Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2019/ДШМ/46

 

 

 

Т.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Т.М,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Анхбаяр,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Т.Даваажав,

Нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 312 дугаар шүүгчийн захирамжтай Т.Мт холбогдох 1834009730055 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Т.М нь  2018 оны 12 сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын нутагт “Тоёота Приус”-10 маркийн 80-96 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Ч.Үнэнбатын амь насыг хохироон, Э.Шинэхүү, Э.Оюунчулуун нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 312  дугаар шүүгчийн захирамжаар:

 Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834009730055 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, Тохооны Мөнхцэцэг нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

 Прокурор эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь үндэслэлээр прокурорт буцаасан байна. Үүнд:

1. Амь хохирогч Ч.Үнэнбат нь "Тансаг Баян Говь" ХХК-ний ажилтан, мөн ажилладаг байсан эсэх, одоо Тансаг Баян Говь ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, " И ЭС БИ БИ ӨҮ ХХК нь" Тансаг Баян Говь ХХК-ийг худалдан авсан эсэхийг тус тус тогтоох,

2. Амь хохирогч Ч.Үнэнбат нь зам тээврийн осол орж нас барсан тохиолдол нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах, уг 3 шинжээчийн дүгнэлтээр үйлдвэрлэлийн ослын улмаас бий болсон нөхцөл байдлыг " И ЭС БИ БИ ӨҮ ХХК нь" Тансаг Баян Говь" хоёрын хэн нь хариуцах эсэхийг тодруулах,

3. Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн Д.Энхтогтохын "Субару Легаси" маркийн 60-40 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, хохиролын үнэлгээг "АШИД БИЛГҮҮН" ХХК-ний захирал мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъян нь автомашин техникийн үнэлгээ тайлан гаргажээ. Дээрх үнэлгээний тайланг гаргасан мэргэшсэн үнэлгээчин Жамъян нь үнэлгээ гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй байх тул үнэлгээ хийх эрхтэй эсэхийг тогтоох,

4. Иргэний нэхэмжлэгч Б.Батсуурийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд зааснаар хохирогчоор тогтоох зэрэг ажиллагаануудыг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн заалтад нийцээгүй байна.

Тухайлбал: Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Анхбаяр нь "Тансаг Баян Говь" ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар оролцуулах хүсэлтийг гаргасныг шүүхээс хүлээн авч, хүсэлтийг 2019 оны 03 дугаар сарын 04-өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Тансаг Баян Говь ХХК-ийн захирал Г.Бум-Эрдэнийг иргэний хариуцагчаар татаж, эрх үүргийг танилцуулахаар шийдвэрлэж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан. Мөн иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бум-Эрдэнийн өмгөөлөгч Т.Даваажав 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд 11 хуудас баримт гаргаж, уг баримтыг шинжлэн судлахад тухайн баримтуудаар "Тансаг Баян Говь" ХХК-ийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр "И ЭС БИ БИ ӨҮ" ХХК нь худалдан авсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэж, худалдах худалдан авах гэрээ хийгдсэнээр "Тансаг Баян говь" ХХК-ний бүрэн эрх "И ЭС БИ БИ ӨҮ" ХХК-нд шилжсэн болох нь тогтоогдсон байхад дахин шүүх шийдвэртээ "Тансаг Баян Говь ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, " И ЭС БИ БИ ӨҮ ХХК нь" Тансаг Баян Говь ХХК-ийг худалдан авсан эсэхийг тогтоох" гэж заасан нь ойлгомжгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинэчлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон ажиллагааг дахин хийлгүүлэхээр заасан нь үндэслэл муутай байна.

Амь хохирогч Ч.Үнэнбат нь Төв аймгийн Баянцагаан сумын нутагт 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр "Тоёота Приус"-10 маркийн 80-96 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Т.Мийн үйлдсэн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас нас барсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байхад амь хохирогч Ч.Үнэнбат нь зам тээврийн осолд орж нас барсан тохиолдол нь үйлдвэрлэлийн мөн эсэх талаар 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах, уг 3 шинжээчийн дүгнэлтээр үйлдвэрлэлийн ослын улмаас бий болсон нөхцөл байдлыг" И ЭС БИ БИ ӨҮ ХХК " Тансаг Баян Говь" хоёрын хэн нь хариуцах эсэхийг тодруулах гэсэн нь ойлгомжгүй хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь үйлдвэрлэлийн осол гэдгийг Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20. "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг;.. гэж зааснаас дүгнэхэд амь хохирогч Үнэнбат нь ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд ороогүй зам тээврийн ослын улмаас осолд орж, нас барсан болох нь тогтоогдсон болно. Мөн шүүхийн шийдвэрт ямар байгууллагын ямар мэргэшсэн шинжээч нараар дүгнэлт гаргуулах талаар тодорхой тусгаагүй, дүгнэлт гараагүй байхад үйлдвэрлэлийн ослын улмаас бий болсон нөхцөл байдал гэж урьдчилан дүгнэж " И ЭС БИ БИ ӨҮ ХХК нь" Тансаг Баян Говь" хоёрын хэн нь хариуцах эсэхийг тодруулах гэсэн нь ойлгомжгүй, биелүүлэхэд эргэлзээтэй шийдвэр болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу мөрдөгч шинжээчийг томилох тогтоол гаргаж, тухайн гэмт хэргийн улмаас автотээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээг гаргуулсан байхад үнэлгээчний эрхийг хэрэгт хавсаргаагүй, гэж үзсэн нь ойлгомжгүй хуулиар олгогдсон мөрдөгч прокурорын эрхэд халдсан шийдвэр гаргажээ. Мөн шаардлагатай гэж үзвэл шүүх өөрөө эрхийг нь шалгах бүрэн эрх нь хуулиар олгогдсон байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан Батсуурийг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож, эрх үүргийг тайлбарлан мэдүүлэг авсан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар түүнийг хохирогчоор тогтоож, шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 312 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар гарч чадаагүй байна. Ч.Үнэнбатын амь нас хохирсон үйл баримтыг үйлдвэрлэлийн осол гэж үзэх үндэслэл муутай. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Анхбаяр гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэв.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Т.Даваажав гаргасан тайлбартаа:  Шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан. Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй. Зам тээврийн ослын улмаас Ч.Үнэнбат нас барсан нь тогтоогдсон. Осол гарах үед компани үйл ажиллагаагаа зогсоосон байдаг. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.  

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Мт холбогдох эрүүгийн 1834009730055 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Тансаг баян говь” ХХК-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулах” тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргажээ /1р хавтаст хэргийн 208-209-р хуудас/. Анхан шатны шүүх өмгөөлөгчийн дээрх хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай захирамж гаргасан байна /1-р хавтаст хэргийн 212-213-р хуудас/. Урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн боловч 2019 оны 3 сарын 04-ний өдрийн 183 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасны дагуу “Тансаг баян говь” ХХК-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр 2019 оны 3 сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад хийгдэх шүүх хуралдаанд “Тансаг баян говь” ХХК-ийг иргэний хариуцагчаар оролцуулахаар тогтоожээ /1-р хавтаст хэргийн 224-226-р хуудас/.  

2019 оны 4 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд “Тансаг баян говь” ХХК биш “И Эс Би Би ӨҮ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Даваажав оролцсон байна. “И Эс Би Би ӨҮ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Даваажав нь “Тансаг баян говь” ХХК-г “И Эс Би Би ӨҮ” ХХК нь 2016 онд худалдаж авсан гэж байх боловч Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт байршилтай иргэн Д.Очирбатын нэр дээрх 8 га газар дээр байгаа “Тансаг баян говь” ХХК-н объектууд бүхий 8м-ийн өндөртэй 6400 м2 салхины хаалт хашаатай гаалийн хяналтын талбайг худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримтаас өөр баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1-т дурдсан “амь хохирогч Ч.Үнэнбат нь “Тансаг баян говь” ХХК-ийн ажилтан, мөн ажилладаг байсан эсэх, одоо “Тансаг баян говь” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, “И Эс Би Би Өү” ХХК нь “Тансаг баян говь”ХХК-ийг худалдан авсан эсэхийг тус тус тогтоох” гэсэн ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд зайлшгүй хийх шаардлагатай байна. Дээрх ажиллагааг хийснээр шүүгчийн захирамжинд дурдагдсан амь хохирогч Ч.Үнэнбат нь зам тээврийн осолд орж нас барсан тохиолдол нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх, үйлдвэрлэлийн осол мөн бол ослын улмаас бий болсон нөхцөл байдлыг “И Эс Би Би Өү” ХХК, “Тансаг баян говь”ХХК хоёрын хэн нь хариуцах эсэхийг 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр тодруулах ажиллагааг явуулах нөхцөл үүснэ.

Шүүгчийн захирамжид заасан “тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, хохирлын үнэлгээг гаргасан “Ашид билгүүн” ХХК-ийн захирал, мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъянгийн тусгай мэдлэг, мэргэжил, үнэлгээ хийх эрхтэй эсэхийг тодруулж, нотолсон бичиг баримтыг хэрэгт хавсаргах” ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу явуулах үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүх “иргэний нэхэмжлэгч Б.Батсуурийг хохирогчоор тогтоож, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг шийдвэрлэх ёстой” гэснийг буруутгах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 312 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Сувд-Эрдэнийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Т.М нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.БОЛОРМАА

 

                                    ШҮҮГЧИД                                                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ