Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 05

 

                                        

 

 

 

 

                             

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч С.Гантөмөр, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

шүүгдэгч Н.Есөнтөмөр, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Самбуугийн Гантөмөр, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Нарантуяагийн Есөнтөмөр нарт холбогдох эрүүгийн 201625031654 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигон овгийн Самбуугийн Гантөмөр, 1982 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа вакум цонхны үйлдвэр ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 5 дугаар гудамжны 71 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 197 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар ЧП82042991;

2. Боржигон овгийн Нарантуяагийн Есөнтөмөр, 1993 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 1 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УК93042692;

Холбогдсон хэргийн талаар /Яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/;

Шүүгдэгч С.Гантөмөр нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Н.Есөнтөмөрийн жолоодон явсан түрээсийн 64-22 УБВ улсын дугаартай таксигаар үйлчлүүлж Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 5-71 тоот хашааны үүдэнд хүргүүлж буухдаа таксины төлбөр дээрээс болж маргалдан улмаар харилцан зодолдож, яллагдагч С.Гантөмөр нь Н.Есөнтөмөрийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, шүүгдэгч Н.Есөнтөмөр нь С.Гантөмөрийн бие махбодид хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Гантөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би найзтайгаа архи уугаад гэртээ харьж яваад Есөнтөмөртэй маргалдан ийм байдалд хүрлээ. Гэхдээ Есөнтөмөрийн гарын гэмтлийг би учруулаагүй. Харин цээжинд нь хазсан  үйлдэлдээ харамсаж байна...” гэв.

Шүүгдэгч Н.Есөнтөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр таксинд явж байгаад С.Гантөмөрийг хүргэж өгөхөөр суулгаад гэрийнх нь гадаа ирэхэд 8000 төгрөг гарсныг хэлсэн. Гэтэл 5000 төгрөг гардаг, та нар ингэхээ боль, муусайн луйварчид гэх зэргээр хэл амаар доромжилсон. Намайг боржуранд тээглээд унах үед миний гар эвгүй болж гэмтсэн. Уг гэмтлийг Гантөмөр учруулаагүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 

Гэрч Б.Мөнхтулга мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би өөрийнхөө нөхөр Есөнтөмөрийн хамт 64-22 УНВ улсын дугаартай соната маркийн автомашинтай хамт гадуур таксинд явж байгаад шөнийн 00 цаг өнгөрч байхад буюу Баянмонгол хорооллын тэр хавиас үл таних эрэгтэй гартаа тортой эд зүйл барьсан гар өргөхөөр нь манай нөхөр зогсож аваад хаана хүрэх вэ гэж асуухад уг залуу Чингэлтэй орно гэж хэлээд суусан юм. Тэгээд төв замаар явсаар байгаад гэрийнх нь хаягийг заалгаж явсаар байгаад гэрийнх нь гадаа ирээд таксины төлбөрийн тооцоо 8000 төгрөг гарсан байна гэж манай нөхөр хэлсэн юм. Тэр үед үйлчлүүлэгч залуу 5000 гардаг юм аа гэж хэрүүл маргаан хийсэн. 8000 төгрөг гарсан гэж дахин хэлэхэд 20.000 төгрөг гаргаж ирэхэд нь 12.000 төгрөг хариулж өгөхөд манай нөхөр бид хоёртой хэрүүл маргаан хийгээд хараалын үг урсгаж байгаад машинаас буухдаа хаалга чанга саваад буухад манай нөхөр тэр залууд хандаж яагаад хаалга хүчтэй савж байгаа юм бэ гэж хэлэхэд жолооч талын цонхоор ирээд манай нөхрийг шууд цохиж аваад хувцаснаас нь чирээд буулгах үед машин асаалттай байсан бөгөөд манай нөхөр буух агшинд машин хойшоо өнхрөх үед би араанд хийгээд зогсоох арга хэмжээ аваад айлын хашаа мөргөөд зогссон юм. Тэгээд бие биенээсээ зууралдаад цааш унах үед давхаралдаж унахдаа манай нөхрийн цээжин дээрээс хазсан, тэгэнгүүт манай хүн зуусан байгааг нь хойш нь түлхэж тавиулаад доош нь дараад гарыг нь ард нь өчөөд байж байхад таксины үйлчлүүлэгч залуугийн эхнэр бололтой хүн гарч ирээд бөөн хэрүүл маргаан болоод цагдаа дуудсан юм...” гэжээ /хх-25-26/. 

Гэрч М.Бат-Оюун мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 10-ны орой би өөрийн нөхөр рүү утсаар залгахад би ажлаа тараад найз Болдбаяртай уулзчихаад гэр рүүгээ харина гэж хэлж байсан юм. Тэгээд би ажлаа тараад гэртээ ирэхэд нөхөр ирээгүй байсан. Тэгээд би өөрийн нөхрөө ирэх байх гээд зурагтаа үзээд байж байхад хашааны гадна талд нохой хуцаад хүмүүсийн шуугиан болоод байхаар нь байшингийн цонх онгойлгоод чагнахад манай нөхрийн дуу гарах шиг болоод би гэрээсээ гарч ирэхэд хашааны гадна талд нэг автомашин зогсож байсан ба манай нөхрийг үл таних залуу доороо хийчихсэн гарыг нь ар талд нь өчөөд дээр нь гарчихсан сууж байхаар нь би гарч ирээд яасан ийсэн гэж хэлээд болиоч гээд салгасан юм. Тэр үед би хамт байсан эмэгтэйгээс асуухад таксины мөнгөө өгч чадахгүй барилгачин, архичин гэх мэтээр манай нөхөр рүү дайраад хэл ам хийгээд байсан. Би тухайн үед таксины мөнгө төлөөгүй юм уу гэж асуухад би төлсөн 8000 төгрөг буюу илүү мөнгө авсан гэдэг байдлаар хоорондоо маргасан байсан юм. Тэгээд манай нөхөр цагдаа дуудаад байж байхад нөгөө талын эмэгтэй мөн адил цагдаа дуудаад байх шиг байсан юм. Тэгээд намайг гарч ирснээс хойш 10-20 минутын дараа цагдаа ирээд манай нөхрийг машиндаа суулгаад, нөгөө залууг машинтайгаа араас ир гээд хамт цагдаа дээр ирсэн юм. Манай нөхрийг цагдаа дээр ирээд 5.000 төгрөгөөр торгоод явуулсан юм...” гэжээ /хх-27-28/.

 Н.Есөнтөмөр нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 10-ны орой такси компаний нэр дээр бүртгэлтэй байдаг түрээсийн такси буюу 64-22 УБВ улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн автомашинтай өөрийн эхнэр Мөнхтулгын хамт орой 23 цагийн үед гэрээсээ такси үйлчилгээнд явахаар гараад явж байгаад 11-нд шилжих шөнө 00-01 цагийн үед шиг санаж байна Баянмонгол хорооллын баруун талд байх Саруул тэнгэр хорооллын замын урд талаас үл таних эрэгтэй гар өргөхөөр нь авсан юм. Тэгээд би уг үйлчлүүлэгчээс хаана хүрэх үү гэж асуухад Чингэлтэй орно гэж хэлэхээр нь Нарантуул захын замаар чигээрээ хойшоо Сансарын клонкоор хойшоо яваад, зуун айлын замаар тус цагдаагийн хэлтсийн Хайлаастын орчимд гэрийнхээ гадаа ирэхэд таксины төлбөрт 8000 төгрөг буюу 10 км гарсан байхаар нь таксинд сууж явсан хүнд хэлэхэд юу яриад байгаа 5000 төгрөг гардаг юм гээд, та км-ийн заалтаа хараач 10 км байна гэж хэлэхэд надад 20.000 төгрөг гаргаж өгөхөөр нь би хариулт 12.000 төгрөг буцааж өгөхөд нөгөө таксигаар үйлчлүүлсэн ах уурлаад буухдаа машины хаалга хүчтэй саваад буухаар нь би араас нь яагаад хаалга саваад байгаа юм бэ гэж хэлэхэд юу гэнээ гээд уурлаж ирээд хаалганаас татаж, чирж буулгаад миний шанаа орчимд нэг удаа цохихоор нь би уг залууг өөдөөс нь тэвэрч авахад миний цээж орчмоос хазаад тавихгүй болохоор нь би хойно нь гараад баруун гарыг нь ард нь өчихөд уг залуу зууралдаж байгаад газар хоёулаа өнхөрч унахад миний баруун гар хөшигдөж эвгүй болсон юм..., таксины төлбөр тооцооны асуудлаас болж надтай маргаж улмаар намайг машинаас татаж буулгаад юу гэнээ гэж хэлээд шууд зүүн шанаа орчимд нэг удаас цохиод дахин цохих гэхээр нь барьж аваад өөдөөс тэврээд авсан юм. Тэр үед миний цээжнээс хазсан. Тухайн үед миний гарны бэртэл гэмтлийг сэдрээсэн...” гэжээ /хх-22/.

С.Гантөмөр нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 8 дугаар сарын 10-ны орой ажлаа тараад 20 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Олимп хотхонд байх өөрийн найз Болдбаярын гэрт нь очоод нэг шил 0.5 литрийн Тайга нэртэй архийг хоёулаа хоорондоо юм ярингаа хувааж ууж дуусаад нэг мэдэхэд цаг нилээн оройтсон байхаар нь гэр рүүгээ харихаар 00 цаг өнгөрсөн бараг 01 цагийн үед өөрийнхөө найзын гэрээс хамт гарч яваад манай найз намайг нэг таксинд гар өргөж суулгаад, тэгээд би таксинд ороод уг таксины жолооч надаас яаж явах талаар асуухад захаар явлаа гээд чигээрээ явсаар байгаад сансар, зуун айлаар дайраад 17-ийн уулзвараар гэртээ ирсэн юм. Тэгээд гэрийнхээ үүдэнд ирээд таксины жолоочоос хэдэн төгрөг болсон юм бэ гэж асуухад 8000 төгрөг гарсан гэж хэлэхээр нь урагшаа автомашиных нь км-ийн заалтыг харахад 5.3 км гарсан байхаар нь үсрээд 5000 төгрөг гарна биздээ. Яагаад 8000 төгрөг нэхээд байгаа юм бэ гэхэд хажууд нь сууж явсан шар үстэй эмэгтэй архичин, барилгачин мөнгөө төлж чадахгүй байж яах гэж такси барьдаг юм бэ гэх мэтээр хэл амаараа доромжилсон юм. Тэр үед би уг эмэгтэйтэй наад таксины мөнгийг өгч болж байна гээд эмэгтэйтэй бага зэрэг маргаан үүсгэсэн юм. Тэгээд би 20.000 төгрөг гаргаж өгөхөд надад 12.000 төгрөг хариулж өгөхөөр нь машинаас буухгүй үлдэгдэл 3000 төгрөгөө авч байгаад бууна, яахаараа та нар адилхан амьдрах гэж байж яах гэж нэгнийгээ шулдаг юм бэ гээд буугаагүй. Тэгээд үргэлжлүүлээд нөгөө эмэгтэйтэй хэрэлдээд байж байхад нөгөө залуу машинаасаа бууж ирээд намайг заамдаад авсан бөгөөд би тавиач гээд түлхэхэд миний баруун гарыг хойш нь өчөөд байхаар нь наад гар чинь хугархай ш дээ гэж хэлэхэд тавихгүй байхаар нь би баруун дээш хазайж байгаад цээж, суганы орчмоос нь хазах үед нөгөө залуу намайг тавиад салсан юм. ...Таксины мөнгөнөөс болж маргалдан зодолдож улмаар намайг таксинаас хүчээр буулгах гэж оролдох үед тэр залуу намайг заамдаж авахаар нь би түлхсэн юм. Тэр үед миний хойно гараад баруун гар өчиж доош нь дарж өчөөд газар унагааж 1-2 минут дарсан...” гэжээ /хх-24/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №11289 дугаартай дүгнэлт:

“Н.Есөнтөмөрийн биед баруун гарын 5 дугаар хурууны алганы шивнүүрийн далд хугарал, цээжний шарх, зулгаралт, хүзүүний зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.” гэжээ /хх-33/. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №11536 дугаартай дүгнэлт:

“С.Гантөмөрийн биед баруун тохойн үений суналт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-38/. 

Шүүгдэгч С.Гантөмөр, Н.Есөнтөмөр нарын хувийн байдлыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56-59/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-14-18/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-19-20/, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 197 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-92-94/, шүүгдэгч С.Гантөмөрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, мөн шүүгдэгч С.Гантөмөрийн гурван хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-70, 72, 73, 74/ зэргийг шинжлэн судлалаа.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч С.Гантөмөр нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Н.Есөнтөмөрийн жолоодон явсан түрээсийн 64-22 УБВ улсын дугаартай таксигаар үйлчлүүлж Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 5-71 тоот хашааны үүдэнд хүргүүлж буухдаа таксины төлбөр дээрээс болж маргалдан улмаар харилцан зодолдож, яллагдагч С.Гантөмөр нь Н.Есөнтөмөрийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, шүүгдэгч Н.Есөнтөмөр нь С.Гантөмөрийн бие махбодид хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрч Б.Мөнхтулга, М.Бат-Оюун нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №11289 дүгээр, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №11536 дугаар акт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Тухайн гэмт хэрэг нь шүүгдэгч, хохирогч С.Гантөмөрийн согтуугаар таксины төлбөр тооцооны асуудлаас болж маргалдан гаргасан зүй бус үйлдлээс шалтгаалан гарсан гэж  гэж дүгнэв.

Шүүгдэгч  С.Гантөмөр нь Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 197 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдлын хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч, хохирогч С.Гантөмөр, Н.Есөнтөмөр нар нь харилцан зодолдож, шүүгдэгч С.Гантөмөр нь Н.Есөнтөмөрийн биед хүндэвтэр гэмтэл, шүүгдэгч Н.Есөнтөмөр нь С.Гантөмөрийн биед хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд шүүгдэгч нар нь харилцан сайн дураар эвлэрсэн болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч Н.Есөнтөмөрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөн шүүгдэгч С.Гантөмөрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Н.Есөнтөмөр нь гомдол саналгүй гэх тул түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар Н.Есөнтөмөрийн баруун гарын 5 дугаар хурууны алганы шивнүүрийн далд хугарлыг харуулсан рентген зураг 1 ширхэг, С.Гантөмөрийн баруун тохойн үений суналт гэмтлийг харуулсан рентген зураг 1 ширхэг хураагдан ирснийг тус тус буцаан олгох нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Самбуугийн Гантөмөрийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

- Шүүгдэгч Боржигон овгийн Нарантуяагийн Есөнтөмөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Есөнтөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гантөмөрт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Гантөмөрт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.         

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.Есөнтөмөрийн баруун гарын 5 дугаар хурууны алганы шивнүүрийн далд хугарлыг харуулсан рентген зураг 1 ширхэг, С.Гантөмөрийн баруун тохойн үений суналт гэмтлийг харуулсан рентген зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гантөмөрт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай. 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН