| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0290/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/312 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/312
2023 03 27 2023/ШЦТ/312
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
улсын яллагч Н.Энхбуян,
шүүгдэгч Ө.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нд холбогдох эрүүгийн 2309000000481 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга
Шүүгдэгч Ө.Н нь Монгол Улсын Бийн харьяа Хөгжмийн урлагийн сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгсөөгүй байж 2019 онд төгссөн гэх ........... дугаартай “Б” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс одоог хүртэл Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуульд багшаар ажилд орохдоо ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2309000000481 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Н.Энхбуянгаас: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн тул тухайн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Ө.Нас: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хохирогч байгууллагаас хохирол нэхэмжлээгүй, ямар эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаагаа ойлгож ухамсарласан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ө.Н нь Монгол Улсын Бийн харьяа Хөгжмийн урлагийн сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгсөөгүй байж 2019 онд төгссөн гэх ........... дугаартай “Б” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуульд багшаар ажилд орохдоо ашигласан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 03 дугаар тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чимэдрагчаагийн “...манай байгууллагын зүгээс арга зүйч Ө.Нд олгосон цалинг нэхэмжлэхгүй, учир нь Ө.Н нь өөрийн хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж цалин хөлсөө авсан болохоор манай зүгээс нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116 дугаар тал),
-Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт (хавтаст хэргийн 15-39 дүгээр тал),
-Гэрч Ч.Эийн “...Шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжинд шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ...Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. ...Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58 дугаар тал),
-Гэрч Я.Нйн “...Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан..., ...Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /Esis программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63 дугаар тал),
-Гэрч А.Тийн “...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS прорграммд дипломын дугаараар хайлт хийсэн. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн..., ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн. 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм..., ...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67 дугаар тал),
-Гэрч Б.Д “...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм ...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-71 дугаар тал),
-Нийслэлийн Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/05 дугаартай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 119 дүгээр тал),
-Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би сургуулиа төгсөлгүй орхисон болохоор миний нэр дээр диплом гаргах боломжгүй байсан. Тэгээд ...фэйсбүүк дээр их, дээд сургууль төгссөн диплом гаргаж өгнө гэсэн зар байхаар нь зарын дагуу холбогдсон. Намайг холбогдоход аль сургууль төгссөн диплом хэрэгтэй байгаа талаар асуухад нь “Бь”-ийн диплом гаргаж өгч чадах уу? гэхэд ямар ч асуудалгүй гаргаж өгнө гэж хэлээд гаргуулж авахаар болсон. Тэгээд 2019 оны хавар холбогдоод тухайн жилийнхээ намар нь дипломоо авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-109 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглах үйлдлийн хувьд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг нь агуулдаг бөгөөд удаарширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Ө.Н нь Монгол Улсын Бийн харьяа Хөгжмийн урлагийн сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгсөөгүй байж 2019 онд төгссөн гэх D201911200 дугаартай хуурамч дипломыг ашиглаж Нийслэлийн Ерөнхий боловсролын 34 дүгээр дунд сургуулийн дуу хөгжмийн багшаар 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2023 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд тасралтгүй ажиллаж цалин авч байсан бөгөөд хуурамч дипломыг ашиглах гэмт хэрэг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөр таслан зогсоогдсон буюу гэмт хэрэг төгссөн байна. Тиймээс уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 дугаартай “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар багшийн албан тушаалд томилогдож ажиллахад тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлага нь бакалавраас доошгүй зэрэгтэй байхаар тусгажээ.
Гэтэл шүүгдэгч Ө.Н нь Бийн Хөгжмийн урлагийн сургуулийг “Дуу хөгжмийн багш” гэх мэргэжлээр төгсөөгүй буюу бакалаврын боловсрол эзэмшээгүй атлаа дээд боловсролтой мэтээр өөрийгөө ойлгуулж 2019 оноос хойш өнөөдрийг болтол Нийслэлийн Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багшаар томилогдон ажиллахдаа ашиглаж, хууль бус санаагаа хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд прокуророос шүүгдэгч Ө.Бохьшаргыг боловсролын үнэмлэх, дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ча “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ дурдсан байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ө.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчоос нэхэмжлээгүй буюу хохирол байхгүй, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Тиймээс улсын прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Ө.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хуурамч диплом ашиглаж ажилд орох нь хууль бус гэдгийг мэдсээр байж олон жилийн туршид ашигласаар байсан, энэ үйлдлээ ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Ө.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Монгол Улсын Бийн харьяа Хөгжмийн урлагийн сургуулийн D201911200 дугаартай хуурамч дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловсролын үнэмлэх, диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ө.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харъяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Монгол Улсын Бийн харьяа Хөгжмийн урлагийн сургуулийн ........0 дугаартай хуурамч дипломыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Энэхүү шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН