Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 300

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Дундговь аймгийн                          гэх газарт нутаглах, Шилээд овогт Пийн Д /ЗА/-ийн ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У   оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Д миний бие 1965 онд төрсөн. Би 3 дугаар ангиа төгсөөд хөдөө гарсан бөгөөд Амьдралын туг нэгдэлд мал малласан. 1986, 1991 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрүүд байгаа боловч бичилт дутуу зөрчилтэйгээс шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлага гарсан. Иймээс П.Д намайг  Дундговь аймгийн Адаацаг сумын  Амьдралын туг нэгдэлд  1980 оны 7 сарын 29-ний өдрөөс 1983 оны 6 сарын 13-ны өдрийг хүртэл  1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 сарын 01-ний өдрийг  хүртэл малчинаар ажиллаж байсныг  тогтоож өгнө үү. Би энэ хугацаанд тасралтгүй мал малласан болно. Би 1980 онд мал маллаж байсан боловч ээжийн нэр дээр цалин хөлс нь бодогддог байсан.   Би 1983 оны 6 сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болно  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Д ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч П.Дийн  1980 оны 7 сарын 29-ний өдрөөс 1983 оны 6 сарын 13-ны өдрийг хүртэл  1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд  Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 6 сарын 28-ны өдрийн 240 дугаартай  тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 6 сарын 27-ны өдрийн 2/158 дугаартай тодорхойлолт,

- Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс Ү.Бд олгосон 1979-1980, 1982, 1989 онуудын 70-р дансны баримтын нотариатчаар гэрчлүүлсэн  хуулбар,

-Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс Б.Дд олгосон 1981, 1983, 1987, 1988, 1990  онуудын 70-р дансны баримтын нотариатчаар гэрчлүүлсэн  хуулбар,

-Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1986 онд П.Дд олгосон, 1983, 1986-1990 оны цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1986 онд П.Дд олгосон, 1991-1992 оны цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

 

-Дундговь аймгийн татварын хэлтсийн 2019 оны 6 сарын 28-ны өдрийн 08/410 дугаартай “тус аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл нь 1991 оны 4 сарын 25-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад1992 оны 11 сарын 3-нд Амьдралын туг ХК, 1996 оны 4 сарын 30-нд Амьдралын туг хоршоо  болон өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт                        

-Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 6 сарын 28-ны өдрийн 240 дугаартай  “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1980 оны 1 сарын 1-ний өдрөөс 1992 оны 2 сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир П.Дд  холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт

-Монгол улсын батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 000013079 дугаартай “Пийн Д  БХЯ-ны сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Дундговь аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Ардын армийн 144 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1986.06.05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1986.06.15-ны өдөр 541458  дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа

- Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс П.Дд олгосон 14049 дугаартай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний   үнэмлэх, 

-Гэрч Ц.Х “...П.Д  1978 оноос эхлээд эхийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд мал маллаж байсан хүн. Дунд нь хугацаат цэргийн алба хаасан, он сарыг нь санахгүй байна. П.Д нь 1992 оныг дуустал тус нэгдэлдээ хонь маллаж байсан хүн. Бид нэг бригадад ажиллаж байсан, бид нэг нутагт нутаглаж байсан хүмүүс. Би 1970-1992 оныг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчин байсан хүн. Цэргийн алба хаасан, түүнээс биш өөр ажил хийж байгаагүй, мал маллаж байсан. Эх нь Б гэдэг хүн байсан. Эцэг нь П гэдэг хүн байж байгаад 1976 онд нас барсан юм. Дийн эцэг эх нь малчин хүмүүс байсан... “ гэх мэдүүлэг

-Гэрч П.Б “.. П.Д  1978-1992 он хүртэл  Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд мал маллаж байсан хүн. Дунд нь хугацаат цэргийн алба хаасан.   Бид нэг бригадад ажиллаж байсан, бид нэг нутагт нутаглаж байсан хүмүүс. Би 1970-1992 оныг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчин байсан хүн. Цэргийн алба хаасан, түүнээс биш өөр ажил хийж байгаагүй, мал маллаж байсан. Эх нь Б гэдэг хүн байсан. Эцэг нь П гэдэг хүн байж байгаад нилээд эрт нас барсан. Эцгийгээ нас барах үед Д жаахан хүүхэд үлдэж байсан юм. Дийн эцэг эх мал малладаг хүмүүс байсан..” гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд болно.

 

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар П.Д нь 1980 оны 7 сарын 29-ний өдрөөс 1983 оны 6 сарын 13-ны өдрийг хүртэл  1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 сарын 01-ний өдрийг  хүртэлх хугацаанд  Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 -д зааснаар Шилээд овогт Пийн Д /ЗА/ нь 1980 оны 7 сарын 29-ний өдрөөс 1983 оны 6 сарын 13-ны өдрийг хүртэл  1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 сарын 01-ний өдрийг  дуустал хугацаанд  Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У