Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2025/0306

 

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2025/0306

Улаанбаатар хот

 

 

 

 

                                        Б.М***ын нэхэмжлэлтэй

                                       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б***,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.М***,

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: М.М***, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/133 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0123 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т***, Х.С***,

Гуравдагч этгээд М.М***,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Я***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э***.

Хэргийн индекс: 128/2024/0824/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.М***аас Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/133 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0123 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 71 дүгээр зүйлийн 71.1.1-д заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.М***ын “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/133 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу зохих ёсоор үнэн зөвөөр үнэлээгүй, улмаар хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартай харьцуулах, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

3.2. Шүүх “...сонсох ажиллага хийсэн ч үр дүн гарахааргүй байна” гэх дүгнэлтийг хийсэн нь нэхэмжлэгчийн гол маргаж буй Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй гэх тайлбарт үндэслэлгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1-д заасныг тус тус зөрчсөн.

3.3. Сонсох ажиллагааг хийлгүйгээр шийдвэр гаргасан нь тухайн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдог. Үүнийг шүүх анхаарч үзээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасныг зөрчсөн.

3.4 Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 3. Маргаан бүхий үйл баримтын тухайд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/01924 дүгээр шийдвэрээр гуравдагч этгээд М.М*** болон Б.А*** нарын гэрлэлтийг цуцалж, хүү М.А***ийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн.

Улмаар 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б.А*** нас барсантай холбогдуулан түүний дүү Б.М***аас Баянгол дүүргийн Засаг даргад хандан М.А***ийг өөрийн асран хамгаалалтад авах хүсэлт гаргасныг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар арын 15-ны өдрийн Б/60 дугаар захирамжаар М.А***ийн асран хамгаалагчаар нагац эгч Б.М***ыг тогтоосон.

 Захирамжийг эс зөвшөөрч М.А***ийн төрсөн эцэг, гуравдагч этгээд М.М***эс 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн Засаг даргад хандан захирамжийг цуцлуулах, хүүхдийг өөрийн асран хамгаалалтад авах тухай өргөдөл гаргасныг Баянгол дүүргийн Засаг дарга хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/133 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийн үндэслэн дүүргийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/60 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцож, М.А***ийг эцэг М.Мөнх-Эрдэнийн асран хамгаалалтад шилжүүлж, захирамжийг нэхэмжлэгч Б.М***ад 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 06/1255 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.М***аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/133 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гарган маргажээ.

4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно”,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: 26.2.2.хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх”, 26.4-т “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” 63 дугаар зүйлийн 63.1-д “Дараахь хүнийг асран хамгаална: 63.1.1.бага насны /14 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхэд”, 71 дүгээр зүйлийн 71.1-т “Сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаар дараахь эрх эдэлнэ: 71.1.1. асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах” хэмээн тус тус заасан.

5. Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан гэх үйл баримт нь тэдгээрийн “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Тухайн тохиолдолд М.А***ийн асран хамгаалагч болох Б.А*** нас барсан ч төрсөн эцэг М.М*** нь байсаар байхад буюу Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-63.1.4-д тухайлан заасан нөхцөл бүрдээгүй байхад хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга 2024 оны Б/60 дугаар захирамжийг гарган М.А***ийн асран хамгаалагчаар нагац эгч Б.М***ыг томилсон нь Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх заалтыг зөрчсөн.

Улмаар, гуравдагч этгээдээс гаргасан өргөдлийн дагуу хариуцагчаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны хамтарсан багийн нийгмийн ажилтны дүгнэлт, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б.А***ийн төрсөн эгч Б.А***тэй хийсэн ярилцлага, хүсэлт, Хамтарсан багийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэр болон холбогдох бусад баримтыг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/133 дугаартай захирамжаар М.А***ийн асран хамгаалагчаар Б.М***ыг тогтоосон 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/60 дугаартай захирамжийг хүчингүй болгож, М.А***ийн асран хамгаалагчаас түүний эцэг, гуравдагч этгээд М.М***ийг тогтоосон нь хуульд нийцсэн. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

7. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

                     ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА