| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2017/0010/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2017-01-02 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Д.Ширэндэв |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
улсын яллагч Д.Ширэндэв,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайхан /ҮД: 0741/,
шүүгдэгч Э.Аригбөх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тайжууд овогт Энхтөмөрийн Аригбөхөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3439 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Тайжууд овогт Энхтөмөрийн Аригбөх, 1996 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг гудамж 81-2353 тоотод оршин суух, регистрийн УК96081232 дугаартай.
Шүүгдэгч Э.Аригбөх нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Нямжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Аригбөхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Э.Аригбөхийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байх гэрээсээ гараад хажуугийн гудамжинд бие засаад зогсож байсан ба 100 м орчимын цаана манай арван жилийн нөгөө ангийн Нямка манай найз Билгүүний гэрийн гадаа зогсож байсан, би гараараа даллахад Нямка хүрч ирсэн, хэд хоногийн өмнө би Билгүүн рүү залгахад Нямка утсыг нь аваад яриулахгүй надтай ярь гээд байсан. Тэр санаанд ороод утасны эзэнтэй яагаад яриулахгүй байнаа гэх зэргээр хэрүүл өдөж хэрэлдсэн санагдаж байна, би бас зарим зүйлийг санахгүй байна, тухайн үед 3 найзтайгаа том савтай 2 пиво уучихсан байсан юм. Би ямар ч байсан Нямкаг нэг амбаардсан, нүүр лүү нь нэг удаа шанаадсан. Би согтуу байсан, дээрээс нь утсаар Билгүүнтэй яриулахгүй алцаганаад байхаар нь уур хүрээд зодсон. Эмчилгээний зардалд 700.000 төгрөг өгсөн, өнөөдөр 100.000 төгрөг өгнө. …Би Нямжаргалын нүүрэн тус газар гараараа цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байсан, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 27-28, 30-31 дүгээр тал/
Хохирогч Т.Нямжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Тэрэлжээс найз Түшгээгийн хамтаар ирээд Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбуланд Цагаан хулгана дэлгүүрийн хойно найз Билгүүний гэрийг нүүлгэхээр ирсэн ба хашааны гадаа бие засаад байж байтал зүс мэдэх Аригбөх хашааны буланд зогсож байсан. Тэгээд намайг “Баагий юу” гэхээр нь би “хэн бэ” гэсэн. Тэгтэл дахиад “Баагий мөн үү” гэхээр нь “бишээ, Баагий дотор байгаа” гэхэд “тэгвэл чи хэн бэ” гэхээр нь би “Нямка” байна” гэсэн. Тэгтэл Аригбөх намайг “нааш ир” гэж дуудсан. Тэгэхээр нь би “чадахгүй ээ, би орлоо” гээд хашааны хаалга руу алхаж явтал урдаас Түшгээ гарч ирээд “наадах чинь хэн юм” гэхээр нь “Аригбөх л байх шиг байна” гэж хэлсэн. Тэгтэл Түшгээ “чи хэн юм” гэхэд “Аригбөх байна” гэж хэлээд Аригбөх дээр Түшгээ бид хоёр очоод Түшгээ эхлээд Аригбөхтэй гар барьсан, би гар барих гэтэл Аригбөх надруу дайраад “чи яах гээд байгаа юм бэ” гэсэн. Би “зүгээр байгаарай яасан юм” гэхэд “би найзтайгаа утсаар ярьж болохгүй юу” гэсэн. Хэд хоногийн өмнө Билгүүнтэй хамт Тэрэлж явахад Билгүүний утасруу Аригбөх залгаад тухайн үед Билгүүн хажууд байгаагүй болохоор би утсыг нь аваад “Билгүүн алга байна” гэж хэлээд тасалсан. Тэрэнд л юм санаад нийлдэг найзууддаа “Нямкаг ална” гэж хэлсэн байсан. Тэгээд Аригбөх надруу дайраад “чи яаснаа мэдэж байгаа биз дээ” гэхээр нь би “яасныг нь хэлчих л дээ” гэхэд “чи нээрээ ийм байж” гэснээ баруун гараараа миний зүүн хацарлуу алгадсан, би юм дуугараагүй зүгээр зогсож байтал зүүн хөлөөрөө баруун гуяруу нэг удаа өшиглөсөн, би “одоо давраад байгаарай” гэхэд хажуунаас Түшгээ Аригбөхийг “чи одоо мал амьтан уу, хэл амаараа учраа олчихож болохгүй байна уу” гэхэд Түшгээг “байж бай андаа” гээд байсан. Би Түшгээгийн араар тойроод цааш явсан, араас Аригбөх ирж байгаа юм шиг санагдахаар нь баруун талруугаа эргээд хартал миний баруун нүдний доор нэг удаа гараараа хүчтэй цохьсон, яг цохиулах үед бол өвдөөгүй, цохисны дараа маш их өвдсөн. Тэгээд Аригбөр намайг буланруу чирээд “хоёулаа ийшээ явж юм яръя” гээд байхаар нь “би чамтай ярихгүй” гэтэл гарнаас чирээд буланд аваачсан. Тэгтэл араас Билгүүний гэрээс Баагий гарч ирээд “та хоёр яагаад байгаа юм” гэхэд Түшгээ “наад Аригбөх чинь худлаа савсагнаад байна” гэсэн. Тэгээд Түшгээ, Баагий бид гурав Билгүүний гэр лүү орохоор явж байтал араас Аригбөх “чи одоо цагдаад хэлэх үү” гэхээр нь би юм дуугараагүй, тэртэл араас “тэр цагдаадаа хэлээрэй, өмнө нь гарч ирж болсон юм, одоо зүгээр салчихаж болох байлгүй” гэсэн. Тэгээд би шууд Түшгээгийн хамтаар цагдаа дээр ирсэн. Аригбөх арван жилд манай нөгөө анги байсан юм. Нэг их айхтар нийлээд байдаггүй, мэндийн зөрүүтэй л байдаг. Уг асуудлаас болж би 1 дүгээр эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасагт хагалгаанд орж цөмөрсөн ясны оронд ган суулгуулсан. Тухайн үедээ их өвдөж байсан, одоо бол өвдөлт нь гайгүй намдаж байна. Надад эмчилгээний зардалд Аригбөх 700.000 төгрөг өгсөн. Би зөвхөн эмчилгээний зардалд 700.000 төгрөг авсан, 100.000 төгрөг өгөөгүй дутуу байгаа.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 12-14 дүгээр тал/
Гэрч Г.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би гадуур ажилтай байгаад 17 цагийн үед гэртээ иртэл манай бага охин Өлзийбуян гэртээ ганцаараа байхаар нь “ээж, ах хоёр нь хаачаа вэ” гэхэд “агаа хүнд зодуулаад хацраа цөм цохиулчихсан, ээж, агаа хоёр явсан” гэж хэлсэн. Би эхнэр лүү залгатал “Нямкаг дагуулаад Гэмтлийн эмнэлэг рүү явж байнаа” гэж хэлсэн. …Оройн 19 цагийн үед манай эхнэр, том хүү, Нямка гурав ирсэн. Нямкагийн баруун хацар нь цөмрөөд хонхойгоод орчихсон, баруун нүдний зовхи хавдартай улаан цус хуралттай байсан. Хэн зодсон талаар асуухад арван жилийнх нь нөгөө ангийн хүүхэд Аригбөх зодсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 15-16 дугаар тал/
Гэрч Ж.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хүү Аригбөх 1996 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод 1 дүгээр амаржих газар мэндэлсэн. Бага насандаа 21 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж байгаад Баянзүрх дүүргийн 53 дугаар дунд сургуульд сурч байгаад 2010 оноос Баянзүрх дүүргийн 87 дугаар дунд сургууль руу шилжин суралцаад 2014 онд Баянзүрх дүүргийн 120 дугаар дунд сургуулийг төгсөөд 2014 онд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж 2015 онд халагдсан юм. Зан аашийн хувьд даруухан, хүний өөдөөс хэрэлдээд байдаггүй, эцэг эхийнхээ үгэнд сайн ордог, архи тамхи хэрэглэдэггүй хүүхэд байгаа юм. Одоогоор ажил төрөл хийлгүй гэртээ байгаа. Цэрэгт байхдаа дэд түрүүч цолтой байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17-18 дугара тал/
Гэрч О.Хантүшигийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тэр өдөр би найз Нямжаргалын хамтаар Тэрэлжээс ирээд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байх манай хамаатны ах Билгүүний гэрийг нүүлгэхээр очсон байсан. Нямжаргал бид хоёр бие засахаар хашаанаас гартал хашааны цаад булангаас Аригбөх Нямжаргалыг дуудаад “нааш ир ярих юм байна” гэхэд Нямжаргал Аригбөх хоёр хоёр талаасаа яваад голдоо уулзсан. Би араас нь очсон намайг очиход утсаар ярьсан талаар муудалцаад маргалдаж байсан ба Аригбөх Нямжаргалыг бөгс рүү нь өшиглөсөн. Тэгээд тэр хоёр зууралдахаар нь голоор нь ороод салгах гэж үзсэн. Тэгэхэд Аригбөх намайг тойрч гараад Нямжаргалын нүүр лүү нэг удаа гараараа шанаадсан. Тэгээд Нямжаргалын хамарнаас цус гараад баруун шанаа хэсэг нь нилээн хонхойгоод орчихсон цөмөрсөн байдалтай байсан. Тэгээд би Нямжаргалыг дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хүргэж өгсөн. Аригбөхөөс бага зэрэг үнэртэж байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 13015 дугаар:
1.Нямжаргалын биед баруун нүдний ухархайн дээд, хажуу, доод ханын хугарал, баруун гайморын хөндийн урд, хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун талын хацар ясны нум дайрсан хугарал, баруун хацар, шанаа, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн 22 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 32 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 33 дугаар тал/
Хохирлын баримт /хх-ийн 35-43, 45-46, 48, 50 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Э.Аригбөх нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Нямжаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Мөрдөн байцаалтад Э.Аригбөхийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байх гэрээсээ гараад хажуугийн гудамжинд бие засаад зогсож байсан ба 100 м орчимын цаана манай арван жилийн нөгөө ангийн Нямка манай найз Билгүүний гэрийн гадаа зогсож байсан, би гараараа даллахад Нямка хүрч ирсэн, хэд хоногийн өмнө би Билгүүн рүү залгахад Нямка утсыг нь аваад яриулахгүй надтай ярь гээд байсан. Тэр санаанд ороод утасны эзэнтэй яагаад яриулахгүй байнаа гэх зэргээр хэрүүл өдөж хэрэлдсэн санагдаж байна, …би ямар ч байсан Нямкаг нэг амбаардсан, нүүр лүү нь нэг удаа шанаадсан. Би согтуу байсан, дээрээс нь утсаар Билгүүнтэй яриулахгүй алцаганаад байхаар нь уур хүрээд зодсон. …Би Нямжаргалын нүүрэн тус газар гараараа цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн.” гэх /хх-27-28, 30-31/,
хохирогч Т.Нямжаргалын өгсөн “...Тэгтэл Түшгээ “чи хэн юм” гэхэд “Аригбөх байна” гэж хэлээд Аригбөх дээр Түшгээ бид хоёр очоод Түшгээ эхлээд Аригбөхтэй гар барьсан, би гар барих гэтэл Аригбөх надруу дайраад “чи яах гээд байгаа юм бэ” гэсэн. Би “зүгээр байгаарай, яасан юм” гэхэд “би найзтайгаа утсаар ярьж болохгүй юу” гэсэн. Хэд хоногийн өмнө Билгүүнтэй хамт Тэрэлж явахад Билгүүний утасруу Аригбөх залгаад тухайн үед Билгүүн хажууд байгаагүй болохоор би утсыг нь аваад “Билгүүн алга байна” гэж хэлээд тасалсан. Тэрэнд л юм санаад нийлдэг найзууддаа “Нямкаг ална” гэж хэлсэн байсан. Тэгээд Аригбөх надруу дайраад “чи яаснаа мэдэж байгаа биз дээ” гэхээр нь би “яасныг нь хэлчих л дээ” гэхэд “чи нээрээ ийм байж” гэснээ баруун гараараа миний зүүн хацарлуу алгадсан, би юм дуугараагүй зүгээр зогсож байтал зүүн хөлөөрөө баруун гуяруу нэг удаа өшиглөсөн, би “одоо давраад байгаарай” гэхэд хажуунаас Түшгээ Аригбөхийг “чи одоо мал амьтан уу, хэл амаараа учраа олчихож болохгүй байна уу” гэхэд Түшгээг “байж бай андаа” гээд байсан. Би Түшгээгийн араар тойроод цааш явсан, араас Аригбөх ирж байгаа юм шиг санагдахаар нь баруун талруугаа эргээд хартал миний баруун нүдний доор нэг удаа гараараа хүчтэй цохьсон, яг цохиулах үед бол өвдөөгүй, цохисны дараа маш их өвдсөн.” гэх,
мөн гэрч О.Хантүшигийн өгсөн “Тэр өдөр би найз Нямжаргалын хамтаар Тэрэлжээс ирээд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байх манай хамаатны ах Билгүүний гэрийг нүүлгэхээр очсон байсан. Нямжаргал бид хоёр бие засахаар хашаанаас гартал хашааны цаад булангаас Аригбөх Нямжаргалыг дуудаад “нааш ир ярих юм байна” гэхэд Нямжаргал, Аригбөх хоёр хоёр талаасаа яваад голдоо уулзсан. Би араас нь очсон намайг очиход утсаар ярьсан талаар муудалцаад маргалдаж байсан ба Аригбөх Нямжаргалыг бөгс рүү нь өшиглөсөн. Тэгээд тэр хоёр зууралдахаар нь голоор нь ороод салгах гэж үзсэн. Тэгэхэд Аригбөх намайг тойрч гараад Нямжаргалын нүүр лүү нэг удаа гараараа шанаадсан. Тэгээд Нямжаргалын хамарнаас цус гараад баруун шанаа хэсэг нь нилээн хонхойгоод орчихсон цөмөрсөн байдалтай байсан. Тэгээд би Нямжаргалыг дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хүргэж өгсөн.” гэх /хх-19/ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 13015 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь шүүгдэгчийг яллах үндэслэл болж байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Аригбөхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Э.Аригбөхөд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Хохирогч Т.Нямжаргал нь мөрдөн байцаалтад “…надад эмчилгээний зардалд Аригбөх 700.000 төгрөг өгсөн. Би зөвхөн эмчилгээний зардалд 700.000 төгрөг авсан. 100.000 төгрөг өгөөгүй дутуу байгаа” гэж мэдүүлсэн, шүүхэд гаргасан хүсэлтдээ “эмчилгээний зардлаа бүрэн авлаа. Хохирол төлөгдсөн. Санал гомдол байхгүй. Аригбөхийн ээж Мөнхзулаас эмчилгээний зардал болох 100.000 төгрөг авлаа.” гэсэн байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 322.800 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдсон, уг гэм хорын хохиролд шүүгдэгч Э.Аригбөх 800.000 төгрөгийг хохирогчид төлсөн /хх-34/, хохирогч гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Аригбөх нь урьд цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тайжууд овогт Энхтөмөрийн Аригбөхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Э.Аригбөхөд 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Э.Аригбөх нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Аригбөх нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Э.Аригбөх нь гэм хорын хохиролд хохирогч Т.Нямжаргалд нийт 800.000 төгрөг төлсөн, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Аригбөхөд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ