Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/45

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул,

Шүүгдэгч: **************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********овогтой****************** холбогдох эрүүгийн 2327000000054 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдөр **********аймгийн **************суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт *********аймгийн ********* сумын ******** дугаар баг, “**************”  гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж шийтгэгдэж байсан*********** овогтой ************* /РД:***************/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч ************* нь 2023  оны 03 дугаар сарын 08-ны өдөр **********аймгийн *************** сумын ******дугаар баг “*********” гэх газар өөрийн гэртээ хохирогч **************согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хоорондоо маргалдаж нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж тархи доргилт, зүүн сарвууны эрхий хуруунд шарх, баруун, зүүн нүдний салст, дээд доод зовхи зүүн хөмсөг, эгэм дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун, зүүн хацарт зулгаралтууд үүсгэж ************ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд

       

            Шүүгдэгч ***************нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            Орой хурга ишгээ тавьчхаад **************цагаан сараар манайхаар ороогүй гээд ганц шил архи уусан. Тэгээд бид 2 морь ярьж байгаад мориноосоо болоод маргалдаад ************* би цохисон нь үнэн гэв.

 

            Хохирогч ***************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манай гэр **************аймгийн**********сум **********дугаар баг “**************” гэх газар Сүрэнхорлоо гэх айлын хамт өвөлжсөн. Өчигдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би хониндоо яваад орой 118 цагийн орчим гэртээ ирэхэд **************** манай гэрт ороод ир гэхээр нь гэрт нь ороход түүний эхнэр ************** 2 байсан. Тэгээд бид 2 ойр зуур юм яриад сууж байгаад 0.75 литрийн хар “Чингис”  нэртэй архи хувааж уугаад талдаа орж байсан бид 2 морь ярьж байгаад хороондоо ам зөрөөд маргалдсан. Тэгэхэд ********** миний нүүр хэсэгт 2 удаа гараараа цохиж авсан. Би яаж байна аа гэхэд **************** ёстой уучлаарай муухай зүйл боллоо гээд би гэр рүүгээ орсон өөр асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №141 тоот:

“...1. ***************** биед тархи доргилт, зүүн сарвууны эрхий хуруунд шарх, баруун зүүн нүдний салст, дээд доод зовхи, зүүн хөмсөг, эгэм дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх биед тархи доргилт, баруун зүүн нүдний салст, дээд доод зовхи, зүүн хөмсөг, эгэм дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн сарвууны эрхий хуруунд шарх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

 

*********аймгийн*****************сумын ************ дугаар багийн засаг даргын тодорхойлолт, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогын хуулбар /хх-ийн 38, 41-44 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч *******************нь 2023  оны 03 дугаар сарын 08-ны өдөр ************* аймгийн *************сумын ********** дугаар баг “*************й” гэх газар өөрийн гэртээ хохирогч *********** согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хоорондоо маргалдаж нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж тархи доргилт, зүүн сарвууны эрхий хуруунд шарх, баруун, зүүн нүдний салст, дээд доод зовхи зүүн хөмсөг, эгэм дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун, зүүн хацарт зулгаралтууд үүсгэж ******************эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ****************үйлдсэн болох нь

Хохирогч *******************мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №141 тоот: “...1. *********************биед тархи доргилт, зүүн сарвууны эрхий хуруунд шарх, баруун зүүн нүдний салст, дээд доод зовхи, зүүн хөмсөг, эгэм дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.  2. Дээрх биед тархи доргилт, баруун зүүн нүдний салст, дээд доод зовхи, зүүн хөмсөг, эгэм дээд урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн сарвууны эрхий хуруунд шарх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 13-15 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **************** хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ***************** нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас **************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

            Иймд шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч ********************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.             

 

            Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч ************ нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч ***************гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч *************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** овогтой ************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ************************** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар *******************нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. **********************нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 7-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ****************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА