Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0277

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0277

Улаанбаатар хот

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, Б.*******ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оны 03 дугаар сарын 27-ний өдрөөс Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/31 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар чөлөөлөгдсөн. Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн А/03 тоот шийдвэрээр Б/31 тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлөлт, бичилт хийлгэх шийдвэр гарсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 95 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн.

2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/40 дугаар “Ажилд томилох тухай” захирамжаар ажилдаа орж ажилласан. Тун удалгүй сумын Засаг дарга Ж.Нанзаддорж нь “нийтийн талбайн хог цэвэрлэгээний ажлыг хагас дутуу, өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай”  Б/48 дугаар захирамжийг гаргасан, ...мөн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Ажлаас халах тухай” Б/52 тоот захирамжаар ямар нэгэн үндэслэлгүй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхээ хязгаарлуулаад байна гэжээ.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...шүүхэд удаа дараа ирсэн унааны бензин, тосны зардал болох 271.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг дарга Ж.Нанзаддорж шүүхэд гаргасан тайлбартаа: ...Урьд нь Б.******* нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажлын байранд архидан согтуурсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж байсан. Ажлын хариуцлага алдсан талаарх нотлох баримтууд нь олдохгүй байснаас шүүхэд гаргаж өгч чадалгүй шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авсны дараагаар уг нотлох баримтууд гарч ирж, өөрөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.*******ийг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр захирамж гарган ажилд нь буцаан томилсон. Ажлын шаардлагаар үүрэг даалгавар өгсөн боловч хугацаандаа биелүүлээгүй, алдаа дутагдлыг удаа дараалан гаргасан учраас ажлаас нь чөлөөлсөн. Цаашид Б.*******тай хамтран ажиллах боломжгүй. Шүүхэд ирсэн унааны бензин, тосны зардал болох 271200 төгрөгийг тухайн дүнгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй, гэхдээ бензиний зардлыг Нөмрөг сумаас аймгийн төв хоёрын хооронд явах нэг хүн замын унааны зардлаар тооцож олгоно гэжээ.

Гуравдагч этгээд Д.Нямсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Б.******* нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан нь үнэн болно гэжээ.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг тус тус баримтлан Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Ажлаас халах тухай” Б/52 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.*******ийг Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 6 561.838 төгрөгийг Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт, баталгаажуулалтыг хийлгүүлэхийг хариуцагч Нөмрөг сумын Засаг даргад даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 70 дүгээр зүйлийн 70.4-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд ирсэн унааны бензин, тосны зардал 271.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг дарга Ж.Нанзаддорж давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч Б.*******тай холбоотой гэрчүүдийн мэдүүлэг зөрж байгаа учир гэрчүүдийг дахин асуулгах, Б.******* нийтийн талбайн хог цэвэрлэх арга хэмжээний Засаг даргын зөвлөлийн хурал, түүний тэмдэглэлийг хуурамч гэж үзэж байгаа зэрэг зөрүүтэй асуудлууд байгаа. Б.******* анх 2013 онд ажлаас халагдахад гэрчийн мэдүүлэг дутуу, анхан шатны хэргийн бүрдүүлэлт хангалтгүй шийдвэр гарсан гэж үздэг. Өнөөдрийн энэхүү шүүхийн шийдвэр мөн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг дутуу байна. Нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн албаны салбар зөвлөлд хандсан гомдол, түүний гаргасан шийдвэрийн хяналтын хугацаа зэргийг нягтлан үзэх шаардлагатай гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Б.******* нь “Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын “Ажлаас халах тухай” 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/52 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, унааны зардал гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.

Хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “нэхэмжлэгч Б.*******ийг Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон тухай” 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/40 дүгээр захирамжийг гаргасан байна.

Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг дарга нь дээрх захирамжийг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гаргасан атлаа 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэн “нэхэмжлэгч Б.*******ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж” Б/52 дугаар захирамжийг гаргасан нь хууль бус болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Өмнө нь сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/31 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Засаг дарга нь эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 /ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан/ дэх заалтуудыг үндэслэн Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэснийг Б.******* нь эс зөвшөөрч “Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Б.*******ийг Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлөлт, бичилт хийлгүүлэх, шүүхэд ирсэн унааны зардал гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргад холбогдуулан гаргасныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 95 дугаар тогтоолоор бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Гэтэл хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг дарга нь дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Б.*******ийг Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/40 дүгээр захирамжийг гаргасан атлаа 18 хоногийн дараа нэхэмжлэгч Б.*******ийг “Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын “Нийтийн талбайн хог цэвэрлэх хуваарь батлах тухай” 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/32 дугаар захирамжийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, алдаа дутагдлыг удаа дараалан гаргасан” гэж тайлбарлан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Б/52 дугаар захирамжийг гаргаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “хэргийн оролцогчид захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэтээр дүр эсгэсэн үйлдэл гаргаж байгаа нь захиргааны албан тушаалтан шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн, хууль бус үйлдэл гаргасан гэж үзэхээр байна.

Тодруулбал, дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг дарга 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/40 дүгээр захирамжаар Б.******* нь тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогдсоноос хойш уг ажил, албан тушаалд ажиллах хугацаандаа мөн түүнийг төрийн албанаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.1.3-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан”, 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын “Ажлаас халах тухай” 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/52 дугаар захирамжийг гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн энэхүү үйлдэл нь нэхэмжлэгч Б.*******ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг дахин зөрчсөн, захиргааны албан тушаалтын хууль бус үйлдэл юм.

Мөн Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын “Нийтийн талбайн хог цэвэрлэх хуваарь батлах тухай” 2015 оны 05 дугаар сарын 04-нийн өдрийн А/32 дугаар захирамжаар үүрэг болгосон ажил үүргийг нэхэмжлэгч Б.******* гүйцэтгэсэн болох нь Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар хурлын тэмдэглэл, мөн нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрч Э.Сэтэвсүрэн, Д.Нямдорж нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 70 дугаар зүйлийн 70.4-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд ирсэн” унааны зардал болох 271200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тиймээс “...гэрчийн мэдүүлэг зөрж байгаа учир гэрчүүдийг дахин асуулгах, Б.******* нийтийн талбайн хог цэвэрлэх арга хэмжээний Засаг даргын зөвлөлийн хурал, түүний тэмдэглэлийг хуурамч гэж үзэж байгаа зэрэг зөрүүтэй асуудлууд байгаа. Б.******* анх 2013 онд ажлаас халагдахад гэрчийн мэдүүлэг дутуу, анхан шатны хэргийн бүрдүүлэлт хангалтгүй байхад шийдвэр гаргасан гэж үздэг. Өнөөдрийн энэхүү шүүхийн шийдвэр нь мөн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг дутуу гэж үзэж байна” гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээрх дүгнэлтээр Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/52 дугаар захирамж хууль бус болох нь тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87

дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                    

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН      

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР