Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/64

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-,

Шүүгдэгч Х.Х- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.т овогт Х-ын Х-д холбогдох эрүүгийн 2213001940018 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, “М” гэрэл зургийн газарт ажилладаг, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, БЮ...... регистрийн дугаартай, С.т овогт Х-ын Х-.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Х- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “М” гэрэл зургийн газарт 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрүүдийн хооронд хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгүүд буюу О.Г-, О.А-, О.К-, Х.М-, Х.О-, Т.Е-, С.М-, К.Н-, К.С-, М.Н-, Т.Т-, Х.К-, А.И-, С.Х-, Е.М-, Д.А-, Х.Э-, Х.Б-, Х.Т-, Х.Б-, А.Х-, Х.Б-, Х.К-, С.Б-, З.Б-, А.С-, Т.А-, М.Т-, А.Б-, О.А-, А.А-, А.Н-, С.А- нарын “Ковид-19” халдварт өвчнийг илрүүлэгч ПСР шинжилгээний хариуг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид шинжилгээ өгч гаргуулан авсан мэтээр хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж М.Н-ад худалдсан буюу Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч А.Д- гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Х-ыг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлттэй байна” гэв.

2. Шүүгдэгч Х.Х- мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С- гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Х-ыг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн 2213001940018 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

4. Цагдаагийн хошууч Н.Д-ы 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн илтгэх хуудас /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/,

5. Хэргийн газарт буюу “М” гэх гэрэл зургийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 03-10 дахь тал/,

6. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан О.Г-, О.А-, О.К-, Х.М-, Х.О-, Т.Е-, С.М-, К.Н, К.С- гэх нэр бүхий Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторийн Ковид-19 халдварт өвчнийг илрүүлэгч ПСР шинжилгээний хариу бүхий хуудаснууд /1 дэх хавтаст хэргийн 11-28 дахь тал/,

7. Гэрч М.Н-аас гаргаж өгсөн ПСР шинжилгээний хариу бүхий хуудас /1 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/,

8. Х.К-, Т.К-, Х.О-, Х.М-, О.Г-, О.А-, О.К-, Т.Е- нарын гадаад паспортыг хуулбарлан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 37-57 дахь тал/,

9. Эд зүйлд буюу хэргийн газрын үзлэгээр хураан авсан компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 79-102 дахь тал/,

10. Эд зүйлд буюу прокурорын 104 дугаартай зөвшөөрлөөр хураан авсан зургийн аппарат, компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 111 -123 дахь тал/,

11. Хаан банкны харилцагч Х.Х-ы .............. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 127-146 дахь тал/,

12. Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2-46/4172 дугаартай албан бичиг, хавсралт лавлагааны хариу /1 дэх хавтаст хэргийн 148-150 дахь тал/,

13. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 270 дугаартай албан бичиг, хавсралт /1 дэх хавтаст хэргийн 188-189 дэх тал/,

14. Гэрч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 210-211 дэх тал/,

15.  Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 213 дахь тал/,

16.  Гэрч Х.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 216 дахь тал/,

17. Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219 дэх тал/,

18. Гэрч Т.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 222 дах тал/,

19. Гэрч Б.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 238 дах тал/,

20. Шүүгдэгч Х.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 03-04 дэх тал/ зэргийг,

21. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас:  Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 1/156 дугаар албан тоот /1 дэх хавтаст хэргийн 156 дахь тал/, Хилийн цэргийн 0285 дугаар ангийн 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 1/184 дугаар албан тоот /1 дэх хавтаст хэргийн 157 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 270 дугаар албан тоот /1 дэх хавтаст хэргийн 188 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 14 дэх тал/ зэрэг баримт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

22. Харин шүүгдэгч Х.Х-аас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

23. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

24. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Х-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

25. Шүүгдэгч Х.Х- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “М” гэрэл зургийн газарт 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрүүдийн хооронд хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгүүд буюу О.Г-, О.А-, О.К-, Х.М-, Х.О-, Т.Е-, С.М-, К.Н-, К.С-, М.Н-, Т.Т-, Х.К-, А.И-, С.Х-, Е.М-, Д.А-, Х.Э-, Х.Б-, Х.Т-, Х.Б-, А.Х-, Х.Б-, Х.К-, С.Б-, З.Б-, А.С-, Т.А-, М.Т-, А.Б-, О.А-, А.А-, А.Н-, С.А- нарын “Ковид-19” халдварт өвчнийг илрүүлэгч ПСР шинжилгээний хариуг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид шинжилгээ өгч гаргуулан авсан мэтээр хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж М.Н-ад худалдсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

26. Цагдаагийн хошууч Н.Д-ы 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “...5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “М” зургийн газар нь Ковид-19 өвчний ПСР шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж байж болзошгүй...” гэх илтгэх хуудас /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/,

 

27. Хэргийн газарт буюу “М” гэх гэрэл зургийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 03-10 дахь тал/,

 

28. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан О.Г-, О.А-, О.К-, Х.М-, Х.О-, Т.Е-, С.М-, К.Н-, К.С- гэх нэр бүхий Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторийн Ковид-19 халдварт өвчнийг илрүүлэгч ПСР шинжилгээний хариу бүхий хуудаснууд /1 дэх хавтаст хэргийн 11-28 дахь тал/,

 

29. Гэрч М.Н-аас гаргаж өгсөн ПСР шинжилгээний хариу бүхий хуудас /1 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/,

 

30. Х.К-, Т.К-, Х.О-, Х.М-, О.Г-, О.А-, О.К-, Т.Е- нарын гадаад паспортыг хуулбарлан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 37-57 дахь тал/,

 

31. Эд зүйлд буюу хэргийн газрын үзлэгээр хураан авсан компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 79-102 дахь тал/

 

32. Эд зүйлд буюу прокурорын 104 дугаартай зөвшөөрлөөр хураан авсан зургийн аппарат, компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 111 -123 дахь тал/,

33. Хаан банкны харилцагч Х.Х-ы .............. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 127-146 дахь тал/,

 

34. Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2-46/4172 дугаартай албан бичиг, хавсралт лавлагааны хариу /1 дэх хавтаст хэргийн 148-150 дахь тал/,

 

35. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 270 дугаартай “...ПСР өгсөн иргэдийн лавлагаа, мэдээлэл хүргүүлэх тухай...” албан бичиг, хавсралт /1 дэх хавтаст хэргийн 188-189 дэх тал/,

 

36. Гэрч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд 89-46 УБТ улсын дугаартай “Volvo” маркийн тээврийн хэрэгслээр зорчин ирсэн. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Баян-Өлгий аймгийн төв талбай дээр ирээд “М” нэршилтэй фото зургийн газар очоод хамт явсан найз болох Нармандах нь Ковид-19 өвчний урьдчилан сэргийлэх шинжилгээний хариуг гаргуулж авсан..., ямар нэгэн шинжилгээ аваагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 210-211 дэх тал/,

 

37.  Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу ирсэн. Тус аймаг руу ирсэн шалтгаан маань ОХУ-руу Цагааннуур автозамын боомтоор дамжин өнгөрч ачаа, бараа тээвэрлэх ажил байсан. Тэгээд ОХУ-руу ороход заавал хил гаалийн байгууллага нь Ковид-19 өвчний шинжилгээний хариу шаарддаг гэдгийг сонсоод хүмүүсээс Баян-Өлгий аймагт шинжилгээ хийх газар хаана байдаг вэ, хаанаас авч болох вэ гэж асуухад үл таних таксины жолооч манай аймагт талбайн хажууд байрлах “М” фото гэх газар нь ПСР шинжилгээний хариуг бичээд өгчихдөг, хүмүүс бүгд тэндээс аваад ОХУ-руу явж байгаа гэхээр нь би ч гэсэн аваад хурдхан шиг өглөө хил гарах санаатай аймгийн төв талбайн хажууд байдаг “М” нэртэй фото зургийг газарт очиж ажилтантай нь уулзаж, танайх Ковид-19 өвчний ПСР шинжилгээний хариу бичдэг үү гэж асуухад тэр хүн, фото зургийн газрын эрэгтэй ажилтан тиймээ бичнэ 10,000 төгрөг гэхээр нь уг хүнд 10,000 төгрөг өгч шинжилгээний хариуг худалдан авсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 213 дахь тал/,

 

38.  Гэрч Х.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ирээд Казахстан руу явах гэхэд Ковид-19 өвчний шинжилгээ өгсөн байх ёстой гэхээр нь Казахстан Улс руу явдаг таксины жолооч нараас хаана шинжилгээ өгч болох талаар асуухад танихгүй хүмүүс эндээс шинжилгээний бичиг авч болдог гээд талбайн хажууд байдаг нэг гэрэл зургийн газарт хүргэж өгсөн. Тэнд очоод ажиллуулж байсан эрэгтэйгээс Ковид-19 өвчний шинжилгээ авч байгаа юу гэхэд тэрээр шинжилгээний бичиг эндээс авч болно. Та паспортоо өгөхөд болно гэхээр нь би ээж бид хоёрын гадаад паспортыг өгөөд хүлээгээд байж байхад цагдаа нар орж ирээд ээж бид хоёрын бичиг баримт болон тухайн хүний компьютер, принтер зэргийг хураан авсан..., ...Би Баян-Өлгий аймагт Ковид-19 өвчний шинжилгээ өгөөгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 216 дахь тал/,

 

39. Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Булган сумаас 2022 оны 6 дугаар сарын 29- ний өдөр аймагт ирсэн. Тэгээд Казахстан руу явах таксины жолооч гэх Е- гэх хүнтэй уулзахад бид нар гэр бүлээрээ явж байгаа учраас зардалд 1,200,000 төгрөг өгөх хэрэгтэй, дээрээс нь таны нөхөр 3 хүүхэд чинь ПСР шинжилгээ өгөх хэрэгтэй, шинжилгээний төлбөрт 5 хүний 100,000 төгрөг өгөх хэрэгтэй гээд надаас нийт 1300.000 төгрөг болон нөхөр Х.Олимпиад, охин О.Г-, хүү О.А-, охин О.К-, минийх гээд нийт 5 ширхэг гадаад паспортыг аваад 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 07 цагт явна, та хэдийг байгаа газраас чинь очиж авна гэсэн боловч ирэхгүй удаж байгаад 11 цагийн үед өөрөө ганцаараа ирээд та хэд өнөөдөр явахааргүй болсон, та нарын гадаад паспортыг цагдаа хураагаад авчихлаа гэж хэлсэн..., ...би болон манай нөхөр, хүүхдүүд эмнэлгийн байгууллагад Ковид-19 өвчний шинжилгээ өгөөгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219 дэх тал/,

40. Гэрч Т.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр мөн Өлгийгөөс Астана хотын чиглэлд таксинд явах төлөвлөгөөтэй байсан ба миний машинаар Булган сумын иргэн Х.М- гэх хүн нөхөр 5 хүүхдийн хамтаар явахаар болж би тэднээс зардал 1,200,000 төгрөг авсан. Тэгээд Казахстан Улс руу явахад ПСР шинжилгээний хариу нэхдэг учраас би өөрөө болон тэдгээр хүний шинжилгээ өгөх хэрэгтэй болж Казахстан Улс руу явдаг таксины жолооч нараас шинжилгээ хаана өгч байгааг асуухад нэг танихгүй залуу “М” фото гэдэг газар өгдөг, нэг хүний 20,000 төгрөг гадаад паспортын хамт өгөөд тэр өдөртөө гаргадаг гэхээр нь зардал 1,200,000 төгрөг, дээр нь шинжилгээний төлбөр 100,000 нийт 1300.000 төгрөгийг Х.М-ээс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр авсан. Тэгээд би тухайн гэр бүлийн гадаад паспортыг авч М-д очиход шинжилгээний хариу гаргаж өгнө гэхээр эхлээд өөрийнхөө хариуг гаргуулаад тэгээд нөгөө 5 хүний шинжилгээний хариу гарахаар нь хамт авна гэж хэлээд 2 цаг орчмын дараа ирж нөгөө М-гийн залуугаас паспорт болон шинжилгээний хариуг авъя гэхэд тэрээр цагдаа бүгдийг нь хураагаад авчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 222 дах тал/,

 

41. Гэрч Б.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М гэрэл зургийн газар нь Х.Х-аас гадна Ж-, А- би нийлээд дөрвүүлээ ажилладаг байсан. Ж- нь хүнтэй гэрлээд Казахстан улс руу шилжиж явсан. Харин А- нь Казахстан улс руу суралцахаар явсан уу ажиллахаар явсан уу гэдгийг сайн мэдэхгүй байна ямартай ч ажлаас гараад Казахстан улс руу явсан. Би ер нь хурим найрын зураг авч тухайн зургийг хэвлэж өгдөг. Хэн нэгэн хүнд ПСР шинжилгээний хариу өгч байгаагүй. Ер нь бол дотоод ажилд оролцдоггүй. Гадуур захиалга сураглаад явж байдаг...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 238 дах тал/,

 

42. Шүүгдэгч Х.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолд дурдсан 37 иргэний Ковид-19 өвчнийг илрүүлэгч ПСР шинжилгээний хариуг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгч гаргуулан авсан мэтээр хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж худалдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин бусад үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 03-04 дэх тал/ болон шүүгдэгч Х.Х-ы шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрх зүйн дүгнэлт:

43. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

44. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугийн санаатай гэмт хэрэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” байдлыг ойлгоно гэжээ.

45. “Хуурамчаар үйлдсэн” гэж тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг дуурайлган хийх, жинхэнэ баримт бичигт засвар, өөрчлөлт хийснийг ойлгоно. 

46.  Шүүгдэгч Х.Х- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “М” гэрэл зургийн газарт 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрүүдийн хооронд хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгүүд буюу О.Г-, О.А-, О.К-, Х.М-, Х.О-, Т.Е-, С.М-, К.Н-, К.С-, М.Н-, Т.Т-, Х.К-, А.И-, С.Х-, Е.М-, Д.А-, Х.Э-, Х.Б-, Х.Т-, Х.Б-, А.Х-, Х.Б-, Х.К-, С.Б-, З.Б-, А.С-, Т.А-, М.Т-, А.Б-, О.А-, А.А-, А.Н-, С.А- нарын “Ковид-19” халдварт өвчнийг илрүүлэгч ПСР шинжилгээний хариуг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид шинжилгээ өгч гаргуулан авсан мэтээр хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж М.Н-ад худалдсан гэмт үйлдэл нотлогдон тогтоогдсон байна.

47. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

48. Шүүгдэгч Х.Х-ыг үйлдсэн гэмт хэрэг нь  хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд материаллаг хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            

Хоёр Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

49. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгийг торгох ял оногдуулахдүгнэлтийг гаргасан.

 

50. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” хэмээн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн болно.

 

51. Шүүхээс шүүгдэгч Х.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

52. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Х-ы үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

53. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 

54. Шүүгдэгч Х.Х- урьд ял шийтгүүлж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

55. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.  

 

56. Шүүгдэгч Х.Х-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

57.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

58. Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

59.  Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээс дүгнэж үзэхэд шүүгдэгч Х.Х- нь энэ гэмт хэргийн улмаас 10,000 төгрөгийн ашиг олсон байна гэж үзлээ. 

 

60. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Epson” маркийн өнгөт принтер 1 ширхэг, Cooto маркийн процессор 1 ширхэг, Dell маркийн дэлгэц, гар, хулгана тус бүр 1 ширхэг зэргийг хурааж, улсын орлого болгохыг,  мөн гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого болох 10.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохыг тус тус Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

61. Шүүгдэгч Х.Х- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Х-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1,2,3,5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч С.т овогт Х-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж бусдад худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.  Шүүгдэгч Х.Х- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Epson” маркийн өнгөт принтер 1 ширхэг, Cooto маркийн процессор 1 ширхэг, Dell маркийн дэлгэц, гар, хулгана тус бүр 1 ширхэг зэргийг хурааж худалдан борлуулж, улсын орлого болгохыг, мөн гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого болох 10.000 /арван мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгохыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Х.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК