Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2018 оны 03 сарын 28 өдөр   

    Дугаар 223/МА2018/00003                                           Зуунмод

 

“НАФ ” ХХК-н нэхэмжлэлтэй иргэний

                                                              хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2017/00655 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “НАФ ” ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох,

“Гэрээний үүрэгт 34 250 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Э.Хашчулуун, нарийн бичгийн дарга Б.Өлзийбат нар оролцов.

 Нэхэмжлэгч “НАФ ” ХХК 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б-тай  2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мах сүүний хосолмол өндөр ашиг шимт Монбелиард үүлдрийн 23 толгой өсвөр үхрийг нэг тоо толгой бүрийг нь 4,500,000 төгрөгөөр тооцон нийт 103,500,000 төгрөгөөр худалдахаар 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр №03/005 тоот Үхэр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн болох 103,500,000 төгрөгийг гэрээний дагуу 2016.10.01-ний өдөр гэхэд төлж барагдуулахаар заасан боловч эхний 50,000,000 төгрөгийг хугацаандаа төлж дараа дараагийн төлбөрийг увуу цувуулан 28,000,000 төгрөг, 2016.12.26-ны өдөр 500,000 төгрөг, 2016.12.30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2017.01.02-ны 1,000,000 төгрөг нийт 32,000,000 төгрөгийг барагдуулсан бөгөөд үлдэгдэл 21,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Бидний зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд барагдуулахгүй байгаа болно. Иймд хариуцагч Б.Б-с худалдах худалдан авах гэрээний төлбөр 21,500,000 төгрөг, алданги 10,750,000 төгрөг, хугацаа хэтрүүлэн төлсөн 4,000,000 төгрөгийн алданги 2,000,000 төгрөг нийт 34,250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна." гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Б  нь Төв аймагт үнээний ферм ажиллуулдаг. Манай компаниас 23 тооны сайн чанарын үнээг тус бүрд нь 4.500.000 төгрөгөөр бодож авсан байдаг. Гэрээний 8 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй. Тиймээс гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар алданги тооцож нэхэмжилсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72, 75 зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Мөнхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нар давж заалдах гомдолдоо:

"...Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2017/00655 дугаар шийдвэрээр Б.Б-с нэхэмжлэгч "НАФ " ХХК -д 34.250.00 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Үүнд:

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1, 76.1.2 -т зааснаар шүүх хуралдааныг товлож хэзээ, хаана болохыг хэргийн оролцогчид мэдэгдээгүй. Хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй. Хэзээ мэдэгдсэн нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

2. Шүүхийн мэдэгдэх хуудас нь шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг өөртөө агуулдгаас гадна хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болох Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжийг тусгасан байдаг тул мэдэгдэх хуудсыг зохигч талын оршиг суугаа буюу ажлын газрын хаягаар шуудангаар эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх ёстойг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааж өгсөн. Гэтэл хариуцагчид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 -т заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагчид хурлын товыг мэдэгдээгүй байж түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэг заасан шүүх хуралд оролцох эрхийг хангаагүй процессын ноцтой зөрчил болсон байна.

3. Б.Б Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл болон түүнийг нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тэгш байх зарчим, 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2017 опы 11 дүгээр сарын 22-ны өдрийн №151Ш32017/02724 дүгээр шийдвэрийг гардаж аваагүй болно.

Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасны дагуу Төв аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 151/Ш32017/02724 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэжээ.  

                                                    ХЯНАВАЛ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасан заалтыг хэрэглэхдээ а/ шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хариуцагч талд мэдэгдсэн байх, б/ хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, в/ хариуцагч тал эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан байх зэрэг урьдчилсан нөхцөл бүрдсэн тохиолдолд хэргийг шийдвэрлэнэ.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж шүүх хуралдааны хэзээ ,хаана болохыг товлохын зэрэгцээ хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэх, шүүхийн мэдэгдэх хуудсыг хэрхэн яаж хүргүүлэх ажиллагааг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 77 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн явуулах ёстой. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д зааснаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох  баримт/-ыг  шүүхэд ирүүлэх, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ  тус тус биелүүлээгүй боловч хариуцагч Б.Б-д шүүх хуралдаан хэзээ,  хаана  болохыг  мэдэгдэх  ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76, 77 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулж,  хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох мэтгэлцэх эрхийг хангах үүрэгтэй. 

Гэтэл шүүх  хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжаар 2017 оны  6 дугаар сарын 27-ны өдөр 14 цагт явуулахаар товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар биш утсаар дамжуулан мэдэгдсэн гэж “ 99119561 утсаар тов мэдэгдэж мессеж бичиж үлдээв” гэсэн баримт үйлдсэн /хх-33 тал / байх ба энэхүү мэдэгдлийг хариуцагч хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул шүүх хуралдааны тов мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9, 77.10-т заасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Батааг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дотор шүүхэд албадан ирүүлэхийг үүрэг болгож, уг ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгажээ.

Уг захирамжинд заасан хугацааны дотор Цагдаагийн байгууллага хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх ажиллагааг хэрхэн яаж хийж гүйцэтгэсэн талаарх баримт хэрэгт байхгүй, шүүх 06 дугаар сарын 27-ны өдөр хэргийг шийдвэрлэхдээ “...Төв аймгийн Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлсэн боловч шүүхэд ирээгүй “ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Дээрхи нөхцөл байдлаас үзвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заалтыг буруу хэрэглэсэн, хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдээгүй байх ба шүүх хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг явуулж, хэргийг хянан шийдвэрлэснээрээ хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлзэх зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан  эрхийг хангаагүй  байна.

Түүнчлэн шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга болон талуудын гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг хуульд нийцүүлэн зөв тогтоосноор талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлох шаардлагатай гэж үзнэ.

           Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийин итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2017/00655 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахад төлсөн 320 000 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                        ШҮҮГЧИД                                      Г.БОЛОРМАА

                                                                               Т.ЭНХМАА