Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

 

       2023          01             31                                                      2023/ШЦТ/19

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Золжаргал,

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч Л.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 2229002860007 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Л.Х нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт дугуй засварын газар ажиллуулж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6-д зааснаар ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх, 28.1.8-д заасан аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэлгүй урьдчилсан болон ажлын байрны анхан шатны зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй, сургалтад хамрагдаагүй, иргэний дугуй засварын газарт ажиллуулсны улмаас Б.Бын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Л.Х нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт дугуй засварын газар ажиллуулж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6-д зааснаар ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх, 28.1.8-д заасан аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчиж болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэлгүй урьдчилсан болон ажлын байрны анхан шатны зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй, сургалтад хамрагдаагүй, иргэний дугуй засварын газарт ажиллуулсны улмаас Б.Бын амь насыг болгоомжгүйгээр хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-19-р хуудас/,

Дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-28- р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхцэцэгийн: “...Баяр овогтой Б миний төрсөн хүү байгаа юм... Намайг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хөдөө гэртээ байж байхад манай хажуу айлын малчин Уламбаяр хүрч ирсэн энэ хүн бол манай нөхрийн хүргэн хүү байгаа юм. Тэгээд Уламбаяр нь “утсаа нээ хүн ярих гээд байна” гэж хэлэхээр би утсаа нээтэл манай охин Ариунгэрэл над руу утсаар залгаад “Б дугуйнд цохигдсон байна бие нь тааруу байна” гэж хэлэхээр би бие хаа нь гайгүй юм уу гэхэд манай охин Ариунгэрэл бие нь тааруухан байна гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш 16 цагийн үед Б хүүг нас барчихлаа гэж утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Гэрч Ж.Баянмөнхийн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Цогтцэций сумын урд талд байдаг нүүрс тээврийн 2 дахь километрт байрладаг дугуй засварын үүдэнд нь 01-35 ӨМЕ улсын дугаартай машинтайгаа очиж хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь 10 цагт дугуй засварын ажилтан залуу ирж миний машины жолоочийн талын 3 дахь тэнхлэгний дугуйг хагарсан байсныг шинэ олгой авч дугуйг нөхүүлсэн. Тэгээд машины дотор талын дугуйг машинд угсрах явцад дугуй нь гэнэт буудсан тэгтэл дугуй задлаж байсан залуу хажуу талд зогсож байсан машины чүргүүлийн гол хэсгийн дугуйны хажуу газарт дээшээ харчихсан байдалтай хамарнаас нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд дугуй засварын эзэн Хүрлээ гэх хүнтэй талийгаачийг өргөж хажуу талын цайны газарт оруулаад газарт хэвтүүлсэн, тэгэхэд ямар ч ухаангүй юм ярихгүй байсан. Би тэгээд цайны газарт оруулчихаад гарч түргэн цагдаа дуудсан. Удаагүй эмч ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн... Дугуйг угсарч байхад хажууд нь хүн байгаагүй гэнэт их чанга "пан” гэсэн дуу гарсан. Талийгаач хажуу тийш 2-3 орчим метр шидэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

Гэрч С.Батбуянгийн: “...Би тэр осол болох үед 2 том машины цаад талд нь машины тэвшин дээр гагнуур хийж байсан. Тэр үед маш хүчтэй “пан” гэсэн дуу чимээ сонсогдоод дугуй засварын хажууд байсан хүмүүс бужигналдаад явчихаар би юу болсон юм бол гээд очиход Х ах портерийн ар талд авчирчихсан дугуй засдаг ажилтан Баасандалайг тэврээд уйлаад сууж байсан. Хажууд том тэрэгний жолооч ах зогсож байсан. Тэгээд Х ах намайг хөлнөөс өргө гэр лүү оруулъя гэж хэлэхээр би Баасандалайгийн хөлнөөс өргөж Х ах бид хоёр гэрт оруулсан. Тэр үед Баасандалай огт ухаангүй хамарнаас цус гарсан байдалтай байсан... тэр том машины буудсан дугуй 2 том машины голд нь хэвтэж байсан. Би сүүлд тэр дугуйг очиж үзэхэд хажуу бөөр хэсгээрээ задарсан байсан... Дугуй засвар болон гагнуурыг Х гэдэг хүн хариуцдаг энэ хүний багаж төхөөрөмж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

Гэрч Г.Пүрэвдоржийн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймаг Цогтцэций сумын нүүрс тээврийн автозамын 2 дахь километрт хувиараа дугуй засвар ажиллуулдаг Х ах дээр ирж дугуй засварын ажилд орж одоо 1 дэх жилдээ ажиллаж байна... Талийгаач Б манай ангийн хүүхэд байгаа юм. 2022 оны 08 дугаар сард би талийгаачтай утсаар ярихад намайг наана чинь ажил байна уу гэхээр би Хүрлээ ахаас асуугаад эргээд хариу өгнө гэж хэлсэн. Би тэгээд Хүрлээ ахаас ажилд хүн авах уу гэхэд авнаа гэж хэлэхээр би Х ахад талийгаачийн дугаар өгсөн тэгээд талийгаач 2022 оны 08 дугаар сарын 10-дын үед Хөвсгөл аймгаас ирээд дугуй засвар дээр ажилласан юм. Би тэгээд хамт ажиллаж байгаад 2022 оны 08 дугаар сарын сүүлээр ар гэрээс дуудаад би Хөвсгөл аймаг руу явсан юм. Би тэгээд 2022 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хот руу орж ирээд нэг хонож байхад урдаас дугуй засварын ажилтан Тамир над руу утсаар залгаад дугуй буудчихлаа Б буудсан дугуйнд цохиулчихлаа гэж хэлсэн... Дугуй засвар болон гагнуурыг Х ах хариуцдаг энэ хүний багаж төхөөрөмж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

Гэрч Н.Дуламбаярын: “...Би Цогтцэций суманд хоёр дахь километр гэдэг газар хувиараа уламжлалт эмчилгээний газар ажиллуулдаг юм. Ажиллуулдаг уламжлалт эмчилгээ бариа заслын газартаа байж байхад нилээд сандарсан байдалтай бараг ухаан санаа нь орж гарсан гэхээр нэг эгч ирээд том машины дугуй буудаад нэг залуу унаад ухаангүй хэвтэж байна. Та очоод тэр хүнийг хараад үзээд өгөөч гэж хэлсэн.... намайг биеийг нь үзээд байж байхад 10 гаруй минутын дараа түргэний эмч ирсэн... тухайн хүний өмссөн цамц нь цээжний хэсгээрээ задарчихсан байдалтай байсан... Судсыг нь үзэхэд захын судас нь сул лугшилттай, хоёр нүдний хүүхэн хараа өргөсөж томорсон, амнаас нь бага зэрэг цус гарсан, хэлээ хазсан эрүү нь зууралттай, хүзүүний орчимд зүүн талдаа хугарсан эсэх нь тодорхойгүй хавдартай, хавдаргүй тал руугаа гилжийж хэвтсэн байдалтай байсан... тухайн үед дугуй буудаж байхыг нь сонссон нүдээр хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

Гэрч Ө.Буян-Оргилын: “...Би 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хоёр километр гэдэг газар манай эхнэр Мягмарын Дуламбаярын ажиллуулдаг уламжлалт эмчилгээ бариа заслын газарт хот руу нүүх гээд юмнуудааа хурааж цэгцлээд дотроо байж байтал 40-50 орчим насны эгч гүйж ирээд дугуй засварын тэнд том машины дугуй буудаад нэг залуу оногдоод уначихлаа, нас барчихсан байна уу эгчийн дүү очоод үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд бид хоёр түргэн дуудаач ээ гэж хэлсэн чинь та хоёр очоод үзээд өгөөч гээд гараад явсан... Тэгээд эхнэр бид хоёр хийж байсан ажлаа дуусгаад яваад очиход дугуйнд буудуулсан гэх залууг хүмүүс өргөөд засварын газар дотроо оруулчихсан байсан. Манай эхнэр судсыг нь барьж үзээд нас бараагүй байна түргэнээ хурдан дуудаарай гэж тухайн хүмүүст хэлсэн. Түргэн 5-10 орчим минутын дараа ирж эмч нь үзээд нас барсан байна гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-52-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 144 дугаартай “Б.Бийн цогцост үзлэг шинжилгээгээр суурь, хүзүүний С1-р нугалам, С2 нугалмын шүдлэг сэртэн, зүүн талын II, V хавирганы хугарал, тархины аалзан бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, тархины эдийн няцрал, багалзуур, голтын цус хуралт, дух, зүүн шанаа, зүүн чих, чамархай, хүзүү, баруун, зүүн эгэм, бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. З. Б.Бийн цогцост үзлэг шинжилгээгээр уушгины сүрьеэ өвчин тогтоогдсон ба энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно. Б.Б нь гавал-тархи, хүзүүний хугарал гэмтлийн улмаас нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-57-р хуудас/,

Шинжээч Т.Сайнтуяагийн гаргасан 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “1.Талийгаач Б.Б нь тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад осолд өртөж нас барсан нь “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ заалтад хамаарагдах тул үйлдвэрлэлийн осол мөн байна. 2. Талийгаач Б.Б нь тухайн дугуй засварын газрын ажилтан мөн. Ажил олгогч нь Л.Х бөгөөд дугуй засварын үед мөрдөж ажиллах хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх үүрэгтэй хүн юм. З. Хэрэгт авагдсан материал, мэдүүлгээс үзэхэд ажилтанд бичгээр зааварчилгааг өгч байгаагүй, дугуй засварын үед мөрдөж ажиллах аюулгүй ажиллагааны сургалт ороогүй байна. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 (ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх) заалт, 28.1.8 дахь (аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх) заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тухайн өдрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажил олгогч Л Х өгөх байсан. 4.Тухайн дугуй засварын газарт дугуй засварлах үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм, журам боловсруулагдаагүй, хэрхэн аюулгүй ажиллах талаар заавар дүрэм журамгүй байсан байна. 4. Ажил олгогч Л.Х нь болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь (аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх) заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 (ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх) заалтыг тус тус зөрчсөн байна. Талийгаач Б.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчөөгүй байна. 5. Хэргийн материалд хавсаргагдсан Л.Хы мэдүүлгээс /...Тэгээд үлдсэн дугуйг нь задлаж үзэхэд олгойтой байсан. Олгой нь хагарчихсан байхаар нь би энэ дугуйнд олгой тавихгүй, тэр дугуйнд тавьж болдоггүй дугуй байна гэж хэлсэн.../ үзэхэд ажил олгогч гарах эрсдэлийг тооцсон хэдий ч дугуйнд олгой тавьж, осол гарах нэг шалтгаан болсон байна. Мөн Л.Хы мэдүүлгээс /...тэгэхэд тэр жолооч хамаагүй, жолооч нар ингээд яваад байдаг юм. Би олгой тавиад Чойр луу 2 удаа яваад ирсэн шинэ олгой тавиад өгөө.../ үзэхэд тээврийн хэрэгслийн жолооч Ж.Баянмөнх нь бусдыг аюул эрсдэлд учруулж, осол гарахад мөн нөлөөлсөн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-80-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн дугуй нь БНХАУ-ын “ВАҮГ үйлдвэрийн дотуур хаймаргүй ашиглах зориулалтын дугуй байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн дугуйн хажуу хэсэгт зах ирмэг жигд, дотуур металл утас жигд бус хэмжээтэй тасарч туушдаа 640 мм хэмжээтэй, тойргийн урт 710 мм хэмжээтэй хагас дугуй хэлбэр үүсгэн задарсан ба энэ нь дотоод даралтын нөлөөгөөр буудаж хагарсан байна. Уг дугуйг хийлэх даралтын нөлөөг тогтоох боломжгүй. З. Шинжилгээнд ирүүлсэн дугуй нь 2019 оны 16 дахь 7 хоног буюу 2019 оны 4 сард үйлдвэрлэгдсэн, таван хээтэй, өвлийн болон шаврын зориулалттай, дугуйн хээний гүн газарт тулах хэсгээр дундажаар 0.5 мм, /tubeless/ буюу дотуур хаймаргүй ашиглах зориулалттай. Цаашид тээврийн хэрэгсэлд зориулалтын дагуу ашиглах боломжтой байсан. 4. Шинжилгээнд ирүүлсэн дугуйны дотор байх олгой хаймар нь БНХАУ-ын "ANNAITE” үйлдвэрт 2022 оны 07 сарын 03-нд үйлдвэрлэгдсэн. Уг олгой хаймрыг шинжилгээнд ирүүлсэн дугуйнд ашиглах боломжгүй. б. Шинжилгээнд ирүүлсэн олгой хаймрын хажуу хэсэгт туушдаа 290 мм, тойргийн урт 330 мм хэмжээтэй олон тийш салаалж дотоод даралтын нөлөөгөөр урагдсан гэмтэлтэй байна. б. Шинжилгээнд ирүүлсэн дугуй, олгой хаймарт үүссэн гэмтлээс шалтгаалан цаашид ашиглах боломжгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-87-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Л.Х нь  болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь (аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх) заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 (ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх) заалтыг тус тус зөрчсөн” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Л.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.  

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Л.Хыг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Л.Х нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э 19,796,840 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр ирүүлсэн, тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүүлсэн байх тул шүүгдэгч Л.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүй 1 жилийн хугацаанд тэнсэж уг хугацаанд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах...” гэх саналыг  шүүгдэгч Л.Х нь хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчтай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүй нэг жилийн хугацаатай тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэнэ гэсэн албадлагын арга хэмжээ авахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Л.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан  “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Хд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Л.Хд /оршин суух газар,  ажил, сургуулиа өрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх/ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

          4. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эт 19,796,840 төгрөг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

          6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Хы иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА