Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 25

 

Ш.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоолтой, Ш.М-д холбогдох эрүүгийн 1935001690107 дугаартай, 3 хавтас хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтуяа, прокурор Я.Дина, шүүгдэгч Ш.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 24-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хууль сахиулагч, турк хэлний багш-орчуулагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймаг дахь Цагдаагийн газрын Өндөрхангай суман дахь Цагдаагийн хэсэгт хэсгийн цагдаагаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн .. тоотод оршин суух, регистрийн дугаар .., Ш ургийн овогтой Ш-гийн М.

Шүүгдэгч Ш.М нь 2019 оны 4 дүгээр сарын 27 - 28-нд шилжих шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Ц-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш ургийн овогтой Ш-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ш.Мт 3 /гурав/ жил хорих ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ш.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 3 жил хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, энэ талаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад бэхжигдсэн, мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр үйлдсэн хэргийнхээ тухай үнэн зөв мэдүүлэг өгч, зүйл ангийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа.

Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлээр 3 жил хорих ял шийтгэсэн. Би анх удаа эрүүгийн хэрэгт холбогдож шүүн таслах ажиллагаанд оролцсон. Тухайн үед маш их айж сандарч, үйлдсэн хэргээсээ санаа зовж, сэтгэл санаа хямарсан байдалтай байсан тул хэргийн талаар дэлгэрэнгүй ярьж чадаагүй. Амьдралдаа маш том алдаа гаргасан алдаагаа засаж, хорих ял эдлэх хугацаандаа хүмүүжиж нийгэмдээ гарч ирэх болно. Эхнэр бид хоёр эвтэй, би архи, тамхи хэрэглэдэггүй болохоор манай гэр бүл тайван уур амьсгалтай, эхнэр хүүхэд амар амгалан орчинд амьдардаг байсан. Миний хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Ш.Мын гаргасан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлыг бүрэн дэмжиж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Ш.М нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрсөн байдал, мөн Ш.Мын хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийг хэрэглэн Ш.Мд оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялын хэмжээг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:” Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоол  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг бүхэлд нь хянав.

Ш.М-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.М нь 2019 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт байрлах гэрт нь насанд хүрээгүй хохирогч Э.Ц-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн нь:

насанд хүрээгүй хохирогч Э.Цгийн “...Мягмаржав миний орон дээр сууж байснаа босоод өмсөж явсан куртикээ тайлаад над руу юу ч хэлэлгүй ирээд намайг үнсэх гээд миний өмд тайлах гэж дайрахад “та яаж байна, хүн байна уу? туслаарай“ гэж орилоход Мягмаржав цагдаа юу ч хэлэлгүй миний өмдийг тайлаад өөрийнхөө өмдийг хагас шувтлаад “хамгаалалт бэлгэвчээ хийчихье” гээд бэлгэвч хэрэглэж миний хэвтэж байсан орон дээр бэлгийн ажил хийсэн.Тэгээд Мягмаржав цагдаа бэлгийн ажил хийж дуусаад босож куртикээ өмсөөд “энэ асуудал зөвхөн чи бид хоёрын нууц шүү“ гэж хэлчихээд гараад явсан” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 41-45 тал/,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д-ын “...2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 21 цагийн үед миний охин Э.Ц бусдад хүчиндүүлсэн талаар сонсоод шөнө гэртээ ирсэн. Гэртээ ирээд охин Э.Цгээс юу болсон талаар асуухад 2019 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө намайг гэртээ байж байхад манай сумын цагдаа Ш.М юм асууна гэж гэрт орж ирээд суугаад байсан. Би тэр цагдаад “Та одоо асуух зүйлээ асуучихаад гарч яваач” гэж хэлэхэд тэр цагдаа намайг орон дээр дарж аваад хүчиндсэн. Энэ талаар би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгээд Улаангом сумаас цагдаа нар ирээд энэ асуудлыг шалгаж байгаа талаар хэлсэн“ гэх мэдүүлэг /1 хавтасны 51-53 тал/,

гэрч С.Б-ын “...миний гар утсанд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө явуулсан мессежэндээ “өчигдөр нөгөө цагдаа чинь орж ирээд чиний хэргийн талаар ярих зүйл байна гээд жоохон байж байгаад намайг орон дээр дарж хэвтээд босохгүй, хоёулангынх нь хийдэг зүйлийг хийсэн“ гэж мессеж явуулсан. Тэрнээс намайг зодож цохиж, хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэж хэлээгүй. Би ч нарийн зүйл бас асуугаагүй. Ямар ч гэсэн намайг хүчиндчихлээ гэж утсаар ярьсан“ гэх мэдүүлэг / 1-р хавтасны 68-73/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 сарын 05-ны өдрийн 2908 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас хураан авсан гэх бэлгэвчээс авсан арчдаснаас эмэгтэй, эрэгтэй хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн нь Э.Ц, Ш.М нарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Бэлгэвчинд байсан шингэн зүйлийг самбайнд /марль/ бэхжүүлэн, хатаасан дээжнээс эр бэлгийн эс илэрсэн нь Ш.Мын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хэргийн газраас хураан авсан гэх орны бүтээлэг, гудасны даавуун дээр эр бэлгийн эс илэрсэн. Бусад зүйлээс эр бэлгийн эс илэрээгүй. Орны бүтээлэг, гудасны даавуунаас авсан дээжээс эмэгтэй, эрэгтэй хүний холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн нь Э.Ц-гийн ДНХ-ийн тогтоц тохирч байна. Ш.Мын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. Хэргийн газраас хураан авсан гэх хөнжлийн ногоон цоохор өнгийн даавуунд цус илэрсэн нь эмэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо Э.Ц-гийн ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэх дүгнэлт хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч Э.Ц нь 2001 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байх бөгөөд тэрээр 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр буюу хүчиндэх гэмт хэрэгт өртөх үедээ 17 нас 8 сар 10 хоногтой байсан байх тул хохирогч Э.Ц-г  насанд хүрээгүй хүн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй учраас хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ш.М-ыг хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ш.М-ын “Шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү“ гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Ш.Мд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.М-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ш.М-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр  хүртэл цагдан хоригдсон нийт 47 /дөчин долоо/ хоногийг эдлэх  ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.М-ын “Шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ш.М-ын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 47 /дөчин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан  тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

   ШҮҮГЧИД                                        Л.АЛТАН

 

Н.МӨНХЖАРГАЛ