Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2025/0329

 

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2025/0329

Улаанбаатар хот

 

 

 

                                     Л.С***ийн нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга Х.Б***,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Л.С***,

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжийн Л.С***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2025/0018 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д***.

Хэргийн индекс: 110/2024/0071/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.С***ээс Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын Засаг даргад холбогдуулан “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжийн Л.С***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2025/0018 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.С***ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжийн Л.С***д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг мод тарьж байсан нь тогтоогдсон, нэхэмжлэгчийн барьсан хашаа нь 2 удаа устаж сүйтгэгдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анх газар эзэмших эрхийг авснаас хойш 8 жил орчмын хугацаанд зөвхөн нүх ухсан төдийгөөр ашигласан гэдэг нь тухайн газарт ойжуулалтын зориулалтаар ашиглаагүй байгаа нь тогтоогдож байхад нэхэмжлэгчийн зөвхөн амаар гаргасан тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3.2 Нэхэмжлэгч 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Б*** ХХК-иас улиас, бургас төрлийн модон суулгац худалдан авсан нь маргаан бүхий газарт хамааралгүй бөгөөд шүүхээс хийсэн үзлэгээр ямар нэгэн суулгацтай эсэх нь тогтоогдоогүй, хашаа нь нурсан, онгорхой байсан эсэхийг харгалзаж үзээгүй.

3.3 Улсын дээд шүүхийн тайлбараар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаж байсан бол 7 жилийн хугацаанд байгальд ээлтэй ногоон төгөл бий болох байсан.

3.4 Нэхэмжлэгч нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц 1 ширхэг ч мод тариагүй нь тогтоогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд хэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй, зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 2. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

3. Маргаан бүхий үйл баримтын тухайд, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2017 оны А/239 дүгээр захирамжаар тус сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 83*** дугаар бүхий, таримал ойн зориулалт бүхий 2400 м.кв газрын эзэмших эрхийг иргэн Ө**ы А***ээс нэхэмжлэгч ЛС***д шилжүүлэн, 28 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, газар эзэмших эрхийн 0006*** дугаартай гэрчилгээг олгосон.

Улмаар мөн сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчээс Өлгий сумын Засаг даргын дээрх захирамжийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Газрын тухай хуулийн болон газар эзэмшүүлэх гэрээг удаа дараа, ноцтой зөрчиж, газрыг зориулалтын бусаар ашигласан зүйл байхгүй, газрын төлбөрийг зохих журмын дагуу төлж байсан, ... 2018 онд газрыг тэгшилж, худаг гарган, мод суулгах нүх ухаж, 80 ширхэг мод тариалсан, хашаа, хайс барьсан, ... захиргаа шийдвэр гаргахаасаа өмнө сонсох ажиллагаа хийгээгүй... хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн...” зэргээр тайлбарлан маргасан.

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж,

Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

Хууль болон Улсын дээд шүүхийн холбогдох тайлбарт дурдсанчлан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг “ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгох тохиолдолд тухайн ашиглаагүй гэх үйл баримт нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй” ба “гэрээнд заасан зориулалтын дагуу дараалсан 2 жил” гэх хоёр нөхцөлийг зэрэг хангасан байхыг шаардах бөгөөд хариуцагч захиргааны байгууллаг, албан тушаалтан нь шийдвэр гаргахын өмнө тухайн нөхцөлийг бүрэн судалж тогтоосны үндсэн дээр шийдвэрийг гаргах үүрэгтэй.

5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг эзэмших эрх 2017 онд үүссэн бөгөөд тухайн хугацаанаас хойш газраа зориулалтын дагуу буюу таримал ой, мод үржүүлгийн зориулалтаар ашиглаагүй болох нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/-04/050/33 дугаар “Зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн албан шаардлага, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 3 дугаар сарын 13, 2019 оны 10 дугаар сарын 28, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн огноо бүхий зурган баримтаар,

2017 онд тус газрыг эзэмшиж мод тарьсан ч хүмүүс эвдсэн, 2018 онд газрыг тэгшилж, худаг гаргасан гэж тайлбарлан маргаж, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зурагт худгийн дугуйвчийн зургийг хавсаргасан боловч 2017 оноос хойш ойжуулах зориулалтаар мод тарьсан болон түүнийг бусад этгээд сүйтгэсэн талаарх болон усжуулалтын зориулалтаар холбогдох эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр худаг гаргасан талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон ямар нэгэн баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж ирүүлээгүй.

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хийсэн сонсох ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчээс 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хариу тайлбарыг ирүүлсэн үйл баримттай холбогдуулан хариуцагч талаас холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байхад анхан шатны шүүх “...бусдын хууль бус үйлдлийн нөлөөллөөр хашааны зарим хэсэг нурсан, алга болсон, тарьсан модыг сүйтгэсэн, ингэснээр 2020-2021 онд хашаагаа засаж сайжруулсан, 2023 онд уг газрын хашааг шинэчилж дахин татсан, 2024 оны 05 сард бусдаас бургас, улиас төрлийн 60 модны суулгац худалдаж авсан, 2024 оны 06 дугаар сард газраа хагалж, 75 модны нүх ухсан байна” хэмээн дүгнэн  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан нийцээгүй байна.

6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2025/0018 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг үндэслэн  нэхэмжлэгч Л.С***ээс Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжийн Л.С***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 С.МӨНХЖАРГАЛ

                     ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА