Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221

 

“М Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г, гуравдагч этгээд Л.Ц нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 254 дүгээр магадлалтай, ““М Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон тус аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж, Ерөө сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаартай “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” захирамж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай захирамжууд нь хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар захирамжаар олгосон 170400... дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг тогтоож, хүчингүй болгуулах тухай шинэ эрх зүйн акт гаргахыг тус сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 254 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М Н” ХХК-ийн “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар захирамжийн дагуу Л.Ц-д олгосон 170400... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг тогтоож, хүчингүй болгуулах тухай шинэ эрх зүйн акт гаргахыг Ерөө сумын Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын тогтоох хэсэгт “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор “М Н” ХХК-д Ерөө сумын Засаг даргын 2007 оны 59 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, мөн 2013 оны 141 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгох тухай” захирамжаар газар эзэмшүүлж гэрчилгээ олгосон шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэж байгаа юм.

Учир нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны А/435 дугаар захирамжийг үндэслэн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 256 дугаар “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” захирамжаар уг 84.36 га газрыг иргэн Л.Ц-д 15 жилийн хугацаатай олгож, Ерөө сумын Засаг даргын 2013 оны 141 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр олгох тухай” захирамжид “М Н” ХХК-тай холбогдох хэсгийг хүчингүй болгосны дараагаар иргэн Л.Ц хугацаан дээр гомдол гаргасны дагуу Ерөө сумын Засаг даргын 2015 оны 289 дугаар “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” захирамжаар иргэн Л.Ц-д 46 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэхдээ өмнөх гаргасан 256 дугаар захирамжаа бүхэлд нь хүчингүй болгосон нь ““М Н” ХХК-ийн газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр болдог. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж байна. Мөн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 256, 289 дугаар захирамжууд нь утга агуулгын илэрхий алдаатай, “газар эзэмших эрх сэргээх” гэсэн хуулинд байхгүй нэр томьёо хэрэглэсэн, Газрын тухай хууль болон бусад хуулиас холбогдох зүйл, заалтыг үндэслээгүй, газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй акт байдаг.

Магадлалын хянавал хэсэгт “...Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь өөрийн эрх хэмжээний хүрээнд гомдол гаргах хугацаа хэтрээгүй гэж үзэж, доод шатны албан тушаалтныхаа шийдвэрийг хянаж шийдвэрлэсэн байх учир энэ талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна” гэжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана”, 6.З-т “энэ хуулийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол захиргааны байгууллага, албан тушаалтан уг хугацааг хэтэрснээс хойших 3 сарын дотор нөхөн сэргээж болно, хугацаа сэргээхтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргана” гэж заажээ.

Иргэн Л.Ц нь өөрийн эзэмшиж байсан газраа 2012 онд хүчингүй болсныг мэдсэн байдаг. Ингээд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасан хугацаанд гомдлоо Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг мэдсэнээс хойш 3 жилийн дараа буюу 2015 онд гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэснийг шүүх Сэлэнгэ аймгийн Засаг дарга эрх хэмжээний хүрээнд гомдол гаргах хугацаа хэтрээгүй гэж үзэж, энэ талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэсэн нь хууль буруу хэрэглэж тайлбарласан. Иймд “М Н” ХХК нь 2007 онд хууль тогтоомжид заагдсаны дагуу газар эзэмших хүсэлтээ тавьж, газар эзэмшээд 2017 он буюу өнөөдрийг хүртэл 10 орчим жил эзэмшиж, ашиглаж байхад төрийн байгууллагын хариуцлагагүй байдлаас болж хохирох ёсгүй юм. Үүнийг давж заалдах шатны шүүх нь хууль буруу хэрэглэж тайлбарласан тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалтыг тус тус үндэслэн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 дугаар захирамжийг хүчингүй болгож, “Л.Ц-гийн газар эзэмших эрхийг сэргээх”-ийг Ерөө сумын Засаг даргад даалгасан, уг захирамжийг үндэслэн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар захирамжаар Л.Ц-гийн “газар эзэмших эрхийг сэргээж”, нэгж талбарын 1862649379... дугаар бүхий 84.36 га газрыг үр тариа тариалах зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, Ерөө сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дүгээр захирамжаар Л.Ц-д дээрх газрыг 46 жилийн хугацаагаар эзэмшүүлж, өмнөх 256 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч “М Н” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын болон Ерөө сумын Засаг даргын дээрх захирамжуудыг хүчингүй болгуулах, Ерөө сумын Засаг даргын 2001 оны 128 дугаар захирамжаар олгосон 170400... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ “хүчингүй болохыг” тогтоож, хүчингүй болгосон акт гаргахыг Ерөө сумын Засаг даргад даалгуулах нэхэмжлэл гаргаж “...Л.Ц-д манай эзэмшил 813 га газартай давхцуулан газар олгосон ,...Л.Ц-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ /хууль бус/” гэж маргажээ.

Иргэн Л.Ц-гийн гаргасан “...94 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Ерөө сумын Засаг даргын 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар захирамж “хуурамч”, ...эрх бүхий албан тушаалтнууд шалгаж өгөхгүй, хохироож байгаа тухай” гомдлыг шалгасан ажлын хэсэг /архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан/ уг захирамжийг “архивт хуурамчаар нөхөж бүрдүүлсэн”-ийг тогтоож, “хуурамч захирамж” гэж дүгнэсэн, уг дүгнэлт нь “52 дугаар захирамжийг хүчингүй болгож, Л.Ц-гийн газар эзэмших эрхийг сэргээх”-ээр шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны А/435 дугаар захирамжийн үндэслэл болжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Л.Ц нь 2012 онд 94 га газар эзэмших эрхийн гэрчилгээгээ “шинэчлэн солиулах”-аар Ерөө сумын газрын даамал Э.А-д 2012 онд “хүсэлт” гаргаж байсан, тухайн үед газар эзэмших эрх”-ийг хүчингүй болгосон 2007 оны 52 дугаар захирамжийг түүнд “өгөөгүй”, түүний шаардсаны дагуу 2015 оны 6 дугаар сарын 22-ны уг захирамжийг гардуулж өгсөн, Л.Ц-гийн “захирамж”-ийг шалгуулахаар гаргасан гомдлыг Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь шийдвэрлэлгүй, өргөдлийг нь буцаасан, Л.Ц-гийн 94 га газрыг түүний хүү Б /нас барсан/-тай тохиролцож П.Г /“М Н” ХХК-ийн захирал Б.П хүү/ хэсэг хугацаанд тариалж, ашиглаж байсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

Иймд, Л.Ц нь газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 дугаар захирамжийг гардаж авсны дараагаар 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дээд шатны албан тушаалтан аймгийн Засаг даргад гомдлоо гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “иргэн,... захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас,... хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах”-аар, 6.4-т “энэ хуулийн 6.1-д заасан байгууллага, албан тушаалтан ...гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч ...шийдвэрлэх”-ээр заасантай нийцсэн, “гомдол” гаргах хуулийн хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг шалгах,“2007 оны 52 дугаар захирамж”-тай холбоотой нотлох баримтыг цуглуулах ажиллагаа явуулахад Л.Ц-гийн гомдлыг шалгасан “ажлын хэсэг”-ийн дүгнэлтээр тогтоосон нөхцөл байдлууд болох “Ерөө сумын Засаг даргын гаргасан 2007 оны 52 дугаар захирамжийн /хэвлэмэл хуудас/ “өнгө” мөн оны бусад захирамжуудаас өөр, захирамжид дарагдсан тамга нь 2010 оноос хойш хэрэглэгдэж буй тамга болох нь, захирамжийг 2007 оны захирамжуудад хавчуулсан /нэмж оруулсан/ байдлаар үдсэн” зэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, уг захирамжид 2015 онд “нөхөж” тамга дарж, архивын баримтад оруулсан гэдгээ газрын даамал Э.А-д хүлээн зөвшөөрчээ.

Дээрх байдалд үндэслэн дүгнэвэл, Л.Ц-гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрээ захиргааны байгууллага, албан тушаалтан түүнд гардуулж /мэдэгдэх/ өгөөгүй, уг захирамж гарсан хугацаанаас 8 жилийн дараа Л.Ц-гийн шаардлагаар “нөхөн бүрдүүлж” гардуулсан, “нөхөн бүрдүүлсэн”-ээр уг захирамжийг “хууль ёсны” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүчин төгөлдөр үйлчилж “үр дагавар” бий болсноос үл хамааран Л.Ц-гийн “газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол” нь зөрчигдсөн байна.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, доод шатны Засаг даргын “хууль тогтоомжид нийцээгүй, газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг зөрчсөн” шийдвэрийг хүчингүй болгох холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны А/435 дугаар захирамжийн үндэслэл болоогүй “...Л.Ц нь Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан газрын төлбөрөө төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй зөрчил гаргасан эсэхийг шалгаагүй, 52 дугаар захирамж зайлшгүй гарах хууль зүйн шаардлага байсан, ...захирамжийг хуурамчаар бүрдүүлсэн /үйлдсэн/ эсэхийг харьяалах хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж тогтоолгосны эцэст гаргах байсан” гэх зэрэг дүгнэлтүүдийг хийсэн нь буруу байх тул “...ЗХХШТ хуулийн 6.1, 6.3-т заасан хугацаанд гаргаагүй гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн, Л.Ц-гийн үгээр гаргасан дүгнэлтэд үндэслэсэн” гэх агуулгатай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн  8.2-т заасны дагуу дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас“гомдол”-ыг хянан үзээд гаргасан шийдвэрийг доод шатны холбогдох байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй байна. Л.Ц-гийн гомдлыг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны А/435 дугаар захирамжийн 2 дахь заалтаар Л.Ц-гийн газар эзэмших эрхийг сэргээх арга хэмжээ авахыг Ерөө сумын Засаг даргад даалгасан, уг захирамжийг үндэслэн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны 256 дугаар захирамжаар “...нэгж талбарын 1862649379... дугаар бүхий 84.36 га газрыг тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн нь хуулийн дээрх заалтад нийцжээ.

Түүнчлэн “анх эзэмшсэн хугацаагаар эзэмшүүлээгүй” гэж Л.Ц гомдол гаргасныг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дүгээр захирамжаар “газар эзэмшүүлэх хугацаа”-г 46 жил болгон өөрчилсөн нь захиргааны актын алдааг залруулсан бөгөөд шийдвэрлэж буй асуудлын хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн акт биш байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2015 оны 289 дүгээр захирамжийг үндэслэн сумын газрын даамал “нэгж талбарын 1862649379... дугаар бүхий 84.36 га газар”-ыг эзэмшүүлэх гэрээг Л.Ц-тэй байгуулж, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 000575... дугаартай “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г олгосон, иймээс 2001 оны 128 дугаар захирамжийг үндэслэн Л.Ц-д олгогдсон 2001 оны 170400... дугаартай гэрчилгээ нь ямар нэгэн “үр дагавар”-гүй болсон байхад уг гэрчилгээг “хүчингүй болсныг тогтоолгож, хүчингүй болгосон акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

Дээрх байдалд үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0254 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ