Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар   001/ХТ2021/01500

 

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 102/ШШ2020/00116 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 690 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 456,474,175 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, экскаваторын түрээсийн төлбөр 168,460,790 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил, хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,, , хариуцагчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани “,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-тай харилцан тохиролцож, 2017.02.01-ний өдөр өөрийн эзэмшлийн Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт нэртэй газарт алтны шороон ордод хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний 2, 4, 6, 7, 8 дугаар зүйлүүдийг зөрчсөн гэж үзэн гэрээг цуцалсан. Гэрээг цуцалснаас хойш “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн. Манай талаас тухайн үед сөрөг нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор үндсэн нэхэмжлэл болгон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас 456,474,175 төгрөг буюу тоног төхөөрөмжийн зардалд 132,012,750 төгрөг, ус ашигласны төлбөрт 47,302,250 төгрөг, харуул хамгаалалтын төлбөр 16,802,750 төгрөг, дизель түлшний төлбөр 187,856,425 төгрөг, бульдозер ашигласан, цахилгаан үүсгүүрийн түрээсийн төлбөр 72,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Талууд тохиролцож ашгаа хуваахдаа өөрсдийн алт угаах төхөөрөмжөөр угааж, олборлож авсан алтны хэмжээнээс үл хамааран өөрсдийн өмчлөлд авахаар зөвшөөрсөн буюу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК 176,958,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлнө гэснээр эдлэх эрх, үүрэг нь баталгаажсан. Тус гэрээний 3 дугаар зүйлд Б тал буюу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК өөрийн техник, хөрөнгөд холбогдох зардлыг бүрэн хариуцан, олборлолт нөхөн сэргээлтийг тасралтгүй явуулна гэж заасан. Харин нөхөн сэргээлтийн ажилд хариуцагч оролцоогүй учраас нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан мөнгийг нэхэмжилсэн. Мөн гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч төлөх ёстой зүйлээ төлөөгүй. 5 дугаар зүйлд “Б тал өөрт ногдох алтыг Монголбанкны “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн дансаар тушаах ба холбогдох зардлыг компанийн тайланд оруулан тооцохоор”, 9 дүгээр зүйлд “ажиллаж буй экскаватор, дизель түлшийг адил хэмжээгээр кодолж төлнө” гэж тохиролцсон. Уг түлшний төлбөрийг хариуцагч төлсөн гэх боловч төлсөн баримт хэргийн материалд авагдаагүй. Манай талаас холбогдох баримтыг хэрэгт өгсөн. Эдгээр гэрээний заалт зөрчигдсөн учраас талууд хамтран ажиллах боломжгүй болж Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.4 хэсэгт зааснаар хамтын үйл ажиллагааны явцад түлш, харуул хамгаалалт, ус ашигласны төлбөр, нөхөн сэргээх зэрэг зардлуудыг талууд хамтран хариуцахаар байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэх хүн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд уг компанитай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Бидний хамтарч ажиллах болсон шалтгаан нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, надтай уулзаад мөнгөний хэрэгцээ гарлаа, чи надад туслаач гэхэд нь өөрийн өмчлөлийн цэцэрлэгийн зориулалтаар барьсан 4 давхар үл хөдлөх хөрөнгийг ,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэр дээр шилжүүлэн өгч, уг үл хөдлөх хөрөнгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, “Төрийн банк” ХХК-д барьцаанд тавьж зээл авсан. Үүний дараа чи намайг хэцүү байхад тусалж ямар ч асуудалгүйгээр өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр шилжүүлж өгсөн учраас чамайг өөрийн уурхайн ажил руу оруулна гэж хэлээд энэ гэрээ хийгдсэн. Ингэхдээ уурхай эхлэх 176,958,000 төгрөгийг намайг гаргаж өгөөч гэхэд нь зөвшөөрч, 170,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг орон сууцыг ,,,,,,,,,,,,,,,,ийн нэр дээр шилжүүлж уурхайд ажиллахаар болсон. Уурхайн ажил 2017 оны 5 дугаар сарын сүүлээр эхэлсэн. Гэтэл 2017 оны 10 дугаар сард ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, өөр хоёр компанийг ажиллуулж, хоорондын хувийн харилцааны таарамжгүй байдлаас биднийг явуулсан. Шүүхийн шийдвэрээр намайг 170,000,000 төгрөгийн орон сууц өгсөн, гэрээний үүргээ зөрчөөгүй гэдгийг баталсан байдаг. Надад ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэрээг цуцлахаар болсон, компаниа зарах гэж байгаагаа хэлж, мэдэгдэж байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу алтны орд газар дээр хамтран ажиллах явцад 2 компани нэг, нэг экскаватор гаргаж ажилласан бөгөөд уулын ажлын бүтээмж муу байсан учир талууд ярилцаад экскаватор түрээслэхээр болсон. Тухайн гэрээ яагаад “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн нэр дээр хийгдсэн гэхээр экскаваторыг авсан хүн миний найз байсан. Мөн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК тус түрээсийн гэрээний шаардлага хангахгүй нөхцөл байдалтай байсан учир “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-тай 2017.05.16-ны өдөр гэрээ байгуулан, Хюьндай маркийн 2017 онд үйлдвэрлэсэн, шинэ экскаваторыг сарын түрээсийн төлбөр 49,500,000 төгрөг байхаар тооцож түрээсэлж авсан. Экскаваторын түрээсийн зардалд 336,121,565 төгрөгийг төлсөн баримтыг хэрэгт өгсөн. Хамтран ажиллахдаа гарсан зардлаа талууд хувааж төлөхөөр гэрээ байгуулсан тул сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг бидэнд мэдэгдэлгүйгээр цуцалж, дураараа өөр компаниудтай гэрээ байгуулан ажилласан тул манай компани их хэмжээний хохиролд орсон гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбарт: Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар Б талын гарган ажиллуулах төхөөрөмжүүдийг заасан. Энэ гэрээ санхүүгийн түрээсийн гэрээ буюу лизинг юм. Б тал үүргээ биелүүлэхдээ хаанаас тоног төхөөрөмж авч, түрээсэлнэ манайд хамаагүй асуудал. Гэхдээ нэхэмжлэгч экскаваторыг уурхайн үйл ажиллагаанд ашигласан талаар маргахгүй. Тухайн төхөөрөмжийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК худалдаж авсан. Гэрээнд худалдах үнэ 370,700 доллар, урьдчилгаа төлбөрт 99,000 долларыг төлсөн. Энэ гэрээний дагуу тухайн экскаваторыг худалдан авч чадахгүй бол төлсөн төлбөрүүд түрээст тооцогдох талаар гэрээний 3 дугаар зүйлд санхүүгийн түрээсийн гэрээний шилжих нөхцөлийг заасан. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт түрээслэгчийн төлсөн төлбөрийг хүү, алданги, үндсэн төлбөр гэсэн дарааллаар суутгана, мөн гэрээний 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт хүлээх үүргийг, 12.3.21 дэх хэсэг гэрээний агуулга болж байгаа бөгөөд санхүүгийн түрээсийн гэрээ лизингтэй холбогдож байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд өөрсдөө хариуцна гэж заасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 102/ШШ2020/00116 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-аас 155,829,970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д олгон, үлдсэн 300,644,205 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,440,320 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,000,254 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 937,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1,000,254 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”   ХХК-д олгож  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 690 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 102/ШШ2020/00116 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,689,943 төгрөг, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 937,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.07-ны өдрийн 116 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.25-ны өдрийн  690 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасанд гомдолтой. Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ “Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосноор талууд үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдсэн гэх баримт аваагүйгээс гадна, гэрээг цуцалж, дуусгавар болгох үед ямар хөрөнгүүд байсан, эдгээр  хөрөнгийн үнэлгээ тодорхой бус, тэдгээрийг хэнд хуваарилах асуудлуудыг тодорхой  болгох нь ач холбогдолтой болно” гэсэн нь үндэслэлгүй байна. Бид “Бөөрөлжүүт” нэртэй алтны шороон ордод 5 жилийн хугацаанд олборлолтын үйл ажиллагааг хамтран гүйцэтгэхээр тохиролцон хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээгээр:

 “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хамтын ажиллагаанд Өвөрхангай аймгийн Уянга суманд байрлах ашигт малтмалын ашиглалтын МV-0187,,,, тоот тусгай зөвшөөрөл бүхий “Бөөрөлжүүт” нэртэй уурхайг оруулах,

- “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК 5 жилийн хамтын ажиллагаанд  тооцон 176,958,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө оруулах,

 -Талууд ашгаа хуваахдаа өөрсдийн алт угаах төхөөрөмжөөс угааж олборлож авсан алтаа өөрийн өмчлөлд авах,

-Алтыг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэрээр Монголбанк болон эрх бүхий банкинд тушааж алт тушаалтын орлогыг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн банкны дансаар хүлээн авах,

- “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК алт тушаалтын орлогоос “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д хамаарах зардлыг суутган, үлдэх орлогыг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн дансанд шилжүүлэх нөхцөлүүдийг тохирсон. Хамтран ажиллах гэрээний дагуу 2017 оны 05 дугаар сараас хойш 5 сар гаруй хугацаанд “Бөөрөлжүүт”-ийн уурхайд үйл ажиллагаа явуулж байтал “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “хамтарч ажиллахаа больё, тоног төхөөрөмжөө ав, ордоо бусдад худалдахаар боллоо” гэсэн шаардлага тавьсан. Улмаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн санаачилгаар 5 жилийн хугацаатай байгуулагдсан гэрээ 5 сарын дараа цуцлагдаж, манай хоёр компани цаашид хамтран ажиллах боломжгүй болсон. Бид 5 сар гаруй хугацаанд хамтран ажиллахад дундын өмчлөлийн гэх хөрөнгө бий болоогүй бөгөөд хамтран ажиллах гэрээгээр өөрсдийн алт угаах төхөөрөмжөөр алтаа угааж, олборлож авахаар тохиролцсон. Гэтэл давж заалдах шатны шүүх талуудын байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-т заасныг буруу тайлбарлаж, бий болоогүй хөрөнгө, үйлдэгдээгүй жагсаалтыг гаргуулахаар буцаасан нь үндэслэлгүй. Мөн давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ “Түүнчлэн шүүх дундын эд хөрөнгөд хамаарах болон хамаарахгүй зардлыг ялгаж, зааглахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх ажиллагааг шүүх хангалттай явуулсан гэж үзэхээргүй байна” гэсэн нь үндэслэлгүй юм. Бид хамтран ажиллах гэрээгээр 1 ширхэг бульдозер түрээслэн ажиллуулах бөгөөд түрээсийг талууд хамтран хариуцах, карьерт ажиллаж буй экскаваторуудын түлшийг адил хэмжээгээр хуваан төлөх 2 төрлийн дундын зардал байхаар тохиролцсон. Мөн хамтран ажиллах гэрээний 5 дахь хэсэгт зааснаар алт борлуулсны орлого “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн дансаар орж ирдэг байсан бөгөөд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК манай компанид ногдох орлогоос хамтын ажиллагааны дундын зардлыг суутган авч үлдэж, үлдсэн хэсгийг нь манай компанид шилжүүлдэг байсан тул алт тушаалт бүрт дундын тооцоо дуусаж явдаг  байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд дундын эд хөрөнгөд хамаарах зардал тодорхой байхад давж заалдах шатны шүүх ялгаж, зааглаагүй гэдэг үндэслэлгүй. Мөн хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “сөрөг нэхэмжлэл түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” бөгөөд, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд дурдсан хугацаанд тайлбараа өгөөгүй нь шүүхээс нотлох баримт гаргаж өгөх, мэтгэлцэх эрхийг хязгаарласан явдал биш юм. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ цуцлагдсан үндэслэл, шалтгаан нөхцөлийн талаар хийсвэр дүгнэлт хийсэн. Тодруулбал анхан шатны шүүх хог хаягдлын төлбөр 1,277,250 төгрөг, харуул хамгаалалтын хөлс 16,802,720 төгрөг, алт угаах скрүүбэрийн үнэ 56,750,000 төгрөг, түлшний савны үнэ 3,500,000 төгрөг, бульдозерын түрээсийн төлбөр 22,500,000 төгрөг, цахилгаан үүсгэврийн төлбөр 50,000,000 төгрөг, нийт 155,829,970 төгрөгийн зардлуудыг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь манай компани хамтын ажиллагааны дундын зардалд гэрээний дагуу эхний хөрөнгө оруулалт 35,391,600 төгрөг, алт борлуулсны орлогоос суутгуулсан 119,009,467 төгрөг, шатахууны төлбөрийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэрийн өмнөөс шууд “НИК” ХХК-д төлсөн төлбөр 110,662,550 төгрөг, нийт 256,063,617 төгрөгийн хөрөнгийг оруулсан. Дээрх байдлаар манай компаниас хамтын  ажиллагаанд оруулсан 256,063,617 төгрөгөөс хог хаягдлын төлбөр, харуул хамгаалалтын хөлс, алт угаах төхөөрөмжийн үнэ, түлшний савны үнэ бүрэн төлөгдсөн. Харин хамтын ажиллагааны явцад бульдозер, цахилгаан үүсгүүр огт түрээслээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай байгуулсан 2017.05.10-ны өдрийн 003 дугаартай “Түрээсийн гэрээ” гэх баримтыг  гаргаж өгсөн ч уг гэрээ тухайн үед хамтын ажиллагааны үед огт байгуулагдаж байгаагүй, ийм техник түрээсэлж аваагүй болно. Энэ нь тухайн гэрээний агуулгаас бүрэн харагдаж байгаа. Тухайлбал, “,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээнүүдэд ямар хүчин чадалтай, ямар марк, улсын дугаар, техникийн гэрчилгээтэй техникийг хаана, ямар зориулалтаар түрээсэлж байгаа нь тодорхойгүй байдаг. Түүнчлэн уг гэрээнүүдийн төлбөрийг төлсөн талаар албан ёсны санхүүгийн баримт байхгүй. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй, санхүүгийн баримтгүй гэрээнд үндэслэн манай компаниас “Бульдозерын түрээсийн төлбөр 22,500,000 төгрөг, цахилгаан үүсгэврийн төлбөр 50,000,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн эд хөрөнгийн хохирол учруулах шийдвэр болсонд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-ийн “...”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас 155,829,970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгоно” гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс хамтын үйл ажиллагааны явцад гарсан зардлын хариуцагчид ногдох хэсэг болох 456,474,175 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч “нэхэмжлэгч нь үйл ажиллагааны үр дүнд олсон алтны орлогоос тухай бүрт хамтын зардлаа хасаад ногдох хэсгийг манайд шилжүүлж байсан тул хамтын зардал гэж байхгүй, шаардах үндэслэлгүй” гэж маргасан ба сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “уулын ажлын бүтээмж муу байсан учир талууд ярилцаад экскаватор түрээслэхээр болсон, Хюьндай маркийн 2017 онд үйлдвэрлэсэн, шинэ экскаваторыг сарын түрээсийн төлбөр 49,500,000 төгрөг байхаар тооцож түрээсэлсэн, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гаргасан экскаватор жижиг, ажиллах боломж муутай байснаас тухайн экскаваторыг уулын ажилд хоёулаа ашиглаж, түрээсийн зардалд 336,121,565 төгрөгийг төлсөн тул гэрээний дагуу зардлыг хувааж төлөх ёстой” гэж тайлбарласан, үүнийг нэхэмжлэгчээс “талууд экскаватор хамтарч түрээслэхээр харилцан тохиролцоогүй” гэж үгүйсгэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 155,829,970 төгрөгийг гаргуулж, үлдэх 300,644,205 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, шүүх дундын эд хөрөнгөд хамаарах болон хамаарахгүй зардлыг ялгаж, зааглахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх ажиллагааг шүүх хангалттай явуулсан гэж үзэхээргүй, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, дурдсан зөрчлийг залруулан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх замаар маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй...” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэл бүхий байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн шаардаж буй дундын зардлыг талууд тухай бүр тооцож, хариуцагчид оногдох хэсгээс суутгаж, үлдэх орлогыг шилжүүлж байсан эсэх, хариуцагчийн шаардлагын үндэслэл болох экскаваторын түрээсийг талууд хамтран хариуцахаар тохиролцсон эсэхийг тодруулах нь зүйтэй. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх зохигчийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр хэргийг буцаасан, уг магадлалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, харин хариуцагчийн төлөөлөгчөөс “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах”-аар хяналтын журмаар гомдол гаргасан ба хяналтын шатны шүүх анхан, болон давж заалдах шатны шүүхийн дүгнээгүй асуудлаар хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийж, гомдлыг хангах боломжгүй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 690 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 937,100 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр төлсөн 2,503,475 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                    Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                                         Д.ЦОЛМОН