| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/0023/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/25 |
| Огноо | 2023-04-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга О.У
Улсын яллагч Б.С
Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ийн Н-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, ... настай, ..., халх, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт Дорноговь аймгийн ... гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт А-ийн Н /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Н нь 2023 оны 02 сарын 07-ны өдөр Улаанбаатараас Замын-Үүд орох суудлын 276 дугаар галт тэрэгний 10 дугаар вагонд зорчин явсан Г.Х-ын Samsung S21 ultra загварын гар утсыг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Улаан-Уул өртөөн дээр буухдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн суудлын 276 дугаар галт тэрэгний 10 дугаар вагоны 32 дугаар местэнд зорчиж явсан. 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 04 цагийн орчим Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт буюу Улаан-Уул өртөөн дээр болсон. Миний бие Улаан-Уул өртөөн дээр галт тэрэгнээс буух үедээ 10 дугаар вагоны вагоны 32 дугаар местэнд зорчин явсан үл таних эрэгтэй хүн местэнд унтаж байхад нууцаар Samsung S21 ultra загварын гар утсыг авч буусан. Уг гар утсыг сонирхоод авч буусан гэжээ. /хх-ийн 71-72/
Шүүгдэгч А.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний буруу, өөрийн буруутай үйлдлээс ийм хэрэгт холбогдлоо, дахин ийм хэрэг хийхгүй гэв.
Хохирогч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 16 цаг 50 минутад Улаанбаатар зорчигч тээврийн төв буудал буюу вокзалаас Замын-Үүд чиглэлийн суудлын 276 дугаар галт тэрэгний 10 дугаар вагоны 32 дугаар местэнд хоёр найзын хамт зорчин явсан. Тэр хүүхэд Дорноговь аймгийн Улаан-Уул сум дээр бууна гэж ярьж байсан. Тэгээд Дорноговь аймгийн Улаан-Уул суманд дээр галт тэрэгнээс буухдаа намайг унтаж байхад миний Samsung S21 ultra загварын гар утсыг аваад галт тэрэгнээс буугаад явсан байсан. Миний бие Улаан-Уул сумаас галт тэрэг хөдлөх үед сэрсэн. Тэр үед шөнийн 04 цаг өнгөрч байсан. Би өөрийн зорчин явсан местэнд гар утсаа ойр орчимд нь хайгаад олоогүй. Тэгээд галт тэрэгний үйлчлэгч болон цагдаагийн алба хаагч дуудсан. Тэгээд надаас цагдаагийн албан хаагч сэжиглэж байгаа хүн байна уу гэхээр нь тухайн галт тэргэнд нэг местэнд дээр хамт зорчин явсан залууг хэлсэн чинь уг залууг хайж олоод миний гар утсыг олж өгсөн юм. 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 04 цагийн орчим Улаан-Уул сум өнгөрөөд гэнэт сэрээд суудлын 276 дугаар галт тэргэн дотор гар утсаа хулгайд алдсанаа мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн. Би уг гар утсыг 2021 онд 11 сарын орчим Тэди худалдааны төвөөс 3,500,000 төгрөгөөр бэлнээр нь худалдан авч байсан юм. Миний гар утас хулгайд алдах үедээ хэвийн үйл ажиллагаатай байсан. Цагдаагийн алба хаагчаас хүлээж авахдаа бүрэн бүтэн байсан. Миний гар утас гадна талдаа өнгөгүй кэйстэй байсан ба буцааж авах үед бүрэн бүтэн байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би гар утсаа бүрэн бүтэн олж авсан тул цаашид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 33-34/
Гэрч А.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 02 сарын 06-ны өдөр найз Г.Х, Молор нарын хамт Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн суудлын 276 дугаар галт тэрэгний 10 дугаар вагоны 32, 33, 35 дугаар местэнд зорчин явсан. Бид нартай үл таних эрэгтэй хүүхэд нэг местэн дээр хамт зорчин явсан. Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Улаан-Уул сумаас галт тэрэг Замын-Үүд чиглэлд хөдлөөд явахад Г.Х-ын Samsung S21 ultra загварын гар утас алга болсон байсан. Тэгээд манай найз Хосбаяр дуудаад миний гар утсыг харсан уу гэхээр нь би чи 03 цагийн орчимд гар утсаа гартаа бариад унтаж байсан гэж хариулсан. Тэгээд ойр орчмын местэнд хайсан боловч тухайн гар утас нь олдоогүй болно. Тэгэхээр нь галт тэрэгний үйлчлэгч болон вагоны цагдааг дуудсан. Вагоны цагдаа дуудлагаар ирсэн бөгөөд цагдаагийн алба хаагч тухайн местэн дээр өөр зорчигч явсан эсэх талаар тодруулж асуусан тэгээд 34 дүгээр местэнд зорчин явсан хүний талаарх мэдээллийг цагдаагийн албан хаагчид хэлсэн. Тэр хүн нь Дорноговь аймгийн Улаан-Уул өрөөн дээр буусан талаар мэдэгдсэн. Вагонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч тухайн зорчин явсан иргэний билетийн дугаараар гар утас руу нь холбогдож асуухад утсыг аваад буусан талаар өөрөө хүлээн зөвшөөрч, уг гар утсыг Замын-Үүд сумын Төмөр замын цагдаагийн газар авч ирсэн өгсөн гэжээ. /хх-ийн 45-46/
Гэрч Э.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 05 цагийн орчим цагийн хуваарийн дагуу ажлаа хийгээд явж байхад Дорноговь аймгийн Улаан-Уул өртөө өнгөрөөд явж байхад суудлын 276 дугаар галт тэрэгний 33 дугаар местэнд зорчин явсан иргэн Samsung S21 ultra загварын гар утсаа хулгайд алдсан юм шиг байна гэсэн. Түүний дагуу галт тэрэгний цагдаад дуудлага, мэдээлэл өгч шалгуулсан. Тэгээд цагдаагийн алба хаагч ирээд тухайн зорчигчоос ямар, ямар хүний хамт зорчин явсан талаар тодруулж асуусан. Тухайн зорчигч нь Улаан-Уул өртөөн дээр нэг хүүхэд буусан, тэр хүүхдийг хардаж байна гэж ярьж байсан. Тэгээд би вагоны цагдаад Улаан-Уул өртөөн дээр галт тэрэгнээс буусан хүүхэд интернэт банкаар билетээ захиалсан гэж надад ярьж байсан талаар хэлсэн. Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн суудлын 276 дугаар галт тэрэгний 10 дугаар вагонд гар утсаа алдсан гэх иргэн 4 зорчигчийн хамт зорчин явсан бөгөөд 10 дугаар вагоны 33 дугаар местэнд аялан явсан. Уг галт тэргэнд ямар нэгэн хяналтын камер байхгүй болно. Улаан-Уул өртөө дээр буусан гэх хүүхэд ойролцоогоор 1,67 см өндөртэй 18 орчим настай, эрэгтэй залуухан хүүхэд байсан. Одоо санахад улаан өнгийн куртиктэй байсан шиг санаж байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Улаан-Уул өртөөн дээр галт тэрэгнээс 7-8 зорчигч буусан. Надад сэжиглэж байгаа хүн алга байна. Гар утсаа алдсан эрэгтэй Улаан-Уул өртөөн дээр галт тэрэгнээс буусан эрэгтэй хүүхдийг сэжиглэж байсан. Вагоны цагдаа тэр хүүхэд рүү утсаар холбогдож ярихад манай галт тэргээр үйлчлүүлсэн иргэний гар утсыг нь аваад буусан байсныг сүүлд мэдсэн гэжээ. /хх-ийн 49-50/
Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01/
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 02/
Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай удирдах албан тушаалтны тогтоол /хх-ийн 27/
Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 53-57/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2023 оны 02 сарын 20-ны өдрийн ... дугаартай тогтоол /хх-ийн 63-65/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73, 78/
Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 79-82/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 85/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 38 дугаартай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 86-87/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч А.Н нь 2023 оны 02 сарын 07-ны өдөр Улаанбаатараас Замын-Үүд орох суудлын 276 дугаар галт тэрэгний 10 дугаар вагонд зорчин явсан Г.Х-ын Samsung S21 ultra загварын гар утсыг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Улаан-Уул өртөөн дээр буухдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Х-ын /хх-ийн 33-34/ мэдүүлэг, гэрч А.Ө-ын /хх-ийн 45-46/ мэдүүлэг, гэрч Э.Ц-ийн /хх-ийн 49-50/ мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 53-57/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч А.Н-ийн бусдын гар утсыг хулгайлсан гэмт хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч А.Н нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 33-34/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч А.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн Н-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь тэнсэнгийн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б