль ёсны байх, бодит нөхцөл, зорилгодоо нийцсэн хуульд заасан үндэслэлийн дагуу гаргасан байх шаардлагыг хангаагүй тул илт хууль бус гэж үзэж байна.

Эцэст нь нэхэмжлэгч байгууллагын хувьд энэхүү тусгай зөвшөөрлийг эзэмших болсноосоо хойш жил болгон их хэмжээний зардал гаргаж, хуульд заасан үүргээ биелүүлж ирсэн ба хайгуулын ажил явуулж байсан ажлынхаа үр дүнг амсах, хуульд зааснаар тусгай зөвшөөрлөө ашиглалт болгох хугацаа ойртсон үед нэхэмжлэгчийн төлөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгаанаас болж дээрх бүх ажил үр дүнгүй болж хохироход хүрч байгаа ба энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлах боломжийг олгоогүй хариуцагчийн хууль бус үйлдэл, өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн эрхээ хадгалан үлдэхийн тулд хийсэн бодит үйлдлүүдийг харгалзан үзэж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Өлзийт нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс ГУУКX /хуучин нэрээр/-ийн даргын 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 81 дүгээр шийдвэрээр С ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дах хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх.." гэж тус тус заасан байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргийг биелүүлсний үндсэн дээр тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хадгалахаар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан.

Гэтэл С" ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй тул ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 02 дугаар сарын- ны өдрийн 109 дүгээр шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлд Тусгай зөвшөөрлийн төлбөр", 34 дүгээр зүйлд Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх", 56 дугаар зүйлд Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай харилцааг зохицуулсан бөгөөд Төрийн захиргааны байгууллагаас дээрх шийдвэрийг гаргахдаа холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн ба нөгөө талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мэдэгдэл авсан аваагүйгээс үл шалтгаалан тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг олгосон өдрөөс нь тооцож урьдчилан төлөх үүрэгтэй байна.

Ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 7/1292 дугаартай албан бичгээр Кадастрын хэлтсийн УУККС-д бүртгэлтэй тус компанийн албан ёсны хаягаар хүргүүлсэн боловч шуудангийн буцалтаар ирсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ" гэж заасан бөгөөд тус компанийн хаяг өөрчлөгдсөн талаар хариуцагч төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй байх тул холбогдох мэдэгдлийг хүлээн аваагүй нь компанийн өөрсдийн буруутай үйл ажиллагаатай холбоотой болно.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5.3-т Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно гэж заасан. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад хариуцагч байгууллагаас ийнхүү шийдвэр гаргасан нь захиргааны акт хууль ёсны байх, бодит нөхцөл, зорилгодоо нийцсэн хуульд заасан үндэслэлийн дагуу гаргасан байх шаардлагыг хангаагүй тул илт хууль бус гэж маргасан бол хариуцагчийн зүгээс захиргааны байгууллага нь мэдэгдэл хүргүүлэх үүргээ биелүүлсэн, хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тул цуцалсан шийдвэр нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Шүүх хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, бусад бичгийн баримтуудыг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг хянаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Анх Ашигт малтмалын газрын, Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 127 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С ХХК-д Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн байх бөгөөд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 109 дугаар тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж тус тус заасны дагуу С ХХК нь өмнөх 9 жилийн төлбөрөө жил бүрийн 01 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө төлөөд явж байсан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох төлбөр төлсөн банкны баримтуудаар нотлогдож байна.

Ийнхүү дээрх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд дахин нэг боломж нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги төлнө, мөн хуулийн 34.7-д энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд ... гэж заасны дагуу нэхэмжлэгч компанийн хувьд тухайн төлбөр төлөх жилийн 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд төлбөр болон төлбөрт ногдох алдангийг төлөх боломжтой байжээ.

Гэвч нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн ээлжит төлбөрийг төлөх үед тус компанийн захирал нь гарын дээд мөчний шөрмөс тасарсны улмаас өвчтэй байж, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Бүгд Найрамдах Хятад ард Улсын Хуажун шинжлэх ухаан технологийн их сургуулийн Тунзи анагаах ухааны сургуулийн харьяа, Сиэхө эмнэлгийн тодорхойлолт, болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...: С ХХК нь нэг гишүүнтэй. Захирал Б.Т******* нь тухайн төлбөрийг 9 жил төлж, 10 дахь жил буюу төлбөрийг төлөх хугацаанд хүнд өвдөж, Хятад улс руу явж эмчилгээ хийлгэсэн... гэх тайлбараар нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч С ХХК нь нэг гишүүнтэй болохыг дурдах нь зүйтэй.

Энэхүү нөхцөл байдал нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.8-д хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт: 4.1.8.а.өвчтэй байгаа, 4.1.8.б.эмчилгээ хийлгэж байгаа; 4.1.8.г.томилолтоор гадаад, дотоодод ажилласан... гэж зааснаар нэхэмжлэгч компанийн захирал нь гарын дээд мөчний шөрмөс тасарсны улмаас дотооддоо болон гадаад улсад эмчлүүлж байсан үүгээрээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх хуулийн боломжит хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд хариуцагч захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д: хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих үүргийг ханган ажиллах, хамгийн гол нь шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, тухайн тусгай зөвшөөрлийг хянах эрх үүргийг хуулиар хэрэгжүүлэхдээ шийдвэрээ бодит нөхцөл байдалд тохирсон эсэхийг хянахгүйгээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан тухай шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэжээ.

Ийнхүү тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон буюу бүрдсэн тухай мэдэгдлийг хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч С ХХК-д мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.5, 51 дүгээр зүйлийн 51.7, 51.8, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно. Гэтэл хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хуулийн этгээдийн тодорхойлолтоос үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст нэхэмжлэгчийн 88******* дугаарын утас бүртгэлтэй байсан, мэдэгдэл хаягаар буцаагдсаны дараа уг дугаарт Кадастрын хэлтсээс хэн ч лавлах, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд хариуцагчаас хүргүүлсэн гэх мэдэгдэл нь буцаж ирсэн зэргээс үзвэл нэхэмжлэгч уг мэдэгдлийг гардаж аваагүй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 7/1292 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн гэх мэдэгдэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу буюу Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно гэж заасны дагуу хийгээгүй байна.

Үүгээрээ Ашигт малтмалын тухай 11 дүгээр зүйлийн 11.2-т .... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ гэсэн хуулиар олгогдсон чиг үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 109 дүгээр шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ