Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2019/ДШМ/45

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 10 өдөр                      

 2019/ДШМ/45                                                 Зуунмод

Р.Ч-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Нэргүй,

Шүүгдэгч Р.Ч,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолтой Р.Чт холбогдох 1903000810090 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Монгол улсын иргэн Ч овгийн Р-ийн Ч, Дархан-Уул аймаг, Дархан суманд 1967 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нимгэн төмөрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Дархан-Уул аймаг Дархан 11 дүгээр баг 6 дугаар хороолол 3 байрны 40 тоотод оршин суух, улсаас гавсан шагналгүй,

урьд нь 1994 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дархан хот дахь Сум дундын шүүхийн 196 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Р.Чт 1992 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 87 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэнийг сэргээж, энэ ялын зарим хэсэг болон 6 сарын ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2001 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар,

2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол услын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: ТЗ67080474.

 

Шүүгдэгч Р.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Зүүх-Хараа-Улаанбаатар чиглэлийн 274 дүгээр галт тэрэгний 11 дүгээр вагонд зорчин явсан иргэн С.Содгэрэлийн эд зүйлсийг Төв аймгийн Батсүмбэр сум, Мандал өртөөн дээр буухдаа /улаан өнгийн түрийвч 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, М.Алтанбаярын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны виза карт тус бүр 1 ширхэг, бэлнээр 15.000 төгрөг, айфоне 6 эс /iphone 6s/ загварын 330.000 төгрөгийн гар утас буюу нийт 355.800 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Р.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ч овгийн Р-ийн Ч-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Ч овгийн Р-ийн Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч овгийн Р-ийн Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Ч овгийн Р-ийн Ч нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч овгийн Р-ийн Ч.гээс 354.800 /гурван зуун тавин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч МЗ78051601 дугаарын регистртэй, Боржигон овгийн Сүхбаатарын Содгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.200 /хорин мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо: “...Би 2019 оны 01 сарын 21-22-нд шилжих шөнө Зүүн хараагаас Улаанбаатар явах галт тэргэнд “Түнхэл” өртөөнөөс суудалд суусан. Суудал хараад явж байтал гол хавьд нэг эмэгтэй хүний цүнх газар хэвтэж байсан. Би цаана очиж сууж байгаад буцаад иртэл нөгөө цүнх хэвэндээ байж байсныг би авч үзтэл түрүүвчинд нь 15.000 төгрөг байсан ба нэг утас байсныг би аваад түрүүвчийг нь нүүрсний ард хавчуулж хийгээд Мандал өртөөн дээр буусан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Шүүх дээр ч би хэлсэн. Миний хохирол 354.800 төгрөг гарсан. Би хохирлоо ажил хийж төлөхөөс өөр арга байхгүй, ах дүү, хамаатан садан байхгүй. Анхан шатны шүүх надад 2 жилийн хорих ял оноосон. Эрх зүйн байдлыг минь харж үзээд арай хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Нэргүй гаргасан тайлбар, дүгэлтэндээ: Үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон. Хохирлын хувьд анхан шатны шүүх зөрүүтэй дүгнэлт хийсэн. Оногдуулах ялыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Р.Ч гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Р.Чт холбогдох эрүүгийн 1903000810090 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Р.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Зүүх-Хараа-Улаанбаатар чиглэлийн 274 дүгээр галт тэрэгний 11 дүгээр вагонд зорчин явсан иргэн С.Содгэрэлийн эд зүйлсийг Төв аймгийн Батсүмбэр сум, Мандал өртөөн дээр буухдаа /улаан өнгийн түрийвч 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, М.Алтанбаярын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны виза карт тус бүр 1 ширхэг, бэлнээр 15.000 төгрөг, айфоне 6 эс /iphone 6s/ загварын 330.000 төгрөгийн гар утас буюу нийт 355.800 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан хулгайлсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч С.Содгэрэлийн ...Улаанбаатар хотод ирээд цүнхээ харсан чинь онгорхой байхаар нь харсан чинь цүнхэнд байсан улаан өнгийн түрийвч, ihpone-6 маркийн гар утас алга болчихсон байсан... ...миний түрийвчинд байсан бичиг баримтууд бүрэн байсан. Гар утасныхаа хохирлыг төрүүлмээр байна... /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

...Зүүнхараа өнгөрөөгөөд хүүхэдтэйгээ унтсан. Хүүхдийнхээ толгой доор нь цүнхээрээ дэр хийж өгөөд би өөрөө хөл рүү харж унтсан. Тэгээд Улаанбаатар хот орж ирэхэд би цүнхээ үзсэн чинь цүнх онгорхой байхаар нь харсан чинь дотор нь байсан түрүүвч, ihpone-6 маркийн гар утас зэрэг зүйлүүд алга болчихсон байсан... ...би ihpone-6 маркийн гар утсыг 2018 оны 09 дүгээр сард Зүүнхараагийн Тэнүүнгоо худалдааны төвөөс 400.000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан... ...миний түрийвчинд байсан мөнгө 5000 төгрөг, 2 ширхэг, 1000 төгрөг 3 ширхэг, 100 төгрөг 12 шихрэг бусад 50 төгрөг 20 төгрөг байсан шиг санаж байна... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч С.Содгэрэлийн ...алга болсон гар утас, 15.000 төгрөг, нийт 30.000 төгрөгөө олж авах хүсэлтэй байна... /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

гэрч С.Содгэрэлийн ...өөрийнхөө гар утас руу залгасан чинь миний утас дуудаж байгаад авсан. Би тэгэхээр нь та яагаад миний гар утсыг авч байгаа билээ гэсэн чинь надад 2 согтуу залуу хүн үлдээгээд буусан. Би Зүүнхараад байдаг хүн байна. Надад 8000 төгрөгийн тооцоонд үлдээсэн гэж хэлээд тасалчихсан... /хх-ийн 13 дугаар хуудас/,

гэрч Б.Пүрэвсүрэнгийн ...намайг ажлаа аваад явж байхад нэг залуу Шатанг зөрлөг ирж байхад над дээр ирээд дараагийн зогсоол Баянбуурал мөн үү, гэж асуусан мөн та буух юм уу гэхэд дугараагүй яваад өгсөн. Баянбууралд ирээд би вагоны хаалгаа онгойлгоод Баянбуурал ирчихлээ та буухгүй юм уу гэхэд б Мандалд бууна гэсэн. Мандал өртөөнд ирээд зогсоход тэр Мандал өртөн дээр манай вагоноос буугаад яваад өгсөн... ...гадуураа бор куртиктэй, хар өмдтэй, явж байсан... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

гэрч Д.Ариунцэцэг ...Манай вагоноос мандал өртөө ирж байхад нэг залуу ирээд би буумаар байна гэхээр нь би вагон зогсоогүй байна гэсэн чинь нөгөө залуу манай арын вагон болох Сэлэнгийн вагон руу яваад өгсөн. Тэрнээс өөр хүн буугаагүй... ...Дархан өртөөнд үлдэж Шарын-Гол яваад маргааш өдөр Дархан өртөөнд ирээд зогсож байхад манай нөгөө үйлчлэгч Ариунгэрэл вагоны цэвэрлэгээ хийж байсан чинь буруу талын таамбарын шуудайтай нүүрсний доороос ягаан өнгийн түрүүвчтэй бичиг баримт олсон... /хх-ийн 15 дугаар хуудас/,

гэрч С.Баярсайхан ...Чулуунпүрэв Сэлэнгэ аймаг Мандал суманд байдаг. Одоо бид 2 Чингэлтэй дүүрэг Дэнжийн 1000-н тэнд нэг айлын байшинд хашаа харах зорилгоор амьдарч байгаа... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч А.Гүнчинсүрэнгийн ...би ээжийг гар утас шинээр худалдаж авахад нь гар утасны id  кодийг нь өөрийнхөө гар утастай холбочихсон байсан болохоор тухайн гар утасны хаана байгаа байршлыг үзсэн чинь Батсүмбэр төмөр замын хажууд байршил нь зааж байсан. Манай эхнэр залгасан чинь нэг эрэгтэй хүн ээжийн гар утсыг аваад би Зүүнхараад байна одоо аваачиж өглөө гээд тасалсан... /хх-ийн 22 дугаар хуудас/,

гэрч А.Ариунгэрэлийн ...Шарынголд очоод буруу талын тамбар дээр байсан шуудайтай нүүрсийг түэх гээд автал ард талд днь босоогоор хийсэн улаан өнгийн түрийвч байсан. Онгойлгож үзэтэл Сүхбаатар овогтой Содгэрэлийн иргэний үнэмлэх 1 ширхэг, Хаанбанкны виза карт 1 ширхэг, Михлай овогтой Алтанбаярын иргэний үнэмлэх 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг, Юнителийн дугаарын 2 үүр байсан. Ингээд би утас руу нь залгаж шөнө Зүүнхараа өртөөнд зогсоход нь авахаар болсон... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

яллагдагч Р.Чийн ...Мандал өртөөн дээр ирэх үед би буух гээд явж байхад өнөө цүнх байсан. Тэгэхээр нь тэр цүнхийг аваад онгойлгоод үзэхэд дотор нь талд нь улаан хүрэн өнгийн түрийвч болон саарал өнгийн гар утас байсан. утасны загварыг нь би сайн мэддэггүй юм. Түрийвчийг нээгээд үзэхэд дотор талд нь 10 гаран мянган төгрөг байсныг аваад түрийвчийг тамбур дээр байсан шуудайтай нүүрсний доод талд нь хийгээд орхисон бөгөөд өнөөх гар утсыг аваад Мандал өртөөн дээр буусан...  /хх-ийн 40-43 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

“ДАМНО” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №ТЗ-19-001 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэмт хэргийн  талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогчийн Төмөр замын цагдаагийн газарт өргөдөл гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, Тэнүүнгоо засварын хуудас /хх-ийн 71-72 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 73-75 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46-70 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэж байна.

Р.Чт холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч овгийн Р-ийн Ч-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Содгэрэл нь ifhone 6s гар утас, түрийвчинд байсан 15.000 төгрөг, ирж буцсан зардал, хоол цайны мөнгө гэж 30.000 төгрөг нэхэмжилдэг ба хэрэгт УБТЗ-ын зорчих эрхийн тасалбар 2ш /хавтаст хэргийн 74-р хуудас/ баримтаас өөр баримт гаргаж өгөөгүй байна. Анхан шатны шүүх ifhone 6s гар утас, түрийвчинд байсан 15.000 төгрөг, ирж буцсан замын зардал нийт 354.800 төгрөгийг шүүгдэгч Р.Чээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн аль нь болох тодорхойгүй 20.200 төгрөгийг хүчингүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Р.Чийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:

- 2 дугаар заалтад “2. Шүүгдэгч Ч овгийн Р-ийн Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “2. Шүүгдэгч Ч овгийн Р-ийн Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дугаар заалтад “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч овгийн Р-ийн Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч овгийн Р-ийн Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

-  5 дугаар заалтад “5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Чулуучин овгийн Равдандоржийн Чулуунпүрэвээс 354.800 /гурван зуун тавин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч МЗ78051601 дугаарын регистртэй, Боржигон овгийн Сүхбаатарын Содгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.200 /хорин мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. ” гэснийг “5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч овгийн Р-ийн Ч.гээс 354.800 /гурван зуун тавин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч МЗ78051601 дугаарын регистртэй, Боржигон овгийн Сүхбаатарын Содгэрэлд олгосугай. ” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Р.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                        Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ