Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 51

 

Ц-т холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0051/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Прокурор Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч Ц, түүний өмгөөлөгч Э.Батбаяр нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын давж заалдах гомдлоор Ц-т холбогдох эрүүгийн 1939004220339 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 1981 онд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цогбаяр нь

2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Номт” гэх газарт тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулж асаах үйлдэл хийсний улмаас уг тээврийн хэрэгсэл асаж урагшаа хөдөлж иргэн Т-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Н-н Ц-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч Т нь эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдахаар тус тус заан шийдвэрлэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц нь мөрдөн шалгах болон хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулаагүй, 2019 оны 7 дугаар сарын 14, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд гэрчээр, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлж, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч ирсэн нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

Хохирогч Т нь гэрчээр болон хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Ц-т ямар нэгэн гомдол саналгүй” гэсэн нь хохирогчийн зүгээс эрүүгийн хариуцлага оногдуулах тал дээр ямар нэгэн санал гомдолгүй байгааг илэрхийлж байна. 

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1500000 төгрөгийг ажилчдын болон Ц-ын гэр бүлийн зүгээс, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 500000 төгрөгийг Ц-ын зүгээс Т-д хохирол барагдуулахаар өгсөн. Хохирогч Т нь гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй, Ц-т оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн.

Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хохирол төлбөрөө төлөхөө бүрэн илэрхийлсэн гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс Ц-т оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү.

Мөн Ц- нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт жолоочоор тасралтгүй 13 жил ажилласан, тогтвор суурьшилтай ажилтай тул хохирогчид хохирлыг төлж барагдуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд Ц-т оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие болгоомжгүйгээр хүний бие хүнд гэмтэл учруулсан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Би Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт жолоочоор ажилладаг бөгөөд тогтмол ажил эрхэлдэг тул хохирогчид хохирол төлбөр төлөх боломжтой. Одоогийн байдлаар хохирогчтой байнгын холбоотой байж хохирлыг хэсэгчлэн барагдуулж байна. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Ц нь 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Номт” гэх газарт 13-92 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулж асаах үйлдэл хийсний улмаас уг тээврийн хэрэгсэл асаж урагшаа хөдөлж иргэн Т-н мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.  

Ц-т холбогдох эрүүгийн 1939004220339 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр анхан шатны шүүхээр хянан хэлэлцсэн бөгөөд тухайн үед хохирогч Түмэннаст баримтгүйгээр 8219905 төгрөгийг нэхэмжилсэн, шүүгдэгч Ц хохирогчид хохирол төлсөн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байсан. Анхан шатны шүүх Ц-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хохирол  төлөөгүй, хохирол төлөхөө илэрхийлсэн баримт гаргаж өгөөгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээг оногдуулсан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийн дагуу гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх байдлаар шийдвэрлэгддэг.

Анхан шатны шүүх хохирогч Т-н нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэл байхгүй байхад хариуцагчийн нэрийг зөрүүтэй бичсэн гэдгээр хүлээн авахаас татгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар Ц-т холбогдох эрүүгийн хэргийн хамт шийдвэрлээгүй нь үндэслэл муутай болжээ.

Хохирогч Т-н гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9, 16.11 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй тохиолдолд мөн хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар шалгаж үнэлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.5 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэрлэх ёстой байтал хохирлын талаар нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэснийг зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй..

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                                                              Б.ДЭНСМАА