Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/323

 

 

 

 

 

 

 

 

2023           03          27                                 2023/ШЦТ/323

 

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Д.Мөнхтогоо,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, О.Алтанчулуу,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхтогоогоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харнууд ургийн овогт Бд холбогдох эрүүгийн 2209000000555 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............ тоот хаягт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .............../.

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах иргэн Б.Бын эзэмшлийн баригдаж буй зуслангийн байшингаас цемент, прүүс мод, панер, шидо, төмөр утас, пумны түгжээ, шаврын тэрэг зэрэг барилгын материалыг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж хууль бусаар, нууцаар хулгайлан авч, 2,460,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Б дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санзайн зуслангийн задгай тоотод байрлах иргэн Б.Бын эзэмшлийн хашаанд баригдаж буй барилгаас буюу тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, 25 ширхэг сапуд төмрийг өөрийн эзэмшлийн .......... УНЭ улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл болох машин механизм ашиглан хулгайлж, 1,247,500 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 3,707,500 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000000555 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Д.Мөнхтогоогоос: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: Гэм буруугийн талаар маргахгүй, үйлчлүүлэгч маань үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон баримтуудыг шинжлэн судалж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэж,

Шүүгдэгч Г.Бэс: Гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, дахиж хэзээ ч ийм хэрэгт холбогдохгүй гэдгээ хэлмээр байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэж тус тус байр сууриа илэрхийлсэн болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах иргэн Б.Бын эзэмшлийн баригдаж буй зуслангийн байшингаас буюу тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч цемент, прүүс мод, панер, шидо, төмөр утас, пумны түгжээ, шаврын тэрэг зэрэг барилгын материалыг учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж хууль бусаар, нууцаар хулгайлан авч, 2,460,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

-Хэргийн учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 77-79 дүгээр тал),

-Хохирогч Б.Бын “... 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр барилгын материал авна зарна гэх групп дээр Б гэх фэйсбүүкээр манайд ажиллаж байсан Б зуслангийн газарт байсан чулуутай 2 ширхэг цаасыг “чулуутай хар цаас зарна 50к” гэсэн пост оруулсан байсан. Уг хоёр цаас зуслангийн газарт үлдсэн байсан барилгын материал мөн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... Хулгайд 1.2 тонн цемент, 200 ширхэг орчим прүүс, 30 ширхэг орчим хар панер, 30 ширхэг орчим шидо /тэгш өнцөгт хэлбэртэй мод/, чансаа 1 боодол, бансаа 1 боодол, 2 чулуутай хар цаас, 2000 орчим пумны түгжээ, 1 ширхэг шаврын тэрэг зэрэг эд зүйлс алдагдсан. ...Би хохирлыг бүрэн хүлээн авсан, одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 104, 108-109 дүгээр тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Барилгын материал эд зүйлсийн үнэлгээ 2,460,000 төгрөгийн үнэтэй” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 118-120 дугаар тал),

2022 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Б дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санзайн зуслангийн задгай тоотод байрлах иргэн Б.Бын эзэмшлийн хашаанд баригдаж буй барилгаас 25 ширхэг сапуд төмрийг өөрийн эзэмшлийн .......... УНЭ улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хулгайлж, 1,247,500 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдад нийт 3.707.500 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан үйл баримт:

-Хэргийн учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргий16-17 дугаар тал),

-Эд зүйл хураан авсан “...Барилгын хуучин ашиглаж байсан Сапуд төмөр 10 ширхэг” тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дугаар тал),

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 26-27, 30-32 дугаар тал),

-Эд зүйл хүлээлгэн өгсөн “25 ширхэг барилгын тулаас төмрийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Б.Бт хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 33 дугаар тал),

-Эд зүйл хүлээлгэн өгсөн “165,000 төгрөгийг Г.Бэс хохирогч Б.Бт хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 34 дүгээр тал),

-Хохирогч Б.Бын “...2001 онд Б дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зусланд зуслангийн газар худалдан аваад 2018 оноос хувийн байшин барих зориулалтаар барилгын ажил эхэлсэн юм. Тэгээд 2021 оны сүүлчээр байшингийн цутгалт эхлээд байшингийн тулгуурт ашиглах зориулалтаар сапуд төмөр худалдан авч ашглаж байгаад дуусгаж амжихгүй тэр чигт нь сапуд төмрийг тулаатай чигээр нь үлдээгээд 11 сард барилгын үйл ажиллагаа зогссон. Хамгийн сүүлд 2021 оны 12 сард нэг удаа очиж шалгасан түүнээс хойш очоогүй байсан. Анх 2021 онд 187 ширхэг сапуд худалдан аваад ашиглаж байснаас 25 орчим нь алга болсон байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

-Гэрч С.Эрдэнэлхагвын “...Тухайн өдөр гэртээ байж байгаад хашаандаа гартал манай гэрээс урагш зам дагуу саарал өнгийн машин ирчихсэн зогсоод байсан. Сайн харвал хүн юм зөөгөөд байх шиг байхаар нь хүү Эрдэнэбатын хамт яваад очтол 20-25 насны эрэгтэй хүн барилгын сапуд төмөр зөөж байсан. Тэгээд очоод “юу хийж байгаа юм” гэхэд “таньдаг хүнийхээ юмыг зөөж байна” гэхээр нь “тэр хүнийхээ утасны дугаарыг өгөөдөх” гэхэд дуугарахгүй юмаа зөөгөөд байсан. Тэгээд хөдлөөд явчихаар нь цагдаагийн газарт мэдэгдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “25 ширхэг сапуд төмрийн үнэлгээ 1,247,500 төгрөгийн үнэтэй” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 48-49 дүгээр тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “төмөр торон хашаа 165,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн “Тоёота Пробокс автомашины үнэлгээ 3,779,139 төгрөгийн үнэтэй байна” гэх үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 59-61 дүгээр тал),

-Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр орой 22 цагт гэрээсээ таксинд явах зорилготой гарсан. Долоон буудлаас хүн аваад Санзайн зуслан явсан. Тэгээд Санзайгаас доошоо уруудаж байгаад бие засах гээд машинаас буутал замын хажууд хашаа нь онгорхой баригдаж байгаа барилга харагдсан. Барилгын гадна 6 ширхэг сапуд төмөр байсан. Тэгээд уг төмрийг аваад машиндаа ачаад байшин дотор тулсан сапуд төмрүүд байхаар нь нэмээд 4 ширхгийг авсан. Ингээд 10 ширхэг төмрөө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 3-31Б тоотод байдаг хашаанд буулгасан. ...Маргааш нь очоод нөгөө барилгаас дахин 15 ширхэг сапуд төмөр аваад машиндаа хийж байтал нэг залуу ирээд “чи юу аваад байгаа юм бэ” гэж асуухаар нь “таньдаг ахынхаа байшингаас төмөр авч байна” гэж хэлсэн. ...2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр би ажлын хувцас, шаврын багаж пошикоо үлдээсэн байсан болохоор тэрийгээ авахаар Улаанбаатар хотоос машин хөлслөөд яваад очтол зуслангийн байшинд хүн байхгүй байхаар нь сул байшин дотор нь байсан 2 боодол хар цаас, 24 шуудай цемент, 100-аад ширхэг 1 метртэй прүүс мод, шидо буюу өрлөг дээр тавьдаг налуу моднууд, төмөр утас 1 боодол, бансаа нэртэй хатуу төмөр утас 1 боодол, шаврын тэрэг 1 ширхэг, пумны түгжээ нилээн байсан тоолоогүй, бүгдийг нь хөлсөлж очсон машин дээрээ ачаад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Баянхайрхан 3-31Б тоот хаягтай гэрийнхээ хашаанд авчраад фэйсбүүкийн барилгын материал авна, зарна гэсэн групп дээр зар тавиад зараад дуусгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 72 дугаар тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан тусгайлан хамгаалсан  байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байна.

Учир нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.

Хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь хулгайлагдсан эд хөрөнгө байх бөгөөд “бусдын эд хөрөнгө” гэж гэмт этгээдийн хувьд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй, бусад хүний эзэмшилд байгаа эд хөрөнгийг хамааруулж ойлгоно.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулж, тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгс үйлдэгдсэнд тооцогддог, материаллаг шинжтэй байна.

Шүүгдэгч Г.Б бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангажээ.

Мөн шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг агуулсан байна.

Өөрөөр хэлбэл, “Тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэж эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, бүх төрлийн агуулах, зоорь, граж ...гэж, “Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглах” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, ...биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэн гэж тус тус ойлгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Тиймээс шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б, Б.Б нарт учруулсан хохирлыг биет байдлаар нь болон бэлэн мөнгөөр нь буцаан төлсөн болох нь хохирогч нарын хавтаст хэрэгт гаргаж өгсөн хүсэлтүүд, мэдүүлгээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг “үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хэргийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон хохирогч нарыг хохирол төлбөргүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 02 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох” саналыг гаргасан бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: шүүгдэгчийг “үйлдсэн гэмт хэргээ болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нарыг хохиролгүй болгосон, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно. Хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, шүүх дээр хэрэг шилжиж ирснээс хойш хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй байдаг. Учир нь тухайн цаг хугацаанд өндөр настай эмээгийнх нь бие муудаж Б энэ хүнийг асран хамгаалахаас өөр аргагүй байдалд орсон ба эмээ нь (Зундуйн Намжилмаагийн нас барсны гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн) нас барж, буяны ажилтай байсан болно. Нөгөөтэйгүүр өөрийгөө буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож, ар гэрийнхэндээ энэ талаар хэлэхээс айж явсаар өөрийн эрх зүйн байдлыг дордуулсан. Яахаас ч буцахаа байсан хүн бишээ. Засарч сайжраад дахин ийм хулгайн хэрэг үйлдэхгүй гэдгээ байнга илэрхийлсээр байгаа хүн. Тиймээс шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан ба энэхүү саналтай холбоотойгоор улсын яллагчаас эсэргүүцсэн нэмэлт тайлбар гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар авч байгаагаа мэдсэн нь тохиолдлын шинжтэй гэх нөхцөл байдалд хамаарахгүй юм.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” буюу хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн хохирол, хор уршгийг арилгасан гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Тиймээс шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгчийн цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэв.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулахдаа “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан хэмжээнээс багагүй ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Г.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэн, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй.

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан машин механизм болох шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох саналыг гаргасан үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж, 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Б дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санзайн зуслангийн задгай тоотод байрлах иргэн Б.Бын эзэмшлийн хашаанд баригдаж буй барилгаас 25 ширхэг сапуд төмрийг машин механизм ашиглан хулгайлж авсан үйлдэлдээ өөрийн эзэмшил, өмчлөлийн .......... УНЭ улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл гэдэгт шүүгдэгчийн Тоёота Пробокс маркийн .......... УНЭ улсын дугаартай автомашин хамаарч байх тул улсын орлого болгон шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1; 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4; 36.6; 36.7; 36.8; 36.10; 36.13; 37.1; 37.2; 38.1; 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн өмчлөлд байгаа NCP500010706 арлын дугаартай, саарал мөнгөлөг өнгийн “Тоёота пробокс” маркийн .......... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

8. Прокурорын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 03 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.МӨНХСАЙХАН