Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2025/0256

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“МХН” ББН,

“ДЗ” ЗБН, “ЧСҮ” ЗБН,

“САБ” ЗГБХН нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: “ДЗ” ЗБН-ийн дарга Б.Н, “ДЗ” ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, түүний өмгөөлөгч Б.А, Ж.Э, нэхэмжлэгч “ЧСҮ” нөхөрлөл ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, “МХН” ББН-ийн гүйцэтгэх захирал Б.С, “САБ” ЗГБХН-ийн өмгөөлөгч Г.Д, Б.Х, Ц.Б, хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг дарга,гуравдагч этгээд “ЗЗ” ЗБН-ийн ахлагч М.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нар;

 

Нэхэмжлэгч: “МХН” ББН, “ДЗ” ЗБН, “ЧСҮ” ЗБН, “САБ” ЗГБХН

Хариуцагч: Төв аймгийн Заамар сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: “ЗЗ” ЗБН нар;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2025/0005 дугаартай шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “МХН” ББН-ийн өмгөөлөгч Б.С,

Нэхэмжлэгч “ДЗ” ЗБН-ын дарга Б.Н, өмгөөлөгч Б.А, Ж.Э, М.Ч,

Нэхэмжлэгч “ЧСҮ” ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А,

Нэхэмжлэгч “САБ” ЗГБХН-ийн дарга Х.Б, өмгөөлөгч Б.Х, Г.Д,

Хариуцагч Б.С,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я, Б.Э нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 123/2023/0043/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “МХН” ББН, “ДЗ” ЗБН, “ЧСҮ” ЗБН, “САБ” ЗГБХН-өөс Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдуулан

-“МХН” ББН-ийн Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Заамар сумын Х багийн нутагт байрлах АБ уулын СУ хэмээх 1.5 га газарт “МХН” нөхөрлөлтэй гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Төв аймгийн Заамар сумын Засаг даргад “МХН” нөхөрлөлтэй гэрээ байгуулахыг даалгах,

-“ДЗ” ЗБН-ийн Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдуулан гаргасан ““ДЗ” нөхөрлөлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 01-ний өдрийн 1/298 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Заамар сумын Х 3 дугаар багийн нутаг “СУ” гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг Төв аймгийн Заамар сумын Засаг даргад даалгах”,

-“ЧСҮ” ЗБН-ийн Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Заамар сумын Х 3 дугаар багийн нутаг "СУ " гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахгүй байгаа Төв аймгийн Заамар сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах

-“САБ” ЗГБХН-ийн Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “САБ” ЗГБХН-тэй гэрээ байгуулахаас татгалзсан Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 01-ний 1/296 дугаар гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Заамар сумын Х 3 дугаар багийн нутаг "СА" гэх газарт 1.44 гектар талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах”-аар тус тус маргасан байна.

Харин гуравдагч этгээд “ЗЗ” ЗБН-өөс Төв аймгийн Заамар сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2024 оны 03 сарын 29-ний өдрийн А/47 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлага гаргажээ.

 

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0005 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.13, 106.3.14 заалтад тус тус заасныг удирдлага болгон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “ДЗ” ЗБН-ийн зарим нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын “ЗЗ” нөхөрлөлтэй 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгч “ДЗ” ЗБН-ийн дарга Б.Н давж заалдах гомдолдоо: “...“ДЗ” нөхөрлөлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2023.08.01-ний өдрийн 1/298 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Заамар сумын Х 3 дугаар багийн нутаг “СУ” гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

3.1. Хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй тухайд:

3.1.1. Хэд хэдэн нөхөрлөлийн хүсэлтийг үндэслэн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019.04.01-ний өдрийн 18 дугаар хуралдаанаар тус сумын нутаг дэвсгэрт 259.2 гектар талбайг 64 нөхөрлөлд хэсэгчлэн чөлөөлж, бичил уурхайн зориулалтаар ашиглуулах асуудлыг хэлэлцэж 04 тоот тогтоолыг гаргасан. Тус тогтоолд “ДЗ” нөхөрлөлийн хүсэлтийг үндэслэн Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг “СУ” гэх газарт 1.5 гектар талбайг “ДЗ” нөхөрлөлд ашиглуулахаар тусгаж, дүгнэлт гаргуулах саналыг аймгийн Засаг даргад уламжилж, Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 тоот тогтоолыг хүргүүлсэн.

3.1.2. Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 тоот тогтоолыг үндэслэн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, 2020.07.02-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг гаргасан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 04 дүгээр тогтоолоор аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтаас зарим нутгийг чөлөөлж, бичил уурхайн зориулалтаар орон нутгийн хэрэгцээнд авсан бөгөөд аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтаас “ДЗ” нөхөрлөлийн хүсэлт гаргасан газар чөлөөлөгдсөн. Мөн “ДЗ” нөхөрлөлийг Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг “СУ” гэх газарт 1.5 гектар талбайг ашиглуулахаар тогтоосон.

3.1.3. Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн 66 байршил газраас 4 байршил газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бичил уурхайн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсний дотор “ДЗ” нөхөрлөлийн “СУ ” нэртэй 1.5 гектар талбай орсон...

3.1.4. Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг “СУ ” гэх газрыг аймгийн тусгай хэрэгцээнээс гаргасантай холбоотой ашиглах дүгнэлт гаргуулахаар Төв аймгийн Засаг дарга 2020.08.26-ны өдрийн 01/1327 тоот албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хүргүүлсэн.

Тус газрын кадастрын хэлтсээс 2020.09.24-ний өдрийн 8/4382 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 14.3-т заасны дагуу кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн талаар хариу ирүүлсэн. Харин Засгийн газрын 2019 оны 355, 2020 оны 17 дугаар тогтоол болон УУХҮСайдаас ирүүлсэн чиглэлийн дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн дүгнэлт гаргах боломжгүй байгаа болохыг мэдэгдсэн байсан. Нөхцөл байдал арилмагц дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоон бүртгэж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай дүгнэлтийг гаргаснаа Төв аймгийн Засаг даргад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2023.07.03-ны өдрийн 10/3343 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

3.1.5. Дээрх үйл баримт болох хугацаанд Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам" хүчин төгөлдөр үйлчилж байсан.

Тодруулбал, тус журмын дагуу “"ДЗ” нөхөрлөл 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байрлах “СУ” нэртэй 1.5 гектар талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилготой, Төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаж, Заамар сумын Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төв аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүхий л шийдвэрүүд “ДЗ” нөхөрлөлийн хүсэлтийг үндэслэл болгосон байх бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн шийдвэр ч “ДЗ” нөхөрлөлийн хүсэлтэд үндэслэсэн болох нь тодорхой үйл баримтаар нотлогдоно.

Өөрөөр хэлбэл “ДЗ” нөхөрлөлийн хүсэлт нь төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэр гарах эх сурвалж нь болж, “СУ ” нэртэй 1.5 гектар талбайд бичил уурхай эрхлэх боломж үүссэн.

Гэвч анхан шатны шүүх маргааны үйл баримтыг болон үйл баримтын он цагийг ... буруу тодорхойлж, түүнийгээ үндэслэн манай “ДЗ” нөхөрлөлийг “...өргөдөл гаргах үед Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” хэрэгжиж эхэлсэн гэж буруу, үндэслэлгүй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

 

3.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тухайд:

3.2.1. ...Нэхэмжлэгч “ДЗ” нөхөрлөл болон бусад нэхэмжлэгч, гуравдагч этгээд нөхөрлөлүүд Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10/3343 дугаар дүгнэлттэй огт маргаагүй.

3.2.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “ДЗ” нөхөрлөл болон бусад оролцогч нарын ...нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Тодруулбал шүүх нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудад хуулиар олгосон бүрэн эрхэд халдаж, хууль журмын дагуу шийдвэрлэсэн шийдвэрийг нь хуульд заагаагүй үндэслэлээр үгүйсгэж, шүүхэд хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, түүнийгээ үндэслэл болгон “ДЗ” нөхөрлөлийн "ДЗ" нөхөрлөлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2023.08.01-ний өдрийн 1/298 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, Төв аймгийн Заамар сумын Х 3 дугаар багийн нутаг "СУ ” гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна.

3.2.3. “МХН” ББН, “ЧСҮ” ЗБН, "САБ" ЗГБХН-үүдийн нэхэмжлэлийн шаардлага, “ЗЗ” ЗБН-ийн бие даасан шаардлагуудыг “... Төв аймгийн Засаг даргаас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/1789 дугаар албан бичгээр зөвхөн "ДЗ" ЗБН-ийн хүсэлтийг уламжилсан, бусад нөхөрлөлүүдийн гаргасан өргөдлийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10/3343 дүгнэлт гараагүй...” гэж анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч “ДЗ” ЗБН-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй, нэг дүгнэлтээрээ нөгөө дүгнэлтээ үгүйсгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.2.4. Өөрөөр хэлбэл хууль журмын дагуу хамгийн эхэнд бичил уурхай эрхлэх хүсэлтээ гаргаж, манай "ДЗ" нөхөрлөлийн гаргасан хүсэлтийг үндэслэн төрийн байгууллагуудаас шийдвэр гарсан байхад, түүнийг нь хүртэл төрийн эрх бүхий байгууллага болох Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас 2023.08.30-ны өдрийн "Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай" 02/684 тоот дүгнэлтээрээ "...Төв аймгийн Заамар сумын СУ  гэх газрыг "ДЗ" нөхөрлөлийн 2019.03.27-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлж, бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, мөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 04 дүгээр тогтоолоор тус аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 4 байршил газрыг аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлж, бичил уурхайн зориулалтаар 5 жилийн хугацаатай, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсны нэг нь "СУ энгэр"-ийн 1.5 гектар газар байна. тус газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлтийг "ДЗ" нөхөрлөл хамгийн эхэнд гаргасан гэж үзэхээр байна" гэж дүгнэж, тодорхойлсоор байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч "ДЗ" нөхөрлөлийн эрхэд халдсан дүгнэлтийг хийж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.2.5. Манай "ДЗ" нөхөрлөл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад, шүүх нь нэхэмжлэгчийн эрх хууль, ёсны ашиг сонирхлыг хуульд заагаагүй үндэслэлээр хязгаарласан дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

 

3.3. Шүүх дүгнэлт өгөөгүй үйл баримтын тухайд:

3.3.1. Заамар сумын Засаг дарга 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр "Хүсэлт уламжлах тухай" 1/17 тоот албан бичгээр ""ДЗ" нөхөрлөл нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бичил уурхай ашигт малтмал олборлохоор Заамар сумын Х багийн нутаг "СУ " гэх нэртэй 1,5 га газарт хүсэлт өгсөн.... Дээрх хурлын тогтоолыг үндэслэн танай газрын Кадастрын бүртгэлийн системд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр бичил уурхайд зориулсан талбайгаар бүртгэсэн байна. ДЗ нөхөрлөлөөс бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт ямар шалтгааны улмаас гарахгүй байгааг тодруулж өгөхийг хүссэн хүсэлтийг уламжилж байна" гэж Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан.

Тус албан бичгээс үзвэл Заамар сумын Засаг дарга Заамар сумын Х багийн нутаг "СУ " гэх нэртэй 1,5 га газарт бичил уурхай эрхлэхээр "ДЗ" нөхөрлөл хамгийн эхэнд хүсэлтээ өгсөн болохыг, "ДЗ" нөхөрлөлийн хүсэлтийг үндэслэн нутгийн өөрөө удирдах болон төрийн захирганы байгууллагууд шийдвэрээ гаргасан болохыг, өөр бусад нөхөрлөл тухайн талбайд хүсэлт гаргаагүй болох нь нотлогддог.

3.3.2. Мөн Монгол Улсын Засгийн газрын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага болох Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Заамар сумын Х багийн нутаг "СУ " гэх нэртэй 1,5 га газарт бичил уурхай эрхлэхтэй холбоотой асуудалд хяналт шалгалт хийж, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн "Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай" 02/684 тоот дүгнэлтийг гаргасан. Тус дүгнэлтээр "... Төв аймгийн Заамар сумын СУ  гэх газрыг "ДЗ" нөхөрлөлийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлж, бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, мөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 04 дүгээр тогтоолоор тус аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 4 байршил газрыг аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлж, бичил уурхайн зориулалтаар 5 жилийн хугацаатай, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсны нэг нь "СУ энгэр"-ийн 1.5 гектар газар байна, тус газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлтийг "ДЗ" нөхөрлөл хамгийн эхэнд гаргасан гэж үзэхээр байна" гэж хяналт шалгалтын дүгнэлтээ тодорхой гаргасан.

Гэвч тус дүгнэлтийг Заамар сумын Засаг дарга үл хэрэгжүүлж, түүнийг нь анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой дүгнэж, нотлох баримтыг үнэн зөв үнэлж чадаагүй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2025/0005 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч "ДЗ" нөхөрлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч “ДЗ” ЗБН-ийн өмгөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо:

4.1. Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаар хуралдаанаар тус сумын нутаг дэвсгэрт 259.2 гектар талбайг 64 нөхөрлөлд хэсэгчлэн чөлөөлж, бичил уурхайн зориулалтаар ашиглуулахаар 04 дугаар тогтоол гарсан. Тогтоолын хавсралтын 34 дэх хэсэгт "ДЗ" нөхөрлөлийг Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг "СУ" гэх газарт 1.5 гектар талбай гэж заасан бөгөөд түүнд дүгнэлт гаргуулах саналыг аймгийн Засаг даргад уламжилж тогтоолыг хүргүүлсэн. Уг саналыг үндэслэн Төв аймгийн иргэдийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр тогтоол гарсан. Тогтоолоор аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтаас зарим нутгийг чөлөөлж, бичил уурхайн зориулалтаар орон нутгийн хэрэгцээнд авч, "ДЗ" нөхөрлөлийг Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг "СУ" гэх газарт 1.5 гектар талбайд ашиглуулахаар тогтоосон.

Үүнийг журамд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт хандахад 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 8/4382 дугаар албан бичгээр хариу өгсөн бөгөөд манай хүсэлт өгсөн "СУ" гэх газарт Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14 3-д заасан чиг үүргийн хүрээнд Кадастрын бүртгэлийн системд бүртгэв" гэсэн.

Харин Засгийн газрын 2019 оны 355, 2020 оны 17 дугаар тогтоол болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас ирүүлсэн чиглэлийн дагуу дүгнэлт гаргах боломжгүй байгаа болохоо мэдэгдсэн.

Сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/394 дугаар албан бичгээр Төв аймгийн Засаг даргад хандан "ДЗ" нөхөрлөлийн 1.5 га талбайд гаргасан хүсэлтийг солбицлын дагуу уламжилсан Үүний дагуу Төв аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/1789 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан "ДЗ" нөхөрлөлийн 1.5 га талбайн солбицлын хамт/ хүсэлтийг дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн.

2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10/3343 дугаартай албан бичигт дээрх албан бичгүүдийг дурдаад “СА” нэртэй 1.5 га талбайг солбицлоор нь сумын Засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоож бүртгэн дүгнэлтийг гаргасан” гэж Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Аймгийн засаг дарга тухайн албан бичигт үндэслэн уг газрыг журамд заасны дагуу кадастрын зураг зүйн нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгасан.

 

4.2. "ДЗ" ЗБН-ийн өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор баталсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам" болон шинэчлэн Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор баталсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-д зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдлийг дараах журам дарааллаар шийдвэрлэдэг.

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай Өргөдлийг анх сумын Засаг даргад гаргаж, /2.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийг тухайн сум, дүүргийн Засаг даргад энэ журмын 1 дүгээр хавсралтад заасны дагуу гаргана/ түүний дагуу сумын Засаг дарга аймаг, нийслэлийн Засаг даргад тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг уламжлан /6.1. “Сум, дүүргийн Засаг дарга дараахь эрх, үүрэгтэй байна:”, 6.1.2. “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн өргөдөлд заасан талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах/”,

Аймгийн Засаг дарга тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх, /8.1. “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь эрх, үүрэгтэй байна:”, 8.1.2. “энэ журмын 6.1.2-т заасан талбайд дүгнэлт гаргуулах саналыг ажлын 10 хоногт багтаан хайгуул, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;”,

Ашигт малтмал, газрын тосны газар нь дүгнэлтээ гаргаж, аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж /9.1 “Хайгуул, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь эрх, үүрэгтэй байна:”, 19.1.1-д “энэ журмын 8.1.2-т заасан саналыг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т заасан дүгнэлтийг ажлын 10 хоногт багтаан гаргаж, уг дүгнэлтэд холбогдох мэдээллийг хавсарган аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх ба шаардлагатай тохиолдолд газар дээр нь ажиллах;/”,

Аймаг, нийслэлийн Засаг дарга дүгнэлтийг хүлээн авсны дараа сумын Засаг даргад хүргүүлж /8.1.3. “энэ журмын 9.1.1-д заасан дүгнэлтийг сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх/”,

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүгнэлтийг үндэслэн тухайн газрыг тусгай хэрэгцээнд авч, /5.1. “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь эрх, үүрэгтэй байна:”, 5.1.2. “энэ журмын 8.1.3-т заасан дүгнэлтийг үндэслэн бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан сум, дүүргийн Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ ажлын 10 өдөрт багтаан сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх/”,

Сумын Засаг дарга тусгай хэрэгцээнд авсан талбайд өргөдлийн дарааллын дагуу гэрээ байгуулна, /2.5. “Сум, дүүргийн Засаг дарга нь энэ журмын 5.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тухайн талбайд гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран байгуулна./” гэж журамласан.

Өөрөөр хэлбэл, тухайн талбайг бичил уурхайгаар ашиглах өргөдлийг анх гаргасан өргөдлийн үндсэн дээр дээрх бүх ажиллагаа эхэлж, улмаар энэхүү өргөдөлд үндэслэн явагдсан ажиллагааны үр дүнд газрыг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд анх гаргасан өргөдөл буюу журмын 2.1-д заасан өргөдлийн дарааллын дагуу гэрээг байгуулахаар заасан. Өөрөөр хэлбэл, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулах шийдвэр гаргах нь өргөдөл гаргахаас эхлээд дүгнэлт гаргах, тусгай хэрэгцээнд авах зэргийг бүхэлд нь багтаасан үргэлжилсэн нэгдмэл процесстой ажиллагаа байна.

2019 онд "ДЗ" ЗБН-ийн гаргасан өргөдөлд үндэслэн хийгдсэн үргэлжилсэн ажиллагаа журмын дагуу явагдаж сумын Засаг даргын шийдвэрээр гэрээ байгуулах үе шат үлдсэн байсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.1-д "Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 8/4382 дугаартай албан бичгээр 2020 оноос өмнө гаргасан өргөдөлд дүгнэлт гаргахаас татгалзаж шийдвэрлэжээ" гэсэн нь үндэслэлгүй.

Хуульд Ашигт малтмал, газрын тосны газраас гаргах дүгнэлт нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар байхаар заасан.

Тухайн албан бичигт "... Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 355 дугаар тогтоол, 2020 оны 17 дугаар тогтоол болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас ирүүлсэн чиглэлийн дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн дүгнэлт гаргахгүй байгаа болно" гэсэн нь "татгалзсан", "олгох боломжгүй" гэсэн утгагүй бөгөөд "ДЗ" ЗБН-ийн өргөдөл, аймгийн Засаг даргын гаргасан хүсэлтэд дүгнэлт гаргах ажиллагаа дээрх шалтгааны улмаас түр зогссон байгааг мэдэгдсэн. Түүнчлэн, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10/3343 дугаартай албан бичгээр дүгнэлтийг гарган ирүүлсэн нь дээрхийг нотолно.

Иймд "ДЗ" ЗБН-ийн гаргасан 2019 онд өргөдлийг шийдвэрлэх ажиллагаа зохих захиргааны байгууллагуудын шийдвэрийг гаргуулж тасралтгүй үргэлжилсээр 2023 он хүрсэн гэж үзэхээр байна.

 

4.3. Мөн хариуцагч Заамар сумын Засаг даргын “ЗЗ” нөхөрлөлтэй 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан үндэслэлээ "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 2.5-д заасны дагуу өргөдлийн дарааллаар буюу хамгийн эхэнд "ЗЗ” өргөдөл гаргасан" гэж тайлбарлаж, нэхэмжлэгч "ДЗ" ЗБН-өөс өргөдлийн дарааллыг буруу тогтоосон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргасан. Гэтэл "өргөдлийн бүрдүүлбэр хангаагүй, шаардлагатай баримт бичгүүд дутуу" гэж анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь хууль бус болсон.

Нэхэмжлэгч "ДЗ" ЗБН-ийн өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 2.2. "Бичил уурхай эрхлэгч этгээд нь дараах шаардлагыг хангасан иргэнийг бичил уурхайд ажиллуулна”, 2.2.1. “18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;”, 2.2.2. “тухайн аймаг, нийслэлд оршин суугчаар бүртгүүлсэн”, 2.2.3. “нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн" шаардлагыг хангасан өргөдлийг гаргасны дагуу хүлээн авч холбогдох ажиллагаанууд хийгдсэн бөгөөд мөн журмын 2.3-т "Энэхүү журмын 2.2-т заасан шаардлагыг хангаагүй бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг хүлээн авахгүй" заасны дагуу өргөдлийн шаардлагыг хангаагүй бол уг ажиллагаа үргэлжлэхгүй байсан.

Хариуцагчаас Засгийн газрын тогтоолоор баталсан журамд нийцүүлэхээр 2023 онд "ДЗ" ЗБН өргөдлийг шинэтгэсэн гаргасан нь өмнө гаргасан өргөдлийг үгүйсгэхгүй бөгөөд журам шинэчлэн батлагдсан үндэслэлээр цаг хугацааны хувьд урьд гарган шийдвэрлэх ажиллагаанд явж байгаа өргөдлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгч "ДЗ" ЗБН-ийн гаргасан өргөдөл тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан журамд нийцсэн бөгөөд түүнд үндэслэн холбогдох захиргааны байгууллагын шийдвэрүүд гарсан, бусад нэхэмжлэгч нараас өргөдлийн дарааллын тэргүүнд байгаа тул нэхэмжлэлийн "ДЗ" ЗБН-тай гэрээ байгуулахаас татгалзсан Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1/298 дугаар шийдвэр хууль бус байсан болохыг тогтоож, Төв аймгийн Заамар сумын Х 3 дугаар багийн нутаг "СУ " гэх газарт 1.5 га талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах" шаардлагыг хангах хуулийн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт "ДЗ" ЗБН-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

5. Нэхэмжлэгч “ДЗ” ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, өмгөөлөгч Ж.Э давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2023 оны 1/298 дугаартай татгалзал, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 8/342 дугаартай албан бичиг, 2023 оны 10/3343 дугаартай дүгнэлт болон хэргийн бусад нөхцөл байдлыг дараах байдлаар буруу тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.7-д "ДЗ" ЗБН-ийн өргөдөл материалын бүрдэл хангагдаагүй байхад Төв аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 01/1789, 2023 оны 01/106, Засаг даргын 2023 оны 01/867 тоот албан бичгээр дүгнэлт гаргуулахаар хүсэлт уламжилсан нь журмын 2.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.. иймд... гэрээ байгуулахаас татгалзсан Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 01-ний өдрийн 1/298 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, .... бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй." гэж, 1.10-д "...Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 01-ний өдрийн 1/298 дугаар алба бичгээр "ДЗ" ЗБН-ийн өргөдлийг "ЗЗ" ЗБН-тэй гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр бус, өргөдлийн шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээ буцаах ёстой байсныг нөхөрлөл тус бүрээр дүгнэсэн болно." гэж тус тус дүгнэжээ.

Анхан шатны шүүх хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг дарга нь "ДЗ" ЗБН-ийн өргөдлийг дагуу гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10/3343 дүгнэлтийг үндэслэн "ЗЗ" ЗБН-тэй гэрээ байгуулсан нь "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам" /2022 он/-д нийцээгүй, гэрээ байгуулсан үйл явц бүхэлдээ уг журмын дагуу хийгдээгүй гэх үндэслэлээр "ЗЗ" ЗБН-д давуу байдал олгон гэрээ байгуулсан нь хууль байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн. Гэвч "ЗЗ" ЗБН-тэй гэрээ байгуулсан гэх дээрх үндэслэлээр "ДЗ" нөхөрлөлтэй гэрээ байгуулахаас татгалзсан хариуцагчийн 2023 оны 08 сарын 01-ний өдрийн 1/298 дугаартай татгалзлыг хуульд нийцсэн гэх зөрчилтэй дүгнэлтийг хийж холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч "ДЗ" ЗБН нь нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагаа "Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2023 оны 1/298 дугаартай "...өргөдлийн дарааллын дагуу "ЗЗ" нөхөрлөлтэй 01 дугаартай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан тул танай нөхөрлөлөөс ирүүлсэн хүсэлтийг буцааж байна" гэж татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгохоор" тодорхойлж гаргасан боловч шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдсан асуудлаас өөр үндэслэлээр буюу нэгэнт гарсан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг өөрчлөн, зөвтгөх байдлаар тайлбарлан энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тодруулбал нэхэмжлэгч "ДЗ” ЗБН нь 2017 оноос эхлэн Төв аймгийн Заамар сумын Х 3 дугаар багийн нутаг "СУ" гэх газарт 1.5 гектар талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилгоор Сумын Засаг даргад хүсэлтийг холбогдох баримтуудын хамт удаа дараа гаргаж ирсэн бөгөөд хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг даргаас тус хүсэлтүүдийг Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд заасан үндэслэлээр огт буцааж байгаагүй ба хүсэлтийг үндэслэн Төв аймгийн Засаг даргад "ДЗ" ЗБН-ийг бичил уурхайгаар ашигт малтмал олборлох боломжтой гэж үзэн хүсэлтүүдийг хүргүүлж, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10/3343 дугаартай дүгнэлт гарсан.

Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 2.4-д зааснаар баримт бичгийн бүрдэл дутуу гэх үндэслэлээр "ДЗ” нөхөрлөлийн өргөдлийг хүлээн авах үндэслэлгүй тул Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 01-ний өдрийн 1/298 дугаартай шийдвэрийг хууль ёсны гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн оролцогчдын маргаагүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэж байна.

“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 2.4-д "Энэ журмын 2.3- т заасан шаардлагыг хангаагүй иргэнийг гишүүнээр авсан бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг хүлээн авахгүй." гэж заасан бөгөөд журмын энэхүү заалт нь хариуцагчид чиглэсэн буюу хариуцагчийн хэрэгжүүлэх ёстой байсан чиг үүрэг байхад нэхэмжлэгчийг буруутган, мөн маргаан бүхий актын үндэслэлд дурдаагүй "материал дутуу өгч байсан зөрчилтэй" гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг нэмж буруутгаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан "... хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах болохгүй..." гэснийг зөрчсөн тул шийдвэрийн энэ хэсэг үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан "ДЗ" нөхөрлөлийн өргөдөлд баримт бичгийн бүрдэл дутуу гэж дүгнэсэн боловч тухайн баримтуудын хувьд эрх бүхий байгууллагаас нэгдсэн байдлаар зохион байгуулагдах зохицуулалттай бөгөөд үүнд сууснаар сумын Засаг дарга "бичил уурхайгаар ашигт малтмал олборлох иргэдийг бүртгэж үнэмлэх олгох, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах" үүрэгтэй байхаар Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд зохицуулсан тул эдгээр баримтуудыг хугацаа хожимдуулж өргөдөлд хавсаргасан, маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2023 оны 08 сарын 01-ний өдрийн 1/298 дугаар албан бичгээр татгалзаж шийдвэрлэх үед нэхэмжлэгч "ДЗ" нөхөрлөлийн баримт бичгийн бүрдэл хангагдсан байсан зэргийг шүүхээс анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

 

5.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.7-д "... Гэтэл "ДЗ" ЗБН-ийн ... өргөдлийн бүрдэл хангагдаагүй материалыг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 10/3343 дугаар дүгнэлт гарсан байна.... гэх дүгнэлтийг хийсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23, 4 дүгээр зүйлийн 4.1.23 "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам" /2002 он/-ын 4.1, 9.1.6-д тус тус зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар нь зөвхөн аймаг, сум, дүүргийн Засаг даргаар уламжлагдан ирсэн хүсэлтэд тодорхойлогдсон солбицол бүх талбайн үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд хамаарч байгаа эсэх, ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцалтай эсэх, нэгж талбай хэмжээ нь журамд заасан 5 га-аас их эсэх асуудлаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоодог ба 10/3343 дугаар дүгнэлт ч энэ хүрээнд гарсан болно.

 

Үүнээс биш дүгнэлт гаргуулахаар уламжлагдсан өргөдөл нь өргөдлийн бүрдэл хангасан эсэхийг нягтлан шалгах чиг үүрэг, хангаагүй тохиолдол дүгнэлт гаргахаа татгалзах эрх хэмжээг дээрх хууль, журамд зааснаар хэрэгжүүлэх боломжгүй Өргөдлийг хүлээн авах, бүрдлийг шалгах, буцаах, эрх бүхий этгээдэд уламжлах болон гэрээ байгуулах эрх хэмжээ, чиг үүргийг зөвхөн сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэх талаар журамд тодорхой зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх Ашигт малтмал, газрын тосны газрыг "ДЗ" ЗБН-ын өргөдлийн бүрдэл хангагдаагүй материалыг үндэслэн 10/3343 дугаартай дүгнэлтийг гаргасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Улмаар анхан шатны шүүх бусад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ "ДЗ" ЗБН-ийн адил "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-д зааснаар өргөдөл гаргасан газартаа Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гаргуулаагүй тохиолдолд гэрээ байгуулах боломжгүй гэх үндэслэлийг заасан атлаа "ДЗ" ЗБН-ийн нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын 10/3343 тоот дүгнэлт нь бүрдэл хангагдаагүй материалыг үндэслэж гарсан, хууль бус гэсэн агуулгатай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлтийг хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.1-д "... Дээрхээс үзвэл бичил уурхайн зориулалтаар дүгнэлт гаргахгүй байхыг Монгол Улсын Засгийн газраас үүрэг болгосноор Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 8/4382 дугаартай албан бичгээр 2020 оноос өмнө гаргасан өргөдөлд дүгнэлт гаргахаас татгалзаж шийдвэрлэжээ..." гэх дүгнэлтийг хийсэн.

 

"ДЗ" ЗБН-өөс анх 2019 оны 03 сарын 27-ны өдөр маргаан бүхий газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдөл, хүсэлтийг гаргаж байсан ба уг өргөдлийг үндэслэн Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 04 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авч, улмаар Төв аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 01/1079, 08 дугаар сарын 01/1327 дугаартай албан бичгээр "СУ толгой 1.5 га газарт дүгнэлт гаргаж, зураг зүйн бүртгэлд бүртгүүлэх" хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газар хүргүүлсэн.

Хүсэлтийн хариуд тус газрын 2020 оны 8/4382 дугаартай албан бичгээр тусгай хэрэгцээнд авсан уг газрыг зураг зүйн бүртгэлд бүртгэж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 355, 2020 оны 17 дугаар тогтоолуудын дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тайлан дүгнэлт гаргахгүй байгаа талаар мэдэгдсэн бөгөөд энэ үед бичил уурхайгаар ашигт малтмал олборлох харилцааг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор баталсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-аар зохицуулж байсан.

 

Ашигт малтмал, газрын тосны газрын хариу албан бичигт дурдсан Засгийн 2019 оны 355 дугаар тогтоолоор 2019 оныг дуустал хугацаанд Бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт гаргахгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэсэн байсан ба аль нэг нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн зүгээс уг хариу албан бичгийг хүчингүй болгуулах талаар маргаагүй.

Гэтэл шүүх энэхүү хариу албан бичгийг нэхэмжлэгч "ДЗ" ЗБН-ийн 2020 оны 07, 08 дугаар сард Төв аймгийн Засаг даргаар уламжлагдсан өргөдөл хүсэлтэд дүгнэлт гаргахаас татгалзсан татгалзал гэж дүгнэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан журмын дагуу өргөдөл гаргаж байсан үйл баримтыг няцааж, зөвхөн Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” хэрэгжиж эхэлснээс хойших өргөдөл гаргасан үйл баримтад дүгнэлт өгсөн нь учир дутагдалтай гэж үзэж байна.

 

Мөн хариу албан бичгийн үндэслэл болсон Засгийн газрын 2020 оны 17 дугаар тогтоолоор "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын хэрэгжилтийг шалгаж, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх талаар эрх бүхий албан тушаалтан, даалгаж шийдвэрлэж байсан. Улмаар Монгол Улсын Засгийн газрын хянал хэрэгжүүлэх газраас хяналт шалгалтыг хийж, 2023 оны 02/684 дугаартай "Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай" албан бичгээр "... дээр дурдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон албан бичгүүдээс үзэхэд тус газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлтийг "ДЗ" ЗБН нөхөрлөл хамгийн эхэнд гаргасан гэж үзэхээр байна... Заамар сумын Засаг дарга Л.А хариуцлага хүлээлгэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх... Заамар сумын Засаг дарга болон "ЗЗ" ББН нөхөрлөл хооронд байгуулсан 2023 оны 7 сарын 24-ний өдрийн 1 дүгээр гэрээг хүчингүй болгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу судалж, шийдвэрлэх" талаар Төв аймгийн Засаг даргад мэдэгдсэн. Гэвч шүүхээс хяналт шалгалттай холбоотой уг үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 0 сарын 13-ны өдрийн 123/ШШ2025/0005 дугаартай шийдвэрт "ДЗ" ЗБН-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

6. Нэхэмжлэгч “САБ” ЗГБХН-ийн өмгөөлөгч Г.Д давж заалдах гомдолдоо:

6.1. Манай үйлчлүүлэгч “САБ” нөхөрлөл нь Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт орших СА (СУ энгэр, СУ , СУ толгой) гэх нэртэй газарт Бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар 2017 оноос эхлэн холбогдох эрх бүхий байгууллага албан тушаалтнуудад хандан хүсэлт, өргөдөл, гомдол гаргасаар ирсэн байдаг ба тухайн асуудлыг хариуцсан байгууллага, албан тушаалтнууд хангаж шийдвэрлэж өгөхгүй өнөөдрийг хүргэжээ.

Тухайлбал, “САБ” нөхөрлөл нь 2017 оны 6 сарын 23-ны өдөр (3 дугаар хавтасны 89-93 дахь тал), 2022 оны 5 сарын 11-ний өдөр (4-р хавтасны 183 дахь тал), 2023 оны 4 сарын 05-ны өдөр (3-р хавтасны 58 дахь тал) тус тус хүсэлт гаргаж байсан нь тухайн баримтуудаар нотлогдож байна.

Тухайн байршилд “МХН”, “ДЗ”, “ЧСҮ”, “ЗЗ” гэх нөхөрлөлүүд мөн адил бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар тус бүртээ хүсэлтүүдээ гаргацгаасан байдаг ба эдгээрээс манай үйлчлүүлэгч САБ нөхөрлөл хамгийн түрүүнд хүсэлт гаргаснаараа хамгийн түрүүнд бичил уурхайн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулах эрхтэй гэж үзэж байсан юм.

Гэтэл тухайн байршилд хамгийн түрүүнд хүсэлт гаргаагүй. ЗЗ нөхөрлөлтэй Заамар сумын засаг дарга гэрээ байгуулж бичил уурхайн үйл ажиллагаа явуулах эрх олгосон нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж улмаар дээр нэр дурдсан нөхөрлөлүүд бүгдээрээ Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан ЗЗ нөхөрлөлтэй гэрээ байгуулсан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн тухайн нөхөрлөлүүд өөр өөрсөдтэйгөө гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Заамар сумын засаг даргад холбогдуулан гаргасан.

Анхан шатны шүүх тухайн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалтыг буруу тайлбарласнаас болоод манай үйлчлүүлэгч “САБ” нөхөрлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх ёстой байсныг хангаж шийдвэрлэлгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж бид үзэж байгаа болно.

 

6.2. Монгол Улсад ашигт малтмалын тойм судалгаа хийх, эрэл хийх, хайгуул хийх, ашиглах зэрэг асуудлыг зохицуулсан төрөлжсөн хууль, уг хуультай нийцүүлэн гаргасан дүрэм журмууд байдаг. Эдгээрээс бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах харилцааг зохицуулсан хууль зүйн үндсэн эх сурвалж нь Ашигт малтмалын тухай хуульд дор дурдсан зүйл заалтууд байна. Үүнд:

3.2. “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална.”, 4.1. “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1.23. "бичил уурхай эрхлэх" гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг, 7.3. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ, 11.1. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд "төрийн захиргааны байгууллага" гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:, 11.1.13. тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах, бичил уурхайн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар талбай олгох дүгнэлт гаргах; 12.1. Ашигт малтмалын асуудлаар аймгийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 12.2.1. бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд хяналт тавих; 12.2.4. бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээний хэрэгжилтийг хангуулах, гэрээ байгуулсан тухай мэдээллийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх, 35.6. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, бичил уурхайгаас алт олборлогч нь олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтааж тушаана.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 заалтаас харахад бичил уурхайн үйл ажиллагаа явуулах харилцааг зохицуулсан тухайлсан эрх зүйн акт нь журам байх бөгөөд уг журмыг Монгол Улсын Засгийн газар батлахаар заасан байна. Үүний дагуу маргалдагч талууд буюу нэхэмжлэгч нөхөрлөлүүдийн хувьд хамгийн анх хүсэлтээ гаргаж байсан цаг үед буюу ялангуяа САБ нөхөрлөлийн хамгийн анхны хүсэлт гаргаж байх цаг үед хүчин төгөлдөр байсан журам нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дугаар тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам" хүчин төгөлдөр байсан байдаг.

 

6.3. Уг журмын 2.4 дэх заалтад "Сум, дүүргийн Засаг дарга энэ журмын 7.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу байгуулна" гэж заасан байх ба хавтаст хэргийн 3-р хавтасны 88-93 дахь талд авагдсан баримтуудаас харахад САБ нөхөрлөл нь маргалдагч бусад нөхөрлөлүүдээс хамгийн түрүүнд буюу 2017 оны 6 сарын 23-ны өдрөөс өмнө доорх зурагт харуулсан солбицол бүхий талбайд бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар хүсэлт гаргаж байсан, уг хүсэлтийг сум, аймаг нь дэмжээд Ашигт малтмал, газрын тосны газарт уламжилж байсан болох нь тогтоогдож байгаа юм. ...уг талбай дээр хожим бусад нөхөрлөлүүд давхцуулан бичил уурхайн үйл ажиллагаа явуулах хүсэлтүүд гаргадаг.

Үүнээс хойш САБ нөхөрлөлийн хувьд хүсэлтээ хэд хэдэн удаа шинэчилж гаргаж байсан ба энэ бичил уурхайн журам шинэчлэгдэх болгонд тухайн шинээр батлагдсан журамд нийцүүлэн хүсэлтээ шинэчилж байсан бөгөөд энэ нь бүр цоо шинээр хүсэлт гаргаж байгаа явдал огт биш юм.

САБ нөхөрлөлийн хувьд дээрх 2017 онд гаргаж байсан хүсэлтээсээ хойш 2022 оны 5 сарын 11-ний өдөр тухайн талбайд дараагийн хүсэлтээ гаргасан байдаг бөгөөд уг хугацаагаар авч үзвэл мөн л бусад нөхөрлөлүүдээс хамгийн түрүүнд хүсэлтээ гаргасан гэж үзэх бүрэн боломжтой байдаг. Үүнтэй холбоотой баримт нь хавтас хэргийн 4 дүгээр хавтасны 183 дахь талд авагдсан...

 

6.4. ...Бусад нөхөрлөлүүдийн гаргасан хүсэлтүүд нь цаг хугацааны хувьд САБ нөхөрлөлийн гаргасан хүсэлтээс бүгд хойно байдаг болон зарим хүсэлтийнх нь зураг нь алдаатай, дэмжигдэх ямар ч боломжгүй байдалтай байдаг.

Тодруулбал "Кадастрын ажлын зураглал" Барилгын норм ба дүрэм 11-11-16-н 12.4-т "Нэгж талбар бүрийн хил хязгаарын эргэлтийн цэгийг дугаарлахдаа зүүн доод талын эргэлтийн цэгээс эхлэн цагийн зүүний эргэлтийн дагуу 1... № хүртэл дэс тоогоор дугаарлана" гэж заасан байдаг. Гэтэл САБ нөхөрлөлөөс бусад бүх нөхөрлөл эргэлтийн цэгийн дугаарлалтаа алдаатай хийснээс талбайн кадастрын зураг нь бүгд алдаатай гарсан байдаг. Үүнийгээ тухайн нөхөрлөлүүд анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хүртэл хэн нь мэдээгүй явж ирсэн байдаг бөгөөд энэ талаар геодези зураг зүйн ямар ч мэдлэггүй байгаа нь харагддаг.

Нэгэнт алдаатай зурагтай учраас тухайн нөхөрлөлүүдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх ямар ч боломжгүй болно.

МХН, ДЗ, ЧСҮ, ЗЗ нөхөрлөлүүдийн зургийн алдаануудыг дараах байдлаар тайлбарлаж байна. ДЗ, МХН, ЧСҮ, ЗЗ нөхөрлөлүүдийн гаргасан хүсэлтүүдэд дурдсан солбицлын эргэлтийн цэгүүдийг дарааллын дагуу хооронд нь холбож үзвэл шугамууд нь нь хоорондоо огтлолцон байдалтай маш ноцтой алдаатай зураг зурагдаж байсан бөгөөд уг алдаанаас болж Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгэгдээгүй байдаг. ....

МХНгийн гаргасан алдаа биш, бусад нөхөрлөлүүд буюу ЧСҮ, ДЗ нөхөрлөлүүд энэ алдаатай зургийг бүгд ашиглаж алдаа гаргасан байдаг. Гэтэл Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс Төв аймгийн засаг даргын тамгын газарт хандсан "Залруулга гаргах нь" гэсэн гарчигтай №24 дугаартай албан бичиг 2020 оны 08 сарын 21-ний өдрийн огноотой, дарга Ш.Г гэсэн гарын үсэг тамгатай бичгийг иш татан уг алдааг залруулсан талаар ДЗ нөхөрлөлийн хуульчид тайлбарлаж мэтгэлцдэг. Гэхдээ уг баримтаар ямар нөхцөл байдлыг хэрхэн яаж нотлох нь эргэлзээтэй, анхнаасаа ДЗ нөхөрлөл уг алдааг гаргасан юм уу, эсвэл хүсэлтийг цааш нь уламжилж байгаа сум орон нутаг алдаа гаргасан юм уу, аль нь тодорхойгүй байдалтай байгаа юм.

 

6.5. Эдгээрээс гадна ЗЗ нөхөрлөлийн гаргасан хүсэлт нь мөн л алдаатай зурагтай, хамгийн анх буюу Төв аймгийн Заамар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 4 сарын 14-ний өдрийн №01 тоот тогтоолд дурдагдсан байршил нь маргаж байгаа талбайгаас зүүн хойд зүгт 800 орчим метр зайд байрласан байна.

Дээрх зургаас харахад ЗЗ нөхөрлөл нь 2017 онд хүсэлт гаргахдаа өөр байршилд хүсэлтээ гаргаж байсан нь харагдаж байна. Түүнчлэн ЗЗ нөхөрлөлийн 2022 оны 8 сард гаргасан хүсэлт нь хэрэгт авагдаагүй байгаа бөгөөд харин тухайн үед Ашигт малтмал газрын тосны газарт хандан гаргасан "Бичил уурхай ашиглах чиглэл авах тухай" албан бичигт дурдагдсан байгаа 12 эргэлтийн цэг бүхий солбицлуудаар зураг гаргаж үзвэл мөн л алдаатай, 3-н шугам ... огтлолцсон байдалтай зураг зурагдаж байна.

Нөхөрлөлүүдийн зургийн алдаанаас гадна анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа дараагийн асуудал нь шүүхийн шийдвэрт (21-р тал) Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 сарын 18-ны өдрийн 355, 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 17 дугаартай тогтоолуудын дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас Бичил уурхайн зориулалтаар дүгнэлт гаргахгүй байхыг үүрэг болгосон учраас Бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулсан нөхөрлөлүүдийн хүсэлтийн дагуу дүгнэлт гаргахаас татгалзаж шийдвэрлэсэн гэжээ. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбоотой харилцааг тухайлан зохицуулсан журам нь хамгийн анх Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 308 дугаартай тогтоолоор батлагдаж, үүнээс хойш 2017 оны 151, 2022 оны 296 дугаартай тогтоолуудаар батлагдсан журмуудаар зохицуулагдаж иржээ.

Анхан шатны шүүх Засгийн газрын 2019 оны 355 дугаартай тогтоол гарснаар 2017 оны 151 дугаартай тогтоолын дагуу явагдаж байсан харилцааг бүхэлд нь дуусгавар болгосон гэж тайлбарласан нь огт үндэслэлгүй гэдэг нь 2022 оны 296 дугаартай тогтоолын 3 дугаар заалтад 2017 оны 151, 2019 оны 355 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаагаас харж болно. Тодруулбал 2019 оны 355 дугаартай тогтоолоор 2017 оны 151 дугаартай тогтоолыг хүчингүй болгоогүй, гагцхүү бичил уурхай эрхлэгч этгээдэд тавигдах шаардлагыг хангахгүй болсон, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдийн гэрээг цуцлах, дүгнэлт гарсан талбайд шинээр гэрээ байгуулахгүй байх, 2019 оныг дуустал хугацаанд шинээр дүгнэлт гаргахгүй байх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд урьд өмнө нөхөрлөлүүдийн гаргасан өргөдлийг хүчингүй болгох, эсвэл дахин өргөдөл авахгүй байх асуудлыг огт шийдвэрлээгүй байна.

 

6.6. Гэтэл хариуцагч талаас 2022 оны 296 дугаар тогтоол гарч шинэ журам мөрдөж эхэлснээр нөхөрлөлүүдийн гаргасан хүсэлтийг шинээр дараалал тогтоон тоолж эхэлсэн, улмаар ЗЗ нөхөрлөлийн хүсэлт 2022 оны 8 сарын 20-нд ирснээрээ хамгийн түрүүнд ирсэн өргөдөл гэж тооцно гэдэг тайлбар нь үндэслэлгүй юм.

Учир нь үүнээс өмнө үйлчилж байсан журмын хүрээнд САБ нөхөрлөлийн 2017 онд гаргасан хүсэлт нь бусад нөхөрлөлүүдээс хамгийн түрүүнд гаргасан хүсэлт байгаа болно. Түүнчлэн журамд заасан процессын шаардлага хангагдаагүй асуудал нь хариуцагч талын ажлын хариуцлагатай шууд хамаатай бөгөөд нэхэмжлэгч САБ нөхөрлөлийн буруутай үйл ажиллагаа биш юм.

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эсхүл хүчингүй болгох байдлаар шийдвэрлэж САБ нөхөрлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий талбайд бичил уурхайн үйл ажиллагаа явуулж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж давж заалдах гомдлыг өгнө үү.” гэжээ.

 

7. Нэхэмжлэгч “САБ” ЗГБХ нөхөрлөлийн өмгөөлөгч Б.Х, Ц.Б нараас давж заалдах гомдолдоо:

7.1. “САБ” нөхөрлөл нь 2017 оноос эхлэн Төв аймгийн Заамар сумын нутаг СА нэртэй газарт бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох хүсэлтээ гаргаж ирсэн. Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр "Бичил уурхайгаар ашиглах газрыг шийдвэрлэх тухай" тогтоолоор бичил уурхайн хэлбэрээр ашигт малтмал олборлох талаар нөхөрлөлүүдээс гаргасан хүсэлтийг хүлээн авч бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын солбицлыг нэгдүгээр хавсралтаар баталсан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн тогтоолыг өөрчилж буюу хүчингүй болгоогүй байна.

Тогтоолын хавсралтын 72 дугаарт "С" (одоогийн "САБ") нөхөрлөлийн гаргасан хүсэлтийг үндэслэн бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын солбицлыг баталсан бөгөөд тухайн талбай нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 10/3343 дугаар албан бичгээр Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн дүгнэлтэд тусгагдсан талбайтай 0.54 гектар талбайгаар хэсэгчлэн давхцалтай болох нь хэргийн материалд авагдсан Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас шүүхэд хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07/1333, 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 07/558, Ашигт малтмал, газрын тосны газраас шүүхэд хүргүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/1280 дугаар албан бичгээр тогтоогддог.

Мөн Төв аймгийн Засаг даргаас 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/1899 дүгээр албан бичгээр Заамар сумын Засаг даргад асуудал шийдвэрлүүлэх үүрэг өгч, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 8.1.3-т заасны дагуу дүгнэлт гаргуулах боломжтой нөхөрлөлүүдийн нэр, солбицол, талбайн хэмжээг тус тус баталсан бөгөөд "САБ" нөхөрлөлийн талбай нь дээр дурдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10/3343 дугаар дүгнэлтэд тусгагдсан талбайтай 1.44 гектар талбайгаар давхцалтай болох нь хэргийн 6 дахь хавтасны 159 дэх талд авагдсан баримтаар тогтоогддог. Анхан шатны шүүх ч шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.2-т энэ талаар дүгнэжээ.

 

7.2. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч "САБ" нөхөрлөлийн 2020 оноос өмнө гаргаж байсан хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 355 дугаар тогтоолын 1.6-д зааснаар бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлтийг 2019 оныг дуусталх хугацаанд гаргахгүй байхыг үүрэг болгосон. Энэхүү үүргийн хүрээнд ч Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гаргахгүй байгаа болно гэх хариуг өгч байсан нь тухайн цаг хугацаанд л дүгнэлт гаргах боломжгүй гэх утгаар тайлбарлагдах бөгөөд сонирхогч этгээдийн хүсэлтийг эцэслэн шийдвэрлэсэн үр дагаварт хүргэхгүй юм.

Маргааны гол зүйл болсон Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10/3343 дугаар дүгнэлтэд тусгагдсан талбай нь өмнө нь хүргүүлж байсан хүсэлтэд дурдсан талбайн солбицолтой адилхан байдаг. Энэ ч утгаараа өмнө гаргаж байсан хүсэлтэд татгалзсан бөгөөд дараа дараагийн хүсэлтэд боломжтой гэж хариу өгөх, ийнхүү шийдвэрлэх нь зөв мэтээр дүгнэх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй.

 

7.3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.6-д "...өргөдөлд журмын хавсралтад заасан бичил уурхайн үндсэн сургалтад хамрагдсан гэрчилгээ, бичил уурхайчдын үнэмлэхийн хуулбарыг бүрдүүлж өгөх нөхцөл бүрдээгүй. Иймд журмын 2.4-т заасны дагуу өргөдлийг хүлээн авах үндэслэлгүй" гэх дүгнэлтийг хийхдээ зөвхөн нэхэмжлэгч "МХН" ББН, "ЧСҮ" ЗБН, "ДЗ" ЗБН, гуравдагч этгээд "ЗЗ" ЗБН-ийн гаргасан өргөдөлд үндэслэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч "САБ" нөхөрлөл нь бичил уурхайн сургалтын гэрчилгээ, үнэмлэхний зөрчилгүй учир түүний гаргасан өргөдлийг хүлээн авах ёстой гэх дүгнэлтэд хүрч болно.

Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.8-д "САБ" ЗГБХН-ийн өргөдөлд хавсарган ирүүлсэн гэх бичил уурхайчдын үнэмлэхийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр олгосон зэрэг зөрчилтэй.... гаргасан өргөдөл нь өргөдлийн бүрдэл хангаагүй" гэх зөрүүтэй дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй.

Хэргийн материалд авагдсан Төв аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/1899 дүгээр албан бичигт дурдсанаар бүрэн материал ирүүлсэн 60 нөхөрлөлийн, мөн хөндөгдсөн газарт буюу Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журмын 8.1.3- т заасны дагуу дүгнэлт гаргуулахаар "Ашигт малтмал, газрын тосны газарт уламжлах саналтай 13 нөхөрлөлийн нэг нь нэхэмжлэгч "САБ" нөхөрлөл болох нь тогтоогддог.

Үүнээс үзэхэд "САБ" нөхөрлөл нь баримт бичгийн бүрдэл дутуу буюу гэрээ байгуулах боломжгүй гэж дүгнэх боломжгүй бөгөөд энэ агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн материалд авагдсан баримтад үндэслээгүй буюу хуульд нийцээгүй болно.

 

7.4. Мөн Заамар сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/166 дугаар албан бичиг (хх5 170-173)-т "САБ" нөхөрлөлийн баримт материалын бүрдэл хангагдсан талаар тусгасан хэдий ч шүүрч, тухайн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна.

Нэхэмжлэгч "САБ" нөхөрлөлийн гаргасан хүсэлтийг үндэслэн орон нутгаас гаргасан шийдвэрт дурдсан талбайн солбицол Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10/3343 дугаар дүгнэлтэд тусгагдсан талбайн солбицолтой хэсэгчлэн давхцалтай болох нь тогтоогддог. Энэ ч утгаараа тухайн нөхөрлөлд бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг даалгах бүрэн боломжтой юм.

Харин шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.8-д зааснаар "...тус нөхөрлөлийн гаргасан өргөдлийг үндэслэн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн дүгнэлт гараагүй байх тул тус нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулах үндэслэлгүй" гэх дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимтай нийцэхгүй.

 

7.5. Тодруулбал, аливаа этгээдийн хуулийн дагуу хийсэн үйлдэл нь хууль, эрх зүйн акт өөрчлөгдсөнөөр дагаж өөрчлөгдөхгүй гэдэгт итгэлтэй байхыг итгэл хамгаалах зарчимд хамааруулан ойлгодог. "САБ" нөхөрлөлийн 2017 оноос хойш гаргаж байсан хүсэлтэд дурдсан талбай Ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлт гарсан талбайтай хэсэгчлэн давхцалтай, мөн 2017 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журмын дагуу гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан материал нь бүрдэл хангагдсан, татгалзах үндэслэл байгаагүй тохиолдолд түүний бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулах эрх буюу хууль ёсоор үүссэн итгэл хамгаалагдах учиртай. Гэтэл сүүлд батлагдан хэрэгжиж эхэлсэн журамд нийцээгүй гэх агуулгаар түүний эрх, ашиг сонирхлыг хөндөх буюу эрх зүйн байдлыг дордуулах нь тухайн зарчмыг зөрчиж байна.

 

Иймд, дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2025/0005 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч "САБ" ЗГБХН-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

8. Нэхэмжлэгч “МХН” ББН-ийн гүйцэтгэх захирал Б.С давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэргийг хянан хэлэлцэх явцдаа дараах нотлох баримтуудыг харгалзан үзээгүй шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

 

8.1. Үндэслэл 1: Шүүхийн шийдвэрийн 27-р хуудасны 1.9-д “МХН” ББН-ийн материалын нотлох баримтыг шинжлэн судалж авч үзэхдээ манай нөхөрлөлийг 9-н гишүүнтэй байхад 10-н гишүүнтэй байна гэж буруу дүгнэж үндэслэлдээ тусгасан.

Мөн тус нөхөрлөлийн гишүүнээс Б-ын С Улаанбаатар хотын Ч дүүрэгт, Д-ийн О нь Улаанбаатар хотын С дүүрэгт, Х-ийн Г нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт тус тус оршин суух хаягтай, тухайн талбайг сонгосон үндэслэл тайлбар хавсаргаагүй зэрэг зөрчилтэй байх гэсэн нь үндэслэлгүй юм.

 

Учир нь “МХН” ББН нөхөрлөл нь 2022 оны 10-р сарын 24-ний өдөр үүсгэн байгуулах гэрээ хийх тухайн үед зөвхөн иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаяг ба тухайн цаг үе буюу бидний маргаж байгаа 2023 оны 01-р сарын 12-ны 15 цаг 46 минутад нөхөрлөлийн бүх гишүүд журмын 2-дугаар зүйлийн 2.3.2-т заасан "тухайн аймаг, нийслэлд оршин суугчаар бүртгүүлсэн бичил уурхай эрхлэгч байх" гэсэн заалтыг зөрчөөгүй бөгөөд өмнө нь 2022 оны 12-р сарын 23-ны өдрийн өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 394 дугаарт бүртгэлтэй Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гаргаж байсан өргөдөл, хүсэлтэд Төв аймгийн Заамар сумын Х 3-дугаар багийн Засаг дарга Ж.Хандмаагийн 2022 оны 11-р сарын 29-ний тухайн аймаг суманд оршин суугчаар бүртгүүлсэн болохыг тодорхойлсон тодорхойлолтууд хавтаст хэрэгт авагдсан байхад шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрээ гаргахдаа харгалзан үзээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан байхад дараах хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дараах нотлох баримтыг үнэлсэнгүй гэж үзэж байна.

 

8.1.1. Үүнд: Оршин суух хаягийн тодорхойлолтууд нь 1 дүгээр хавтаст хэргийн 11,12,13,14 хуудсанд нотлох баримтаар авагдсан байгаа. Мөн 2024 оны 6 дугаар сарын 12-нд шүүхэд өгсөн гэрчүүдийн мэдүүлэг 6 дугаар хавтаст хэргийн 19-р хуудас гэрч С.Г-ийн мэдүүлэг: 3-р догол мөр:

Асуулт: Анх бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдөл материалыг хэн хүлээж авдаг вэ гэхэд:

Хариулт: Архив бичиг хэргийн эрхлэгч бүртгэж аваад, Засаг даргад танилцуулаад Засаг даргаас цохолтоор ажилтан руу шилжүүлдэг. Энэ дарааллаар явдаг гэв.

Асуулт: Ямар нөхөрлөл бичиг баримтын бүрдлээ хангаж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлт гаргаж өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт хамгийн түрүүнд бүртгэгдсэн бэ. Энэ талаар мэдэх үү гэхэд:

Хариулт: Яг бүртгэлийн дэвтэр харж байж хэлэхгүй бол бол сайн мэдэхгүй байна. Ер нь бол бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэнээр явдаг. Байгаль орчны байцаагч /гэрч Г.Г-О/ журамд заасны дагуу бүрдүүлэх ёстой материалыг бүрдүүлсэн тохиолдолд та авна шүү гэж зөвлөдөг. Би түүнийх нь дагуу шалгаж хүлээж авдаг гэв.

Асуулт: Тухайн маргаан бүхий СУ  гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу бичиг баримтаа бүрэн бүрдүүлж өгсөн нөхөрлөл байсан уу гэхэд:

Хариулт: Яг журамд заасны дагуу бичиг баримт бүрдсэн гэх нөхөрлөлүүдийн баримтыг өргөдөл бүртгэлийн дэвтэртээ авч бүртгэдэг. Бүрдүүлэх ёстой журамд заасан баримтуудтай тулгаж авдаг гэв.

6 дугаар хавтаст хэргийн 15-р хуудас гэрч Г.Г-О-ын мэдүүлэг: 9 дүгээр догол мөр:

Асуулт: Ямар нөхөрлөл бичиг баримтын бүрдлээ хангаж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлт гаргаж өргөдөл гомдлын дэвтэрт хамгийн түрүүнд бүртгэгдсэн бэ. Энэ талаар та мэдэх үү гэхэд.

Хариулт: Ирсэн өргөдлүүдийг шалгаж үзэхэд "МХН" ББН 2023 оны 01 дүгээр сарын 11-нд сургалтад сууж гэрчилгээ аван 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сумын Засаг даргаас бичил уурхай эрхлэгчийн үнэмлэхээ аван материалын бүрдлийг хангасан байсан.... Эдгээр материалыг он сарын дарааллаар шалгаж үзэхэд "МХН” ББН нөхөрлөл нь цаг хугацааны хувьд бүрдүүлэх материалыг хамгийн түрүүнд хангасан гэж мэдүүлсэн. Эдгээр гэрчүүд /төрийн албан хаагчид/ С.Г, Г.Г-О-ын нарын мэдүүлэг нь "МХН” нөхөрлөл нь Бичил уурхайгаар өргөдөл хүсэлт гаргахдаа бичиг баримтын бүрдэл хангасан үндэслэл тайлбарыг хавсаргасан дутуу бичиг баримт материал байхгүйг мөн хаягийн зөрчилгүйг давхар нотолсон байхад анхан шатны шүүх нотлох баримтыг шийдвэртээ үнэлж дүгнэлгүй шийдвэрлэсэн байна.

 

8.1.2. Шүүхийн шийдвэрийн 24-р хуудасны эхний догол мөр:

Нэхэмжлэгч "МХН" ББН-ийн өргөдөлд хавсарган ирүүлсэн "Бичил уурхайн үндсэн сургалт"-ад хамрагдсан гэрчилгээ нь 2023 оны 01 сарын 11 өдөр олгогдсон 0003069, 0003070, 0004557, 0004559, 0004557, 0004562, 0004560, 0004564, 0004558 дугаартай бичил уурхайчдын үнэмлэх нь 2023 оны 01 сарын 12- ны өдөр олгогдсон 001-009 дугаартай.

Шүүхийн шийдвэрийн 25-р хуудасны 6-р догол мөр:

Дээрх бичил уурхайчдын үнэмлэх, бичил уурхайн үндсэн сургалтад хамрагдсан гэрчилгээнээс үзвэл 2023 оны 01-р сарын 12-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч "МХН" ББН-ийн 2022 оны 12-р сарын 23-ны өдрийн өргөдөл, "ЧСҮ" ЗБН-ийн 2022оны 09-р сарын 26-ны өдөр, 2022 оны 12-р сарын 7-ны өдөр тус тус гаргасан өргөдөл, "ДЗ" ЗБН-ийн 2022 оны 09-р сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл, 2022 оны 11-р сарын 29-ний өдөр гаргасан өргөдөл, гуравдагч этгээд "ЗЗ" ЗБН-ийн 2022 оны 08-р сарын 20-ны өдөр, 2022 оны 09-р сарын 20-ны өдөр тус тус гаргасан өргөдөлд журмын хавсралтад заасан бичил уурхайн сургалтад хамрагдсан гэрчилгээ, бичил уурхайчдын үнэмлэхний хуулбарыг бүрдүүлж өгөх нөхцөл бүрдээгүй байна. Үүнээс үзэхэд 2023 оны 01-р сарын 12-нд "МХН" ББН нөхөрлөл нь Заамар сумын Засаг даргын Тамгын газарт бичиг баримтын бүрдлийг хангаж өгсөн нь тогтоогдож байна. Энэ нь гэрч Г.Г-О-ын мэдүүлгээр давхар батлагдаж байгаа болно.

Иймд "МХН" ББН нөхөрлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 46 минутад гаргасан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гаргасан өргөдөл хүсэлт нь 1-р хавтаст хэргийн 15, 16-р хуудсанд авагдсан, үндэслэл тайлбарт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын; Нэг

Ерөнхий зүйлийн 1.2, 1.5,1.6 болон 1-р зүйлд заасан шаардлагыг бүхэлд нь хангасан байхад анхан шатны шүүх үнэлж дүгнэлт хийсэнгүй.

 

8.2. Үндэслэл 2: Шүүхийн шийдвэрийн 27-р хуудасны 1.9-д "МХН” ББН-өөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 46 минутад гаргасан өргөдөлд хавсарган ирүүлсэн материалаас үзвэл "...өргөдөлд гаргах хавсаргах баримтаас "тухайн талбайг сонгосон үндэслэл тайлбар"-ыг хавсаргах шаардлагыг хангаагүй байх тул..." өргөдлийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь: Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолын хавсралт болох "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.1-т заасны дагуу 1 дүгээр хавсралтад заасан холбогдох бүрдлийг ханган "МХН" ББН-өөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 46 минутад журамд заасан баримт материалыг бүрэн хангаж өгсөн байхад анхан шатны шүүх холбогдох баримтыг буруу үнэлж дүгнэсэн бөгөөд манай нөхөрлөл нь дээрх журмын шаардлагыг ханган хүсэлтэд тухайн талбайг сонгосон үндэслэл тайлбарыг дурдаж өгсөн болно.

 

8.2.1. Шүүхийн шийдвэрийн 28-р хуудасны эхний догол мөр: "МХН" ББН-ийн гаргасан өргөдөл журамд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн "МХН" ББН-ийн гаргасан хүсэлтээр Төв аймгийн Заамар сумын Засаг даргаас 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 1/357 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт дүгнэлт гаргуулах хүсэлтийг уламжилсан хэдий ч Ашигт, малтмал газрын тосны газраас "... журамд дүгнэлтийг аймгийн Засаг дарга руу илгээх тул нөхөрлөлд хамаарахгүй" гэж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10/3343 дугаар дүгнэлт нь тус нөхөрлөлийн өргөдлийг үндэслэн гараагүй байх тул бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг хоёр өөр талаас буруу үнэлж дүгнэсэн байна.

 

Учир нь манай нөхөрлөл нь 2022 оны өргөдлийн хүсэлтээр бус 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдөл хүсэлтийн шаардлагыг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 10/3343 тоот дүгнэлт нь (2дугаар хавтаст хэрэг 2 дахь догол мөрнөөс доош 6,7,8,12,14 дүгээр мөр) 296-p тогтоолын журмыг баримтлан Төв аймгийг Заамар сумын СА нэртэй 1.5 га газарт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлуулахаар дүгнэлт гарсан талбай нь, (1-р хавтаст хэрэг 15 дугаар хуудас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдөл, 16-р хуудас Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Ат гаргасан өргөдөл хүсэлт) "МХН ББН" нөхөрлөл нь 296-р тогтоолын журмыг баримтлан Төв аймгийн Заамар сумын СУ (СУ , СА гэж нэрлэгддэг ч нэг л газар юм) 1.5 га газарт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдөл хүсэлт гаргасан талбайтай нэршил болон газар зүйн байрлал нь давхцаж байхад дүгнэлтэд заасан талбайтай хамааралгүй мэтээр тайлбарлаж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ хийх боломжгүй гэж дүгнэсэн үндэслэл нь нотлох баримтуудыг бүрэн гүйцэд шинжилж судлан үнэлээгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн 25 дугаар хуудасны 6 дугаар догол мөрд хэрэгт авагдсан болон талуудын гаргаж өгсөн баримтыг зөв үнэлж дүгнэсэн бөгөөд манай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо зөрүүтэй дүгнэсэн гэж үзэж байна.

 

8.2.2. Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 123/ШШ2025/0005 дугаартай шийдвэрийн манайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай "МХН" ББН-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

9. Нэхэмжлэгч “ЧСҮ” ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А давж заалдах гомдолдоо:

 

9.1. “ЧСҮ” ЗБН нь 2022 оны 09 сарын 19-ний өдрийн үүсгэн байгуулах гэрээгээр 6 гишүүнтэй байгуулагдаж, 2022 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн үүсгэн байгуулах гэрээгээр 9 гишүүнтэй болсон байна.

Тус нөхөрлөлөөс өргөдөлд хавсаргасан бичил уурхайчдын үнэмлэх Төв аймгийн Заамар сумын Засаг даргаас 2023 оны 01 сарын 23-ны өдөр олгосноос үзвэл уг баримтыг өргөдөлд хавсаргах боломжгүй юм.

"ЧСҮ" ЗБН-өөс өргөдөл журмын хавсралт 1-ын өргөдөлд хавсаргах баримтаас "бичил уурхайчдын үнэмлэхийн хуулбар"-ыг хавсаргаагүй зөрчилтэй байх тул журмын 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт "Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаагүй иргэнийг гишүүнээр авсан бичил уурхай эрхлэгч этгээдийн өргөдлийг хүлээн авахгүй" гэж заасны дагуу өргөдлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

"ЧСҮ" ЗБН-ийн гаргасан өргөдөл нь Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолоор баталсан журамд заасан шаардлагыг бүрэн хангаагүй, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/372 албан бичгээр "ДЗ" ЗБН, "ЧСҮ" ЗБН зэрэг нэр бүхий 10 нөхөрлөлийн хүсэлтийг Төв аймгийн Засаг даргад уламжилсан байх хэдий ч, Төв аймгийн Засаг даргаас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/1789 дугаар албан бичгээр зөвхөн "ДЗ" ЗБН хүсэлтийг уламжилсан, "ЧСҮ" ЗБН-ийн гаргасан өргөдлийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2022 оны 07 сарын 03-ны өдрийн 10/3343 дугаар дүгнэлт гараагүй.

 

9.2. Иймд "ЧСҮ" ЗБН-ийн Төв аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Заамар сумын Х 3 дугаар багийн нутаг "СУ " гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахгүй байгаа Төв аймгийн Заамар сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэжээ.

 

Гэвч дээрх шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Учир нь Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолоор баталсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 21-т "Бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийг тухайн сум, дүүргийн Засаг даргад энэ журмын 1 дүгээр хавсралтад заасны дагуу гаргана" гэж заасан.

Дээрх журмын хавсралт №1-т Үүсгэн байгуулсан гэрээ, дүрмийн хуулбар, Бичил уурхайчдын үнэмлэхийн хуулбар. Нөхөрлөл буюу хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Олборлолт явуулах талбайн байршлын зураг, Бичил уурхайчдын албан татвар төлөгчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Бичил уурхайчдын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Тухайн талбайг сонгосон үндэслэл, тайлбар, Бичил уурхайн нөхөрлөлийн гишүүдийн "Бичил уурхайн үндсэн сургалтад хамрагдсан гэрчилгээ" зэрэг дээрх 8 материалыг бүрдүүлж өгөх шаардлагатай.

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 2.5-д "Сум, дүүргийн Засаг дарга нь энэ журмын 5.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тухайн талбайд гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран байгуулна" гэж заажээ.

Харин "ЧСҮ" ЗБН-ийн хувьд Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нөхөн сэргээлтийн болон бичил уурхайгаар олборлох гарал үүслийг тодорхойлох сургалтыг зохион байгуулж, бичил уурхайчдад гэрчилгээ олгож эхлээгүй, Заамар сумын удирдлагуудаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа өгөх ажил зохион байгуулаагүй учир "ЭС" ХАБЭА сургалтын төвийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан.

 

9.3. Улмаар "ЧСҮ" нөхөрлөл нь Төв аймгийн Заамар сумын Х 3 дугаар багийн нутаг "СУ " гэх газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор Төв аймгийн Заамар сумын Засаг даргад 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөдөл, материал өгч өргөдлийн бүртгэлийн 322 дугаарт бүртгүүлсэн.

Гэтэл хариуцагч, Төв аймгийн Заамар сумын Засаг дарга нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу манай нөхөрлөлийн гаргасан өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу мэдэгдээгүй тул 2022 оны 12 дугаар сарын 07-ний өдөр дахин өргөдөл, материал өгч өргөдлийн бүртгэлийн 375 дугаарт дахин бүртгүүлсэн.

Ийнхүү хоёр дахь удаагаа өргөдөл өгөхөд Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газар нь "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна гэж үзэхийг мэдэгдээд өргөдлийг хүлээн авсан.

Тиймээс "ЧСҮ" нөхөрлөлийн гишүүд "Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо"-ноос 2023 оны 01 дүгээр сарын 10,11-ний өдөр Баянхонгор аймагт зохион байгуулагдсан сургалтад сууж, ингэснээр нөхөрлөлийн гишүүд Бичил уурхайн нөхөрлөлийн гишүүдийн "Бичил уурхайн үндсэн сургалтад хамрагдсан гэрчилгээ" авч Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоолоор баталсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын хавсралт 1-т заасан бүрдүүлэх материалын шаардлагыг бүрэн хангасан.

Учир нь "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 6.1 дүгээр зүйлийн 6.1.1-т "бичил уурхайгаар ашигт малтмал олборлох иргэдийг бүртгэж үнэмлэх олгох, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах" эрх, үүрэг нь сум дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал байх бөгөөд манай нөхөрлөлийн хувьд өөрсдөөс шалтгаалах бүхий баримт бичгийг бүрэн бүрдүүлж өгсөн.

Тиймээс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 40 минутад /өргөдлийн бүртгэлийн 04 дугаарт/ бичиг баримтын бүрдэл бүрэн хангасан буюу "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 23, 24 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж, "СУ " гэх газарт 15 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор өргөдөл гаргасан нөхөрлөлүүдээс хамгийн эхэнд буюу нэгдүгээрт өргөдөл гаргасан байна.

Гэвч Заамар сумын Засаг дарга нь манай нөхөрлөлтэй уурхай ашиглах гэрээ байгуулах үүрэгтэй байсан боловч албан тушаалын эрх мэдлээ хууль бусаар урвуулан ашиглаж "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 2.4, 2.5-д заасныг зөрчиж өргөдөл материал бичиг баримтын бүрдэл дутуу 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн "ЗЗ" нөхөрлөлтэй 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилгоор 01 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд улмаар хариуцагч Заамар сумын Засаг дарга Л.А нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/47 дугаар захирамжаар уг гэрээг цуцалсан.

 

9.4. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.1.3 дахь хэсэгт зааснаар бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийн бүртгэлийн дарааллаар сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах эрхтэй, мөн журмын 2.5-д "Сум, дүүргийн Засаг дарга нь энэ журмын 5.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тухайн талбайд гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран байгуулна" гэж заасан боловч Төв аймгийн Заамар сумын Х 3 дугаар багийн нутаг "СУ " гэх газарт 1.5 гектар талбайд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахгүй байгаа учир Төв аймгийн Заамар сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Иймд Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13 өдрийн 123/ШШ2025/0005 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

10. Хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг дарга давж заалдах гомдолдоо:

10.1. Тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2025/0005 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ыг шинэчлэн баталсан байдаг. Журмын 2.5-д зааснаар Сум, дүүргийн Засаг дарга нь энэ журмын 5.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тухайн талбайд гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран байгуулах үүрэг хүлээсэн болно.

 

10.2. Журам шинэчлэн батлагдсанаас хойш тус сумын нутаг "СУ " нэртэй газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай хүсэлтийг нэр бүхий 6 нөхөрлөлөөс Засаг даргын Тамгын газарт ирүүлж, Тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хүсэлтүүдийг бүртгэн авсан байна. Ашигт малтмал, газрын тосны газар дээрх нэр дурдсан газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлуулах дүгнэлтийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10/3343 тоот албан бичгээр гаргасанчлан сумын Засаг дарга "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 2.5-д заасны дагуу "СУ " нэртэй газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлтийг хамгийн түрүүнд гаргасан "ЗЗ" гэх нөхөрлөлтэй бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран гэрээ байгуулсан болно.

 

10.3. Мөн түүнчлэн нэг газарт давхардан ирсэн хүсэлтийг сумын Засаг дарга хэрхэн шийдвэрлэх талаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/379, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/11 тоот албан бичгүүдээр төрийн захиргааны байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө хүссэний дагуу Ашигт малтмал газрын тосны газраас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10/5279, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/473 тоот албан бичгээр тус тус хариуг ирүүлсэн хийгээд харин Төв аймгийн Хууль, эрх зүйн хэлтэст сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/62 тоот албан бичгээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө хүссэн боловч ямар нэг хариу ирүүлээгүй болохыг дурдъя. Тэрчлэн нэр дурдсан газарт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсантай холбогдуулан гаргасан гомдлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас хяналт шалгалт явуулсан бөгөөд тус газраас шалгалтын дүнг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 06/14247 дугаартай албан бичгээр ирүүлсэн байдаг.

 

10.4. Иймд өргөдлийн дарааллын дагуу хамгийн түрүүнд өргөдлөө ирүүлсэн “ЗЗ” нөхөрлөлтэй 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр №01 тоот гэрээг байгуулсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасан “... Төв аймгийн Заамар сумын Засаг даргын “ЗЗ” нөхөрлөлтэй 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоосугай” гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчилж өгнө үү.” гэжээ.

 

11. Гуравдагч этгээд “ЗЗ” ЗБН-ийн ахлагч М.М давж заалдах гомдолдоо:

 

11.1. Шийдвэрийн тогтоох хэсгийн... гуравдагч этгээд “ЗЗ” ЗБН-ийн Төв Аймгийн Заамар сумын засаг даргад холбогдуулан гаргасан "Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/47 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох" бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний алдаатай тухайд:

 -ҮНДЭСЛЭХ НЬ ХЭСГИЙН 1.11 буюу 30 дугаар нүүрний 3 дахь догол мөрөнд “...Тодруулбал “ЗЗ” ЗБН-ийн гаргасан өргөдөл бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчсөн түүнчлэн нөхөрлөлийн өргөдлийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт ирүүлээгүй байхад гэрээ байгуулсан нь үндэслэлгүй гэжээ. Гэтэл Төв аймгийн Заамар сумын засаг дарга 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/11 дугаар албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газарт хандсан байх бөгөөд тус бичгийн хариуг Ашигт малтмал газрын тосны газар 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/473 тоот албан бичгээр ирүүлсэн байгаа нь хавтаст хэрэгт авагдсан.

Ашигт малтмал, газрын тосны газар 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/473 тоот албан бичигт тухайлан дурдахдаа, ".... шинэчлэгдэн батлагдсан МУ-ын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 9 дүгээр зүйлд төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг заасан тухай дурдсан байдаг.

Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2023 оны 07 дугаар сарын 03- ны өдрийн 10/3343 тоот дүгнэлтийг үндэслэн,

2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын засаг дарга "ЗЗ" ЗБН нарын хооронд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулагдсан байдаг. Эдгээр хуулийн шаардлага хангасан дүгнэлт, албан бичиг, хүсэлт, гэрээ зэрэг нотлох баримтыг хэн ч үгүйсгээгүй, өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр байсаар байхад, шүүх..."ЗЗ" ЗБН-ийн гаргасан өргөдөл бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчсөн, нөхөрлөлийн өргөдлийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт ирүүлээгүй байхад гэрээ байгуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн байна.

11.2. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байгаа тухай: Шүүгчийн захирамжийн ҮНДЭСЛЭХ НЬ ХЭСГИЙН 1.11 30 дугаар нүүрний 3 дахь догол мөрний сүүлийн хэсэгт "... гуравдагч этгээд "ЗЗ" ЗБН гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрсөн хүсэлтээ Төв аймгийн Заамар Сумын Засаг даргад гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно" гэжээ. Гэтэл шүүх энэ хүсэлтийн агуулгыг буруу тайлбарласан буюу хүсэлт гарах болсон бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Тодруулбал,

Заамар сумын засаг дарга Л.А-ын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/330 дугаар АТГ-ын Мөрдөн Шалгах Хэлтсийн албаны дарга ахлах комиссар М.Д-д өгсөн тайлбарт "... Засаг даргын зүгээс "Бичил уурхай ашиглах журам"-ыг хэрэгжүүлж, гэрээ байгуулахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн асуудал байхгүй". Нэхэмжлэгч нөхөрлөлүүд Засаг даргатай эвлэрэх асуудлыг шийдвэрлэв гэсний дагуу энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сумын засаг даргын 2024 оны А/47 тоот захирамжаар гэрээг цуцалснаа хүлээн зөвшөөрч байна гэсэн байдаг.

Заамар сумын засаг дарга, "ЗЗ" ЗБН-ийг төлөөлж М.М, гуравдагч тал "Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо"-ны гүйцэтгэх захирал Б.Ц-т нар Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ № 01 2023.07.24-2027.7.24 ний хооронд жилийн хугацаатай үйлчлэхээр байгуулсан. Энэ гэрээн дээр бол маргаан байдаггүй.

 

Гэрээний 6.2 дахь хэсэгт зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэж өгснөөр дуусгавар болно гэж заасан.

Нөхөрлөлүүд хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор болж байгаа тул гэрээгээ цуцалж байна гэсэн агуулгаар хүсэлтээ өгсөн, гэхдээ ийм эвлэрэл огт явагдаагүй буюу одоо ингээд шүүх дээр маргаад явж байна.

"ЗЗ" ЗБН зөвхөн эвлэрэл амжилттай болсон нөхцөлд гэрээг цуцлах хүсэлттэй байсан, ийм нөхцөлөөр л цуцална гэдэг хүсэл зоригоо илэрхийлсэн бодит нөхцөлийг харгалзаж үзээгүй, үнэлээгүй.

Засаг дарга өөрөө ч гэрээг цуцлах хүсэл зориг бодитоор байгаагүй гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байгаа.

Хариуцагч Засаг дарга өөрөө Гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг хариу тайлбарыг удаа дараа өгч ирсэн зэрэг нөхцөл байдлыг тодруулалгүй гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит үнэнтэй нийцэхгүй, хариуцагчийн өөрийн хариу тайлбар, байр суурьтай ч нийцэхгүй байна. Ингэснээрээ шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэргийн бодит үнэнд нийцээгүй шийдвэр гаргажээ.

11.3. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт буюу, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан "ДЗ" ЗБН-ийн зарим нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын "ЗЗ" ЗБНөхөрлөлтэй 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан үйлдэл нь хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ. Шүүх ингэж үндэслэлгүй шийдвэр гаргахад хүргэсэн ямар бодит нотлох баримтууд, түүнд суурилсан үндэслэл бүхий хууль зүйн тайлбар байгаа нь огт ойлгомжгүй, цаашлаад "ДЗ" ЗБН-ийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн, эсхүл зөрчигдсөн нь тодорхойгүй, гэрээнээс үүдсэн үр дагавар байгаа эсэхийг тодруулаагүй байж эргэлзээтэй дүгнэлт өгсөнд гомдолтой байна.

 

11.4. Иймд хуулийн дагуу шалгараад хөрөнгө мөнгөө гаргаад ажлаа эхлүүлээд явж байсан “ЗЗ” ЗБН-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг үндэслэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2025/0005 дугаартай шийдвэр, мөн шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 123/Ш32024/0019 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч ДЗ ЗБН, МХН ББН, ЧСҮ ЗБН, САБ ЗГБХН нарын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд ЗЗ ЗБН-ийн бие даасан шаардлага Заамар сумын Засаг дарга Л.А-ын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/47 дугаартай захирамжийг хүчингүй болгохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

12. Гуравдагч этгээд “ЗЗ” ЗБН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах гомдолдоо:

12.1. Шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцээгүй тухайд: Монгол улсын Захиргааны хэргийн шүүхийн эн тэргүүний зорилт нь хүн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалах буюу эрх зүйн хамгаалалтыг үзүүлэх билээ. Өөрөөр хэлбэл Захиргааны шүүх нь эрх зүйн маргааныг шийдвэрлэнэ, эрх зүйн хамгаалалтыг үзүүлнэ, түүнээс биш захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга зам нь зөв эсэхийг хянахгүй юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ: "ДЗ" ЗБН-ийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ" байгуулсан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа: "журмын зохицуулалтаас үзвэл бүрдэл хангасан нөхөрлөлийн өргөдлийг хүлээн авсан сумын Засаг дарга аймгийн Засаг даргад хүсэлтээ уламжилж, аймгийн Засаг дарга нь Ашигт малтмал, газрын тосны газарт дүгнэлт гаргуулахаар хүсэлт уламжилж, Ашигт малтмал, газрын тосны газраас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн дүгнэлт гарган аймгийн Засаг даргад хүргүүлж, аймгийн Засаг даргаас сумын Засаг даргад тус дүгнэлтийг хүргүүлж, сумын Засаг даргын саналыг үндэслэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас газрыг тусгай хэрэгцээнд авч, түүний дагуу сумын Засаг дарга бүрдэл хангасан өргөдөл гаргасан нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг байгуулна,... "ЗЗ" ЗБН- тэй гэрээ байгуулсан нь журмын 2.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна..." гэж дүгнэснээс үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндсэн зорилтод нийцээгүй, захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга замыг зөв, бурууд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны шүүх "хууль ёсны зарчим"-ын хяналтыг хэрэгжүүлэхдээ, захиргаа шийдвэр гаргахдаа илт хууль зөрчсөн, өөрийн үзэмжээр шийдвэр гаргасан, эрх мэдлээ хууль бусаар ашигласан, эрх мэдлийн хүрээг хэтрүүлсэн, хуулиар зөвшөөрөгдөөгүй арга хэрэгслээр эрх мэдлээ хэрэгжүүлсэн, дураар авирласан, үндсэн хуулиар хамгаалагдсан болон захиргааны үйл ажиллагааны нийтлэг зарчмыг зөрчсөн бол захиргааны үйл ажиллагаа хууль бус болох юм.

Төв аймгийн Заамар сумын Засаг даргаас 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ" "ЗЗ" ЗБН-тэй гэрээ байгуулахдаа 2022.10.22-оос 2023.2.13-ны өдрийн хугацаанд тасралтгүй Аймгийн Засаг дарга, Ашигт малтмал газрын тосны газраас арга зүйн зөвлөмж авч ажилласан бөгөөд журамд заасан өргөдлийн дарааллыг баримтлах талаар чиглэл өгсөн албан бичгүүд хэрэгт авагдсан байдаг. 3-р хх-ийн 12-17, 123 хуудас, 6-р хх-ийн 153 хуудаст авагдсан баримтаар тогтоогдож байдаг.

Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газарт тус сумын Х 3 дугаар багийн нутаг СА гэх газар 1,5 гектар талбайд бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох өргөдөл 2022.8.18-аас 2023.1.13-ны өдрийн хооронд ирсэн байдаг. Заамар сумын Засаг даргын гэрээ байгуулах шийдвэр Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 2.5-д заасныг зөв хэрэглэж шийдвэр гаргасан бөгөөд энэ шийдвэр нь журмын заалт зөрчөөгүй талаар 3-р хх-ийн 17-р талд авагдсан 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 10/3343 дугаартай Ашигт малтмал газрын тосны газрын дүгнэлтэд "Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23, ...296 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 9.1.6-д заасантай нийцэж байгаа тул Төв аймгийн Заамар сумын нутагт доор дурдсан солбицол бүхий 2 талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай дүгнэлтийг гаргав" гэж дүгнэсэн дүгнэлт,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нараас Заамар сумын Засаг даргыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүртэл хандсан бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 06/14247 дугаартай албан бичигт "... Төв аймгийн Засаг дарга Д.М, Заамар сумын Засаг дарга Л.А нар нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг хууль бусаар байгуулж, давуу байдал бий болгосон гэх гомдол мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна, ... тус гомдолд дурдсан "ЗЗ" ЗБН нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай өргөдөл гаргасан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон" гэсэн хариу өгсөн байдаг.

Заамар сумын Засаг даргын зүгээс ирсэн өргөдлийг бүртгэж хүлээж авсан, шийдвэр гаргах үйл явцын дагуу журам хэрэгжиж эхэлсэн цаг хугацааны дарааллаар хуульд нийцүүлэн шийдвэр гаргаж, өргөдлийн дарааллын дагуу "ЗЗ" нөхөрлөлийг шалгаруулсан нь хууль, журамд нийцсэн байхад анхан шатны шүүх шийдвэр гаргах үйл явцыг буруу тайлбарлан дүгнэж, гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтойгоор хохироосон шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 10/3343 дугаартай дүгнэлт нь хүчин төгөлдөр захиргааны акт бөгөөд уг актад тухайн газрыг цаашид ашиглуулах талаар дүгнэлт гаргасан бөгөөд энэ актын эрх зүйн үндэслэлийн талууд маргаагүй байхад захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны процесст дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн явдал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх дүгнэлт гарснаас хойш нэг ч өргөдөл бүртгэгдээгүй бөгөөд дахин өргөдөл хүлээн авах нь өрсөлдөөний талбар дээрх тулаан адил хэтэрхий зохимжгүй бөгөөд хүчин төгөлдөр журам хэрэгжиж эхэлснээс хойш ирсэн өргөдлийн дарааллаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.

12.2. Гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн талаар: Шүүх шийдвэртээ Төв аймгийн Заамар сумын Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзсэн атлаа үүнээс үүдэлтэй гуравдагч этгээд ЗЗ ЗБН-ийн эрх ашиг хэрхэн хөндөгдөх, гарсан зардал, учирсан хохирлоо ямар шугамаар хэрхэн барагдуулах талаар огт дүгнэлт, хийгээгүй байна.

Гуравдагч этгээдийн хувьд хууль, журмын дагуу сонгон шалгараад хөрөнгө оруулалт оруулсан, үйл ажиллагаа эхэлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар түүний хууль ёсны эрх ашиг сонирхол хамгаалагдах учиртай. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн зүгээс энэ талаар тайлбар, санал хэлэхэд шүүхийн шийдвэрт нэг үг ч дурдаагүй, дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн.

Гуравдагч этгээд ЗЗ ЗБН бусад нөхөрлөлүүдтэй ижил зарчмаар Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газарт маргаан бүхий газрыг бичил уурхайн зориулалтаар ашиглах өргөдлийг өгсөн. Энэ утгаараа 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хамгийн эхэнд өргөдөл өгсөн нөхөрлөлөөр шалгарч, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 01 дугаартай Бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулан ажлаа эхлүүлж, их хэмжээний хөрөнгө бодитоор зарлагдсан байдаг. Энэ талаар холбогдох санхүүгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд 2-р хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн баримт, харуул хамгаалалтын гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, банкны зээлийн баримт, ажилчдын цалин, татвар, нийгмийн даатгал, унаа, хоол хүнс, ажилчдын байрлах байр гэх зэрэг маш их зардал гарсан бүгд баримтаар нотлогдож, тогтоогдох юм. /2-р хх-ийн 51-179 хуудас./

Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагааг зогсоож, санхүүгийн их хэмжээний алдагдал хүлээхээс гадна зөвхөн шүүхэд гаргаж өгсөн баримтын хүрээнд 700 сая төгрөгийн зардал гарч, санхүүгийн хүнд байдалд орсон, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн төдийгүй, энэхүү шийдвэрээс болж гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим болох Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

12.3. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд буюу 2024.04.08-ны өдрийн 123/2024/0019 дугаартай "Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" Шүүгчийн захирамж гаргасан. ЗЗ ЗБН нь Засгийн газрын 296 дугаар тогтоолын дагуу 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 01 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг байгуулан, 2024 оны 01 дүгээр сар хүртэл их хэмжээний санхүүжилт оруулсан.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 2024 оны 3 дугаар сард Заамар сумын Засаг дарга Л.А, МХН ББН, ДЗ ЗБН, САБ ЗГБН, ЧСҮ ЗБН нарын төлөөлөл бид хамтарсан зөвлөгөөн хийж, сумын Засаг дарга Л.А-аас та 5 нөхөрлөл хамтраад тухайн газартаа үйл ажиллагаа явуулж болохгүй юу, тэгвэл талбайгаа хувааж эзэмшээд хамтран ажиллах гэрээ байгуулаад, нэгдсэн нэг стандартаар бичил уурхайн үйл ажиллагаа явуулахад сумын орон нутгийн зүгээс татгалзах зүйлтгүй, шүүх дээр хэрэг маргаан удаашралтай байгаа учраас, шүүхээс эвлэрэх боломжтой эсэхийг асууж байсан учраас дээрх уулзалтыг хийж байгаа талаар танилцуулсан. Бүх хэргийн оролцогчид эвлэрээд шүүхийн маргаанаа дуусгаад явна гэсэн санаа гарсан юм.

Үүний дагуу талууд эвлэрээд, хамтраад явна гэсэн санаагаар хүсэл зоригоо илэрхийлсэн. Учир нь манай нөхөрлөлийн хувьд зээл авсан, хөрөнгө оруулалт хийсэн, үйл ажиллагаа зогссоноор санхүүгийн хүнд байдалтай байгаа учраас эвлэрэх боломжтой гэж харсан. Гэтэл Засаг дарга 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр А/47 дугаартай захирамж гарган манай эрх ашгийг ноцтойгоор хохироож, шүүх үүссэн нөхцөлд байдалд буруу дүгнэлт хийж 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 123/ШЗ2024/0019 дугаартай захирамж гаргасан. Шүүх "Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргахдаа хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар байхгүй, гуравдагч этгээд ЗЗ ЗБН-ийн эрх ашиг илт хөндөгдөж байгаад илт хийсвэр, логикгүй дүгнэлт хийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагч Заамар сумын Засаг дарга Л.А-ын зүгээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хэрэгт өгөөгүй, энэ талаар шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан дээр ч тайлбарладаг.

Хариуцагч Заамар сумын Засаг дарга Л.А 2023 оны 7 дугаар сард нэр бүхий нөхөрлөлүүдийг сонгон шалгаруулж, ЗЗ ЗБН-тэй хууль бус аргаар сонгон шалгаруулж, хууль бус гэрээ байгуулсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар хэрэгт огт гаргаагүй байхад

Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт: "...хариуцагч нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч гэрээг цуцалсан байх тул..." гэжээ. Хариуцагчийн зүгээс өөрийн гаргасан шийдвэрийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрөөд байгаа эсэх талаар шүүх тодруулаагүй, хариуцагчаас тайлбар бичгээр гаргаагүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг шүүх буруу тайлбарлан хэрэглэж, захирамж гаргасан нь илт үндэслэлгүй, шүүх маргааны зүйл, үйл баримтад бодит дүгнэлт хийгээгүй, логикгүй шийдвэр гаргасан энэ шүүгчийн захирамжаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгох талаар өөрт нь хүсэлт гаргахад хүлээн аваагүй бөгөөд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хүртэл энэ талаар дахин дүгнэлт хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

12.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлээгүй тухайд:

Анхан шатны шүүх нэр бүхий 4 нөхөрлөлийн нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэж, ЗЗ ЗБН-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулсан. /1-р хх-ийн 232/ 2024 оны 3 дугаар сард Заамар сумын Засаг дарга Л.А, МХН ББН, ДЗ ЗБН, САБ ЗГБН, ЧСҮ ЗБН нарын төлөөлөл бид хамтарсан зөвлөгөөн хийж, сумын Засаг дарга Л.А-аас та 5 нөхөрлөл хамтраад тухайн газартаа үйл ажиллагаа явуулж болохгүй юу, тэгвэл талбайгаа хувааж эзэмшээд хамтран ажиллах гэрээ байгуулаад, нэгдсэн нэг стандартаар бичил уурхайн үйл ажиллагаа явуулахад сумын орон нутгийн зүгээс татгалзах зүйлтгүй, шүүх дээр хэрэг маргаан удаашралтай байгаа учраас, шүүхээс эвлэрэх боломжтой эсэхийг асууж байсан учраас дээрх уулзалтыг хийж байгаа талаар танилцуулсан.

Манай нөхөрлөлийн хувьд тус газарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний хувьд үйл ажиллагаа явуулж, зээл, өр төлбөр, ажилчдын цалин хөлс гэх зэрэг санхүүгийн хүнд байдалтай байна. Тиймээс бусад нөхөрлөлүүдтэй 1,5 га талбайг хуваан гэрээ байгуулж ажиллах нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүсэлт өгсөн. Гэтэл 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн уулзалтаар бүх шүүхийн маргаанаа дуусгах талбайгаа хуваан ашиглах гэрээ байгуулах зэрэг нь үр дүнд хүрээгүй байхад Сумын Засаг даргаас 2024 оны 3 дугаар сарын 29-ний А/47 дугаартай захирамжаар 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн "ЗЗ" ЗБН-тэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилгоор байгуулсан 01 дугаартай гэрээг цуцлах шийдвэр гаргасан нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байна.

2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний биелэлт шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байсан, «Заамар сумын Засаг даргад гэрээг захирамж гарган гэрээг дангаараа цуцлах эрх зүйн үндэслэл байхгүй, гэрээг огт дүгнээгүй, гэрээнд оролцогч талуудын эрх ашгийг шууд хөндсөн илт хууль бус захиргааны акт гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан нөхцөл буюу нэхэмжлэгч нөхөрлөлүүд шүүхийн маргаанаа дуусгаж, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай гэрээд өөрчлөлт оруулж 1,5 га талбайг хуваан ашиглах гэрээ байгуулна гэж ойлгосон.

Манай нөхөрлөлийн хувьд хуульд заасан журмын дагуу бичил уурхай ашиглах хүсэлтээ 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр холбогдох баримтын хамт өгсний дагуу "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 2.5-д заасан шаардлагыг бүрэн хангаж 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 01 дугаартай "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох" гэрээг байгуулсан, шүүхийн маргаанаас улбаалан үйл ажиллагаа зогссон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг дарга 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр А/47 дугаартай захирамж гаргасныг илт хууль бус захиргааны акт гэж үзэж бие даасан шаардлага гаргасныг хариуцагч Засаг дарга Л.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Иймд хуулийн дагуу шалгараад хөрөнгө мөнгөө гаргаад ажлаа эхлүүлээд явж байсан ЗЗ ЗБН-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг үндэслэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2025/0005 дугаартай шийдвэр, мөн шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 123/ШЗ2024/0019 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч ДЗ ЗБН, МХН ББН, ЧСҮ ЗБН, САБ ЗГБХН нарын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд ЗЗ ЗБН-ийн бие даасан шаардлага Заамар сумын Засаг дарга Л.Аын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/47 дугаартай захирамжийг хүчингүй болгохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдоос гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална.” гэсэн заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталсан байна.

3. Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Бичил уурхайгаар ашиглах газрыг шийдвэрлэх тухай” 01 дүгээр тогтоолын хавсралтын;

-57 дугаарт “З” нөхөрлөл газрын байршил “С”, хэмжээ 3.3 га,

-71 дугаарт “Д” нөхөрлөл газрын байршил “Б”, хэмжээ 4.3 га,

-72 дугаарт “С” нөхөрлөл, газрын байршил “БШ”, хэмжээ 3.0 га газрыг бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар, шийдвэрлэсэн байна.

4. Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дүгээр тогтоолын хавсралтын 34-т “Д” 4.6 га газрыг /солбицлыг тусгасан/ бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлж, бичил уурхайн зориулалтаар ашилгах талбайг баталжээ.

5. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 355 дугаар тогтоолоор;

Нэгдүгээрт: ...бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт гарсан талбайд бичил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулахгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт,

Хоёрдугаарт: ...бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлтийг 2019 оныг дуусталх хугацаанд гаргахгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газар (Х.Х)-т даалгаж, энэ хугацаанд бичил уурхай ашиглах гэрээ байгуулаагүй, дүгнэлт гаргаагүй байна.

6. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам" нь 2017-2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд хүчинтэй үйлчилж байсан ба хариуцагч сумын Засаг дарга нь дээр тусгагдсан Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017, 2019 оны тогтоолын хэрэгжилтийг энэ хугацаанд биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байхад дээрх захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбогдуулж нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргаж маргаагүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

7. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ыг шинэчлэн баталснаас хойших хугацаанд бичил уурхай эрхлэх зорилгоор Төв аймгийн Заамар сумын Засаг даргад эхэлж ашигт малтмал буюу “алт” олборлох өргөдөл гаргасан дарааллыг “он, сар, өдөр”-өөр жагсаавал:

1)    “ЗЗ”ЗБН 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр,

2)    “ЧСҮ” ЗБН 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр,

3)    “ДЗ” ЗНБ 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр,

4)    “САБ” ЗГБХН 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр,

5)    “МХН” ББН 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус тус өргөдөл гаргажээ.

8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, дээрх 5 нөхөрлөлүүдийн өргөдөлд хавсаргасан баримт бичгийн бүрдлүүд нь дээрх журмын заалтын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх “...өргөдлийн шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр буцаах ёстой байсныг нөхөрлөл тус бүрээр дүгнэсэн болно” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.3 дахь хэсэгт “Бичил уурхай эрхлэгч этгээдэд тавигдах шаардлага”-ыг тодорхой зааж өгсөн байх ба 2.4 дэх хэсэгт “энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаагүй иргэнийг гишүүнээр авсан бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг хүлээн авахгүй” гэж зааснаар шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон байна.

9. Тодруулбал, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нөхөрлөлүүдийн өргөдөл түүнд хавсаргасан баримт бичгийг дээрх журмын зохицуулалтын дагуу нөхөрлөл тус бүрээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцсэн, үндэслэл бүхий байна.

10. Хариуцагч Заамар сумын Засаг даргаас нэхэмжлэгч нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

10.1. Учир нь нэхэмжлэгч нөхөрлөлүүдэд гэрээ байгуулахаас татгалзаж хариу өгөх болсон үндэслэл нь “...ЗЗ ЗБН-тэй гэрээ байгуулсан” гэснээс гадна нэхэмжлэгч нөхөрлөлүүдийн гаргасан өргөдөл нь журамд заасан шаардлага хангаагүй байсан байх тул хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.

11. Харин шүүх нэхэмжлэгч “ДЗ” ЗБН-ийн “...хариуцагч нь “ЗЗ” ЗБН-тай гэрээ байгуулсан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

11.1. Бичил уурхай эрхлэгч “ЗЗ” ЗБН нь Заамар сумын “СА” нэртэй газарт орших 1,5 га талбайд дээрх журмын 6.1.3-д заасны дагуу 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх 1 жилийн хугацаагаар алт олборлох үйл ажиллагааг эрхлэхээр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” №01 тоот гэрээг байгуулсан байна.

11.2. Тодруулбал, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээний дагуу 8 сарын хугацаатай ашиглаж байсан бичил уурхайн эрхлэгч “ЗЗ” ЗБН-өөс 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “...Энэхүү гэрээг доорх нөхөрлөлийн хүсэлтээр цуцалж өгнө үү. Хүсэлт өгсөн бусад нөхөрлөлүүдтэй 1,5 га талбайг хувааж гэрээ байгуулж өгнө үү” гэх бичгээр гаргасан хүсэлт /5-р хх-ийн 32, 33 тал/-ийг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан бичил уурхай гэрээг цуцалсан Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/47 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж, “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын Арван хоёр. “Талбайг буцааж хүлээлгэн өгөх”, 12.1.2-д “талбайг ашиглах боломжгүйн улмаас хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан, гэрээг цуцалсан” гэж тус тус заасантай нийцжээ.

11.3. Нэгэнт бичил уурхайн талбайг цаашид ашиглах боломжгүй тул буцаан хүлээлгэн өгөхийг хүссэн, гэрээний нэг тал болох Төв аймгийн Заамар сумын дарга захирамж гарган 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-г цуцалж, дуусгавар болгосон байхад уг гэрээ байгуулсан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоох шаардлагагүй, ийнхүү гэрээг цуцалсан нь “ДЗ” ЗБН-ийн ямар ашиг сонирхол байгаа талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, түүний хувьд эрх зүйн хамгаалалт зайлшгүй шаардлагатай байдал тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан хариуцагч Заамар сумын Засаг даргын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

11.4. Түүнчлэн дээрх гэрээг цуцалсан Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/47 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, мөн зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн шинжийг агуулаагүй байх бөгөөд анхан шатны шүүхээс “...гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн хүсэлтээ Төв аймгийн Заамар сумын Засаг даргад гаргасан...” гэсэн дүгнэлт хийж, гуравдагч этгээд “ЗЗ” ЗБН-ийн “Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/47 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

12. Хэргийн оролцогчдоос сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тусгай хэрэгцээнд авах хүсэлт гаргасан гэж маргаж байх бөгөөд Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017, 2019 оны тогтоолуудад дурдсан “З”, “Д”, “С” гэсэн нөхөрлөлүүдийн нэр өөрчлөгдсөн талаарх баримт байхгүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “ДЗ” ЗБН 2019.05.01 гэж, “ЗЗ” ЗБН 2019.04.11 гэж, “САБ” ЗГБХН 2018.08.29 гэж нөхөрлөлүүдийн нэр өөрчлөгдөн бүртгэгдсэн талаар хариуцагч нягтлан шалгаагүй байна. Тодруулбал,

12.1. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “...эсхүл хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд нэр авах хүсэлтийг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд улсын бүртгэлийн байгууллагад нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй гаргана” гэж, 13.3-д “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна” гэж заасан зохицуулалтын дагуу нөхөрлөлийн нэр өөрчлөгдсөн талаар хариуцагч тодруулах ёстой байжээ.

12.2. Түүнчлэн Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дүгээр тогтоолын хавсралтын 34-т “Д” 4.6 га газрыг /солбицлыг тусгасан/ гэж шийдвэрлэсний дараа буюу 1 жил 4 сарын дараа дээрх тогтоолд тусгагдсан “Д” нь хэдийд “ДЗ” болж нэр өөрчлөгдсөн эсэх нь тодорхойгүй байхад Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр “ДЗ” нөхөрлөлийн “СУ ” гэх газрын солбицлын цэгийн дарааллыг бичихдээ мэргэжлийн алдаа гаргасан гэсэн үндэслэлээр залруулга хийсэн байгаа нь ойлгомжгүй байна.

12.3. Мөн хугацааны хувьд авч үзвэл, Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр тогтоолоор газрын байршил “С” гэж, газрын хэмжээ 3.3 га, 2019 оны 04 дүгээр тогтоолоор газрын хэмжээ 4.6 га гэж /солбицлыг тусгасан/ бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн байхад дахин маргааны бүхий газрын талаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17 дугаар хуралдааны 2020 оны 07 сарын 02-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “...Заамар сумын Х-р багийн нутаг “СУ энгэр”-ийн 1,5 га газрыг аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлсөн” байгаа тул энэ талаар хариуцагч шийдвэр гаргахдаа анхаарч, тодруулах ажиллагаа хийх ёстой байжээ.

12.4. Нөгөөтээгүүр, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Төв аймгийн Заамар сумын Х дугаар багт байрлах газрын нэр байршлын хувьд “СА”, “СУ энгэр”, “СУ ”, “СУ толгой” гэж, газрын хэмжээ “3,3 га”, “4,6 га”, “1,5 га” гэж тус тус өөр өөрөөр бичигдсэн талаар хариуцагчаас үндэслэл бүхий тайлбар гарган мэтгэлцээгүй байна.

12.5. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын зохицуулалтын дагуу нөхөрлөлүүдийн гаргасан өргөдлийг шийдвэрлэх эрхтэй.

13. Дээрх тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан анхан шатны шүүхийн шийдвэрт “ДЗ” ЗБН-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгосон болон хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг даргын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 123/ШШ2025/0005 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5” гэсний дараа “47 дугаар зүйлийн 47.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1” гэж, “Нэхэмжлэгч “ДЗ” ЗБН-ийн ... даалгах нэхэмжлэлийн шаардлагыг” гэсний дараа “Төв аймгийн Заамар сумын Засаг даргын “ЗЗ” нөхөрлөлтэй 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ” байгуулсан үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг” гэж нэмж, 2 дахь заалтыг хасаж, шийдвэрийн Тогтоох хэсгийн “3” гэсэн дугаарыг “2” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Заамар сумын Засаг даргын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас тус бүр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                         О.ОЮУНГЭРЭЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                         Т.ЭНХМАА