| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2023/0279/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/301 |
| Огноо | 0023-03-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
0023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/301
2023 03 22 2023/ШЦТ/301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,
Шүүгдэгч: Д.И /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 0 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, 7 хүүхэд, 2 зээ, хүргэний хамт 00 тоотод оршин суух, урьд:
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Мөн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Б дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1187 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.И нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Б зочид буудал” нэртэй автобусны буудал орчим иргэн Э.Эгийн халааснаас түүний өмчлөлийн эд хөрөнгө болох Самсунг нөөт 20 5жи ултра /Samsung note 20 5G/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
Эрүүгийн 0 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хохирогч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Иий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Гар утас хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Иий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 70 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 38-55 дугаар хуудас/, гэрч Д.Сэлэнгийн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.И нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Б” зочид буудлын ойролцоо автобусны буудал орчим иргэн Э.Эгийн халааснаас түүний өмчлөлийн эд хөрөнгө болох “Самсунг нөөт 20 5жи ултра” /Samsung note 20 5G/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
Хохирогч Э.Эгийн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 17 цаг 15 минутын орчим Хангарьд ордноос ажлаа тараачхаад ажлын газрын мэргэжилтэн Бийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Б зочид буудлын автобусны буудал орох гэж яваад буудал дээр ирээд үзэхэд миний гар утас байхгүй болсон байсан. Би гар утсаа 2021 оны 4 дүгээр сард Солонгос улсаас 3.000.000 төгрөг авч байсан Самсунг ноте 20 5жи гэх утас байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Иий яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б зочид буудлын автобусны буудлын орчимд явж байсан 30 орчим насны эмэгтэйн гадуур хувцасных нь баруун талын халааснаас гар утсыг нь хулгайлж авсан. Бусдын эд зүйл хулгайлан авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,
Гар утас хураан авсан тухай тэмдэглэлд “...Д.Иөөс ягаан өнгийн Самсунг ноте 20 5жи загварын гар утсыг хураан авав...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,
Гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Э.Эд ягаан өнгийн Самсунг ноте 20 5жи загварын гар утсыг хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл бүхий баримт,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Samsung note 20 5G Ultra загварын гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.425.000 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогчоос эд зүйлсээ алдсан талаар, шүүгдэгч нь хохирогч нарын эд зүйлсийг авсан талаар тус тус мэдүүлж, хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь нотлогджээ.
Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогч хохирогч 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.
“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог ба шүүгдэгчээс хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан.
Шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж, түүний санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.Иөөс хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Иийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хохирогч Э.Эгийн гар утсыг буцаан хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11/, хохирогчийн Э.Эгийн “...гар утсаа буцаан авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Иг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Д.Иийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид гар утсыг буцаан өгсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.И нь бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, 7 хүүхэд, 2 зээ, хүргэний хамт амьдардаг, оршин суух байнгын хаягтай, урьд ял шийтгэгдэж байсан зэрэг хувийн байдлыг тогтоов.
Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Д.И танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдалтай зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Иг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Иийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Д.И нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН