Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/254

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         03        13                                    2023/ШЦТ/254

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Улсын яллагч: Ө.Мөнхнавч /Нийслэлийн прокурорын газар/,

Шүүгдэгч: Э.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 00 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1986 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “М” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, иргэний үнэмлэхийн лавлагаагаар 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

 

         Шүүгдэгч Э.Ч нь “М” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа 2019-2020 онд “Б” ХХК-аас бодит худалдан авалт хийгээгүй ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ноогдох буюу нийт 730.008.700 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг “Б” ХХК-аас авсан мэтээр хий бичилт бүхий 22 ширхэг НӨАТ-ын падаан баримт худалдан авалтаар зориуд худал тодорхойлж харьяа татварын байгууллагад тайлагнан улсын төсөвт төлөгдөх 2019 оны 9, 12 дугаар сард 27.273.045,45 төгрөг, 2020 оны 1, 12 дугаар сард 39.091.381,82 төгрөг нийт 66.364.427,27 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”гэв.

 

Эрүүгийн 000 дугаартай хэргээс:

 

Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Б нарын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Б” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар танилцуулга, 487 аж ахуйн нэгжийн жагсаалт /1 дүгээр хх-ийн 14-129 дүгээр хуудас/,

 

Татварын ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 05/1228 дугаартай албан бичиг /1 хх-ийн 132 дугаар хуудас/,

 

Аж ахуйн нэгжийн харьяалах татварын албаны мэдээлэл /1 дүгээр хх-ийн 133 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 31-32, 74-75 дугаар хуудас/,

 

“И” ХХК-ийн татварын мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх эрх бүхий шинжээчийн нарын 2022.07.15-ны Ш/22-20 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 238-244/,

 

Д.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 213-215 дугаар хуудас/,

 

М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2 дугаар хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Э.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 18-20, 71-72 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар /2 дугаар хх-ийн 25 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 24 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 дугаар хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ч нь “М” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа 2019-2020 онд “Б” ХХК-аас бодит худалдан авалт хийгээгүй ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ноогдох буюу нийт 730.008.700 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг “Б” ХХК-аас авсан мэтээр хий бичилт бүхий 22 ширхэг НӨАТ-ын падаан баримт худалдан авалтаар зориуд худал тодорхойлж харьяа татварын байгууллагад тайлагнан улсын төсөвт төлөгдөх 2019 оны 9, 12 дугаар сард 27.273.045,45 төгрөг, 2020 оны 1, 12 дугаар сард 39.091.381,82 төгрөг нийт 66.364.427,27 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Г.Б нарын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Б” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаар танилцуулга, 487 аж ахуйн нэгжийн жагсаалт,

 

Татварын ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 05/1228 дугаартай албан бичиг,

 

Аж ахуйн нэгжийн харьяалах татварын албаны мэдээлэл,

 

Хохирогч Г.Бн “...М” ХХК нь “Б" ХХК-аас 2019 оны 9 болон 12 дугаар саруудад 4 удаагийн 300,003,500 төгрөгийн, 2020 оны 1 болон 12 дугаар сард 18 удаагийн 430,005,200 төгрөгийн, нийт 22 удаагийн шивэлтээр буюу үйлдлээр 730,008,700 төгрөгийн худалдан авалт хийснээр 22 ширхэг НӨАТ-ын падааныг татварт тайлагнан, нэмэгдсэн өртгийн албан татварын төсөвт төлөх хэмжээг 66,364,427 төгрөгөөр бууруулсан байх бөгөөд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, татварын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин бодит биш худалдан авалтыг "Б" ХХК-аас худалдан авалт хийсэн мэтээр тайлагнаж, анхан шатны баримтгүй ажил, гүйлгээг санхүүгийн тайланд тусгаж нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг зориуд худалд тодорхойлсон байна, ийм учраас “М” ХХК-ийн удирдах албан тушаалтан нь улсад 66,364,427 төгрөгийн хохирол учруулж, мөн хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байна, тийм учраас татварын байгууллагаас тухайн хохирлыг гэм буруутай этгээдээр улсад эргэн  төлүүлэхээр шаардлага тавьж байгаа харин “М” ХХК-ийн тухайд “Б” ХХК-аас худалдан авалтаар шивсэн зөрчилтэй НӨАТ-ын падаан баримтуудыг буцаалтаар шивж залруулан, төсөвт төлөх НӨАТ-ыг бүрэн төлсөн, одоогоор нэмэгдсэн өртгийн албан татварын өргүй болсон байна...” гэсэн мэдүүлэг,

 

“И” ХХК-ийн татварын мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх эрх бүхий шинжээчийн нарын 2022.07.15-ны Ш/22-20 дугаартай “...Дээрх худалдан авалтаар тайлагнасан 730,008,700 төгрөгийн төлбөрийн баримтуудтай холбоотой санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй болохыг шинжилгээнд ирүүлсэн тус компанийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03 тоот албан бичгээр бодитоор худалдан авсан ажил, үйлчилгээ хийсэн гэж нотлогдохгүй байна.”...., ....“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 11.1. Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа ажил үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж заасны дагуу “М” ХХК-ийн тайлагнасан “Б” ХХК-ийн төлбөрийн баримтаар 2019 онд 27,273,045.45 төгрөг, 2020 онд 39,091,381.82 төгрөг, нийт 66,364,427.25 төгрөгөөр төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулж тайлагнасан байна” ... гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

Д.Хын гэрчээр өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр өгсөн: “...Би “Б” ХХК-ийн нэрээр 2017-2020 онуудад нийт 135,166,886,586.36 төгрөгийн НӨАТ-ын борлуулалтын падаан үйлдэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 13,516,688,658.64 төгрөгөөр бууруулж бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосноо хүлээн зөвшөөрч байна. Би шивсэн НӨАТ-ын падааны үнийн дүнгийн 0,8-1,5% хүртэлх хувиар борлуулж байсан. Энэ нь компани харилцах данс болон А.Анхтуяагийн Хаан банкны 5030539212 тоот дансаар авсан нь хуулгаар харагдана...” гэсэн мэдүүлэг,

 

М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,

 

Шүүгдэгч Э.Чийн “....Манай "М" ХХК нь "Б" ХХК-тай 2019-2020 оны хугацаанд ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаагүй. Тэднийхээс бодитоор бараа материал худалдан авсан зүйл байхгүй, анхан шатны баримт материал байхгүй. ...төсөвт төлөх татварыг бууруулсан дүнгээ хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Э.Ч нь “М” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа 2019-2020 онд “Б” ХХК-аас бодит худалдан авалт хийгээгүй ажил үйлчилгээ аваагүй атлаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ноогдох эд хөрөнгө бараа үйлчилгээг худал тодорхойлж харьяа татварын байгууллагад тайлагнасан болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлсэн, “И” ХХК-ийн татварын мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх эрх бүхий шинжээчийн нарын 2022.07.15-ны Ш/22-20 дугаартай шинжээчийн дүгнэлт бусад баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нотлогдон тогтоогдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

            “Татвар төлөхөөс зайлсхийх” гэж Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан байхыг ойлгох ба шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна. 

 

            Шүүгдэгчээс өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Э.Чээс хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Чийг татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа ажил үйлчилгээг зориуд худал тодорхойлсон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас“...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж, шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, тусгайлан гаргах саналгүй...” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг тэмдэглэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Баттулгаас “...М” ХХК нь НӨАТ-ын өр төлбөргүй, НӨАТ-ын падааныг буцааж залруулсан байх тул гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Э.Чийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд бусдад төлөх төлбөргүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Ч нь дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “М” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Э.Чт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Э.Ч танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд улсын яллагчын саналын хүрээнд Э.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон шударга байх ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хууль, журмыг баримтлан ажиллах дадлыг хэвшүүлээгүй гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Эг татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгө, бараа ажил үйлчилгээг зориуд худал тодорхойлсон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чт оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДУЛАМСҮРЭН