Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/416

 

2023              04           06                                       2023/ШЦТ/416

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

улсын яллагч Н.Ундрах (томилолт),

шүүгдэгч *, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *ыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн * дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** тоотод оршин суух, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Яллагдагч * нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** гэх газраас 42-54 насны, 0.6м2 хэмжээтэй, 16 ширхэг Нарсны овгийн Сибирь хуш модыг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж гарал үүслийн гэрчилгээгүйгээр *** улсын дугаартай Делика маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч * мэдүүлэхдээ “Тухайн үед би түлээний модгүй болчхоод уулнаас хоёр, гурван мод түүсэн нь үнэн. Миний буруу...” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

-  Улсын яллагчаас “хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-12 дугаар хуудас), хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Тийн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас), гэрч Б.О, Б.Х, Д.Т нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 39,42,51 дүгээр хуудас), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3479 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас),

 - Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Экологи эдийн засагт учруулсан хохирлыг төлж барагдуулсан баримт (хавтаст хэргийн 112 дугаар хуудас), шүүгдэгч *ын хүсэлт (хавтаст хэргийн 113 дугаар хуудас), *ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 121 дүгээр хуудас), хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Тт хавтаст хэргийн материал танилцуулсан баримт (хавтаст хэргийн 157 дугаар хуудас).

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч * нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** гэх газраас 42-54 насны 0.6м3 хэмжээтэй 16 ширхэг Нарсны овгийн “Сибирь хуш” модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж *улсын дугаартай “Mitsubishi” маркийн “Делика” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-12 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Тийн “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

- Гэрч Б.Оын “...Нийслэлийн байгаль орчны газарт Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** хариуцсан  байгаль хамгаалагчаар 2021 оны 06-р сараас ажиллаж байна. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын хэмжээнд цас орсны дараа би 05-ны өдөр урьд нь мод бэлтгэчихсэн байсан амны орчим эргүүл хийгээд явж байхад дээр хэсэг газарт дахиад 7-8 мод бэлтгээд ашигтай хэсгийг нь аваад явчихсан байсан. Тэр орчимд дахин үзлэг хийгээд ямар тэврийн хэрэгсэлтэй хаанаас ирсэн юм бол гэж үзсэн чинь ***аас модон дундуур дамжаад *** руу орсон ул мөр харагдсан. Тэгээд мод бэлтгэсэн талаар дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

- Гэрч Б.Хын “...2022 оны 11-р сард хэдэн хүмүүстэй ярьж самрын бригад авч явна гэхээр нь өнгөрсөн жил хамт самарт явж байсан *тай холбогдоод чи самарт явах уу гэхэд хүрээд ир хамт явъя гэж хэлсэн. ** очиход * хүрч ирж намайг аваад бид хоёр тэдний гэр рүү явж очиж хоноод маргааш өглөө нь гаражийн дээврийг янзалж өгөөд би өөр айл руу явсан. Маргааш өдөр нь *ын гэрт нэг шил архи, сүүтэй аваад тэдний гэрт хоносон. Өглөө эрт босоход * “хоёулаа галын түлээнд явчхаад ирье” гэхээр нь “тэгье” гээд Делика маркийн машинтай тэдний гэрээс гарч хойшоо баруун салааны ам руу лагерийн байшин өнгөрөөгөөд мод руу орсон. Уул даваагүй байх өглөө 08 цаг 40 минутын орчимд очоод уулны энгэрээс * мод бэлтгэж эхэлсэн. Тэр үед машины дугуй хагарахаар нь би дугуйг сольсон. * тэрүүгээр яваад мод авчраад тайраад машиндаа хийгээд байсан. Нийт 10 гаран мод тайраад машиндаа хийсний дараа би дугуйг сольж дуусаад тэдний гэр лүү явцгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),

- Гэрч Д.Тын “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр яг нэрийг нь хэлж болохгүй байна манай тэр хавьд байдаг иргэнээс “нөгөө *** аймгийн дугаартай машин өглөө 08 цаг 30 минутын орчим уул даваад явчихлаа” гэхээр нь би “яаралтай яваад очъё” гэж хэлээд 09 цаг 30 минутын орчимд явж очиход “дөнгөж сая доошоо буучихлаа” гэж хэлсэн. Би уул руу орж бэлтгэсэн модыг нь харахад хатсан боловч босоо хэлбэртэй нарсны овгийн хуш мод бэлтгэчихсэн байсан. Цастай байсан учраас ул мөр нь тод харагдаж байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсний дараа *** аймгийн дугаартай Делика маркийн тээврийн хэрэгсэл унадаг залуугийн хашааны гадаа очиж үзэхэд хашаанд нь Делика маркийн тээврийн хэрэгслийн дугуй нь цас, шороо болчихсон байдалтай зогсож байсан. Цагдаагийн байгууллагаас хүмүүс ирж уулнаас саяхан бэлтгэсэн мод байна гээд * гэх залуугийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн. Ойг цэвэрлэх зориулалтаар унанга буюу гишүүг мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу бэлтгэх ёстой. Бусад зориулалтаар бэлтгэсэн модыг хууль бус гэж үздэг. Бэлтгэсэн модыг үзэхэд хуурай төрлийн босоо хэлбэртэй буюу унаагүй мод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3479 дугаартай шинжээчийн “...* улсын дугаартай Делика маркийн тээврийн хэрэгсэлд ачсан моднууд нь 42-54 насны, 0.6м3 хэмжээтэй, 16 ширхэг Нарсны овгийн Сибирь хуш зүйлийн хуурай моднууд байна. Дээрх моднуудыг цаашид амьдрах чадвартай байсан эсэхийг тогтоох боломжгүй. Тээврийн хэрэгсэлд ачсан модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 265.030 төгрөг...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 51-57 дугаар хуудас),

- “Мастер үнэлгээ” ХХКомпанийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 22/Б-012 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 63-66 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл * нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийн  ойн санд хохирол учруулж, зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг агуулжээ.  

Тиймээс шүүгдэгч *ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нөгөөтээгүүр Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, ойн мэргэжлийн байгууллага, албан тушаалтны хяналт, зааварчилгааны дагуу гүйцэтгэх”, мөн хуулийн 35.4 дүгээр зүйлд “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ: 35.4.1.гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн; 35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн; 35.4.3.засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” гэж тус тус заасан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “...хэргийн зүйлчлэл, гэм буруу, хэргийн үйл баримт дээр маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон” болно.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн * дугаартай  “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах” тухай тогтоол, мөн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 237 дугаартай “Яллах дүгнэлт”-ийн тодорхойлох; тэмдэглэх; тогтоох нь хэсэгт “...*ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Делика маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ***” гэж алдаатай бичсэнийг шүүх техникийн шинжтэй алдаа гэж үзэж зөвтгөн шийдвэрлэсэн ба цаашид энэ төрлийн бичвэрийн алдаа гаргахгүйд анхаарвал зохиолтой.

1.4 Хохирол, хор уршиг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлсон. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12-р сарын 06-ны өдрийн 3479 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Тээврийн хэрэгсэлд ачсан модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 265.030 төгрөг”-өөр тогтоосон ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /265.030х3=795.090/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан байна.

 Шүүгдэгч * нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд 795.090 төгрөгийг төлж барагдуулсан(хавтаст хэргийн 112 дугаар тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Т “...хохирол төлж барагдуулсан, гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт(хавтаст хэргийн 157 дугаар хуудас)-ийг илэрхийлсэн байх тул шүүгдэгч *ын энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлогоос гадна гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг хамааруулан ойлгохоор“ тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч *ын гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эзэмшлийн (иргэн ***) *** улсын дугаартай Делика маркийн тээврийн хэрэгслийг ашигласан ба “Мастер үнэлгээ” ХХКомпанийн 2022 оны 12-р сарын 12-ны өдрийн 22/Б-012 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан(хавтаст хэргийн 63-66 дугаар хуудас)-гаар тухайн тээврийн хэрэгслийг 2.500.000 төгрөгөөр үнэлсэн тул дээрх хуульд заасныг баримтлан шүүгдэгчээс гаргуулж, улсын орлогод шилжүүлж шийдвэрлэв.

Тодруулбал; Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа тусгай зориулалтын техник, тээврийн хэрэгсэл ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тухайлан зохицуулсан болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 06 сарын хугацаанд төлүүлэх саналтай...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 1.000.000 төгрөгийн торгох ялыг багасгаж, хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг танилцуулсан болно.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийдвэрийн хуулбар(хавтаст хэргийн 87, 127-153 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч * нь урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нөхцөл байдал нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж ойн санд хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан), шүүгдэгчийн хувийн байдал (бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлж, тодорхой орлого олдог болох нь тогтоогдсон, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч *т  Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 150 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй, дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ял оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэсэн тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авсан болно.

Эрүүгийн * дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч * нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч *ыг оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш нэг зуун тавин хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Делика” маркийн *улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоосон хоёр сая таван зуун мянган төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн * дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч * нь 795.090 төгрөгийг төлж барагдуулсан, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР