Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор /Ү¹-0248/,

хохирогч Б.Оюунбаатар,

шүүгдэгч Б.Оджаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баасандоржийн Оджаргалд холбогдох эрүүгийн 2016 2501 3370 дугаар хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Баасандоржийн Оджаргал, Монгол Улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч болон 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-1-346 тоотод түр оршин суух, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хэсэг, Их Дарь-Эхийн 3 дугаар гудамж 74 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 1/ Нийслэлийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4-т зааснаар 10 жил хорих ял, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 8 жил хорих ял, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд  Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялд багтаан, уг 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4-т зааснаар оногдуулсан 10 жил хорих ялыг нэмж 13 жил, энэ ял дээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан ялын зарим болох 2 жил хорих ялыг нэмж бүгд 15 жил хорих ял шийтгэсэн, 2/ Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 106а дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 4 жил хорих ял, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 8 жил хорих ял тус тус шийтгэж, 1986 оны Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд оногдуулсан 8 жил хорих ялд 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 4 жил хорих ял, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялуудыг багтааж бүгд 8 жил хорих ял шийтгэж, мөн 1986 оны Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан 8 жил хорих ял дээр 1999 оны  Нийслэлийн шүүхийн 14 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 15 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 жил 9 сар 6 хоногийн зарим болох 6 жилийг нэмж нэгтгэн бүгд 14 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, 3/ Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны  10 дугаар сарын 14-ний өдрийн 106а дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 жил 11 сар 5 хоног хорих ялд багтаан нийт эдлэх ялыг 10 жил 11 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 14 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн ХК76072916 дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Оджаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жүр Мандал” автомат тоглоомын төвд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Б.Оюунбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Оджаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дүгээр хороонд байдаг автомат тоглоомын газар тоглоод нилээд мөнгө алдаж байсан. Оюунбаатар загас буудаад нилээд мөнгө олсон байсан. Тэгэхлээр нь би Оюунбаатарт хандаж “би хажуугаас чинь буудъя 10.000 төгрөг өгчих” гэсэн. Оюунбаатар зүүн талд буудаад дахин мөнгө олсон. Би дахиад Оюунбаатараас 10.000 төгрөг гуйсан. Үүнээс болж маргалдаад би Оюунбаатарын мөрөнд сандалаар цохьсон. Цаана нь тойрч гарах гэж байгаад сандалаар цохьсон. Сандал нь хүрэлцэхгүй байдаг тул сууж байгаа сандалаа барьж явдаг. Буруутай үйлдэл гаргасандаа харамсаж байна. Санамсаргүй байдлаас болоод ийм байдалд орсон. Хохирогчийн хохиролд бэлнээр 400.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Оюунбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 17-18 цагийн орчим өөрийн найз Чингистэй уулзах гээд утсаар холбогдсон. Тэгээд Сансарын “Ариг” рестораны хажуу залгаа байдаг автомат тоглоомын газар найзтайгаа уулзаж, тоглосон. Тэгэхэд Оджаргал надаас “10.000 төгрөг өгөөч” гэхэд нь би танихгүй тул өөр газар очиж суусан. Тухайн үед би автомат тоглоом тоглоод 200.000-300.000 төгрөг хожсон байсан. Гэтэл Оджаргал хажуугаас дахин “10.000 төгрөг өгчих” гэхээр нь “би чамайг таних билүү” гэж хэлсэн. Тэгээд намайг доошоо харсан байхад миний баруун мөр рүү Оджаргал сандалаар цохьсон. Бид хоёрыг маргалдахад Оджаргалыг найзууд нь авч гарсан. Эргээд орж ирэхдээ гартаа нэг зүйл бариад ирсэн. Юу гэдгийг нь мэдээгүй. Би зайгаа аваад холдсон. Тэгээд би цагдаад дуудаж Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа ирж авч явсан. ...Мөр зулгараад эвгүй болсон байсан. Хувийн эмнэлэгт боолт хийлгээд эм уусан, 200.000 төгрөгийн зардал гарсан. Шүүгдэгч надаас уучлалт гуйгаад уулзсан. Тэгээд бид хоорондоо яриад 500.000 төгрөг өгөх болоод 400.000 төгрөгийг байцаагчаар дамжуулж өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй. Тухайн үед Оджаргалаас архи тодорхой хэмжээгээр үнэртэж байсан.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Оюунбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би 18 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах автомат тоглоомын газар найз Чингистэй уулзахаар очсон. Би Чингистэй уулзчихаад хажуугийн тоглоом дээр нь сууж байхад үл таних 35 орчим насны архи үнэртүүлсэн согтуу залуу “10.000 төгрөг өгчих” гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би танихгүй учраас дуугүй суугаад байсан чинь дахиад гуйхдаа “10.000 төгрөг өгчих пизда минь, өлөн банди минь” гэсэн. Би тэр эрэгтэйд хандаж “өөрийг чинь би таних билүү” гээд доошоо хараад байж байтал уг залуу өөрийнхөө сууж байсан сандалаар миний мөр орчим 1 удаа цохьсон. Би тэр залуугаас “яаж байгаа юм бэ” гэсэн чинь “ална пизда минь” гээд надруу дайраад байсан. …Би найз нөхдөд нь “наад залуугаа цааш нь аваа” гэж хэлээд зогсож байхад нөгөө залуу гарчихаад эргэж орж ирэхдээ гартаа юм барьчихаад намайг ална гээд дайраад байсан. Салахгүй болохоор нь би 102 луу залгаж дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. …Оджаргал нь надад хохиролд 400.000 төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19-21 дүгээр тал/

 

Гэрч С.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байх автомат тоглоомын газарт иргэн Оюунбаатар нь хүнд зодуулсан гэсэн дуудлага хүлээн авч цуг үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Бат-Оршихын хамт очсон. Юу болсон талаар асуухад Оюунбаатар нь уг залууг сандалаар цохисон гэж хэлсэн. Нөгөө залуу нь болохоор ерөөсөө тийм юм байхгүй гэж хэлсэн. Шалтгаан нь Оюунбаатараас нөгөө залуу 10.000 төгрөг өгчих гэж асуухаар нь байхгүй гэсэн чинь сандалаар цохисон юм шиг байна лээ.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23 дугаар тал/

 

Гэрч О.Ариунжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “…Бид хоёр одоо хамтдаа нэг гэрт амьдардаг. Яг албан ёсоор бол гэрлэлтээ батлуулаагүй. Танилцсанаасаа хойш ямар нэгэн муухай ааш араншин гаргаж байгаагүй. Өөрөө өмнө нь ял эдэлж байсан болохоор одоо хүн шиг амьдраад үзмээр байна гэж яриад их хичээдэг. Архи дарс уухгүй, миний үгэнд их сайн ордог. Ааш араншингийн хувьд бол зөөлөн, ширүүн, хурц ааш араншин байхгүй Өөрөө ярихдаа хүмүүс намайг ял эдэлж байсан гэхээр эвэртэй туулай үзсэн юм шиг л харьцах юм гээд бухимддаг. Хүн гэдэг талаас нь харьцвал их дажгүй хүн байгаа юм. Хүнд их тусархуу, ажил төрөлд сайн. гэсэн мэдүүлэг,

/хх-ийн 24-25 дугаар тал/

 

Гэрч Ж.Цацралнямын мөрдөн байцаалтад өгсөн: “…Эхээс тавуулаа бөгөөд багаасаа эмээ, өвөөтэйгээ өссөн. Зан ааш уг нь их тогтвортой, хэдий шоронд орсон ч гэсэн муухай ааш араншин байхгүй, хүний үгээр л явж байдаг, яагаад хүнтэй муудалцаад байдагийг нь сайн ойлгохгүй л байна. Одоо уг нь эхнэр, хүүхэдтэй болчихсон гээд яваад байгаа. Амьдрах гэж л зүтгээд явж байгаа. Өөрөө өмнө нь нэг удаа алдсан, одоо дахин алдмааргүй байна гээд л хичээгээд яваад байгаа.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 27 дугаар тал/

 

Шүүгдэгч Б.Оджаргалын мөрдөн байцаалтад сэжигтэнээр өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх автомат тоглоомын газарт тоглохоор очсон. …Миний тоглож байсан мөнгө дуусаад Оюунбаатараас “10.000 төгрөг өгчих” гэж гуйсан. Яагаад гэхээр Оюунбаатар автомат тоглоомоос 500 орчим мянган төгрөг хожсон. Тэгээд “10.000 төгрөг өгчихөөч” гэж гуйсан. Оюунбаатар эхлээд юм дуугараагүй. Тэгж байтал Оюунбаатар тоглоомоо дахин тоглож байгаад хожсон. Тэгэхээр нь би дахин “10.000 төгрөг өгчихөөч” гэж гуйсан чинь “албатай юм уу” гэж хэлсэн. Би Оюунбаатарт “хөгшөөн адилхан тоглож байгаад би мөнгөгүй болчихлоо ш дээ, 10.000 төгрөг өгчихөөч” гээд маргалдсан. Маргалдаж байгаад миний уур хүрээд сууж байсан сандалаараа Оюунбаатарыг 1 удаа цохьсон ба хажууд байсан хүмүүс салгасан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 38-39 дүгээр тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 09 дүгээр асрын 11-ний өдрийн 12633 дугаар:

1. Б.Оюунбаатарын биед хүзүүний баруун доод хэсгийн няцарсан шарх, зулгаралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 29 дүгээр хуудас/

           

Хохирол төлсөн баримт,

/хх-ийн 72 дугаар тал/

 

“Универсаль секьюрити” ХХК-ийн тодорхойлолт,

/хх-ийн 47 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 46 дугаар тал/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 42 дугаар тал/

 

Шийтгэх тогтоолын хуулбарууд,

/хх-ийн 51-60 дугаар тал/

 

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын тодорхойлолт /хх-ийн 78 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Оджаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жүр Мандал” автомат тоглоомын төвд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Б.Оюунбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Оюунбаатарын өгсөн “...Тэгээд намайг доошоо харсан байхад миний баруун мөр рүү Оджаргал сандалаар цохьсон. Бид хоёрыг маргалдахад Оджаргалыг найзууд нь авч гарсан. Эргээд орж ирэхдээ гартаа нэг зүйл бариад ирсэн. Юу гэдгийг нь мэдээгүй. Би зайгаа аваад холдсон. Тэгээд би цагдаад дуудаж Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа ирж авч явсан. ...Мөр зулгараад эвгүй болсон байсан. Хувийн эмнэлэгт боолт хийлгээд эм уусан, 200.000 төгрөгийн зардал гарсан. Шүүгдэгчб надаас уучлалт гуйгаад уулзсан. Тэгээд бид хоорондоо яриад 500.000 төгрөг өгөх болоод 400.000 төгрөгийг байцаагчаар дамжуулж өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй. Тухайн үед Оджаргалаас архи тодорхой хэмжээгээр үнэртэж байсан.” гэх,

мөн шүүгдэгч Б.Оджаргалын өгсөн “Би дахиад Оюунбаатараас 10.000 төгрөг гуйсан. Үүнээс болж маргалдаад би Оюунбаатарын мөрөнд сандалаар цохьсон. Цаана нь тойрч гарах гэж байгаад сандалаар цохьсон. Сандал нь хүрэлцэхгүй байдаг тул сууж байгаа сандалаа барьж явдаг. Буруутай үйлдэл гаргасандаа харамсаж байна.” гэх,

мөрдөн байцаалтад хохирогч Б.Оюунбаатарын өгсөн “…үл таних 35 орчим насны архи үнэртүүлсэн согтуу залуу “10.000 төгрөг өгчих” гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би танихгүй учраас дуугүй суугаад байсан чинь дахиад гуйхдаа “10.000 төгрөг өгчих пизда минь, өлөн банди минь” гэсэн. Би тэр эрэгтэйд хандаж “өөрийг чинь би таних билүү” гээд доошоо хараад байж байтал уг залуу өөрийнхөө сууж байсан сандалаар миний мөр орчим 1 удаа цохьсон. …Би найз нөхдөд нь “наад залуугаа цааш нь аваа” гэж хэлээд зогсож байхад нөгөө залуу гарчихаад эргэж орж ирэхдээ гартаа юм барьчихаад намайг ална гээд дайраад байсан. Салахгүй болохоор нь би 102 луу залгаж дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд аваад явсан.” гэх /хх-ийн 19-21/,

гэрч С.Батсүхийн өгсөн “…Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байх автомат тоглоомын газарт иргэн Оюунбаатар нь хүнд зодуулсан гэсэн дуудлага хүлээн авч цуг үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Бат-Оршихын хамт очсон. Юу болсон талаар асуухад Оюунбаатар нь уг залууг сандалаар цохисон гэж хэлсэн. Нөгөө залуу нь болохоор ерөөсөө тийм юм байхгүй гэж хэлсэн. Шалтгаан нь Оюунбаатараас нөгөө залуу 10.000 төгрөг өгчих гэж асуухаар нь байхгүй гэсэн чинь сандалаар цохисон юм шиг байна лээ.” гэх /хх-23/

шүүгдэгч Б.Оджаргалын мөрдөн байцаалтад сэжигтэнээр өгсөн “…Миний тоглож байсан мөнгө дуусаад Оюунбаатараас “10.000 төгрөг өгчих” гэж гуйсан. Яагаад гэхээр Оюунбаатар автомат тоглоомоос 500 орчим мянган төгрөг хожсон. Тэгээд “10.000 төгрөг өгчихөөч” гэж гуйсан. Оюунбаатар эхлээд юм дуугараагүй. Тэгж байтал Оюунбаатар тоглоомоо дахин тоглож байгаад хожсон. Тэгэхээр нь би дахин “10.000 төгрөг өгчихөөч” гэж гуйсан чинь “албатай юм уу” гэж хэлсэн. Би Оюунбаатарт “хөгшөөн адилхан тоглож байгаад би мөнгөгүй болчихлоо ш дээ, 10.000 төгрөг өгчихөөч” гээд маргалдсан. Маргалдаж байгаад миний уур хүрээд сууж байсан сандалаараа Оюунбаатарыг 1 удаа цохьсон ба хажууд байсан хүмүүс салгасан.” гэх /хх-38-39/ мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 09 дүгээр асрын 11-ний өдрийн 12633 дугаар дүгнэлт /хх-29/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь Б.Оджаргалыг яллах үндэслэл болж байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Баасандоржийн Оджаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Баасандоржийн Оджаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Оджаргал урьд 1/ Нийслэлийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4-т зааснаар 10 жил хорих ял, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 8 жил хорих ял, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд  Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ялд багтаан, уг 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 4-т зааснаар оногдуулсан 10 жил хорих ялыг нэмж 13 жил, энэ ял дээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан ялын зарим болох 2 жил хорих ялыг нэмж бүгд 15 жил хорих ял шийтгүүлсэн, 2/ Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 106а дугаарт шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 4 жил хорих ял, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 8 жил хорих ял тус тус шийтгэж, 1986 оны Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд оногдуулсан 8 жил хорих ялд 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 4 жил хорих ял, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялуудыг багтааж бүгд 8 жил хорих ял шийтгэж, мөн 1986 оны Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан 8 жил хорих ял дээр 1999 оны  Нийслэлийн шүүхийн 14 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 15 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 жил 9 сар 6 хоногийн зарим болох 6 жилийг нэмж нэгтгэн бүгд 14 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлсэн, 3/ Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны  10 дугаар сарын 14-ний өдрийн 106а дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 жил 11 сар 5 хоног хорих ялд багтаан нийт эдлэх ялыг 10 жил 11 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 14 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч Б.Оджаргалд ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүх шүүгдэгч Б.Оджаргалын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Хохирогч Б.Оюунбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “…Оджаргал нь надад хохиролд 400.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол, санал байхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх баримтыг шүүхэд гарган өгөөгүй, хавтаст хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх-72/ хохирогч Б.Оюунбаатарт шүүгдэгч Б.Оджаргал 400.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Оджаргал урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Баасандоржийн Оджаргалыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Оджаргалд 3 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Оджаргалд  оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Оджаргал урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Оджаргалд оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Оджаргалд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОДОНТУУЛ