Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/62

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

         улсын яллагч Б.Ариунтөр,

         шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Чд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.Ч

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч  Б.Ч нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон боловсролын үнэмлэх буюу "D201006284" дугаартай "Боловсролын Бакалавр" зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №19 дугаартай тушаалаар гадаад хэлний багшийн ажилд орж хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Б.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би дипломоо хуурамч байсныг мэдээгүй. Одоо жинхэнэ дипломоо олж авна гэж бодож байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд 2005-2010 онд өдрийн ангид сурч байсан. 4 дүгээр курст ордог жилдээ чөлөөтэй байсан. Тэгээд буцаж сураад улсын шалгалтаа өгөөгүй. Би ЭЗО дээр кредит дутдаг. Мөн математик дээр бас кредит дутсан. Би хоёр хичээлийн кредитээ цуглуулж чадаагүй. Тэгээд төгсөөгүй. Энэ дипломыг Боловсролын яаманд ажилладаг таньдаг ах өгч байсан. 2015, 2020 онд Багшийн боловсролын төвд сургалтанд сууж багшлах эрхээ авсан. Хэргийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,

           -Гэрч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй гэсэн мэдүүлэг /хх 38-41 ху/,

         -Гэрч Я.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлдүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ...Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна гэсэн мэдүүлэг /хх 42-44 ху/,

           -Гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: БСШУЯамны сайд Л.Эгийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт ажилласан... Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил илэрсэн гэсэн мэдүүлэг /хх 46-48 ху/,

           -Гэрч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм... Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа. ...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 50-52 ху/,

           -Гэрч Б.Уы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Батбаярын Ч нь 2005 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 175 тоот тушаалаар Орос, Англи хэлний багшийн ангид элсэн суралцсан тушаалтай. 2005-2006, 2006-2007 онд буюу 2 жил 4 улирал сураад 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №228 дугаартай тушаалаар "Оюутны мэдлэг, чадварыг үнэлэх журам"-ын 2.6 дугаар заалтыг үндэслэн заасан хугацаанд шалгалтын өрөө барагдуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан. Манай сургуулийг төгсөөгүй, диплом аваагүй гэж ойлгож болно гэсэн мэдүүлэг /хх 77-79 ху/,

          -Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2022 оны 3/3293 дугаартай албан бичиг, хавсралт /хх 81-82 ху/,

          - Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирлын 175,  228 дугаартай тушаалууд /хх 84, 86-87 ху ху/,

          -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 88-92, 106-108 ху/,

          -D201006284 дугаартай бакалаврын дипломын хуулбар /хх 69-70 ху/,

          -Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №19 дугаартай тушаал /хх 72 ху/,

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 73 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Б.Ч нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон боловсролын үнэмлэх буюу "D201006284" дугаартай "Боловсролын Бакалавр" зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №19 дугаартай тушаалаар гадаад хэлний багшийн ажилд орж хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Чын “...Хүмүүнлэгийн ухааны их сургуульд 2005-2010 онд өдрийн ангид сурч байсан. 4 дүгээр курст ордог жилдээ чөлөөтэй байсан. Тэгээд буцаж сураад улсын шалгалтаа өгөөгүй. Би ЭЗО дээр кредит дутдаг. Математик дээр кредит дутсан. Би хоёр хичээлийн кредитээ цуглуулж чадаагүй. Тэгээд төгсөөгүй. Энэ дипломыг Боловсролын яаманд ажилладаг таньдаг ах өгч байсан. Хэргийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Ч.Э, Я.Н, А.Тэ, Б.Д, Б.У нарын мэдүүлгүүд, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2022 оны 3/3293 дугаартай албан бичиг, хавсралт, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирлын 2005 оны 175 дугаартай тушаал, 2007 оны 228 дугаартай тушаал, D201006284 дугаартай бакалаврын диплом, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №19 дугаартай тушаал болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          “Хуурамч баримт бичиг ашиглах” үйлдлийн хувьд тухайн баримт бичгийг ашиглан тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг баримт бичгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэрэг нь уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой.

          Дээрх нөхцөл байдлаар шүүгдэгч Б.Чыг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн D201006284 дугаартай “Орос, Англи хэлний багш, хэл зүйч” мэргэжилтэй, “Боловсрол”-ын бакалаврын зэрэгтэй гэх боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Ерөнхий боловсролын гадаад хэлний багшаар томилогдон ажиллахдаа ашиглаж, хууль бус санаагаа хэрэгжүүлсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийн объектив, субектив шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

         Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөргүй байдлаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж  шийдвэрлэлээ.

        Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба харин төрийн эрх ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий этгээд, хохирогч байгууллагын төлөөлөгч нар нь шүүгдэгч Б.Чд дээрх хугацаанд цалин хөлс олгосон талаарх баримтаа бүрдүүлэн буруутай этгээдээс төрд учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан D201006284 дугаартай Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бакалаврын дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б. Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан D201006284 дугаартай Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бакалаврын дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

         6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч байгууллагын төлөөлөгч нь төрд учирсан хохирлыг буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА