Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 50

 

Э-т холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0050/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,

Прокурор Б.Бямбасүрэн,

Хохирогч А, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

Иргэний нэхэмжлэгч Б,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Биязхан нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын давж заалдах гомдлоор Э-т холбогдох эрүүгийн 1939002340226 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1967 онд төрсөн, эмэгтэй, 52 настай, дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 6Б дугаар гудамжны 11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Ц-н Э нь

2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Зөөлөн” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлсийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Л-н жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Н-н амь нас хохирч, иргэн Б-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, иргэн Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б-н “Тоёото Эстима” маркийн тээврийн хэрэгсэлд 4705000 төгрөгийн хохирол, “Гялс төгрөг” хадгаламж зээлийн хоршооны эзэмшлийн “Daewoo Rezzo” маркийн тээврийн хэрэгсэлд 4705000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Ц-н Э-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, хүний амь нас хохироох буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Э-ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э-ийг тэнсэгдсэн 5 /тав/ жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ээс амь хохирогчийн оршуулгын зардал, бусад хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой гэм хорын хохиролд 13712701.04 /арван гурван сая долоон зуун арван хоёр мянга долоон зуун нэг төгрөг дөрвөн мөнгө/ мөнгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-д олгуулах, 4975000 /дөрвөн сая есөн зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б-д олгуулах, хохирол, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн Э-ийн эзэмшлийн хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаартай тогтоолыг хохирол барагдуулахад ашиглах зорилгоор хэвээр үлдээхээр  тус тус заан шийдвэрлэжээ.  

Хохирогч А давж заалдах гомдолдоо: Э нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч биднээс уучлалт гуйж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулаагүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс бидний гаргаж өгсөн хохирлыг дутуу тооцож, оршуулга болон эмчилгээний зардалд 13712701, эд материалын хохиролд 4975000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Бид оршуулгын зардалд 12012167, эмчилгээний зардалд 1033410, оршуулгын дараах буяны ажлын зардалд 2368228, аав Б-н олж болох байсан орлого 6500000, гэр бүлийн хэрэгцээний автомашины үнэ 5000000, нийт хохирлын төлбөрт 26913805 төгрөг нэхэмжилсэн.

Гэтэл анхан шатны шүүх оршуулгын дараах 21, 49 хоногийн буяны ажлын зардал болох 1700000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж үзээд хасаж тооцсон. Мөн Б-н олж болох байсан орлого 6500000 төгрөгийг хэргээс салгаж иргэний журмаар нэхэмжлэх гэсэн шалтгаанаар хассан. Нотлох баримтгүй гэх шалтгаанаар буян номын болон оршуулгын зардалтай холбоотой /моргийн цогцос заслын хөлс, заслын материалын үнэ, задлан шинжилгээний төлбөр, задлангийн материалын үнэ, эвдэрсэн машин зөөвөрлөсөн хөлс/ тухайн үедээ баримтжуулж амжаагүй зардлуудыг хасаж тооцсон.

Иймд бидний амьдралын нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууг харгалзан нэхэмжлэлийг хэвээр үлдээж, хэрэгтэй хамт шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч Э-ийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэрэг гарснаас хойш хохирогч нартай уулзаж уучлалт гуйгаагүй, хохирол төлбөр барагдуулаагүй байдаг.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.

Гэтэл Э шүүх хуралдаанд “...нэгэнт хуулийн байгууллага намайг буруутай гэж үзэж байгаа тул би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчоос уучлалт гуйя...” гэж хэлбэрийн төдий гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заадаг.  

Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэний улмаас 1 хүний амь нас хохирч, 2 хүн хүнд, хөнгөн гэмтсэн нь тухайн гэмт хэргийн хохирол бөгөөд хохирогчид 15413805 төгрөгийн эд хөрөнгийн хор уршиг үүссэн. Тус гэмт хэргийн улмаас Н нас бараагүй бол шүүхийн хасч тооцсон 21, 49 хоногийн зардлууд гарахгүй байсан. Иймд Н-н амь насанд хохирол учруулснаас үүссэн үр дагавар, хор уршиг болох 15413805 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А нэхэмжлэх эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар оршуулгын зардал болон гэмт хор учруулсан зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7 дугаар зүйлд зааснаар Э-ээс гаргуулах нь зүйтэй юм.

Мөн анхан шатны шүүхээс Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 5 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж, тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан хязгаарлалт тогтоосноос биш 7.3 дугаар зүйлийн 2.1-т заасан үүргийг хүлээлгээгүй. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаагүй, гэм буруутай хүнийг ял завшихад хүргэсэн гэж үзэж байна.

Э-т авсан албадлагын арга хэмжээ нь илтэд ойлгомжгүй, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн үнийн дүнг тогтоохдоо хуульд заасан үндэслэл журмаас гадуур хасч тогтоосон, хор уршгийг арилгах үүргийг тодорхой хугацаа тогтоож хүлээлгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тээврийн хэрэгслээр хот хооронд хүн зөөж амьдралаа залгуулдаг байсан. Тухайн гэмт хэргийн улмаас миний машин эвдэрч орлогын эх үүсвэргүй болсон. Миний машиныг үнэлгээний байгууллагаас 5000000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд би үнэлгээг хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх Э-с 4975000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Э одоог хүртэл хохирол төлбөрөө барагдуулаагүй, бидэнтэй холбоо барьдаггүй, уучлалт гуйгаагүйд гомдолтой байна. Иймд Э-с хохирол төлбөрийг гаргуулж, төлөх хугацааг тодорхой тогтоож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Биязхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э-ийн хувьд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлөхөө илэрхийлсэн. Гэр бүлийн байдлын хувьд 4 хүүхэдтэй, 2 хүүхэд  нь тусдаа амьдардаг.

Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн  ...үедээ жолоодохыг хориглоно” гэснийг хүлээн зөвшөөрдөггүй. Мөн зам тээврийн осол гарах үед түр хугацаанд ухаан алдсан учир болсон явдлын талаар санадаггүй, цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол гаргасан гэсэн дүгнэлт гаргасан учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар хэлснийг хохирогч тал буруугаар ойлгосон байна.

 Э нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн учир анхан шатны шүүхээс тэнцсэн харгалзах ял оногдуулж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хохирлыг тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Э нь 2020 онд өндөр настны тэтгэвэрт гарах бөгөөд төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог тул тэтгэмж, тэтгэврийн зээл авч хохирол төлбөрөө барагдуулах талаараа анхан шатны шүүхэд илэрхийлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтээ: Э нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Зөөлөн” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж нэг хүний амь нас хохирч, хоёр хүний эрүүл мэндэд хүнд болон хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э-т холбогдох эрүүгийн хэргийг хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийн дагуу гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх байдлаар шийдвэрлэгддэг учиртай.

Энэ хэргийн тухайд хоёр хүний эрүүл мэндэд хүнд болон хөнгөн хохирол, нэг хүн амь насаараа хохирсон хор уршиг учирсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

Түүнчлэн Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж шүүхээс дүгнэхдээ ямар баримтад үндэслэснээ шийтгэх тогтоолд тусгаагүй, өөрөөр хэлбэл ирээдүйд хохирлыг төлөх ямар боломжит үндэслэл бүхий нөхцөл байдалд тулгуурлан Э нь ирээдүйд хохирлоо төлөх бололцоотой гэж үзсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгдээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршгийг зөв тодорхойлж, шүүгдэгчийн төлбөл зохих хохирлын хэмжээг үндэслэлтэй тогтоож чадаагүй, шүүгдэгч нь учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлж, хор уршгийг арилгаагүй, хохирлыг хэзээ, ямар хэлбэрээр, хэдэн төгрөгийн хэмжээнд, аль эх үүсвэрээр, хэрхэн төлж барагдуулахаа нотолж чадаагүй, энэ талаар шүүгдэгч болон хохирогч нар эвлэрэн хэлэлцээгүй байхад шүүх хохирогчийн нэхэмжилсэн зарим хохирлыг хангаж заримыг нь хэрхэх эсэх нь тодорхойгүй орхиж, түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, улмаар шүүгдэгч Э-ийг “хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв.

Цаашид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүх шалгуур нөхцөл хангагдсан байхыг, мөн “хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх үндэслэлээр шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд түүний “хохирол төлж барагдуулна” гэсэн тайлбар дангаараа хангалтгүй, харин төлбөрийн чадвартай болохоо нотолж, хохирлыг ямар хугацаанд хэрхэн барагдуулах талаар хохирогчтой эвлэрсэн, эсхүл хохирол төлөхөд хүрэлцэхүйц мөнгийг тусгай дансанд байршуулсан, тодорхой эд хөрөнгийг хохиролд тооцон шилжүүлэхээр санал гаргасан зэрэг объектив шалгуурыг хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал зэрэгтэй харьцуулан үнэлэх замаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                                                              Б.ДЭНСМАА