Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0613

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Н.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ХХК / /

Хаяг: .

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга.

Хаяг: Улаанбаатар хот,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг Төрийн захиргааны байгууллагад хүргүүлснийг тогтоож, Ашигт малтмал хайгуулын ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгөх-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б. Баят, нарийн бичгийн дарга У.Пд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хуулийн хугацаанд багтаан Улс орон даяар Ковид-19 вирустай тэмцэж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ хүнд үе, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан уг газарт аль болох биеэр ирэхгүй байхыг анхааруулж, ард иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй, биечлэн уулзуулахгүй байгаа, мөн Улсын онцгой комисс болон бусад холбогдох төрийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг дагаж төрийн бүх байгууллагууд иргэдтэй шууд харилцаанд оролцохоос зайлсхийж, цахим болон шуудангийн харилцаагаар харилцан ажил хэргээ явуулж байгааг тус тус харгалзан шуудан харилцааны хэрэгслийг ашиглан хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны газар шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ гэсний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст ХV-*******, ХV-*******, ХV-*******, ХV-*******, ХV-******* дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдөл, хүсэлтийг, холбогдох баримт бичгүүдийг хавсарган шуудангаар илгээсэн боловч 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэргээс холбогдож, Кадастрын хэлтэст өөрийн биеэр өгөх шаардлагатай, шуудангаар илгээсэн хүсэлтийг авахгүй гэсэн учир тухайн өдөр нь ахин албан хүсэлт бичиж өөрийн биеэр сунгуулах хүсэлтийг аваачиж өгсөн. Гэтэл 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 8/4011 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах хүсэлтийг хуулийн хугацаанд ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэсэн хариуг бидэнд ирүүлсэн.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг Төрийн захиргааны байгууллагад хүргүүлснийг тогтоож, Ашигт малтмалын хайгуулын ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумдын нутагт байрлах Ц*******-1 нэртэй 8981.96 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-*******, мөн аймгийн Гурвантэс сумын нутагт орших Ц*******-2 нэртэй 2883.34 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-*******, Өвөрхангай аймгийн Баруунбаян, Хайрхандулаан сумдын нутагт орших Ц*******-4 нэртэй 7957.91 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-*******, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Ц*******-5 нэртэй 5929.95 |{В талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-*******, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт байрлах Ц*******-3 нэртэй 14034.94 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн дарга Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолын дагуу анх 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 559 дүгээр шийдвэрээр А ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж хуульчилсан. А ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ-*******, ХВ-*******, ХВ-*******, ХВ-*******; ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэст ирүүлээгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т тусгай| зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан" бол уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоор хуульчилсныг үндэслэн дээр дурдсан тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болгон Кадастрын системд бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Ашигт малтмалын бичиг хэрэг нь тоолохгүй хүлээн авсан байна. Компани нь хуулийн хугацаанд явуулсан гэж ойлгож байна. Бичиг хэрэг нь хүлээн авахдаа биечлэн өгөх ёстой талаар тайлбарласан бол маргаан гарахгүй байх байсан гэж үзэж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 226 дугаар Магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 163 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...уг маргаанд шууд хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг аваагүй тухайлбал шууданд хийсэн гэх хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтэд хавсаргасан бусад баримтыг хэрэгт аваагүй байх тул Монгол шуудан ТӨХК-ийн 17011-53 дугаар салбарт 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн гэх 0.495 кг баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах, шуудан хүргэгчийн бүртгэлийн дэвтэрт буухиа баримт бичгийг хүлээн авсан гэж тэмдэглэгдсэн Ашигт малтмал, газрын тосны газрын ажилтан Б.О*******гаас тухайн үед чухам ямар баримт бичгийг хүлээн авсан хэний шийдвэрээр шуудангаар ирсэн баримт бичгийг буцаан өгсөн талаар гэрчийн мэдүүлэг авах, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж заасны дагуу анхан шатны шүүхээс нотлох баримтыг цуглуулж гэрч Б.О*******г асууж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж авсан болно.

3. А ХХК нь анх тус шүүхэд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаа Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоон, Ашигт малтмалын хайгуулын ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авахыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлага гаргаж байсан байна.

4. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг магадлалд дурдсаны дагуу шүүхээс тодруулахад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг Төрийн захиргааны байгууллагад хүргүүлснийг тогтоож, Ашигт малтмал хайгуулын ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ,

5. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах... аар хуульчилсан байх бөгөөд хэрэгт цугласан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч А ХХК-ийн геологич М.Ө******* нь дээрх хуулийн хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хүргүүлсэн байна гэж үзэхээр байна.

6. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 31, мөн оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаар тогтоолоор тус тус Дэлхий нийтэд короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан байжээ.

7. Дээрх хөл хорио тогтоосон хугацаанд А ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хуулийн хугацаа хамаарч байсан бөгөөд тус компанийн геологич М.Ө*******ын шүүх хуралдаанд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст Маягт К-11 бөглөж, Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл, үйлчилгээний хөлс 1 сая төгрөг төлсөн баримт, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумдын нутагт орших А ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2020 онд хэрэгжүүлэх Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, хайгуулын тухайн үед хийж гүйцэтгэсэн тайлан, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 08/21 дугаар А ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Ашигт малтмалын хайгуулын ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-******* тусгай зөвшөөрөл, түүний хавсралт, төслийн танилцуулга, Улсын бүртгэлийн гэрчилгээ, үйлчилгээний төлбөр 33440 төгрөгийг төлсөн баримт нийт 0,495 кг Буухиа захидал-ыг Монгол Шуудан ТӨХК-ийн 17011-53 ШҮС салбарт 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн гэх тайлбараар нотлогдож байна.

8. Дээрх баримтыг Ашигт малтмал газрын тосны газрын бичиг хэргийн ажилтан Б.О******* хүлээн авсан болох нь түүний шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн ...хавтаст хэрэгт авагдсан эдгээр баримтуудыг би хүлээн авсан миний авсан баримтууд мөн байна. Би эдгээр нэхэмжлэгчийн зүгээс өгсөн баримтуудыг аваад кадастрын хэлтсийн бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн ямар нэгэн тэмдэглэл үйлдэж өгөөгүй, баримт бичгийг нь үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт байсан, би энэ байгууллагад 2018 оноос хойш 3 жил ажиллаж байна надаас өөр О******* гэж хүн энэ байгууллагад байхгүй гэх мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч хуулийн хугацаанд хугацаа сунгуулах хүсэлтээ нотлох баримтын хамт Монгол Шуудангаар хүргүүлсэн, Ашигт малтмалын газар хүлээн авсан гэж үзэхээр байна.

9. Гэтэл хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсээс А ХХК-ийг хуульд заасан хугацаанд биечилж өргөдлөө ирүүлээгүй гэх үндэслэлээр өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байна.

10. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны газар шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч хугацаандаа Төрийн захиргааны байгууллагад өргөдлөө 2020 оны 08 дугаар сарын 25 өдөр хүргүүлснээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж хуульд заасан хугацаандаа нэхэмжлэгч өргөдлөө гаргасан гэж үзнэ.

11. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар-ыг ирүүлэх гэснээс үзвэл нэхэмжлэгч заавал биечилж бус шуудангаар материалаа хүргүүлэх бүрэн боломжтой байна.

12. Хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтэс нь Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хариу өгөх, 16 дугаар зүйлийн 16.1-д Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ шаардлагатай тохиолдолд тухайн байгууллагын албан тушаалтан 30 хүртэл хонгоор нэмж сунгаж болно гэж зааснаас үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хүлээн авч хуульд заасны дагуу материалыг судалж үзээд хариуг бичгээр хүргүүлэх байтал энэ хуульд заасан журмаа биелүүлээгүй хуулийн хугацаа хэтрүүлсэн, биеэр өргөдлөө өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй нь хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг Төрийн захиргааны байгууллагад хүргүүлснийг тогтоож, Ашигт малтмал хайгуулын ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1, Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг Төрийн захиргааны байгууллагад хүргүүлснийг тогтоож, Ашигт малтмал хайгуулын ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ