Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 325

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн                                    нутагт оршин суух, Боржигин овогт Дийн П /ЗВ/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Боржигин  овогт Дийн П миний бие нь 1957 онд төрсөн. Эрэгтэй, энэ  жил 62 нас хүрсэн. Улсад 23 жил ажилласан. Үүнээс 17 жил нь буюу 1975 оны 03 сарын 10-ны өдрөөс 1992 оны 5 сарын 20-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн Өрнөлт нэгдэлд хоньчиноор ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч зарим оны цалин хөлсний бичилт дутуу, тамга тэмдэг бичилт бүдгэрсэн нь шаардлага хангахгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн жагсаалт зэргийг үндэслэн 1975 оны 03 сарын 10-ны өдрөөс 1992 оны 5 сарын 20-ны өдрийг дуустал Говийн-Өрнөлт нэгдэлд бог мал маллаж байсан жилийг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.П нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

  

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Дийн Пийн 1981 оны 1, 2 сар, 1983-1990 онуудын цалин хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

- Говь-Угтаал сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 1 сарын 13-ны өдрийн  Дийн Пийн  Говийн-Өрнөлт нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн жагсаалтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

- Дийн Пийн 1992 оны 1 сарын 11-ний  өдрийн  1991 он, 1992 оны 1 сарын цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Н.Эын  “... Д.П нь Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдлийн Хонгор бригадад .1975 оноос 1992 оны 5 сарын 20-ны өдрийг хүртэл   хонь ямаа маллаж байсан. Энэ хугацаанд цэрэгт огт яваагүй байх аа. Настай хүмүүстэй байсан учраас  цэргээс чөлөөлөгдөж байсан санагдаж байна. Говийн-Өрнөлт нэгдэл, Говь-Угтаал суманд тасралтгүй мал маллаж байгаа малчин хүн. Би  1977 оноос 1995 он хүртэл Дундговь аймгийн Говь Угтаал  сумын санхүү тасгийн нягтлан, татварын байцаагчаар ажиллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс байсан учраас Пийн талаар мэдэж байгаа. Нэгдэлд бол малчинаас өөр ажил хийж байгаагүй, Нэгдэл тарснаас  хойш бол хувиараа мал аж ахуй эрхэлж байгаа.  Шагнал урамшууллын талаар нь мэдэх зүйл алга байна “ гэх мэдүүлэг

-Гэрч Д.Бын  “... Д.П нь Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдлийн Хонгор бригадад .1975 оноос 1992 оны 5 сарын 20-ны өдрийг хүртэл   хонь ямаа төллөх мал маллаж байсан. Энэ хугацаанд цэрэгт огт яваагүй. Настай хүмүүстэй байсан учраас  цэргээс чөлөөлөгдөж байсан санагдаж байна. Д.П нь  Говийн-Өрнөлт нэгдэл, Говь-Угтаал суманд тасралтгүй мал маллаж байгаа малчин хүн. Би  1980 оноос 1992 он хүртэл Дундговь аймгийн Говь Угтаал  сумын Говийн-Өрнөлт нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс байсан учраас Пийн талаар  сайн мэдэж байгаа  юм. Би тухайн үед хөдөлмөрийн хөлсийг нь бичдэг байсан учраас л сайн мэднэ. Нэгдэлд бол малчинаас өөр ажил хийж байгаагүй, Нэгдэл тарснаас  хойш бол хувиараа мал аж ахуй эрхэлж байгаа. Шагнал урамшууллын талаар нь мэдэх зүйл алга байна  “ гэх мэдүүлэг

-Гэрч Т.Бийн  “... Би 1974 онд сургууль төгсөөд илгээлтээр гарахад  Д.П нь аав ээжийнхээ хамт мал малладаг байсан. Д.П нь Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдлийн Хонгор бригадад 1975 оноос 1992 оны 5 сарын 20-ны өдөр хувьчлал тарах  хүртэл   хонь ямаа төллөх мал маллаж байсан. Энэ хугацаанд цэрэгт  яваагүй. Настай хүмүүстэй байсан учраас цэргээс чөлөөлөгдөж байсан байх. Д.П нь  Говийн-Өрнөлт нэгдэл, Говь-Угтаал суманд тасралтгүй мал маллаж байгаа малчин хүн. Би  1974 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал  сумын Говийн-Өрнөлт нэгдэлд малчнаар  ажиллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс байсан учраас Пийн талаар  сайн мэдэж байгаа  юм. Нэгдэлд бол малчинаас өөр ажил хийж байгаагүй, Нэгдэл тарснаас  хойш бол хувиараа мал аж ахуй эрхэлж байгаа. Шагнал урамшууллын талаар нь мэдэх зүйл алга байна  “ гэх мэдүүлэг  зэрэг бичгийн баримтууд болно.

 

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.П нь 1975 оны 3 сарын 10-ны өдрөөс 1992 оны 5 сарын 20-ны өдрийг хүртэл  Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Дийн П /ЗВ/ нь  Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн-Өрнөлт нэгдэлд 1975 оны 3 сарын 10-ны өдрөөс 1992 оны 5 сарын 20-ны өдрийг дуустал  малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У