| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0173/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/213 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/213
2023 02 27 2023/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуул,
Улсын яллагч: Э.Булганчимэг,
Хохирогч: Б.Г,
Шүүгдэгч: Б.Б,
Шүүгдэгч: Ө.Б, тэдгээрийн өмгөөлөгч С.Батболд нар оролцсон эрүүгийн 2309000000036 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 2003 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, М их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Монгол улсын иргэн 2002 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, М их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын 0000000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Ө.Бтай бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “А” нэртэй баарны гадаа хохирогч Б.Гын “би наад охиныг чинь авч явна” гэсэн үгэнд дургүйцэн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн дээд 1-р шүдний сулрал, 2-р шүдний эмтрэл, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зовхи, алимны салстын цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ө.Б нь Б.Бтай бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “А” нэртэй баарны гадаа хохирогч Б.Гын “уйдаагүй биз дээ, зүгээр үү” гэж найз охин н.Хд хандаж хэлсэн үгэнд дургүйцэн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн дээд 1-р шүдний сулрал, 2-р шүдний эмтрэл, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зовхи, алимны салстын цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2023 оны 12 сарны 16-17-нд шилжих шөнө би найзуудтайгаа шинэ жилээ тэмдэглээд явж байсан. 00 цагийн үед баарны гадаа манай эмэгтэй найзын биед нэг залуу дураараа хүрч, яриа өдөөд байсан. Тэгэхээр нь би найзуудтайгаа очоод түүний эрүү тус газарт нэг удаа гараараа цохисон...” гэв.
Шүүгдэгч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2022 оны 12 дугаар сарын 16-17-ны шилжих шөнө шинэ жилээ тэмдэглээд найзуудтайгаа бааранд орсон. Тэгээд шөнө би өлгүүрээс хувцсаа авах гээд зогсож байхад манай найз Хгийн биед дураараа хүрээд байсан. Тэгээд бид очоод маргаан үүсгэсэн. Хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалан түүний нүүрэн тус газарт 1 удаа цохисон. Цохисны дараа хохирогч 20.000.000, 30.000.000 төгрөгөө бэлдээрэй гэж хэлсэн...” гэв.
Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн хэрэг гардаг буюу 2022 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө “А” нэртэй бааранд ганцаараа орсон. Манай 2 найз намайг ирж авах ёстой байсан учир би утсаар ярингаа тамхи татах гээд гадаа зогсож байхад нэг эмэгтэй гадаа ганцаараа зогсож байсан. Цаад талд нь хэдэн залуу бөөгнөрөөд зогсож байсан. Би тэр охин дээр очиж “ чи зүгээр үү” гэж асуухад тэр “зүгээр” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “уйдаагүй биз дээ” гэхэд тэр охин “үгүй” гэж хэлсэн. Тэгээд би цаашаа явах гэж байхад 2 залуу хүрч ирээд нэг залуу нь намайг цохиж газарт унагасан. Намайг газарт хэвтэж байхад дахин нөгөө залуу нь нэг цохисон. Тэгээд би шууд цагдаа дуудсан. Баарны харуулууд гарч ирээд юу болсныг асуугаад тэр 2 залууг нэг өрөөнд оруулсан байсан. Тэр үед манай эгч ирсэн байсан. Тэр 2 залуу надад хандаж “цагдаа гээд яах вэ, эндээ тохиролцчихъё” гэж хэлсэн. Мөн тэр охин “чи хэдэн төгрөг авах гээд байгаа юм бэ? миний утасны дугаарыг авчих, тэгээд холбогдоод тохиролцъё” гэж хэлсэн. Түүнийг нь манай эгч сонссон. Тэгээд цагдаа ирсэн. Би гэмт хэргийн улмаас 5 шүд, нүдэнд гэмтэл учирсан. Одоогийн байдлаар 245.350 төгрөгийн зардал гарсан. Цаашид 5 шүдний эмчилгээ, ясны цөмрөлийг дүүргэх хагалгаанд орох шаардлагатай байгаа. Эмнэлгээс зүүн нүдний ухархайд учирсан ясны гэмтэлд хийх нөхөлт хийх мэс засал нь бусад эмчилгээ, үйлчилгээний төлбөр орохгүйгээр дангаараа 3.500.000 төгрөг болно гэж хэлсэн. Мөн шүдний имплант суулгац хийлгэх шаардлагатай байгаа. Иймд шүүгдэгч нараас нийт 18.745.350 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Эрүүгийн 00000 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
Хохирогч Б.Гын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/
Гэрч Н.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46- дугаар хуудас/
Шүүгдэгч Ө.Бн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/
Хохирогч Б.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №323 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 36 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Бн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 10 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б Ө.Б нар бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “А” нэртэй баарны гадаа хохирогч Б.Гыг “найз охиныг өдөж хоргоолоо” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “зүүн дээд 1-р шүдний сулрал, 2-р шүдний эмтрэл, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зовхи, алимны салстын цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 хуудас/,
Хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед А баарны гадна тамхи татаад зогсож байхад нэг эмэгтэй ганцаараа зогсож байхаар нь “уйдаагүй биз дээ, зүгээр үү” гэж асуусан. Эсрэг талд 3-4 залуу зогсож байсан. Нэг залуу над руу дайрсан “найз охин яагаад байгаа юм” гэж хэлээд хэрүүл маргаан үүсгэж намайг жижигхэн хөх өнгийн пиджак өмссөн залуу нь миний нүүрэн хэсэгт 1 удаа цохисон. Тэр үед нь би газар унасан. Тэгсэн цус явж байсан цэнхэр өнгийн куртиктэй цэнхэр үстэй залуу намайг газар унасан байхад ирээд уруул хэсэгт 1 удаа шууд цохисон...” гэсэн мэдүүлэг,
Гэрч М.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 12 дугаар сарын 16-ны өдөр 23 цаг 00 минутын орчим А нэртэй бааранд найз Баяржавхлан, Б, Анхбаяр, Чингүүн нарын хамт орж үйлчлүүлсэн. Тухайн үед Анхбаяр, Чингүүн нар нь баарны өлгүүрээс хувцсаа авах гээд дотор байсан. Баяржавхлан, Б нар нь баарны гадаа байрлах тамхины цэг дээр тамхи татаад би яг хажуухан талд ганцаараа зогсож байсан. Тэр үед үл таних залуу надад хандаж “уйдаагүй биз дээ ганцаараа явж байгаа юм уу” гэж хэлээд ууж байсан пивоо над руу өгөх гээд байсан. Мөн миний баруун мөр хэсэгт дураараа хүрсэн. Би “зүгээр бай” гэж хэлсэн тэр үед Б ирээд “чи яагаад байгаа юм” гэж хэлээд нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Тэр танихгүй залуу газар унасан....” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Найз Бгийн найз охин Хд Г гэх залуу ууж байсан пивоо өгөөд өдөж хоргоогоод байсан. Тэр үед Б Гыг нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж унагаасан. Тэр үед нь би Г гэх залууг газар унасан байхад нь баруун гараараа нүүрэн тус газарт нэг удаа цохисон...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ө.Бн мөрдөн байцаалтад “...Тухайн үед би баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №323 дугаартай дүгнэлтэд “...1. Б.Гын биед зүүн дээд 1-р шүдний сулрал, 2-р шүдний эмтрэл, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зовхи, алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой..” гэсэн баримт,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...барны урд замын гол хэсэгт хар малгай, хар өнгийн цамц өмссөн 20 орчим насны эрэгтэйг хөх өнгийн хүрэм өмссөн залуу баруун гараараа нүүрэн хэсэгт 1 удаа цохиж байна. /Зураг.1/ Бичлэгийн 02:06 секундэд хар малгай, хар цамц өмссөн 20 орчим насны залууг газарт унасан байх үед цэнхэр өнгийн үстэй, цагийн өнгийн өмд, цэнхэр өнгийн үстэй залуу нүүрэн тус хэсэгт нь 1 удаа цохиж байна...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Ө-9687 дугаартай хэрэгт А баарны гадна талд байрлах камерын бичлэгийг хуулбарлан авсан 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн тэмдэглэл бүхий баримт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар хохирогч Б.Г гэрч Н.Хтай үг яриа өдөж, түүний мөрөн тус газарт хүрэхэд нь шүүгдэгч Б.Б, Ө.Б нараас дургүйцэж маргалдан улмаар хохирогч Б.Гтай зүй зохисгүй харьцаж биед нь хүч хэрэглэсэн болохыг хохирогч Б.Г, гэрч Н.Х, шүүгдэгч нараас тус тус тодорхой мэдүүлж, гэмт үйлдлийн үйл явц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгийн үзлэгт тодорхой тусгагдаж, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Тодруулбал шүүгдэгч Б.Б, Ө.Б нар нь хохирогчийн биед хүч хэрэглэн цохиж буй үйлдлээ тус тус хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Б.Гын биед хөнгөн гэмтэл бүхий хохирол, хор уршиг зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Ийнхүү шүүгдэгч нараас гэм буруугийн санаатай хэлбэрээр, тэдгээрийн гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч Б.Гын эрүүл мэндэд учруулсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Б, Ө.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г нь “...Одоогийн байдлаар 245.350 төгрөгийн зардал гарсан. Цаашид 5 шүдний эмчилгээ, ясны цөмрөлийг дүүргэх хагалгаанд орох шаардлагатай байгаа. Эмнэлгээс зүүн нүдний ухархайд учирсан ясны гэмтэлд хийх нөхөлт хийх мэс засал нь бусад эмчилгээ, үйлчилгээний төлбөр орохгүйгээр дангаараа 3.500.000 төгрөг болно гэж хэлсэн. Мөн шүдний имплант суулгац хийлгэх шаардлагатай. Иймд шүүгдэгч нараас нийт 18.745.350 төгрөг нэхэмжилж байна....” гэсэн хүсэлтээ илэрхийлснээс нотлох баримтын шаардлага хангасан үзлэг, эмчилгээ хийлгэсэн баримтууд болох 245.350 төгрөг, нүдний хагалгаанд орох шаардлагатайг тодорхойлсон “Орбита” эмнэлгийн тодорхойлолтоор тогтоогдсон 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус шүүх хангаж шүүгдэгч нараас нийт 3.745.350 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгохооор шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.Б, Ө.Б, тэдгээрийн өмгөөлөгчөөс хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор санал гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б.Б, Ө.Б нараас 245.350 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь талуудын мэдүүлгээр тогтоогдсон тул тухайн мөнгөн дүнг хасаж тэдгээрээс 3.500.000 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулж хохирогч Б.Гт олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч Б.Гаас “...шүдний имплант хийлгэх 15.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн байх ба энэ талаарх баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул түүний 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.Б, Ө.Б нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Б нь ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, М их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Ө.Б нь ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, М их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, байнгын оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлуудыг тогтоов.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Ө.Б нарт 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Улсын яллагчаас “...шүүгдэгч нарт 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ө.Б нарт тус бүр 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна..” гэж, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргасан болохыг тэмдэглэв.
Шүүх шүүгдэгч Б.Б, Ө.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан арга хэмжээг хэрэглэх үндэслэлгүй гэж үзсэн болно.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Б, Ө.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ө.Б нарт тус бүр 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ө.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас хохирогчид 245.350 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б, Ө.Б нараас 3.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Б.Гт олгосугай.
7. Хохирогч Б.Гын нэхэмжлэлээс 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Б.Б, Ө.Б нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Ө.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН