| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2024/0426/З |
| Дугаар | 221/МА2025/0287 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2025/0287
| 2025 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 221/МА2025/0287 | Улаанбаатар хот |
Д.П***гын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Д.П***га,
Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-220*** дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ГД-0007*** дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0091 дүгээр шийдвэр,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д.П***га,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Гуравдагч этгээд: Н.Г***,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О***,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц***,
Хэргийн индекс: 128/2024/0426/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. “Б***” хотхоны /17041/ барилга нь 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дугаар 245/2010 “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар ашиглалтад орж, маргаан бүхий автозогсоол нь 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ч.Г***гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Ийнхүү улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш Ч.Г***, Б.Ө***, Ц.О*** “Б*** ББСБ” ХХК, Л.М***, Т.Г***, Д.П***га нарын өмчлөлд 4 тоот автозогсооолын байршил огт өөрчлөгдөөгүй эзэмшиж, ашиглаж ирсэн болно. Гэтэл шүүх маргаан бүхий автозогсоолын өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх 2010 онд Ч.Г***, 2019 онд дахин Н.Г***ын нэр дээр бүртгэсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, хувийн хэргийн баримтуудаар тогтоогдож байхад үл баримтад буруу дүгнэлт өгсөн,
3.2 Улсын бүртгэлд мэдүүлэгт хавсаргасан баримтууд нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.3-д зааснаар төлбөр төлсөн баримт хавсаргагдаагүй бүрдэл дутуу, гэрээ огноо засвартай, “Автозогсоол захиалан бариулах гэрээ”, шүүхийн шийдвэр нь агуулгаараа илт зөрүүтэй байхад хүлээн авахаас татгалзаагүй нь хууль зөрчсөн болно,
3.3 Мөн Н.Г*** өөрөө “14” гэж дугаарлан тодорхойлсон автозогсоолыг 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ч.Г***гийн өмчлөлд бүртгэгдсэн байхад 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дахин бүртгэсэн нь хууль бус болсон. Шүүх дээрх баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөхгүй, бүртгэл хуульд нийцсэн байна, иргэний шүүхээр өмчлөх эрхээ тогтоолго гэсэн нь үндэслэлгүй.,
3.4 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, агуулгыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй зөв тогтоож чадалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн” дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж “...захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” хэмээн,
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын “ТАЙЛБАРЛАХ нь” хэсгийн 1.2-д “Улсын бүртгэлтэй холбоотой захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны журмын хяналтаар хязгаарлагдах тул хэрэв тухайн маргаан үүсэх үндсэн шалтгаан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино” гэж заасан.
4. Нэхэмжлэгч Д.П***гаас шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Н.Г*** нь тус автозогсоолыг огт эзэмшиж, ашиглаж байгаагүй, өмчлөгчтэйг мэдсээр атлаа өөрийн нэр дээр 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн ГД0007*** дугаартай гэрчилгээг давхардуулан гаргуулан авсан, 1 автозогсоол 2 гэрчилгээтэй болсон” хэмээн тайлбарлан маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,
4.1. Нэхэмжлэгч Д.П***га нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр иргэн Т.Г***тай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ байгуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-220***9 дугаарт бүртгэлтэй “Хан-Уул дүүргийн 1-р хороо, Туул гол гудамж 32-*** тоот 15м.кв талбайтай” авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн авснаа 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220***9 дугаарт бүртгүүлж, 000859924 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан.
Тухайн авто зогсоол өмчлөх эрх нь анх Г.Б*** Ч.Г*** нарын хооронд 2009 онд байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний үндсэн дээр 2010 онд иргэн Ч.Г***гийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220***80 дугаарт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Б***” хотхоны 32 дугаар байр, ***тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны хамт бүртгэгдсэн.
Үүнээс хойш эрхийн улсын бүртгэлийн Ү-220***80 дугаарт бүртгэлтэй 88 м.кв орон сууц, 15 м.кв талбайтай авто зогсоол өмчлөх эрх нь:
2012 онд иргэн Ч.Г*** Б.Ө*** нарын хооронд байгуулагдсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-ний үндсэн дээр Б.Ө***т шилжин, 0001*** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон.
2013 онд иргэн Б.Ө*** Ц.О*** нарын хооронд байгуулагдсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-гээр иргэн Ц.О***т шилжиж, 0002*** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон бөгөөд Ц.О***ээс “Б*** ББСБ” ХХК-д үүргийн гүйцэтгэлийг хангуулан өмчлөх эрхийг шилжүүлснээр “Б*** ББСБ” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 00060*** дугаартай гэрчилгээ олгогдсон.
“Б*** ББСБ” ХХК-иас 2018 онд “Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ”-гээр өмчлөх эрхийг Л.М***т шилжүүлж, 0006***дугаартай өмчлөх эрхийг гэрчилгээ олгогдсон.
Улмаар Л.М***аас 2018 онд “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр иргэн Т.Г***ад өмчлөх эрх шилжиж, өмчлөх эрхийн 0006** дугаар бүхий гэрчилгээ олгогдсоныг өмчлөгч Т.Г***ын хүсэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220***80 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөс авто зогсоолын өмчлөх эрхийг салган эрхийн улсын бүртгэлийн Ү-220***69 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон.
4.2. Гуравдагч этгээд Н.Г***ын хувьд 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноо бүхий “Автозогсоол захиалан бариулах тухай гэрээ”-г иргэн Г.Б***тай байгуулан, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Б***” хотхоны 32 дугаар байрны зоорийн давхрын 1** болон 1** дугаар авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон.
Улмаар Н.Г***ас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг, Г.Б***ы 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн огноо бүхий “...32-р байрны 14, 15 тоот авто зогсоолын төлбөрийг бүрэн барагдуулсан тул одоо Н*** овогтой Г***ын нэр дээр гэрчилгээг гарган өгнө үү” гэх хүсэлтийн хамт гаргасныг үндэслэн хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Хан-Уул дүүргийн 15-р хороо, Б*** Туул гол гудамж 32 байр, зоорийн давхарын 1** тоот хаягт байрлалтай 15 м.кв талбайтай авто зогсоолын” өмчлөх эрхийг Н.Г***ын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220*** дугаарт бүртгэн, 0007*** дугаар гэрчилгээг түүнд олгосон.
4.3. Гуравдагч этгээд Н.Г***ас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан иргэн Ч.Г*** болон нэхэмжлэгч Д.П***га нарт холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгө хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасныг Д.П***гын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтээр мөн шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2024/10811 дүгээр захирамжаар тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
5. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архиваас гаргуулан авсан нотлох баримтаар Хан-Уул дүүргийн 1 дугаар хороонд байрлах иргэн Г.Б***ы захиалан бариулсан Б*** хотхон 17041 Туул гол гудамж 32 дугаар байр нь доороо 25 машины дулаан зогсоолтой болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 245/2010 дугаар актаар,
нэхэмжлэгч Д.П***га нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр иргэн Т.Г***атай эрхийн улсын бүртгэлийн Ү-220***69 дугаарт бүртгэлтэй “Хан-Уул дүүргийн 1-р хороо, Туул гол гудамж 32-*** тоот” 15м.кв талбайтай авто зогсоолыг худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэх,
гуравдагч этгээд Н.Г*** нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Г.Б***ы хүсэлтийн хамт “Хан-Уул дүүргийн 15-р хороо, Б*** Туул гол гудамж 32 байр, зоорийн давхарын 1*** тоот” хаягт байрлалтай 15 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгэх хүсэлтийг гаргасан байх боловч анхны бүртгэлийн мэдүүлэгт хавсаргасан гэрэл зураг, байршил нь ижил байх бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр асуусан тус байрны харуул болон цэвэрлэгээг хариуцдаг Ч.Б***, Ж.Жалам нарын гэрчийн мэдүүлгээр зоорийн давхарт байрлах авто зогсоолын дугаар давхардаагүй гэх үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
6. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна” хэмээн тухайлан заасан.
Тухайн маргааны үндсэн агуулга буюу маргаан үүсэх үндсэн шалтгаан нь нэхэмжлэгч Д.П***га нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр иргэн Т.Г***атай байгуулсан гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэх “...*** тоот” авто зогсоол, гуравдагч этгээд Н.Г***ын иргэн Г.Б***д “төлбөрийг бүрэн барагдуулсан”-аар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өмчлөх эрхийг нь шилжүүлэн авсан гэх “...1*** тоот” авто зогсоолууд нь бодитоор чухам хаана байрлаж байгаа болох, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд авто зогсоолыг өмчлөх эрхийг үүсгэж буй гэрээний зүйл нь эрхийн болон биет байдлын доголдолтой эсэх асуудал буюу иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна.
Иймд, маргааны үндэслэл болсон нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь нэр бүхий иргэдээс чухам хаана байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө болох авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болох асуудлыг иргэний журмаар эцэслэн тогтоолгосны үндсэн дээр захиргааны байгууллагад бүртгэл хийлгэх, захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаатай холбогдуулан маргах боломжтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0091 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-220*** дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ГД-0007*** дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Д.П***гын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА