Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 24

 

А.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 410 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, А.А-т холбогдох эрүүгийн 1935003130169 дугаартай, 1хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Д.Болорзаяа, прокурор Б.Баярмагнай, хохирогч Ц.Б, шүүгдэгч А.А нар оролцов. 

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, Увс аймгийн Дэчинравжаалан хийдэд лам ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн У сумын 3 дугаар баг, ...орон сууцны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, С овогт А-ийн А

Шүүгдэгч А.А нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг ..айлын ... тоотод байрлах гэртээ 2019 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө эхнэр Ц.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С овогт А-ийн А-т холбогдох 1935003130169 дугаартай эрүүгийн хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:  “Анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 410 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар А.А-т холбогдох эрүүгийн 1935003130169 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь шүүгдэгч А.А Увс аймгийн Улаангом сумын III багийн нутаг 2-р 60 айлын 4-39 тоотод байрлах гэртээ 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 08-нд шилжих шөнө эхнэр Ц.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх А.Аын үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байхад хөнгөн зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд хохирогч Ц.Б, яллагдагч А.А, гэрч нарын мэдүүлгээр яллагдагч нь А.А нь өөрийн эхнэр Ц.Бг анх удаа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл А.Аын үйлдэл нь өөрийн эхнэрээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий байдлыг далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйчлэх нь буруу ба яллагдагчийн нэг удаагийн шинжтэй үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэх үндэслэлгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгох ёстой бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон байхад яллагдагч А.Аын дээрх үйлдлийг хүндрүүлэн зүйлчлэх шаардлагатай гэж үзэж прокурорт буцаасан нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 410 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив“ гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү“ гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/410 дугаартай, Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцлийг үндэслэн А.А-т холбогдох 1935003130169 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.А-ыг Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ... айлын ... тоот өөрийн гэртээ 2019 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө эхнэр Ц.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд хэргийг шилжүүлжээ.

Анхан шатны шүүх А.А-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд: шүүгдэгчийн үйлдлийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул хэргийн зүйлчлэл хүндрэхээр байна гэх агуулга бүхий дүгнэлтийг хийж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй, шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.

А.А нь 2019 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг 2-р 60 айлын 4-39 тоотод байрлах гэртээ  эхнэр Ц.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний биед халдаж баруун, зүүн гуя, баруун зүүн өвдөг, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.А-ын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй гэх дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримттай нийцээгүй, өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч нар Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэх хуульзүйн ойлголтод хамаарах боловч  эхнэр Ц.Б-гийн биед  тухайн цаг хугацаанд халдсан шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга: зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол” гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинжүүдийг тодорхойлсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь энэ зүйлд заасан гэмт хэргийн аль нэг шинжийг хангаагүй байхад анхан шатны шүүх өөр салбар эрх зүйн хэм хэмжээг, тодруулбал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл” гэх нэр томъёоны ойлголтыг иш татан тайлбарлаж, гэмт хэргийн шинжийг тодорхойлж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, түүний шинжийг зөвхөн энэ хуульд зааснаар тодорхойлно гэх хууль ёсны зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж чадаагүйгээс гадна Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг буруу тодорхойлон тайлбарлаж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.  

Түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн нэгнийхээ эсрэг үйлдсэн хэрэг бүр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хамаарахгүй, мөн заавал байнгын, давтагдсан шинжтэй үйлдэл байхыг ч шаардахгүй ба гэм буруутай этгээдийн нэг удаагийн  үйлдэл ч гэр бүлийн хүчирхийллийн  шинжтэй байхыг үгүйсгэхгүй тул хэргийн үйл баримтад үндэслэл бүхий хуульзүйн дүгнэлт хийсний  эцэст хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох нь чухал юм.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 410 дугаартай, Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 410 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч А.А-т холбогдох эрүүгийн 1935003130169 дугаартай хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол А.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.МӨНХЖАРГАЛ

 

   ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.ЖАМБАЛСҮРЭН