| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00333/И |
| Дугаар | 320 |
| Огноо | 2019-07-30 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Бын Б /ТК/-ийн нэхэмжлэлтэй үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай 139/2019/00333/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б миний бие 2011 оны 5 сарын 07-ны өдөр охин Б.Хг төрүүлсэн. Тухайн үед өрх толгойлсон тогтсон ажилгүй байсан тул охиноо 3 настай байхад амьдралын боломжгүй байдлаас болж өөрийн авга ах Б.О түүний эхнэр Ц.Г нарт үрчлүүлсэн. Халиун нь Б.О, Ц.Г нарын асрамжид байхдаа дутах зүйлгүй сайхан амьдарч зөв хүмүүжиж байсан. Охин минь намайг санаж байдаг байсан. Одоо би тогтсон гэр бүлтэй болсон ба охиноо маш их санаж хоёр охиноо хамтад нь өсгөх хүсэлтэй байна. Иймд үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Үрчлэгч Б.О, Ц.Г нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Бальдир овогтой О, Ц.Г бид хоёр дүү болох Б.Бээс төрсөн охин Хг 2011 оны 9 сард үрчилж аваад өсгөн халамжилж хүмүүжүүлж байна. Төрсөн ээж Б өөрийн хүүхдээ эргүүлж авч өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа учраас бид хоёр эх хүүхдийн асуудлыг харгалзан үзээд хүүхдээ төрсөн ээжид нь буцааж өгөхийг зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б, Б.О, Ц.Г нар нь үрчлэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2011 оны 5 сарын 07-нд төрсөн УО регистрийн дугаартай Боржигон ургийн овогт Бийн Хг 2014 оны 09 сарын 11-ний өдөр Боржигон овогт Бын Од үрчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Охин О.Х нь 2014 оноос эхлэн үрчилсэн эцэг эхийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар нотлогдож байна.
Зохигчид үрчлэлтийн бүртгэлийн талаар маргаагүй бөгөөд үрчлэн авсан эцэг Б.О, эх Ц.Г нар нь охин Хг төрсөн эхэд нь буцаан өгөхийг зөвшөөрсөн, үрчлүүлсэн эх Б.Болорцэцэг нь охиноо буцаан авах хүсэлтээ тус тус илэрхийлсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 61 дугаар зүйлийн 61.2-т зааснаар шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож, охин О.Хг эх Б.Бийн асрамжинд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 145 дугаар зүйлийн 145.6, 145.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4,-т зааснаар Боржигон овгийн Бийн Х /УО/-г Боржигон овгийн Бын О, Бэсүд овгийн Цын Г нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар Боржигон овгийн Огийн Х /УО/-г эх Боржигон овгийн Бын Б /ТК/-ийн асрамжинд шилжүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У