| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0174/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/194 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/194
2023 02 16 2023/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуул,
Улсын яллагч: Б.Амармөрөн,
Шүүгдэгч: Д.Т /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 000 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т дэлгүүрийн ойролцоо Б.Этэй үл ялих зүйлээс болж маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.
Эрүүгийн 0 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Хохирогч Б.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №15199 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос ирүүлсэн хохирол төлбөртэй холбоотой 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” дэлгүүрийн ойролцоо Б.Этэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцсон асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “баруун гарын ядам хурууны шивнүүр ясны хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн хэсэгт цус хуралт, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар, баруун гарын эрхий хуруу, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хохирогч Б.Эийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 21:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Циркийн хойд талын замын уулзвар дээр өөрийн эзэмшлийн 0000 УБЛ улсын Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа хөдөлгөөнд оролцож байсан. Тухайн үл таних тээврийн хэрэгсэлтэй залуу эгнээ байраа буруу эзэлж миний тээврийн хэрэгсэл рүү шахаад ороод ирсэн. Тэгэхээр би тухайн үл таних залууд хандаж тээврийн хэрэгсэл дотроосоо цонхоор “Чи яаж яваад байгаа юм бэ” гэж хэлэхэд, тухайн үл таних залуу над руу цонхоороо миний нүүр лүү нулимаад хараал хэлж байгаад яваад өгсөн. Тэгэхээр уг чигээрээ явах гэж байсан боловч түгжрэл ихтэй байхаар нь буцаад эргээд явж байхад Т их дэлгүүрийн урд тухайн залуу машинтайгаа зогсож байхаар би хажуу талаар орж зогсоод тухайн залуутай уулзах гээд машинаасаа буугаад очиход тухайн залуу мөн машинаасаа бууж ирээд намайг заамдаж аваад, ямар нэгэн үгийн зөрөөгүй миний нүүрэн тус газар гараараа олон удаа цохиж зодож миний биед гэмтэл учруулсан..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар 11-ний өдрийн №3906 дугаартай дүгнэлтэд “...1. Б.Эийн биед баруун гарын ядам хурууны шивнүүр ясны хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн хэсэгт цус хуралт, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хамар, баруун гарын эрхий хуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч Д.Тын яллагдагчаар өгсөн “....Миний 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр гаргасан гэрчийн мэдүүлэг үнэн зөв. Надад нэмж хэлж ярих зүйл байхгүй. Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Циркийн хойд талын уулзвар дээр өөрийн эзэмшлийн Приус 30 маркийн 0000 УЕК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа явж байсан. Тэгсэн тухайн замын уулзвар дээр үл таних хар өнгийн 89-85 серийг нь мэдэхгүй байна, хар өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу улаан гэрлээр орж ирээд, миний машиныг мөргөх шахсан. Тэгсэн тухайн тээврийн хэрэгслийн жолооч цонхоо онгойлгоод надад хандаж “Хоёулаа үзэх үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн тоогоогүй цааш орхиод явсан. Намайг Т Их дэлгүүрийн гадаа очоод зогсоход араас тухайн Приус 20 маркийн машинтай үл таних залуу миний машины хажуугаар орж ирээд “ Хоёулаа зодолдох уу” гээд гартаа тэлээгээ ороосон байдалтай машинаасаа буугаад над дээр ирээд тухайн үл таних залуу намайг “Буугаад ир гэсэн” тэгэхээр би машинаасаа буугаад тухайн залуутай барьцалдаж авсан чинь, тухайн үл таних залуу намайг гараараа нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр би зөрүүлээд тухайн залууг цохиод, бид хоёр хоорондоо харилцан зодолдсон...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Т нь Б.Этэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцсон асуудлаас болж маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний биед хүч хэрэглэн зодсон болохыг хохирогч, шүүгдэгч нараас тус тус тодорхой мэдүүлж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Д.Т нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Б.Эийн биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Тыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э нь “...Хамрын мурийлт засах мэс заслын зардал 3.899.400 төгрөг нэхэмжилж байна. Мөн 235.490 төгрөгийн эмчилгээний баримт байна. Нийт 4.134.890 төгрөг нэхэмжилж байна....” гэсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар 235.492 төгрөгийн нэхэмжилсэн дүн тогтоогдсон гэж шүүх үзэж, шүүгдэгчээс 235.492 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгчээс 235.492 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул түүнийг хохирогчид баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.Эөөс “...Хамрын мурийлт засах мэс заслын зардал 3.899.400 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн байх ба гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул 3.899.400 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Д.Тыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Т нь дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “Эрдэнэс таван толгой” ХХК-нд засварчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Тт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн санал гаргаж, шүүгдэгчээс “...тусгайлан гаргах саналгүй...” гэсэн болохыг тэмдэглэв.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Тыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хохирогчид 235.492 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Э гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Таас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН