Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2021/0603

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Ш ХХК

Хариуцагч:Нийслэл дэх төрийн аудитын газар

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэл дэх төрийн Аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/164 НТАГ-/2018/03-ГА дугаар бүхий Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын хавсралт 2-ын 4-т дурдсан Ш ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*******, хуралдааны нарийн бичгийн дарга У.Пүрэвханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш ХХК-ийн захирал О.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэл дэх төрийн Аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/164 НТАГ-/2018/03-ГА дугаар бүхий Зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг 2020 оны 10 дугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас мэдэж, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Үндэсний аудитын газар хандсан бөгөөд тус газраас 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07/3116 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн авч 30 хоногт багтаан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг хангаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн талаар: Манай компани нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, *******эд байрлах 10 га газрыг хавдартай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зуслангийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/417 дугаар шийдвэрээр эзэмших эрхтэй болж иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулж, 000317201 тоот гэрчилгээг мөн авсан байдаг.

Үүнээс өмнө нь 2014 онд анх Х******* ХХК-д 8 га газрын хавдартай хүүхдийн зуслангийн төслийг хэрэгжүүлэх үүднээс олгосон бөгөөд манай компани нь уг 8 га газрын 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гарган эзэмших эрх, төсөл хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэн авсан байдаг. 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1/10 дугаар албан бичгээр хүсэлт гарган хавдартай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хүүхдийн зуслангийн төслийг хэрэгжүүлэхэд хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор биеийн тамир, чийрэгжүүлэлтийн спорт тоглоомын талбай байгуулах шаардлагатай тул 2 га газрыг төсөлд зориулж нэмж олгохыг хүсэн холбогдох баримт материалыг хавсарган хандсаны дагуу 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/417 дугаар захирамжаар хүсэлтийг хүлээн авч 2 га газрын нэмэгдүүлэн нийтдээ 8 га газрыг эзэмших зөвшөөрөл, гэрээ гэрчилгээг олгосон байдаг.

Гэтэл Нийслэл дэх төрийн Аудитын газрын 2019 оны 04 дүүгээр сарын 19-ний өдрийн 01/164 НТАГ-/2018/03-Га дугаар бүхий Зөрчил арилгуулах тухай албан шаардлагад дурдсанаар дуудлага худалдааны анхны үнэ төлөөлгүй гэж буруутгасан байх боловч манай компани нь тухайн газрыг эзэмшихдээ дуудлага худалдаагаар орж авч байна гэж ойлгоогүй, бидний хэрэгжүүлэхийг хүссэн төслийг шалгаруулж, дэмжиж олгосон байхад ийнхүү буруугаар тодорхойлсон албан шаардлагаас болж манай аж ахуйн нэгж 105, 600,000 төгрөгийн өрөнд орж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь хүүхдийн зуслан тэр дундаа хавдартай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарт зориулсан цогцолбор бүхий нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал бүхий хорт хавдартай тэмцэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, түүний асран хамгаалагч, эцэг, эхчүүдийн халамжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол улсдаа анх удаа хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаанд саад учруулах, ихээхэн хэмжээний өр төлбөрт оруулсан сөрөг үр дагаврыг бий болгож, газрын эрхийг цуцлах, хугацааг сунгахгүй байх үр дагавруудыг бий болгож байгаагаас үүдэн Газрын тухай хууль, гэрээнд заасны дагуу үйл ажиллагаа явуулж, зориулалтын дагуу ашиглаж ирсэн бөгөөд газар дээрээ бетонон хашаа барьж төв аймгийн эрчим хүчний шугамаас иргэн Да*******тэй хамтран эрчим хүч татаж холбогдох ажлыг эхлүүлж гэрээ байгуулсан, бохирын ус болон худаг гаргах ажлын гэрээ байгуулагдсан, зарим барилгын суурийн ажлууд хийгдсэн байгаа бөгөөд газраа зориулалтын дагуу ашиглаж ирсэн бодитоор хүүхдийн зуслан тэр дундаа хавдартай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тэдний эрүүл аюулгүй орчинд амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх, найз нөхөдтэй болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн Монгол улсдаа шинэлэг төслийг хэрэгжүүлэх шат дараатай ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа үйл ажиллагаануудыг зогсонги байдалд оруулах, төслийг зогсоох, хэрэгжүүлэх боломжгүй болгох нөхцөл байдлыг бий болгож байгаа нь бидний хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын зүгээс манай компанийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гаргасан газар эзэмших, эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ гэж заасны дагуу шийдвэрээ гаргах ёстой байтал дээрх албан шаардлагыг амаар мэдэгдэж өнөөдрийг хүртэл сунгах шийдвэр гаргаагүй, дуудлага худалдааны үнийг төл гэж шаардаж байгаа зэрэг нь үүнтэй холбоотойгоор гарч буй үйлдлүүд гэж бодож байна.

Иймд бидний төслийг дэмжиж төсөл шалгаруулах байдлаар олгогдсон газрыг үндэслэлгүйгээр дуудлага худалдааны анхны үнийг төлөх ёстой гэсэн үүргийг бий болгож хуульд нийцээгүй, Газрын тухай болон бусад хуулиар олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хөндсөн Нийслэл дэх төрийн Аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/164 НТАГ-/2018/03-ГА дугаар бүхий Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын хавсралт 2-ын 4-т дурдсан Ш ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэл дэх Төрийн аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх Төрийн аудитын газраас Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал түүний үр дүн-д хийсэн гүйцэтгэлийн аудитыг 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн.

Аудит хийхэд Ш ХХК-тай холбоотой дараах зөрчилтэй асуудал илэрсэн. Үүнд:

1.Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар-Гүнтэд хүүхдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж байсан 80000 м.кв газрын талбайн хэмжээгээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/417 дугаар захирамжаар 20000 м.кв-аар нэмэгдүүлэн нийт 100000 м.кв газрыг эзэмшсэн байдаг.

2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д газрын эзэмшүүлэхдээ Дуудлага худалдаа эсвэл Төсөл сонгон шалгаруулалт гэсэн зарчмаар л эзэмшүүлэхээр зохицуулсан.

3. Мөн 33.5-д зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт олгоно гэсэн ба уг заалт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэмэгдсэн.

4. Ш******* ХХК-ийн талбайн хэмжээг нэмэгдүүлсэн явдал нь тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан Төсөл сонгон шалгаруулалт явуулах журмын 3.1 улс, бүс нутгийн хэмжээний ач холбогдолтой, түүнчлэн хот, суурин газрын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан томоохон барилга байгууламж барихад зориулан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө гэж заасны дагуу журмын 17-д төсөлд тавигдах шаардлагыг тусгасан байдаг ч энэ талаар нэг ч материал бүрдүүлж өгөөгүй байна. Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн эсэхийг тухайн компанийн эзэмшиж буй газрын нэгж талбарын хувийн хэрэгт байгаа нотлох баримтаас харахад нотлогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл талбайн хэмжээгээ нэмэгдүүлэхдээ Газрын тухай хуульд тусгагдсан Дуудлага худалдаа эсвэл Төсөл сонгон шалгаруулалт гэсэн зарчмын аль алийг нь хэрэгжүүлээгүй байсан.

Дээрх зөрчил илэрсэн тул манай газраас Төрийн аудитын тухай /тухайн үед мөрдөгдөж байсан 2003 оны /хуулийн 21.1-д заасны дагуу шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгөх зохицуулалттай.

Аудитад хамрагдсан байгууллага, албан тушаалтан зөрчил гаргасан байхад аудитын байгууллагаас Төрийн аудитын тухай хуулийг хэрэгжүүлж, алдаа зөрчлөө арилгах талаар холбогдох газарт мэдэгдэх үүргийн дагуу Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд алдаа зөрчлөө арилгах талаар албан шаардлага хүргүүлсэн.

Иймд Ш******* ХХК-ний нэмэгдүүлэн авсан 20000 м.кв газар нь Газрын тухай хуулийн дагуу 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр байсан тул тухайн үед мөрдөгдөж байсан ЗТБХБ-ын сайдын 2010 оны 206 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах, эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал-ын дагуу тооцоход дуудлага худалдааны анхны үнэ 132.0 төгрөг буюу өндөр гарсан тул эрх зүйн хувьд дээрдүүлсэн заалтыг хэрэглэхээр БХБС-ын 2018 оны 15 дугаар тушаалын хавсралтын Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал-ын дагуу хамгийн доод үнэлгээгээр буюу 3 дугаар бүсийн 3-3 дэд бүсэд заасан 0.125 буюу хамгийн бага итгэлцүүрийг сонгон Улаанбаатар хотын 1м.кв газрын үнэлгээ болох 44000 төгрөгийг аргачлалын дагуу үнэлгээнд ашиглаж газрын хэмжээ 1 м.кв газрын үнэлгээ, итгэлцүүр гурвын үржвэрээр тооцож 105.6 сая төгрөгийн үнэлгээг гаргаж дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлж үнэ төлүүлэх тухай НТАГ-ын 2019 оны 01/164 дугаартай албан шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн болно.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хууль, төсөл сонгон шалгаруулах тухай журамд тодорхой дэс дараалал, төслийн агуулга, тавигдах шаардлага зэргийг нарийвчлан тусгасан байхад энэ журмыг баримтлаагүй учир дуудлага худалдааны анхны үнийг төрд төлүүлэх тухай шийдвэр гаргасан.

Аудитын шалгалтын объект нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын үйл ажиллагаа байсан учир Ш ХХК-ийн газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэхдээ гаргасан зөрчлийг арилгах үүргийг Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд өгсөн юм. Харин Шин түшиг моутайн ХХК-д албан шаардлага хүргүүлээгүй болно.

Хуулиар олгосон үүргээ хэрэгжүүлж ажилласан Нийслэл дэх Төрийн аудитын газар нь захиргааны хэргийн хариуцагч биш юм. Газрын тухай хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлээгүй тухайн шатны Засаг дарга, газар зохион байгуулалтын алба хариуцагч юм. Иймд Ш******* ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Ш ХХК-аас Нийслэл дэх төрийн аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/164 НТАГ-/2018/03-ГА дугаар бүхий Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын хавсралт 2-ын 4-т дурдсан Ш ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийг оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар, болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ..

Анх Ш******* ХХК нь хавдартай хүүхдэд зориулсан зуслангийн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой байгуулагдаж улмаар үүсгэн байгуулагч толгой компани болох Х******* ХХК-нь өөрийн эзэмшиж байсан Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороо, *******ийн 8 га газраа Хавдартай хүүхдийн зуслан байгуулахаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Ш******* ХХК-д шилжүүлэн улмаар 2014 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 063 тоот албан бичгээр Сонгино хайрхан дүүргийн Өмч газрын харилцааны газарт хүсэлт гарган шилжүүлэн авсан байна.

Нэхэмжлэгч дээрх газраа 2 га газраар нэмэгдүүлэхээр 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/10 тоот албан бичгээр Сонгино хайрхан дүүргийн Өмч газрын харилцааны албанд хүсэлт гаргасны дагуу Сонгино хайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/417 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны *******эд байрлах 100000 мкв газрыг Ш******* ХХК-нд 5 жилийн хугацаатайгаар нэмэгдүүлэн олгосон байна.

Гэтэл Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Зөрчил арилгуулах тухай албан шаардлагаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д аж ахуй нэгжид газар эзэмшүүлэхдээ тухайн шатны Засаг дарга дуудлага, худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр заасан байхад Сонгино хайрхан дүүргийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдөр А/417 дугаар захирамжаар Ш******* ХХК-нд 2 га газар нэмэгдүүлэн олгохдоо дуудлага худалдааны анхны үнийг төлүүлээгүй байна гэж нэхэмжлээгчийг буруутган Нийслэл дэх Төрийн аудитын газар 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 01/164 дугаар албан шаардлагаар 2 га газрын дуудлага худалдааны анхны үнэ 105,600,000 төгрөгийг төлүүлэхээр албан шаардлага хүргүүлж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно гэж заасан хэдий ч энэ хуулийн өөрчлөлт орохоос өмнө Ш ХХК -ийн Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны *******эд байрлах 100000 га газрыг авсан байх бөгөөд үүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дээрх хуулийн зохицуулалт орсон байна.

Мөн хариуцагч Нийслэл дэх Төрийн аудитын газар нь дээрх хяналт шалгалтыг хийхдээ нэхэмжлэгч Ш******* ХХК-ийн газрын хувийн хэргийг дутуу шалгасан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан Сонгино хайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас аж ахуйн нэгжүүдийн хувийн хэргүүдийг татаж үзэхэд Ш******* ХХК-ийн хувийн хэрэгт төсөлтэй холбоотой баримт ирээгүй, зөвхөн хувийн хэрэг гэрчилгээ хоёроос өөр зүйл ирээгүй, хэрэв тухайн үед гаргаж өгсөн бол бид дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэж энэ албан шаардлагыг бичихгүй байсан, гэх хариуцагчийн тайлбараас үзвэл нотлох баримтыг дутуу үзэж хяналт шалгалтыг явуулсан, нэхэмжлэгч төсөл шалгаруулах замаар эсхүл дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэсэн хоёр үндэслэлийн алийг нь зөрчсөн гэж үзэж байгаа, зөрчил мөн эсэх нь тодорхойгүй байхад албан шаардлага ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Хэрэв нотлох баримт нь дутуу тодорхойгүй тохиолдолд Төрийн захиргааны байгууллагаас захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор нотлох баримтыг цуглуулах, түүнийг үнэлэх шаардлагатай байсан байна.

Өөрөөр хэлбэл Ш******* ХХК-аас төсөл шалгаруулах замаар эсхүл дуудлага худалдааны анхны үнэ төлсөн эсэх талаар нотлох баримтуудыг цуглуулах байтал энэ үүргээ хариуцагч биелүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Мөн Монгол Улсын ерөнхий аудиторын 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн А/95 дугаар Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журмын 5.1-д Төрийн аудитын байгууллагын тогтоосон акт, албан шаардлагаар алдаа зөрчлийг арилгах үүрэг нь хангалттай зохистой нотлох зүйлд үндэслэнэ гэсэн журмыг зөрчсөн гэж албан шаардлагаа гаргасан нь хууль бус байна.

Иймд нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэл дэх Төрийн Аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 01/164 НТАГ-2018/03 ГА дугаар бүхий Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын хавсралт 2-ын 4-т дурдсан Ш******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12,Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэл дэх төрийн Аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/164 НТАГ-/2018/03-ГА дугаар бүхий Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын хавсралт 2-ын 4-т дурдсан Ш ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ш******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөн 70.200/далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч,, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ