| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0062/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/66 |
| Огноо | 2023-04-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/66
2023 04 07 2023/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Б,
Шүүгдэгч: Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Лгийн Гд холбогдох 2335000000031 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 23-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны 06 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн .... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Увс аймгийн Өлгий сумын .... нуур багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Лгийн Г /РД: ............/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Г нь Увс аймгийн Өлгий сумын Хулст нуур багт байрлах иргэн Ш.Дийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт 2021 оны 11 дүгээр сарын 10-20-ны үед нууцаар нэвтэрч, хурган дотортой дээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ш.Дд 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Гыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Г нь Увс аймгийн Өлгий сумын Хулст нуур багт байрлах иргэн Ш.Дийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрээс 2021 оны 11 дүгээр сарын 10-20-ны үед хурган дотортой дээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан болох нь:
1. Хурганы арьсан дотортой дээлэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-9 дэх тал),
2. Хохирогч Ш.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ 1 тооны хонь нядалж аваад Ховд аймаг руу явсан юм. Тухайн үед манай эхнэр Ховд аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Тэгээд би Ховд аймагт 10 хоноод 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ иртэл манай гэрт байсан авдар дотроос миний шинэ хурганы арьсан дотортой дээл алга болсон байсан. Тэгээд би эхнэрээс асуухад мэдэхгүй байсан. Миний дээл саарал өнгийн гадартай, дотор талдаа хар толботой дээл юм. Тухайн үед манай гэрт хүн үлдээгүй юм. Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн дүү болох Нтай уулзахад Н нь надад таны 2021 онд гэрээс тан хулгайлагдсан гэх дээл Л.Г аваад хүнд зарсан байна гэж хэлсэн. Тэгээд би Л.Гд очоод чи яагаад миний дээлийг авсан юм бэ гэж асуухад надад баг зүүсэн мотоциклтой хүн авч ирж өгсөн гэж надад хэлж намайг доромжлоод байхаар би цагдаад хандсан юм. Л.Г миний хохирлыг барагдуулсан бөгөөд 2.000.000 төгрөгийг миний данс руу хийсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16, 18 дахь тал),
3. Гэрч М.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Манай хадам талын хамаатны Тулгаа буюу Л.Г надруу утсаар залгаад чи Б гэх айлаас очоод хурган арьсан дотортой эрэгтэй хүний дээл байгаа очоод авчих гэж хэлхээр нь би ямар учиртай дээл юм бэ гэж асуухад Б ах надаас худалдан авч байсан юм. Тэгтэл авсангүй танайд байж байг би очиж авна гэж ярьсан. Тэгээд би мал хариулж яваад 10 хонгийн дараа Б гэх айлаас очиж авсан юм. Тэгтэл Б ах хүргэн залуудаа авах гэтэл таарсангүй гэж хэлсэн. Тэгээд би уг дээлийг гэртээ авч ирсэн юм. Тэгтэл дараа нь буюу яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна Л.Г над руу залгаад наад дээлийг чинь нэг бод болгочихмоор байна гэж хэлсэн. Тэгээд би хавар энэ дээлээ хэзээ авах юм гэтэл Л.Г намар авна гэж хэлсэн ба одоо болтол аваагүй байна. Уг дээл нь саарал өнгийн гадартай хурганы арьсан дотортой дээл байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
4. Гэрч Ш.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Надад 2021 оны 11 сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна мотоциклтой Увс аймгийн Өлгий сумын Л.Г гэх залуу манай ээж оёсон дээл юм зарах гэсэн та авах юм уу гэж хурганы арьсан дотортой саарал өнгийн дээл авч ирж үзүүлэхээр нь би өмсөж үзтэл надад томдож байсан юм. Тэгтэл тэр залуу намайг та энэ дээлийг бага насны адуугаар зарж борлуулаад өг гэхээр нь би за гээд аваад үлдсэн юм. Тэгээд удалгүй цагаан сараас өмнө манайд Б ирээд би энэ дээлийг авахаар боллоо гэж аваад явсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
5. Гэрч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 10 дугаар сард Ховд аймаг руу эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр явсан юм. Тэгээд манай нөхөр Ш.Д 2021 оны 11 дүгээр сарын 10-ны үед миний араас ирээд бид хоёр 2021 оны 11 дүгээр сарын 20- ны үед гэртээ ирэхэд манай гэр дотор байсан авдар онгорхой байсан. Тэгээд авдар доторх зүйлсээ бүртгэхэд манай нөхрийн дээл байхгүй болсон байсан. Уг дээлийг 2021 оны 09 дүгээр сард 45 ширхэг хурганы элдсэн арьсаар хийсэн, саарал өнгийн гадартай хөх өнгийн шилбэтэй дээл юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
6. Шүүгдэгч Л.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би нэг өдөр тухайн айлын гэрийг нь эргэхээр очсон бөгөөд тухайн айл нь манай гэрээс 2, 3 км зайтай байдаг юм. Тэгээд би очтол тухайн айлын гэрийн хаалга нь уяагаар уясан байхаар нь.уяагийн тайлаад гэр рүү нь ортол тухайн айлын хоймор хэсэгт байх шаргал өнгийн авдар онгорхой байхаар нь би үзтэл тэнд цагаан саарал өнгийн хурган арьсан дээл байсан. Тэгээд би тухайн дээлийг аваад Ховд гол орж өөрийн зүс таних хүн болох Бд миний ээж оёсон дээл юм аа та энэ дээлийг бага насны адуугаар зараад өгөөч гэж хэлээд үлдээсэн юм. Тэгтэл Б ах тухайн дээлийг авахаа болилоо гэхээр нь би өөрийн хүргэн ах болох Быг та Б ахынхаас очоод нэг саарал өнгийн хурган дотортой дээл аваад өөр дээрээ байлгаж бай гэж хэлсэн. Тэгтэл удалгүй манай сумын хэсгийн төлөөлөгч Э.Б манай гэрт ирээд энэ юун учиртай дээл юм бэ гэхэд нь би Д ахын гэрээс хулгайлсан талаар хэлсэн юм. Д ах надтай хонины захад таарчихаад хулгайч энэ тэрээр дуудаад байхаар нь миний уур хүрээд тухайн айлын гэрийг эргэх үед хүн байхгүй байхаар нь авсан юм. Би одоогоор 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа дахин 1.000.000 сая төгрөгийг өгч хохирлыг нь төлж барагдуулна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна тухайн хүн намайг хулгайч гээд доромжлоод байхаар нь миний уур хүрээд би уг дээлийг хулгайлсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал) -үүдээр тогтоогдсон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Л.Г нь хохирогч Ш.Дийн хурган арьсан дотортой дээлийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж тодорхойлсон бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зйүлийн тайлбарт “Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” тодорхойлсонд хохирогч Ш.Дийн байнга амьдардаг монгол гэр хамаарна.
Иймд шүүгдэгч Л.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Увс Финанс Аудит ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаартай “Увс аймгийн Өлгий суманд 2021 оны 11 дүгээр сарын байдлаар шинэ хурганы арьсан дээлний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1,900,000 /нэг сая есөн зуун мянган төгрөг/ болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43 дахь тал)-ээр хохирогч Ш.Дд 1.900.000 төгрөгний хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч: 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Ш.Дийн 58.......62 тоот дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримтыг шинээр гаргаж өгсөн.
Мөн хохирогч Ш.Д мөрдөн байцаалтын шатанд: “З овогтой Ш Д миний бие 2021 оны 11 сарын үеэр өөрийн гэрээс дээлээ алдсан бөгөөд миний дээлийг хулгайлсан Л.Г миний хохирол болгож 3.000.000 төлж барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 77 дахь тал), шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн баримт зэргийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Л.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.Г нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Л.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал)-аар нотлогдож байна.
Шүүгдэгч Л.Гын хувийн зан байдлын талаар: Гэрч Л.Сгийн өгсөн: “даруу төлөв зантай, гадуур тэнээд яваад байдаггүй, архи тамхи татдаггүй, даруухан, мал маллаж өдийг хүрсэн, уртд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал), Гэрч С.Лгийн өгсөн: “даруу төлөв, үг дуу цөөтэй, архи тамхи хэрэглэдэггүй, малын ашиг шимээр амьдарлаа залгуулдаг, гадуур тэнээд хэсээд яваад байдаггүй, мал ахуй эргүүлээд гэр зуур байдаг, урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, цэргийн алба хаагаагүй, энгийн хөдөөний малчин хүн байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал)-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Гд 1 /нэг/ жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Лгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Гд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г өмнө авсан хувийн батлгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ