Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар    001/ХТ2021/01534

 

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн ,,,,,,,,,,,,, салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 129 дүгээр шийдвэртэй,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 24 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн ,,,,,,,,,,,,, салбарын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,  нарт холбогдох

Зээл болон барьцааны гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, торгуулийн хүү нийт 8,560,469.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,  нар нь 2018.02.15-ны өдөр ,,,,,,,,,,,,, банктай ЗГ4325105706 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй байсаар өнөөдрийн байдлаар 268 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 7,616,979.67 төгрөг, зээлийн хүү 922,101.23 төгрөг, торгуулийн хүү 21,388.34, нийт 8,560,469.24 төгрөгийн өр хуримтлагдсан байна. Банкны зүгээс зээлдэгч нарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ ноцтойгоор зөрчсөн хэвээр байна. Иймд зээлдэгч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,  нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, зээлдэгч нараас зээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нийт 8,560,469.24 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Манайх тус банкнаас өмнө нь 8 хувийн ипотекийн зээл авсан бөгөөд байраа түрээслэх замаар тус зээлийг төлж байгаа. Дараа нь цалингийн зээл авахад тухайн үед тус банканд ажиллаж байсан эдийн засагч нь тусдаа данс нээлгүйгээр шууд ипотекийн зээлийн данстай холбожээ. Манай байрыг түрээсэлж байсан хүн зээлээ дутуу төлснөөс болоод цалингийн зээлийн орлого нь шууд Монголын Ипотекийн корпораци хувьцааг нь эзэмшдэг ипотекийн зээл рүү давуу эрхээр татагдаад орсон байна. Гэтэл банкнаас шүүхэд шилжүүлсэн байна. Хэрвээ ,,,,,,,,,,,,, банк анх шинээр данс нээж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бол байр түрээсэлж байсан этгээдэд мөнгөө завшуулахгүй хянаад явах бололцоо байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хүчингүй болгож, зээлийн болон барьцааны гэрээг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Би 2019 оны 11 дүгээр сард ,,,,,,,,,,,,, банкны эдийн засагчтай уулзаж, учир байдлаа хэлээд дансаа салгуулсан. Энэ үед тус банкны хуулийн зөвлөх Д.Ариунтуяа орж ирэхэд нь бас хэлсэн. Гэтэл банкнаас шүүхэд шилжүүлсэн байна. Хэрвээ ,,,,,,,,,,,,, банк анх шинээр данс нээж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бол би байр түрээсэлж байсан этгээдэд мөнгөө завшуулахгүй хянаад явах бололцоо байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хүчингүй болгож, зээлийн болон барьцааны гэрээг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 129 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдүүлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн ,,,,,,,,,,, салбар, зээлдэгч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,  нарын хооронд 2018.02.15-ны өдөр байгуулагдсан ЗГ4325105706 тоот зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,  нараас үндсэн зээлийн үлдэгдэл 7,616,979.67 төгрөг, зээлийн хүү 922,101.23 төгрөг, торгуулийн хүү 21,388.34 төгрөг, нийт 8,560,469.24 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК (,,,,,,,,,,,,,, салбар) -нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151,917.50 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК (,,,,,,,,,,,,,, салбар)-нд олгохоор шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 24 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 151,917 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Миний бие нь 2 өөр зориулалтаар олгогдсон зээлийг нэг дансаар олгосон банкны буруутай үйл ажиллагаанаас болж, зээлийн төлөлт болон түрээсийн хувьд алдагдалд орсон гэдгээ тайлбартаа тусгасан бөгөөд үүнийг ,,,,,,,,,,,,, банкны эдийн засагч ,,,,,,,,,,,, хүлээн зөвшөөрсөөр байтал, зээлийн гэрээний зөвхөн банкны эрхийг тодорхойлсон заалтыг үндэслэж, нэг талыг илэрхий барьсан шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, миний гомдлыг хангахгүй орхисон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүх орон сууцны ипотекийн зээлийн бүтээгдэхүүний өмчлөгч нь Монголын Ипотекийн корпораци бөгөөд аливаа зээлийн төлөлтийг давуу эрхээр өөрийн дансанд төвлөрүүлдэг гэдгийг харгалзан үзсэнгүй. Түүнчлэн ипотекийн зээлийг би цалингийн орлогоос суутгуулна гэж гэрээ байгуулаагүй, хамтран өмчлөгч ,,,,,,,,,,,,,,бидний орлогын эх үүсвэрээс суутгуулахаар гэрээ байгуулсан байтал шүүх цалингаас суутгал хийх хэлбэрээр зээлийн төлөлт хийхээр тохиролцсон гэж буруу дүгнэсэн.

Миний бие гэрээний үүргийг биелүүлэх талаар өөрийн санхүүгийн боломжид тулгуурлан төлөлтийг хийсээр байтал гэрээний үүргийг огт биелүүлээгүй гэж зээлийн болон барьцааны гэрээг цуцлах үндэслэл болгосонд гомдолтой байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.12-ны өдрийн 129 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.25-ны өдрийн 24 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн ,,,,,,,,,,,,, салбараас хариуцагч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,  нарт холбогдуулан зээл болон барьцааны гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, торгуулийн хүү нийт 8,560,469.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарласан байна.

Тодруулбал, зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээл төлөх үүргээ удаа дараа зөрчсөн, энэ талаар нэхэмжлэгч банкнаас мэдэгдсэн боловч үр дүн гараагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний холбогдох заалт болон Иргэний хуулийн дагуу 219 дүгээр зүйлийн 219.2., 219.3., 221 дүгээр зүйлийн 221.3.-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээл, зээлийн хүү, торгуулийн хүүгийн үлдэгдлийг төлүүлэхээр хариуцагч нараас шаардах эрхтэй.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,ийн “Миний бие хоёр өөр зориулалтаар олгогдсон зээлийг нэг дансаар олгосон банкны буруутай үйл ажиллагаанаас болж, зээлийн төлөлт болон түрээсийн хувьд алдагдалд орсон гэдгээ тайлбарласан, үүнийг ,,,,,,,,,,,,, банкны эдийн засагч ,,,,,,,,,,,,, хүлээн зөвшөөрсөөр байтал, шүүх зээлийн гэрээний зөвхөн банкны эрхийг тодорхойлсон заалтыг үндэслэж, нэг талыг илэрхий барьсан шийдвэр гаргасан...” гэсэн утгатай гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан хяналтын журмаар гаргах гомдлын үндэслэлд хамаарахгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл биш байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн “зээл болон барьцааны гэрээг цуцалж...” гэснийг бие даасан шаардлага мэтээр шийдвэрийнхээ тогтоох хэсэгт “... гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж...” гэж бичсэн нь оновчгүй, үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй нь буруу байна.

“Гэрээ цуцлах” нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага бус, харин гэрээ цуцлагдсаны үр дагаврыг шийдвэрлэх нэхэмжлэлийн шаардлагын урьдчилсан нөхцөл юм, иймд шүүх өөрийн санаачилгаар талуудын хооронд байгуулагдсан аливаа гэрээг шууд цуцалдаггүй, харин тухайн гэрээ цуцлагдах үндэслэл байгаа эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр үр дагаврыг нь шийдвэрлэдэг.

Дээрх үндэслэлээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 24 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 129 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...зээлдүүлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн ,,,,,,,,,,,,, салбар, зээлдэгч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,  нарын хооронд 2018 оны 02 сарын 15-ны өдөр байгуулагдсан ЗГ4325105706 тоот зээлийн болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, ...” гэснийг хасаж,  шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 151,917 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          Х.СОНИНБАЯР

                                                                                                          Д.ЦОЛМОН