Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/60

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шинжээч У.Э,

         хохирогч Б.Д,

         шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Чэд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Н.Ч

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Ч нь 2022 оны 12 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Дтой маргалдан улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, түүний эзэмшлийн машины салхины шилийг цохин хагалж 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Н.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь үнэн зөвөөр мэдүүлсэн. Хохирогчийг танина, бид хамаатнууд. Тэр орой шинэ жилээс гарч байсан. Бид хоёр хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Д согтуу агсрах маягтай байсан. Би нүүр, хацар хавьд нь цохисон байх. Соёлын төвийн гадаа цээж хавь руу нь өшиглөсөн гэж бодож байна. Тэгээд уурандаа машины шилийг хагалсан. Хэргийн хувьд маргахгүй. Хохиролд 1.500.000 төгрөг төлсөн. Хохирлыг төлөхийг зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

           -Хохирогч Б.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь үнэн зөв мэдүүлсэн. Хохирлын хувьд машины 1.500.000 төгрөгийг төлсөн. Хамрын хагалгаанд орсон. Хамартаа хуучин импланттай байсан. Мурийсан учраас хагалгаанд орсон. Одоо хамрын хагалгаанд орсны зардал 4.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хамрын хагалгаанд ороход 3.000.000 төгрөг, хагалгаанд орохын тулд Сайншанд, Дэлгэрэх сумын хооронд явсан шатахууны зардал нэхэмжилж байгаа. Хамрын шинэ имплант нь 1.000.000 төгрөг, хагалгааны зардал 2.000.000 төгрөг болсон. 1.000.000 төгрөг нь замын зардал гэсэн мэдүүлэг,

         -Шинжээч У.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогчид тархи доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт үүссэн байсан. Анатомийн хувьд нүд, зовхи, хамар нүдний ухархай, гавлын яс зэрэг нь байрлал ойрхон учир хамрын хуучин хугарал, имплантад нөлөөлнө гэсэн мэдүүлэг,

         -Хохирогч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Хамаатны эгч болох Бтай тааран гуйлгачин гээд хэлсэн чинь найз нь болохЧ нь Бг өмөөрч намайг гэдэс руу нэг, толгой хэсэг рүү хоёр цохисон. ...Соёлын төвийн зүүн талд очоод байж байхад, Ч нь араас ирэн шууд хамар руу нэг удаа цохиход нь би газарт ойчоод өгсөн чинь миний дээрээс 5-6 удаа хөлөөрөө дэвссэн. Би газраас босоод өөрийнхөө Субару порестер машиныг тойрч гүйхэд, араас Ч хөөгөөд гүйцэхгүй болохоороо миний машины жолооч талын урд талын крылог нэг өшиглөн, урд талын салхины шил рүү, гараараа 3-4 удаа цохин хагалсан. ...Би болон Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Миний толгой ханатай, хамар мурийсан, баруун нүд хөхөрсөн байгаа гэсэн мэдүүлэг /хх 6 ху/,

           -Гэрч А.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Ч ах ирээд, Дтой маргалдан муудсанаа Ч ах Дын нүүрэн хэсэгт 3 удаа, зүүн гараа цохихоор нь салгасан. ...Ч ах бид хоёр дээр ирээд, "бацаанууд минь яагаад байгаа юм" гэхэд Д нь "Чэд хандан манай аав, ээж хоёр бол чемодантайгаа эхэлсэн, та нар бол юу ч мэдэхгүй" гэж хэлэхэд, Ч нь "муу сайн гуйлгачид, нэг нэгээрээ үзэх үү" гэж хэлээд Д руу шууд дайран очоод нүүр хэсэг рүү нэг цохисон, тэгээд газарт унагаагаад Дын дээр нь гарсан дээрээс нь цохиод байсан. Д газраас босоод өөрийнхөө машины ард цус нөжтэйгөө холилдоод машиныхаа ард суусан чинь Ч нь Дын машины урд талынх нь цонхыг 2 удаа гараараа цохисон гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,

           -Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Соёлын төвийн хашаанаас Д гаран Чийг элдвээр хэлэн хашхираад байсан чинь Ч Дтой очиж зодолдохоор нь би очоод салгасан чинь Ч нь Дын машины урд талын шилийг нь уурандаа хагалсан. Ч, Д хоёр газарт унан дээр доороо ороод зууралдаж байсан гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,

         -Яллагдагч Н.Чийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2022 оны 12 дугаар сарын 24-ний едрийн 22 цагийн үед Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар багийн шинэ жилд оролцсон. ...Д нь над руу элдэв гуйлгачин гэх мэт үгээр хэлэхээр нь би, зөрүүлээд гуйлгачин гэж хэлээд элдэв үгээр хэлэн баруун гараараа нуур хэсэгт нь 1 цохисон чинь хажууд байсан хүмүүс боль гэж хэлээд салгасан. Тэгсэн чинь Д нь Соёлын төвөөс гараад зүгээр болохгүй элдэв үгээр намайг хэлээд байхаар нь соёлын төвийн зүүн талд Дын араас очин, Дын нүүрэн хэсэгт нь 2-3 удаа цохин, тонгойлгож байгаад гэдэс рүү нь нэг өшиглөөд больсон чинь Д дахин намайг элдэв үгээр хэлэн доромжлоод байхаар нь барих гэсэн чинь зугтаад байхаар нь Дын машиных нь урд талын цонхыг нь 2 удаа гараараа цохисон чинь цонх нь цуурсан... надад гэмтэл учраагүй гэсэн мэдүүлэг /хх 36 ху/,

          -Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02/27 дугаартай дүгнэлтэнд: 

          1.Б.Дөлгеенсоёлын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 15 ху/,

          -Яаралтай тусламжийн хуудас /хх 16 ху/,

          -Эсийн үзлэгийн тэмдэглэл /хх 17-18 ху/,

          -Хохирлын үнэлгээ, гэрэл зураг /хх 23-24 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 28 ху/

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 31-33, 36 ху/  

          -Хохирлын баримт /хх 72-79 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Н.Ч нь 2022 оны 12 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Дтой маргалдан улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, мөн түүний эзэмшлийн машины салхины шилийг цохин хагалж 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.Чийн “...Д согтуу агсрах маягтай байсан. Би нүүр, хацар хавьд нь цохисон байх. Соёлын төвийн гадаа цээж хавь руу нь өшиглөсөн гэж бодож байна. Тэгээд уурандаа машины шилийг хагалсан. Хэргийн хувьд маргахгүй” гэсэн, хохирогч Б.Дын ...Хохирлын хувьд машины 1.500.000 төгрөгийг төлсөн. Одоо хамрын хагалгаанд орсны зардал 4.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн, шинжээч У.Эгийн ...Хохирогчид тархи доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт үүссэн байсан. Анатомийн хувьд нүд, зовхи, хамар нүдний ухархай, гавлын яс зэрэг нь байрлал ойрхон учир хамрын хуучин хугарал, имплантад нөлөөлнө” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Дын “...Ч нь Бг өмөөрч намайг гэдэс руу нэг, толгой хэсэг рүү хоёр цохисон. ...Соёлын төвийн зүүн талд очоод байж байхад, Ч нь араас ирэн шууд хамар руу нэг удаа цохиход нь би газарт ойчоод өгсөн чинь миний дээрээс 5-6 удаа хөлөөрөө дэвссэн. Би газраас босоод өөрийнхөө Субару порестер машиныг тойрч гүйхэд, араас Ч хөөгөөд гүйцэхгүй болохоороо миний машины жолооч талын урд талын крылог нэг өшиглөн, урд талын салхины шил рүү, гараараа 3-4 удаа цохин хагалсан” гэсэн мэдүүлэг, гэрч А.Г, Б.Б нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/27 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэгийн тэмдэглэл, эмнэлгийн баримт, хохирлын үнэлгээ, гэрэл зураг болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

        Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

        Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

         Дээрх нөхцөл байдлаар хохирогч Б.Дын эрүүл мэнд болон эд хөрөнгөнд хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч Н.Чийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

         Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч Н.Ч нь хохирогчтой маргалдан нүүрэн тус газар цохисон, мөн түүний эзэмшлийн машины салхины шилийг цохин хагалсан гэх үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлүүдийн улмаас хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна гэж үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Чийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгч Н.Чэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

         Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруу болон хохирол төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Чэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Чэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялыг 1.000.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

          Хохирлын хувьд хохирогч Б.Д нь “хамрын мэс засалд орсон, имплантын үнэ 1.000.000 төгрөг, хагалгааны зардал 2.000.000 төгрөг, шатахууны зардал 1.000.000 төгрөг, эд хөрөнгөнд учирсан хохирол 1.080.000 төгрөг, нийт 5.080.000 төгрөгийг нэхэмжилжээ.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь нэхэмжлэлээс эд хөрөнгөнд учирсан хохиролд 1.500.000 төгрөг төлсөн байна.

       “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

          Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад имплантын үнэ 1.000.000 төгрөг, хагалгааны зардал 2.000.000 төгрөг, шатахууны зардал 383.500 төгрөг /нотлох баримтаар/, эд хөрөнгөнд учирсан хохирол 1.080.000 төгрөг, нийт 4.463.500 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзээд үүнээс шүүгдэгчээс төлсөн 1.500.000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 2.963.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, нэхэмжлэлээс  616.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.       

 

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Н.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2.Шүүгдэгч Н.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Чэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялыг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Чэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чээс 2.963.500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 616.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          7.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА