Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/267

 

  2023         04         07                                      2023/ШЦТ/267

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Г.Онон,

хохирогч Г.Маралгуа,

гэрч Ц.Ууганзаяа,

гэрч Д.Гандуулга,

гэрч Т.Дөлгөөн,

шүүгдэгч П.Цэрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А, Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Цэрэнд холбогдох эрүүгийн 2208025610067 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1960 оны 11 дүгээр сарын 25-нд Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9 дүгээр гудамжны 194 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны 43 дугаар байрны 1002 тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан, Боржигон овогт Пүрэвжавын Цэрэн /Регистрийн дугаар: УЗ60112505/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч П.Цэрэн нь “Айфоне 12 про загварын хоёр ширхэг гар утас авч, өгч явуулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан Турк Улсын Истанбул хотод байсан хохирогч Г.Маралгуагаас 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2,300,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 700,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 4,200,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Цэрэн мэдүүлэхдээ: “...надад 2,300,000 төгрөг, 2,200,000 төгрөг тус тус шилжүүлсэн, тэр мөнгийг ахынхаа данс руу шилжүүлж авсан. Би Дөлгөөнийг шилжүүлж байна гэж ойлгосон. Надаас янз бүрийн хүн Дөлгөөнөөс мөнгө авах ёстой гээд нэхээд байсан. Би Дөлгөөнд энэ талаар хэлээд дахиж ийм байдал үүсвэл утас явуулж чадахгүй гэдгээ хэлсэн. Дөлгөөн намайг утас аваад өгөөч гээд утасдаад байхаар нь би дугаараа сольсон. Гэтэл Маралгуагийн ээж нь над руу залгаад манай охин өөртэй чинь яримаар байна гэнээ гээд гуйгаад байсан. Би ярихгүй, танай охиныг сайн танихгүй гэж хэлсэн. Тэгээд Дөлгөөн рүү залгаад яагаад энэ охин над руу залгаад байгаа юм гэж асуусан. Дөлгөөн надад хэлэхдээ би ажилд орсон юм, та надад iPhone 11 загварын гар утас олоод өгөөч гэж хэлсэн. Дараа нь гадаа нэг өндөр залуу би Дөлгөөний найз нь байна, утсыг нь авах гэж ирлээ гэхээр нь тухайн утсыг нь өгөөд явуулсан. Гэтэл өгч явуулсан утас чинь ийм байна, тийм байна гээд байхаар нь би ахиж утас өгч явуулж чадахгүй гэж хэлсэн. Үлдэгдэл мөнгийг чинь бас өгөхгүй, ирж тооцоогоо хийгээрэй гэж хэлсэн. Түүнээс хойш дахиж наймаа хийгээгүй. 2022 оны 06 дугаар сард хамгийн сүүлд утас явуулсан. ...Би Маралгуад 4,200,000 төгрөг чамаас аваагүй, би өгч чадахгүй, чи дандаа хүний данс ашигласан байна, яагаад өөрийнхөө дансаар мөнгө шилжүүлээгүй юм бэ гэж хэлсэн. ...Маралгуа, Дөлгөөн хоёр янз бүрийн юм яриад байхаар нь шүүхээр асуудлаа шийдүүлсэн нь дээр юм байна гэж бодсон. ...Би мөнгийг ойрын хугацаанд төлж барагдуулна. Болохгүй бол утас аваад төлнө. Хохирогчид хохирол учруулсандаа харамсаж байна. ...Хохирогч 4,200,000 төгрөг шилжүүлээд 2 утас авах ёстой байсан ч авч чадаагүй гээд байгаа учир нь нэг утас нь Дөлгөөнийх, нэг утас нь Маралгуагийн утас. Дөлгөөнтэй тохирсон зүйл байдаг. Маралгуад бол 1,900,000 төгрөг өгнө” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Г.Маралгуа мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 02 дугаар сарын 01-нд Турк Улс руу явсан. Намайг очсоноос хойш 14 хоногийн дараа манай найз залуу араас ирсэн. Тухайн үед Цэрэн гэх хүнээс утас авч байсан, гэтэл 2022 оны 03 дугаар сард шилжүүлсэн мөнгөний нэг утсыг явуулаагүй. Гэхдээ 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл харилцаж байсан. Тухайн үед Цэрэн эгч утсаар яриад манай хөгшин өнгөрсөн гэхээр нь аан за гээд орхисон. Цэрэн дугаараа сольсон байсан. Би Цэрэн эгчтэй холбогдоод iPhone 12 pro max утас олоод өгөөч гэж хэлсэн. 2022 оны 06 дугаар сарын хамгийн сүүлийн шилжүүлгээс хойш алга болсон. Тухайн үед аавтайгаа яриад өргөдөл гаргуулсан. Би Турк Улсаас 2022 оны 08 дугаар сард ирээд шаардагдах материалаа цагдаад өгөөд явж байсан. Цэрэнтэй уулзаад та надад мөнгөө өгөх үү гэхэд өгнө гэж хэлсэн. Мөрийтэй тоглоом тоглоод мөнгөө алдсан гэж хэлж байсан. Миний хувьд 4,200,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэрч Ц.Ууганзаяагийн Хаан банкны 5360300892 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-69-71 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Маралгуагийн Хаан банкны 5028927380 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-72-83 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Цэрэнгийн Төрийн банкны 105200394238 тоот дансны харилцагчийн хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-87-93 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Цэрэнгийн Хаан банкны 5069192651 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, уг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-94-96 дугаар хуудас/,

Хохирогч Г.Маралгуагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсаас Турк Улс руу аялах зорилгоор явсан, манай найз залуу Дөлгөөн 14 хоногийн дараа миний араас над дээр Турк Улсад ирсэн юм. ...Айфоне 12 про макс маркийн гар утас Монгол Улсаас худалдаж авахаар болоод Монгол Улсад байгаа хүнээр авхуулж Турк Улс руу авах болоод найз залуу Дөлгөөн 3, 4 жилийн өмнө Монгол Улсад Монтел гар утас худалдааны төвд гар утас зардаг байсан бөгөөд тухайн үед манай найз залуугаас гар утас болон утасны сэлбэг байнга худалдаж авдаг байж байгаад танилцсан Цэрэн гэж эгч байдаг, энэ эгчээр утсаа авхуулахаар болоод Цэрэн эгчтэй фейсбүүкээр Дөлгөөн анх холбогдоод Дөлгөөнөөр дамжиж би Цэрэн гэж эгчтэй фейсбүүкээр холбогдоод Цэрэн эгч гар утас худалдаж аваад Турк явах хүнд өгөөд явуулъя гэж тохирсон. ...Цэрэн эгч утсыг чинь үзээд явж байна, энэ утсыг авахаар боллоо гээд нэг гар утасны зураг явуулаад үнэ нь 2,300,000 төгрөг гэж байна мөнгийг нь шилжүүлчих энэ данс руу гээд 5033282809 гэсэн дансны дугаар явуулсан. Тэгэхээр нь би тэр даруйд нь 2,300,000 төгрөгийг Намхайдагва гэх нэртэй 5033282809 дугаартай данс руу интернэт банкаар шилжүүлсэн. Тэгтэл Цэрэн гэгч эгч за утсыг чинь авчихлаа, удахгүй Турк Улс явах хүн олоод өгөөд явуулъя гэсэн. Тэгээд фейсбүүкээр холбоо барихгүй алга болчихсон бөгөөд удаа дараа би холбогдох гэж оролдоод 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Цэрэн гэгч эгчтэй фейсбүүкээр нь холбогдсон. Тэгэхэд Цэрэн гэгч эгч ажил явдалтай байлаа, утас бас болохгүй байлаа гэж ярихаар нь би 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсаас Турк Улс руу ирэх хүн байна, та тэр хүнд миний утсыг өгөөд явуулаадах гэж хэлэхэд за гэсэн ба мөн би найз залуудаа бас Айфоне 12 про макс маркийн гар утас авч өгөх гээд байна, та дахиад нэг утас нэмж худалдаж аваад хоёр утсыг хамт явуулаадах гэхэд Цэрэн гэгч эгч тэгье гэсэн. ...Турк Улсад байхдаа олсон мөнгөө эгч Ц.Ууганзаяагийн 5360300892 дугаартай данс руу хийгээд эгч Цэрэн гэх хүний данс руу хийдэг байсан юм. Миний бие Цэрэн гэх хүнээс гар утас худалдаж авахаар 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эгч Ц.Ууганзаяагийн 5360300892 дугаартай данснаас 5033282809 дугаартай Намхайдагва гэсэн данс руу 2,300,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед Цэрэн 5033282809 дугаартай Намхайдагва гэсэн нэртэй данс өгсөн бөгөөд түүний ахын данс гэж тэр хэлж байсан. Цэрэн нь 5033282809 дугаартай Намхайдагва гэсэн нэртэй данс руу орсон мөнгийг өөрийн 105200394238 дугаартай данс руу бүгдийг нь шилжүүлж авсан байсан бөгөөд энэ талаар баримтаа надад үзүүлж байсан. Тухайн мөнгөөр Айфон 12 про утас авч над руу явуулах байсан боловч тэр таг алга болсон. 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Турк Улсад байхдаа өөрийн 5028927380 дугаартай данснаас Цэрэнгийн 105200394238 дугаартай данс руу 700,000 төгрөг шилжүүлээд үлдсэн мөнгө нь надад бэлэн байсан учир гадаад мөнгөөр нь хүнд өгөөд тухайн хүний өөрийн 5431362363 Дэлгэрцэцэг гэсэн нэртэй данснаас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5069192651 дугаартай Цэрэнгийн данс руу 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгөөр Айфон 12 про утас авч над руу явуулах байсан боловч Цэрэн нь таг алга болсон. ...Тухайн үед би Турк Улсад байхдаа Дэлгэрцэцэгт лир өгөөд тэр өөрийн дансанд байх төгрөгийг Цэрэнгийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Дэлгэрцэцэг нь одоо Турк Улсад байгаа, Монголд ирэхгүй. Би Цэрэн гэх хүнд нийт хоёр гар утасны 4,200,000 төгрөг өгсөн боловч гар утсыг надад өгөөгүй, мөн мөнгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-19-20, 22-23, 25 дугаар хуудас/,

Гэрч Д.Гандуулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний охин Г.Маралгуа нь өөрийн 5018927380 тоот данснаас 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2,300,000 төгрөгийг 5069192651 дугаарын данс руу шилжүүлсэн. 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 1,750,000 төгрөгийг 5062203491 дугаарын данс руу шилжүүлсэн юм. 5069192651 дугаарын данс нь Цэрэн гэх хүний өөрийнх нь данс гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-28-29 дүгээр хуудас/,

Гэрч Т.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сар шиг санагдаж байна Цэрэнгийн хүүхдээр дамжуулж түүнтэй танилцаж байсан. Манай найз охин Маралгуа нь Турк Улсад байхдаа мөнгийг нь шилжүүлээд Цэрэнгээр 3, 4 удаа гар утас авхуулж байсан. Сүүлд манай найз охин утас авхуулахаар мөнгө шилжүүлэх үед мөнгийг нь аваад алга болсон бөгөөд мөнгөө нэхэх үед өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-41 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Ууганзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Маралгуа нь тухайн үед Турк Улсын Истанбул хотод байсан бөгөөд надад хандаж 5033282809 дугаартай данс руу 2,300,000 төгрөг шилжүүлчих гэж хэлсний дагуу хийсэн. Тухайн мөнгө нь Маралгуагийн эзэмшлийн мөнгө байсан юм, миний мөнгө биш” гэсэн мэдүүлэг /хх-43-44 дүгээр хуудас/,

Шүүгдэгч П.Цэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Маралгуа миний дугаар луу залгаад надад хандаж Айфоне 12 про маркийн гар утас хэрэгтэй байна, би танд 2,300,000 төгрөг шилжүүлье гэж хэлэхээр нь за гэж хэлээд би өөрийн ахын 5033282809 гэсэн дугаартай дансыг өгсөн. ...манай ахын 5033282809 гэсэн дугаартай данс руу 2,300,000 төгрөг орохоор нь тухайн мөнгийг орсон даруйд нь өөрийн 105200394238 дугаартай данс руугаа авсан. Тэгээд би тухайн мөнгөөр гар утас худалдаж авалгүй үрээд дуусгасан юм. ...Маралгуа надад хандаж дахин нэг Айфоне 12 про авах гэсэн юм гэхээр нь болно мөнгөө шилжүүлчих гэж түүнд хэлсэн. 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Маралгуа өөрийн 5028927380 дугаартай данснаасаа 700,000 төгрөг миний 105200394238 дугаартай данс руу хийсэн. Үлдсэн 1,200,000 төгрөгийг нь өөр данснаас хийсэн. Тэгээд би түүний мөнгийг гар утас худалдаж авалгүй цахим мөрийтэй тоглоом тоглоод алдсан. Маралгуа надаас мөнгөө нэхээд байхаар нь би түүнд өгнө гэж хэлээд өнөөдрийг хүргэсэн. Маралгуа надаар гар утас авхуулахаар мөнгө шилжүүлсэн. Өмнө нь мөнгө шилжүүлээд гар утас аваад явуул гэдэг байсан. Тухайн гар утсыг нь авч өгөөд явуулдаг байсан. 5033282809 дугаарын данс эзэмшигч нь миний төрсөн ах П.Намхайдавга байгаа юм. Тухайн үед би мөнгийг ахын данс руу хийлгээд өөрийн данс руу буцаагаад авсан, ахад мөнгө өгсөн зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-54-55 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-66 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч П.Цэрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч П.Цэрэн нь “iPhone 12 pro загварын хоёр ширхэг гар утас авч явуулна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан Турк Улсын Истанбул хотод байсан хохирогч Г.Маралгуагаас 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2,300,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 700,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр нийт 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хохирогч Г.Маралгуа, гэрч Д.Гандуулга, Т.Дөлгөөн, Ц.Ууганзаяа нарын мэдүүлэг, гэрч Ц.Ууганзаяа, хохирогч Г.Маралгуа нарын эзэмшлийн Хаан банкны дансны хуулгануудад үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч П.Цэрэнгийн эзэмшлийн Хаан болон Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга, уг хуулгануудад үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч П.Цэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогч буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг гэмт этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл /хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх мэт/ хийж, улмаар уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг онцлогтой.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилгоор дээрх шинжүүдийн аль нэг, эсхүл хэд хэдэн шинжээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг.

Дээрх гэмт хэргийн үйлдлийн арга болох “хуурч” гэдэгт бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг; “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэдэгт урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, өмнө нь хамтран ажиллаж байсан, түүнчлэн бие биеэ мэдэх танил, найз нөхдийн харилцаатай хүмүүсийн итгэлийг урвуулан ашиглах зэргийг тус тус ойлгодог.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Цэрэн өмнө нь гар утас худалдан авч хохирогч Г.Маралгуад явуулж байсан бөгөөд энэхүү урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “iPhone 12 pro загварын хоёр ширхэг гар утас авч явуулна” гэж хуурч хохирогч Г.Маралгуагаас нийт 4,200,000 төгрөгийг шилжүүлэн авсан шүүгдэгч П.Цэрэнгийн үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.Цэрэн өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч П.Цэрэнг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Маралгуад нийт 4,200,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирол нөхөн төлөгдөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цэрэнгээс 4,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Маралгуад олгохоор шийдвэрлэв.

Хохирлыг дээрх байдлаар шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нар “хохирол нөхөн төлөх нөхцөл боломжоор хангаж, шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний ...өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл завсарлуулав.

Шүүх хуралдаан завсарласан дээрх хугацаанд шүүгдэгч П.Цэрэн нь хохирогч Г.Маралгуад 1,200,000 төгрөг нөхөн төлсөн байх тул үлдэгдэл 3,000,000 төгрөгийг шүүгдэгч П.Цэрэнгээс гаргуулж хохирогч Г.Маралгуад олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч П.Цэрэн нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүгдэгч П.Цэрэнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг хугацаанд оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч П.Цэрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийн тухайд шүүгдэгч П.Цэрэн нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байхад торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх үзэв.

Иймд шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цэрэнг 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Хэрэв шүүгдэгч П.Цэрэн зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч П.Цэрэн цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвжавын Цэрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цэрэнг 9 /ес/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч П.Цэрэнг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цэрэн зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цэрэнгээс 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Гандуулгын Маралгуа /РД:ЕЙ01262207/-д олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч П.Цэрэн цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Цэрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НЯМДАВАА