Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч М.Баасанхүү,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,    

улсын яллагч А.Сайнбаяр,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг,

шүүгдэгч Б.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3267 дугаар хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Боржигон овогт Болдбаатарын Батдорж, 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Ибиза” бааранд хамгаалагч ажилтай байсан, ам бүл 3, аав, дүү нарын хамт Төв аймаг Баян сум Цавчир баг Хоолт 2-8 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг үйлдэх үедээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын Амины Орон сууцны 3-45 тоотод түр оршин сууж байсан, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн НВ91032916 дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Батдорж нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын Амины Орон сууцны 3-45 тоот нийтийн байранд иргэн С.Хишигнэмэхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж отвёрткаар нуруу луу нь хатгаж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүгдэгч Б.Батдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би бааранд ажилладаг байсан. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би үл таних хоёр залуутай танилцсан. Танилцсан 2 залуу болон нэг хүүхэнтэй дөрвүүлээ нийлээд буудалд орсон. Буудалд ууж идэж байгаад өглөө нь манай гэрт очихоор болж нөгөө танилцсан хоёр залуугаа гэр рүүгээ дагуулж явсан. Гэр рүү явах замдаа дэлгүүрээс 1 шил архи авхуулсан. Гэртээ архиа уугаад сууж байхад нэг залуу нь коридорт шүлсээ хаяж, хохирогчтой маргалдсан юм шиг байсан. Хохирогч гэр рүү орж ирээд “чи наад залуугаа аятайхан байлгаач, коридорт шүлсээ хаяад байна, нийтийн байр хүмүүс амарч байна” гэж хэлсэн. Би тухайн үед нилээн согтсон байсан. Би хохирогчтой муудалцаад гараараа 1 удаа цохисон. Би отвёртка авснаа сайн санахгүй байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

      Хохирогч М.Хишигнэмэхийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут АОС 3-45 тоотод байрлах нийтийн байрны 1 давхартаа 2 номерийн өрөөнд засварын ажил хийж байхад гаднаас 2 давхарын 19 тоот өрөөг түрээслэгч Батдорж /Баагий/ 2 эрэгтэй болон нэг эмэгтэйгийн хамт согтуу орохоор нь би Батдоржийг дуудаад “хэл ам гаргахгүй, чимээгүй асуудалгүй ууж идээрэй” гэж хэлсэн чинь “за” гээд өрөөлүүгээ орсон. Тэгээд 5-10 минутын дараа 2 номерийн өрөөндөө засварын ажлаа үргэлжлүүлэн хийж байхад 2 давхарт нэг залуу нь “хүн байна уу” гээд хашгичаад яваад байхаар нь би очоод “юу болоод хашгираад байгаа юм бэ” гэсэн чинь “гар нүүрээ угаамаар байна, ус аваад ир” гэсэн, тэгэхээр нь би “чиний усыг бэлдэх ёстой юу” гээд хажуугаар нь зөрөөд 19 номерийн өрөөнд очоод Батдоржийг “энэ хүн амьтанаа ав, коридороор хашгичаад яваад байна” гэсэн чинь Батдорж босож ирээд “чи юун сүртэй юм” гээд намайг мангасдаад түлхсэн, тэгсэн хажуунаас нөгөө гараа угаалгана гээд надаас ус асуусан залуу нь бас намайг түлхсэн, тэгэхээр нь би доошоо давхар луу буугаад өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгчихөөд дээшээ 2 давхар луу гараад “цагдаад дуудлага өгсөн шүү, хүмүүсээ чимээгүй байлгаарай” гэж хэлчихээд буцаад нэг давхарлуу буугаад 2 номерийн өрөөнд засвараа хийж байхад Батдорж араас ганцаараа 2 номерийн өрөөнд орж ирээд “чи муу юун сүртэй юм” гээд намайг түлхэж бариад байхаар нь “чи согтуу орж унт, эрүүлдээ ярь” гэсэн чинь намайг мөргөж түлхээд агсараад байсан, тэгээд алх авах гэхээр нь барьцалдаж ноцолдож байхад миний толгойны хойд чихний ар хэсэгт цохих шиг болсон, тэгээд би жоохон манарсан чинь урдаас цээжний хэсэг рүү цохих шиг болсон, тэгсэн би доошоо унасан чинь хойноос нуруу руу цохих шиг болсон, тэгээд нэг харсан чинь дээр суучихсан бид хоёрын байсан өрөөнд 7 номерт амьдардаг Чулуунаа ороод ирчихсэн Батдоржийг надаас салгаж байсан, тэгсэн араас нь мөн 18 номерт амьдардаг залуу ороод ирчихсэн салгаж байсан. Тэр үед Батдорж, ирсэн 2 залуу болон 15 номерийн Туул гэх эмэгтэй хаалганы гадаа зогсож байсан. Тэгээд би босоод ирсэн чинь Батдорж дахиад надруу дайраад байсан, тэгээд би амьсгалахад хэцүү болоод байхаар нь гэрлүүгээ яваад орсон. Тэгээд цагдаа нар ирээд түргэн дууд гээд түргэний эмэгтэй эмч ирээд намайг аваад эмнэлэгт хүргэж өгсөн. Батдоржийг тэр үед цагдаа нар ирээд аваад явсан. …гартаа шар иштэй отвёртка барьчихсан байсан. Тэрүүгээр цохих шиг болсон, тэгсэн хатгачихсан байна лээ.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар тал/

 

            Гэрч Д.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хүү Батдорж 1991 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян суманд миний том хүү болж төрсөн. Эмээ, өвөө дээрээ бага насаа хүмүүжиж Баян суманд 1 дүгээр арван жилд орж 7 дугаар анги хүртэл сураад Улаанбаатар хотод нүүж ирсэн. Тэгээд 35 дугаар сургуульд орж төгсөөд Батлан хамгаалах их сургуульд орж дээд боловсрол эзэмшсэн. Тэгээд хөдөө 2 жил мал дээр байж байгаад хотод ирээд ажилд орсон. Зан араншингийн хувьд эелдэг даруу, тусч архи дарс уудаггүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23 дугаар тал/

 

Гэрч Ч.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний хүү багадаа төлөв даруу зантай, цагаан цайлган сэтгэлтэй, том хүний үгэнд сайн ордог, онц сурдаг хүүхэд байсан. Батлан хамгаалахын их сургуулийг сайн дүнтэй төгсөөд хууль эрх зүйч мэргэжлээр төгсөөд ажил олдохгүй байж байгаад энэ бааранд ажилладаг болсон. Тэгээд орой 18 цагаас өглөөний 06 цаг хүртэл дандаа согтуу галзуу хүмүүстэй хамт ажилладаг болохоор сүүлийн үед зан авир нь жаахан өөрчлөгдсөн. Баарны захирал нь ажлаас гаргах дургүй, хүний үгээр байдаг болохоор байнга хажуудаа байлгах гээд байдаг юм шиг байна лээ. Ямар ч муу санаа байхгүй, цагаан цайлган сэтгэлтэй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25 дугаар тал/

 

Гэрч П.Энэбишийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2 сарын өмнөөс таньдаг болсон. Би “Ибиза” бааранд DJ-ээр ажиллаж байгаа, тэрнээс хойш Батдорж ах гайгүй зантай хүн шиг санагдсан. Батдорж ах хамт олны дунд нэр хүнд сайтай, зодоон цохион хийгээд байдаггүй, ажилтай үедээ архи дарс хэрэглэдэггүй. Ажлын бус цагаар амралтын өдөр хааяа нэг уучихсан байна гэж ярьж байдаг. Батдорж ах  эхнэр хүүхэдгүй, найз охин байхгүй, гэр нь хөдөө байдаг, аавтайгаа байнгын холбоотой байдаг.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 26 дугаар тал/

Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Уг гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Цээжний урд зүүн талын 10x0.2 см нимгэн тав бүхий шарх нь нэвтрээгүй өнгөц шарх. Цээжний баруун ар хэсгийн 5.5x0.2 см шарх нь нэвтэрсэнээс цээжний баруун хөндийд хий хуралдсан энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа юм. 5.5х0.2 см гэдэг нь нэвтэрсэн гүний хэмжээ биш зурагдсан уртын хэмжээ юм. Цээжний хөндий нэвтэрсэн нь юугаар харагдаж байгаа гэхээр цээж гэрэлд харахад баруун хөндийд хий хуралдсан байгаа нь уг шарх нэвтэрсэнийг харуулж байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 31-32 дугаар тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11965 дугаар:

“1. С.Хишигнэмэхийн биед цээжний баруун хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, хий хуралдалт, цээжний зүүн хэсэгт хатгагдсан шарх, зүүн чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь биед аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

/хх-ийн 28 дугаар тал/

 

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 52 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 53 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 54 дүгээр тал/

 

Шийтгэх тогтоолын хуулбарууд,

/хх-ийн 57-61 дүгээр тал/

 

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар,

/хх-ийн 62 дугаар тал/

 

Бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 63-64 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч  Б.Батдорж нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын Амины Орон сууцны 3-45 тоот нийтийн байранд иргэн С.Хишигнэмэхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж отвёрткаар нуруу луу нь хатгаж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь: 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батдоржийн өгсөн “…Гэртээ архиа уугаад сууж байхад нэг залуу нь коридорт шүлсээ хаяж, хохирогчтой маргалдсан юм шиг байсан. Хохирогч гэр рүү орж ирээд “чи наад залуугаа аятайхан байлгаач, коридорт шүлсээ хаяад байна, нийтийн байр хүмүүс амарч байна” гэж хэлсэн. Би тухайн үед нилээн согтсон байсан. Би хохирогчтой муудалцаад гараараа 1 удаа цохисон. Би отвёртка авснаа сайн санахгүй байна.” гэх,

мөрдөн байцаалтад хохирогч С.Хишигнэмэхийн өгсөн “…Тэгээд 5-10 минутын дараа 2 номерийн өрөөндөө засварын ажлаа үргэлжлүүлэн хийж байхад 2 давхарт нэг залуу нь “хүн байна уу” гээд хашгичаад яваад байхаар нь би очоод “юу болоод хашгираад байгаа юм бэ” гэсэн чинь “гар нүүрээ угаамаар байна, ус аваад ир” гэсэн, тэгэхээр нь би “чиний усыг бэлдэх ёстой юу” гээд хажуугаар нь зөрөөд 19 номерийн өрөөнд очоод Батдоржийг “энэ хүн амьтанаа ав, коридороор хашгичаад яваад байна” гэсэн чинь Батдорж босож ирээд “чи юун сүртэй юм” гээд намайг мангасдаад түлхсэн, тэгсэн хажуунаас нөгөө гараа угаалгана гээд надаас ус асуусан залуу нь бас намайг түлхсэн, тэгэхээр нь би доошоо давхар луу буугаад өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгчихөөд дээшээ 2 давхар луу гараад “цагдаад дуудлага өгсөн шүү, хүмүүсээ чимээгүй байлгаарай” гэж хэлчихээд буцаад нэг давхарлуу буугаад 2 номерийн өрөөнд засвараа хийж байхад Батдорж араас ганцаараа 2 номерийн өрөөнд орж ирээд “чи муу юун сүртэй юм” гээд намайг түлхэж бариад байхаар нь “чи согтуу орж унт, эрүүлдээ ярь” гэсэн чинь намайг мөргөж түлхээд агсараад байсан, тэгээд алх авах гэхээр нь барьцалдаж ноцолдож байхад миний толгойны хойд чихний ар хэсэгт цохих шиг болсон, тэгээд би жоохон манарсан чинь урдаас цээжний хэсэг рүү цохих шиг болсон, тэгсэн би доошоо унасан чинь хойноос нуруу руу цохих шиг болсон. Тэгээд би босоод ирсэн чинь Батдорж дахиад надруу дайраад байсан, тэгээд би амьсгалахад хэцүү болоод байхаар нь гэрлүүгээ яваад орсон. Тэгээд цагдаа нар ирээд түргэн дууд гээд түргэний эмэгтэй эмч ирээд намайг аваад эмнэлэгт хүргэж өгсөн. Батдоржийг тэр үед цагдаа нар ирээд аваад явсан. …гартаа шар иштэй отвёртка барьчихсан байсан. Тэрүүгээр цохих шиг болсон, тэгсэн хатгачихсан байна лээ.” гэх /хх-13/,

шүүгдэгч Б.Батдоржийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Тэгээд маргааш өглөө нь Багира болон тэрний найз охин, Багира бас нэг эрэгтэй найз нарын хамт буудлаас гараад миний амьдардаг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут АОС-ны 3-45 тоотод байрлах нийтийн байрлуугаа очоод манай өрөөнд орж архи уугаад сууцгааж байхад Багиратай хамт ирсэн залуу нь өрөөнөөс гарсан, тэгсэн жоохон байж байгаад байрны жижүүр Хишигнэмэх орж ирээд “энэ хүнээ унтуул, шүлсээ хаяад надаас ус нэхээд байна” гэхээр нь “гайгүй байлгүй дээ, чи яасан сүртэй юм бэ” гээд Хишигнэмэхтэй муудалцаад Батдоржоо гараад ир, хоёулаа уулзаадахъя гэж хэлээд гараад явсан, тэгэхээр нь би гарсан чинь коридорт Хишигнэмэх надад “наад хүмүүсээ аль эсвэл явуул, өөрөө тэгээд унт” гэж хэлсэн, тэгэхээр нь би өөдөөс нь маргалдсан. Тэгээд бид хоёр доошоо буугаад Хишигнэмэхийн засвар хийж байсан өрөөнд нь маргалдаж байснаа санаж байгаа юм. Өглөө буудлаас жаахан согтуу гарч ирээд өрөөнд ороод нэг шил архи л уусан. …Ар нуруу хэсэг рүү нь отвёрткаар хатгасан. Би уг байрыг хөлсөлж түрээсийг нь төлж амьдардаг. Намайг өөрийн түрээсэлсэн байрандаа найз нөхдийгөө дагуулж ирэхээр хөөх асуудал гардаг байсан. Тэр өдөр бас намайг хөөхөөр нь миний уур хүрээд маргалдах болсон.” гэх /хх-49-51/,

гэрч Э.Нандин-Эрдэнийн өгсөн “…Тэгээд очоод байж байхад гаднаас байрны эзэн нь орж ирээд Баагийтай маргалдсан, тэгээд Баагий байрны эзэнтэйгээ гараад явсан,  тэгээд доор нэг давхарт маргалдаад байхаар нь би араас очсон чинь Баагий байрны эзэнтэйгээ нэг өрөөнд орчихсон, Баагий гартаа барилгын цахилгаан өрөм барьчихсан маргалдаж байсан байрны эзний нуруу нь улаан өнгийн цус болчихсон байх шиг байсан.” гэх /хх-20/,

гэрч Г.Чулууны өгсөн “Би тэр өдөр хичээлээ тараад үдээс хойш нийтийн байрандаа ирсэн чинь гэрт хүн байхгүй цоожтой байхаар нь 6 номерт Хишигнэмэх ахын хаалгыг татсан чинь онгорхой байхаар нь ороод сууж байсан чинь гадаа пижгэнсэн чимээ гарахаар нь гараад харсан чинь 2 номерийн өрөөний хаалга нь онгойсон очоод харахад Батдорж ах баруун гартаа жижиг отвёртка барьчихсан уг отвёртканы үзүүр хэсэг нь гарчихсан, Хишигнэмэх ах Батдорж ахын 2 гарын бугуй хэсгээс нь барьчихсан хоёулаа зогсчихсон, Батдорж ах отвёрткатай гараараа түлхээд чичлээд байхаар нь би буцаж гүйгээд 6 номерийн өрөө рүү очоод утас аваад байрны эзэн рүү утсаар залгаад “Хишгээ ах хүнтэй ноцолдоод байна” гэж хэлээд буцаад 2 номерийн өрөөнд орсон чинь 15 номерийн эгч 2 номерийн өрөөний үүдэнд зогсчихсон, мөн Батдорж ахын найз нь гэх 1 эрэгтэй 1 эмэгтэй хоёр бас хаалганы гадаа нь харчихсан зогсож байсан.” гэх /хх-16/ мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11965 дугаар дүгнэлт /хх-28/, өвчний түүх /хх-35-44/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Батдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

            Иймд шүүгдэгч Б.Батдоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Батдоржид Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 316 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн, түүнчлэн Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар түүний ялтай байдал хэрэгсэхгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч Б.Батдоржид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хохирогч С.Хишигнэмэх нь мөрдөн байцаалтад “Эмчилгээний зардал болох 1 сая орчим төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байгаа, үүний баримтыг нь олохгүй байна, би урьд нь хийлгэсэн газраасаа дахин баримтууд гаргаж прокурорын шатанд өгч болно. Одоо дахин цаашид эмчилгээ хийлгэж нарийн шинжилгээ өгнө, тийм болохоор 5 сая төгрөг нэхэмжилж байна.” гэж мэдүүлж гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг гарган өгөөгүй байх бөгөөд шүүгдэгч Б.Батдорж шүүх хуралдаанд “хохирогчид гэм хорын хохиролд 1 сая төгрөг төлсөн” гэж мэдүүлсэн, хохирогч С.Хишигнэмэх шүүхэд гаргасан хүсэлтдээ “миний бие Б.Батдоржоос эмчилгээний зардал хохирол төлбөрөө бүрэн хүлээн авсан болно. Үүнээс хойш нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн байх тул шүүгдэгч Б.Батдоржийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Батдорж нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн пивор иштэй урд хэсэг буюу ажлын хэсэг нь 4,7 см урттай, 0,3 см өргөнтэй,  бариул нь 7 см урттай, 1,6 см өргөнтэй 1 ширхэг отвёрткыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.1, 298.1.2, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Болдбаатарын Батдоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Батдоржид 3 жил 5 сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Батдоржид оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Батдорж нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн пивор иштэй урд хэсэг буюу ажлын хэсэг нь 4,7 см урттай, 0,3 см өргөнтэй,  бариул нь 7 см урттай, 1,6 см өргөнтэй 1 ширхэг отвёрткыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батдоржид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ОДОНТУУЛ

 

                                    ШҮҮГЧИД                            Д.МӨНХТУЯА                                                                                      

 

Т.ШИНЭБАЯР